Өсөлтийн шалтгаан, хөгжлийн хандлага

Олон улсын жуулчдын тоо нэг тэрбумын босгыг хоёр жилийн өмнө давж, 2030 онд 1,8 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Жилээс жилд цар хүрээгээ тэлсээр байгаа аялал жуулчлалын салбар нийгэм, эдийн засаг, улс төр, техник технологийн хүчин зүйлсээс хамааран хурдацтай хөгжин өөрчлөгдөж байна.

Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлийн тооцоолсончлон аялал жуулчлал нь дэлхийн эдийн засгийн есөн хувийг бүрдүүлж, 260 сая хүнийг ажлын байраар хангаж байгаа нь 11 ажлын байр тутмын нэг нь тус салбарт хамаарч байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, олборлох үйлдвэрлэлээс дөрөв дахин, химийн үйлдвэрлэлээс тав дахин, автомашин үйлдвэрлэлээс зургаа дахин олон хүн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллаж байна.
Өсөлтийн хурдцаараа мэдээлэл, харилцаа холбоо /3%/, жижиглэнгийн худалдаа /2,6%/, банк санхүүгийн /2,2%/ салбарыг ардаа орхиж байгаа аялал жуулчлалын салбарын өсөлт хөгжилтийн шалтгаан, хүчин зүйлс юу болох талаар авч үзье.
Эдийн засгийн хүчин зүйлийн өөрчлөлт
Хөгжиж буй улс орнуудад нийгмийн дундаж давхаргын эзлэх хэмжээ тасралтгүй өсч байна. Ялангуяа БРИК буюу эрчимтэй хөгжиж байгаа, хүн ам олонтой Бразил, ОХУ, БНЭУ, БНХАУ-ын иргэд маш олноор гадаадад жуулчлах болсон нь улс орнуудыг маркетингийн стратегиа эргэж харах, өсөн нэмэгдэж буй зах зээлд чиглэсэн шинэ бодлого хэрэгжүүлэхийг шаардаж байна. Алсын хараатай, менежмент сайтай улс орнууд аль хэдийн тусгай бодлого, хөтөлбөрүүд хэрэгжүүлээд эхэлснийг Австралийн Засгийн газрын зөвхөн Хятадын зах зээлд зориулсан кампанит ажлуудаас харж болно. Дэлхийн аялал жуулчлалын байгууллага болон “Голдман Сакс”-ын төсөөллөөр ойрын ирээдүйд хүлээн авсан, илгээсэн жуулчдынхаа тоогоор БНХАУ дэлхийд тэргүүлж, 2050 он гэхэд БНСУ хоёрдугаар байранд орох нь. Энэ үед газар нутгийн хувьд ойр дөт байрлалтай, шууд нислэгтэй, зах зээлд нь тодорхой хэмжээнд танигдсан Монгол Улсын хувьд томоохон боломжууд нээгдэх болно. Дээр дурдсан эдийн засгийн хүчин зүйлсийн өөрчлөлтүүд нь бидний дунд нийтлэг байдаг өндөр хөгжилтэй барууны орноос ирэгсэд л жуулчид, тэднийг татахад илүүтэй анхаарах хэрэгтэй гэдэг уламжлалт хандлагыг үгүйсгэж, хөрш орнуудын жуулчдаас тэднээс ч дутахааргүй ашиг орлого олж болохыг харуулж байна. Харин хэрхэн эдийн засгийн хувьд ашигтай, нийгэм соёлын хүрээнд сөрөг нөлөө багатайгаар энэ зах зээл дээр ажиллах вэ гэдэг бодлого боловсруулагчдын хувьд томоохон сорилт байх нь.
Нийгэм соёлын хүчин зүйлийн өөрчлөлт
Үйлдвэржилтийн нөлөөгөөр бий болсон “Шаргуу ажиллахын тулд сайн амралт хэрэгтэй” гэсэн ойлголт технологийн дэвшлийн ачаар “Сайхан амрахын тулд сайн ажиллах хэрэгтэй” гэсэн хандлагаар солигдсон нь жуулчлалын хөгжилд томоохон нөлөө үзүүлсэн байдаг. Хөдөлмөрийн бүтээмж дээшилж үүнийг дагаад хүмүүсийн амралт чөлөөт цаг нэмэгдэн ихэнх оронд бямба, ням гаригт амардаг болсон. Зарим орнууд “Амралтын алтан долоо хоног”-той болсон зэрэг нь масс хэлбэрийн жуулчлал хөгжихөд ихээхэн түлхэц болсон билээ. Харин сүүлийн үед бий болж буй өөр нэг нийгмийн хүчин зүйл нь өндөр хөгжилтэй орнууд ажлын уян хатан цагтай болж буй явдал юм. Хүмүүс гэрээсээ, өөр улсаас эсвэл өөрийн боломжит цагтаа хийдэг бүтээмжид тулгуурласан хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж буй нь жуулчдын тоо тогтмол өсөх нэг шалтгаан болж байна.
Хүн ам зүйн хүчин зүйлийн өөрчлөлт
НҮБ-ын Хүн амын сангийн судалгаагаар дэлхийн хүн ам 2025 онд найман тэрбум болж өсөх төлөвтэй байна. Дэлхийн хүн ам хурдацтай өсч буй нь жуулчдын тоо нэмэгдэх нэг үндсэн шалтгаан болж буй нь тодорхой. Хүмүүсийн дундаж наслалт нэмэгдсэн, өрхийн гишүүдийн дундаж тоо өндөр хөгжилтэй орнуудад тогтмол буурч байгаа, цөөн хүүхэд гаргах болсон зэрэг хүчин зүйлс ч урьдын адил чухал нөлөө үзүүлж байгааг хэлэх хэрэгтэй. Жишээ нь Австралид нэг өрхийн дундаж гишүүдийн тоо 1911 онд 4,5 хүн байснаа 2001 онд 2,6 болж огцом буурсан байна. Жуулчдын насны бүтцэд ч томоохон өөрчлөлтүүд гарч байна. Тухайлбал, Дэлхийн аялал жуулчлалын байгууллага болон Дэлхийн залуучууд, оюутнуудын аяллын холбооноос гаргасан судалгаагаар жуулчны зах зээлийн 20 хувийг 16-30 насны залуучуудын аялал (үүргэвчтэй аялагчид биш) эзэлж байна. Залуучуудын аялах газрын сонголтод хэл сурах, улирлын чанартай сайн дурын ажил хийх, богино хугацаагаар суралцах боломж хамгийн ихээр нөлөөлсөн байна. Англи, Австрали улсууд Япон, Испани, Герман, Хятадын залуу аялагчдын хувьд англи хэл сурах гол газар нь болж байх жишээтэй.
Визийн хөнгөлөлттэй нөхцөл
1792 онд Их Британид анхны гадаадын иргэдийн талаар хууль батлагдсан бөгөөд дараа жилээс нь тус арал дээр хөл тавьсан хэн боловч бүртгүүлдэг болсон нь орчин үеийн гадаадын иргэн, харъяатын байгууллагын суурь болсон гэж үздэг юм. Тэгвэл өнөөдөр даяаршлын нөлөөгөөр ихэнх орон жуулчдад визгүй эсвэл олон улсын хилийн боомт дээр шууд олгодог болсноор жуулчлах явдалд түлхэц үзүүлж байна. Энд Азийн орнуудад дэлхийн хүн амын 20 хувь визгүй зорчих, 19 хувь нь хил дээрээс виз авах, долоон хувь нь цахим хэлбэрээр виз мэдүүлэн жуулчлах боломжтой болсон, Европын холбооны жуулчид хоорондоо чөлөөтэй зорчдог, Торгоны зам төсөл хэрэгждэг орнууд визийн хялбарчилсан систем нэвтрүүлсэн зэргийг дурдаж болно. Гэхдээ сүүлийн 10 гаруй жилд болсон террорист халдлагуудаас хойш улс орнуудын хил гаалийн үзлэг, виз олголт онцгой хяналттай болсныг тэмдэглэх хэрэгтэй. Мөн зорих газруудын, томоохон эвент арга хэмжээний үеэрх харуул хамгаалалт, хяналт цаашид ч буурахгүй байх нь. Лондонд аялж буй гаднын жуулчин өдөрт дунджаар 300 удаа аюулгүйн камерт бичигддэг гэсэн ганцхан статистик олныг өгүүлнэ. Биометрик таних системийг олон улсын жуулчлалд аюулгүй байдлыг хангах зорилгоор өргөн ашиглах хандлагатай байна.
Техникийн дэвшил
Өнгөрсөн зууны эхэн үед галт тэрэг, усан онгоц аялал жуулчлалын хөгжилд голлох байр суурь эзэлдэг байсан нь улирч автомашин, нисэх онгоц жуулчлалын салбарт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх болсон билээ. Ялангуяа low cost carriers буюу хямд үнэтэй агаарын тээврийн компаниудын өрсөлдөөн жуулчдын тооны өсөлтөд эерэгээр нөлөөлж байна. Жишээ нь Айрбус А380 онгоц 853 зорчигчтойгоор Нью-Иоркоос Хонконг хүртэл тасралтгүй нисэх техникийн боломжтой төдийгүй өмнөх загваруудаасаа 20 хувиар шатахуун бага зарцуулдаг, дуу чимээ багатай болсон нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө харьцангуй бага, аялагчдын тав тухыг хангасан дэвшил болсон байна. Өөр нэг өөрчлөлт нь аялал жуулчлал, агаарын тээвэр, үйлчилгээний компаниудын нэгдэх, түншлэх явдал эрчимтэй өрнөж байна.
My Travel, Thomas Cook, TUI, First Choice Holidays зэрэг дэлхийн тэргүүлэх тур операторуудын нэгдлээр жишээ авч болно. Авиа компаниуд альяансд нэгдэх, стратегийн түншлэл тогтоох, кодшейринг хийх нь түгээмэл болж байгаа нь онгоцны хоол, цэвэрлэгээ, үйлчилгээний зардлыг хэмнэхээс эхлээд ачаа тээш саатах, олон дахин дамжих үед учирдаг зорчигчийн хүндрэл, чирэгдлүүд багасгах эерэг нөлөөтэй бөгөөд хэрэглэгчдийн сэтгэл ханамжид сайнаар нөлөөлж байна. Дэлхийн хамгийн том авиа компаниудын нэгдэл болох Star Alliance 4570 агаарын хөлөг бүхий 27 авиа компанийг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд жилдээ 194 орны 1329 нисэх буудал руу 670,58 сая зорчигч тээвэрлэж байгаа бол Sky team alliance 436,007 ажилтан бүхий 19 авиа компанитай ба 187 орны 1000 чиглэлд нислэг үйлдэж жилдээ 552 сая зорчигч тээвэрлэж байна.
Мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшил
Мэдээлэл харилцаа холбооны технологийн хөгжлийн нөлөөгөөр аялал жуулчлалд гарч буй нэг томоохон өөрчлөлт бол тур агент буюу зуучлагчдын хэрэгцээ улам бүр хумигдаж буй явдал юм. Аяллын үнэ, хөтөлбөр, тэдгээрийн харьцуулалт, аюулгүй байдлын мэдээлэл энэ бүхэн интернэтэд, ухаалаг утсанд шилжиж жуулчин хүссэн газраасаа хэдийд ч хэрэгцээт мэдээлэл, үйлчилгээг өөрөө авах боломжтой болсоор удаж байна. Зочид буудлын ресепшиний үүргийг гүйцэтгэдэг автомат машин нэвтэрснээр буудлуудад зарим ажлын байр шаардлагагүй болж эхэлсэн бол видео конференц нь бизнес, ажил хэргийн жуулчлалыг мөн тодорхой хэмжээнд бууруулж эхэлсэн. Хэдий ийм сөрөг нөлөөлөл байгаа ч гэлээ цаашид аялал жуулчлалын үйлчилгээ сайжрах, түргэн шуурхай болох нь тодорхой ба эдгээр нь техник технологийн хөгжилд тулгуурлана гэдгийг судлаачид хэлж байна. Жишээлбэл ойрын ирээдүйд зочид буудлын өрөө хүлээн авах, хүлээлгэн өгөх ажлыг зочин хүсвэл зочид буудалдаа биш нисэх буудалд хийдэг болж, зорчигчийн тээшийг нисэх буудлаас зочид буудлын өрөөнд нь хүргэх үйлчилгээ нэвтэрч, үйлчлүүлэгчийг өрөөндөө байхгүй байгааг тусгай мэдрэгчийн тусламжтай мэдэж өрөөний үйлчилгээг үзүүлдэг болох тул “Do not disturb” тэмдэг түүх болно гэдгийг хэлж байна. Ойрын ирээдүйд таны ухаалаг кредит картаас бүх мэдээллүүдийг тань авч, буудлаас орж, гарахын төдийд бүртгэл хийгдэж, кредит картаа өрөөний түлхүүр болгон ашиглаж, тэр ч байтугай таны буудлын өрөөний компьютерт хувийн компьютерийн чинь тохиргоо хийгдчихсэн цахим шуудан тань хүлээж байна гээд төсөөлөөд үз дээ. Зочид буудалд буухын тулд ресепшинд бүртгүүлэх, дараалалд зогсохын хэрэггүй болж яг л гэртээ байгаа мэт чөлөөтэй орж гардаг болох нь. Энэ бүхэн өнөөдөр мөрөөдөл биш, аялал жуулчлалын үйлчилгээ, техникийн дэвшлийн үрээр биелэгдэх боломжтой төлөвлөгөө болон хувирчихаад байна. Тав тухтай орчин, сайн үйлчилгээ шаарддаг хэрэглэгчдийг ийм өөрчлөлт хүлээж байгаа бол адал явдалд дуртай, шинийг эрэлхийлж байдаг аллосентрикүүдэд зориулсан задгай далай дээрх хөвөгч буудлууд Хавай, Мексик, Сицилийн орчимд байгуулах төслүүд яригдаж, Испанийн Galactic Suite Limited компани дэлхийн анхны сансар дахь буудлыг байгуулахаар бэлтгэж байна.
Хэрэглэгчдийн хэрэгцээ, хандлагын өөрчлөлт
Нийгмийн дэвшил, иргэдийн амьдралын хэв маягийн өөрчлөлт зэргээс шалтгаалан жуулчдын хэрэгцээ, хандлагад ч өөрчлөлт гарч байгаа тул аялал жуулчлалын зорих газрын хөгжлийн шалгууруудыг судлаачид дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
-5E’s /Entertainment, Excitement, Education, Expertise, Experience/ буюу аялал нь сэтгэл хөдөлгөх, алжаал тайлах, танин мэдэхүйн ач холбогдолтой байх
-5S’s /Security, Safety, Sanitation, Service, Satisfaction/ буюу аялах газар нь аюулгүй, цэвэр орчинтой, сэтгэл ханамж төрүүлэхүйц сайн үйлчилгээтэй байх. Эдгээр шаардлагыг хангасан улс, хот, зорих газрууд жуулчлалын бизнесийг амжилттай хөгжүүлэх боломжтой болох аж.
Дээрхээс дүгнэвэл дэлхийн аялал жуулчлалын хөгжилд гарч буй томоохон өөрчлөлтүүд болгон энэ цаг үед манай улсад ашигтай нөхцөл байдлыг үүсгэж байна. Жишээлбэл: интернэт, харилцаа холбооны технологийн дэвшил нь маркетингийн суваг цөөн, сурталчилгааны төсөв зардал бага, зорилтот зах зээлдээ хүрэх бололцоо муутай бидэнд бусад улс орнуудтай ижил тэгш боломжийг олгож байна. New media буюу интернэт маркетинг, олон нийтийн цахим сүлжээг сурталчилгаандаа ашиглан жуулчдыг татаж буй Монгол компаниуд олон бий. Шатахуун зарцуулалт багатай, алсын зайд зогсолтгүй нислэг үйлдэх техникийн бололцоотой агаарын хөлгүүд үйлчилгээнд нэвтэрч үүнийг дагаад аяллын хугацаа, өртөг зардал багасаж байгаа нь уламжлалт зах зээлээсээ (Хойд Америк, Баруун Европ) алслагдсан, харьцангуй үнэтэй гэгддэг манай орныг сонгох жуулчдын шийдвэрт эерэг нөлөө үзүүлэх болно.
Э.БАТТУЛГА
/Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга/ MSc, MBA