Өрсөлдөх үү, шахагдах уу

Нүүрсний үнэ 2009 оноос хойшхи хамгийн доод түвшинд хүрээд байна. Коксжих нүүрсний үнийн савалгаа сүүлийн 10-аад жил үргэлжилсэн бөгөөд 2005 оноос үнийн хэлбэлзэл эрс нэмэгдэж, урьд жилүүдийн чиг баримжаагаар таамаглахад хүнд болсныг “Энержи Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Coal Mongolia-2014” чуулга уулзалтад оролцох үеэр хэлж байсан. 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямрал, 2011-2012 оны Европын өрийн хямрал, 2012-2013 онд Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд саарсан зэрэг нь дээрх байдалд ихээхэн нөлөөлснийг тэрбээр нэмж хэлсэн юм.

Өмнө нь Ази-Номхон далайн бүсийн коксжих нүүрсний гол импортлогчид нь Япон, Өмнөд Солонгос, Тайван /өөрийн нүүрсний нөөцгүй/ зэрэг орнууд байсан. Тэгвэл 2009 оноос эхлэн Хятад дэлхийн коксжих нүүрсний хамгийн том олборлогч төдийгүй хамгийн том импортлогч, хэрэглэгч болсон. Энэ үеэс л Монголын нүүрсний салбар ялимгүй сэргэсэн гэж хэлж болохоор. Тэгвэл энэ зах зээлд өдгөө өрсөлдөөн улам ширүүсэх болсон. Гол экспортлогч Австралиас гадна ОХУ, Монгол, Индонез, Мозамбик зэрэг шинэ тоглогчид нэвтрэн орж ирсэн төдийгүй Хойд Америк, Африкаас нүүрсний нийлүүлэлт нэмэгдсэн юм.

Хятадын төмөр ба гангийн үйлдвэрлэлийн нийгэмлэгийн мэдээлж байгаагаар энэ онд Хятадын ширэм үйлдвэрлэл 800 сая тоннд хүрэх аж. Энэ нь өнгөрсөн оныхоос даруй 20 гаруй сая тонноор нэмэгдэж буй үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, Хятадын эдийн засгийн өсөлт удааширч байгаа ч гангийн үйлдвэрлэл нэмэгдсээр байх нь. Өнгөрсөн онд Хятадын коксжих нүүрсний импорт 75 сая тонн давж, өмнө байгаагүй амжилт тогтоогоод байна. Харин манай улсын хувьд нүүрсний зах зээл хумигдаж, 15.9 сая тонн нүүрс экспортолж, тавьсан зорилтынхоо 60 хувийг биелүүлсэн. Тэгвэл энэ оны хувьд байдал улам хүндэрч мэдэх нь. Боломжит зах зээл дэх өрсөлдөөн ширүүсэх тусам манай нүүрсний өрсөлдөх чадвар унаж, буланд шахуулах болсныг Уул уурхайн үндэсний ассоциацийн тэргүүн Д.Дамба төмөр замын царигтай холбон тайлбарласан юм.

Хятадын нүүрсний зах зээлд Австрали, Хойд Америк, ОХУ байр сууриа нэмэгдүүлсэн бол Монголын коксжих нүүрсний нийлүүлэлт багасч. Эрэлтээсээ давсан нийлүүлэлт коксжих нүүрсний үнийг унагасаар байна. Урд хөршийн зах зээлийг онилсон, далайд гарцтай орнууд коксжих нүүрсний экспортоо нэмэгдүүлсээр байгаа нь энэ. Хятадын гангийн үйлдвэрүүд тус улсын хойд бүсэд, далайн эрэг дагуу байрласан нь далайн хямд тээврээр түүхий эдээ шууд татан авах боломжийг бүрдүүлж буй. Энэ нь манай улсын хувьд нүүрсний экспорт саарах нэг шалтгаан болжээ.

2012-2013 онд коксжих нүүрсний үнэ эрс буурч, далайн тээврийн үнэ сүүлийн 10 жилийн түүхэн дэх хамгийн доод түвшинд хүрсэн. Тиймээс Хятадын ган үйлдвэрлэгчид далайгаар тээвэрлэсэн, хямд өртөгтэй нүүрсийг шууд худалдаж авахыг илүүд үзэх болсон. Иймд Монголоос газраар тээвэрлэж буй нүүрсний үнэ далайгаар тээвэрлэсэн нүүрсний үнэтэй өрсөлдөхүйц байх шаардлагатай тулгарч байна. Эс бөгөөс тухайн гол зах зээлээс шахагдах хандлагатай байгааг “Монгол нүүрс” ассоциацийн тэргүүн Т.Наран учирласан билээ. Манай улсын хувьд энэ жил 31.4 сая тонн нүүрс экспортолж, төсөв дэх уул уурхайн орлогын 43 хувийг дангаар бүрдүүлэх юм. Гэвч он гарсаар дөнгөж 3.6 сая тонн нүүрс борлуулжээ.