Өрхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бүтээл

Нийслэлийн нийгмийн ардчилал эмэгтэйчүүдийн холбооноос есөн дүүргийн 60 гаруй эмэгтэйчүүдийг хамруулсан “Эмэгтэйчүүдийн бүтээл 2012” үзэсгэлэн, худалдааг ирэх бямба гариг хүртэл “Бизнес хөгжлийн төв”-д зохион байгуулж байна. Үзэсгэлэнд гар урлал, шүрэн эдлэл, эсгий, эсгий, ноосон урлал, монгол дээл гутал, гоёл чимэглэл гэх мэт олон бүтээл дэлгэгджээ. Ялангуяа гараар хийсэн хүний биед ээлтэй, орчин үеийн загвартай чулуун ээмэг, бөгж, зүүлтийг охид бүсгүйчүүд ихээхэн сонирхож байсан. Түүнчлэн Налайх дүүргийн иргэн Ц.Амаржаргалын орчин үеийн загвартай, ноолууран болон дан дээл олны анхаарлыг татаж байлаа. Түүнээс бизнес эрхлэхэд тулгамдаж буй ямар бэрхшээл байгааг лавлахад “Би арваад жилийн турш оёдол, хатгамал хийж байна. Бид хөрөнгө санхүүгийн хувьд л их хүндрэлтэй байдаг. Зээл авах гэхлээр барьцаа хөрөнгө хүрдэггүйн улмаас бизнесээ өргөжүүлж боломж гардаггүй” гэв.

Мөн өрхийн бизнес эрхлэгчдэд бараа, бүтээгдэхүүнээ борлуулах лангуу байдаггүй, түрээс хэт өндөр байдгаас ихээхэн хүндрэл учирдаг хэмээв. Түүнчлэн тэд томоохон сүлжээ дэлгүүрээр бүтээгдэхүүнээ заруулъя гэхэд 10-15 хувийг нь зарсан хөлсөндөө авдаг болохоор ашиг орлогыг хойш нь татдаг гэсэн. “Бидэнд хөрөнгө санхүүгийн хувьд жаахан дэмжээд хүү багатай, хугацаа уртай, хөнгөлттэй зээл олгох юм бол гэрээрээ хөдөлмөр эрхэлдэг олон өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрал сайжирна”гэдгийг Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны гоёл чимэглэлийн бизнес эрхлэгч Л. Мөнх- Ариун онцолсон юм. Үзэсгэлэн худалдааг сонирхохыг хүсвэл та ирэх бямба гариг хүртэл Улаанбаатар шилэн банкны “Бизнес төв”-ийг зориорой.