Өсөлттэй ч эмзэг бүтэцтэй

B Shurenchimeg
2026-02-11 19:06:22
Ангилал:

Монгол Улс 2026 оны нэгдүгээр сард нийт 105 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.6 тэрбум ам.доллар болсон байна. Үүнээс экспорт 1.7 тэрбум ам.доллар, импорт 843.0 сая ам.доллар болж, тэнцэл 906.5 сая ам.долларын ашигтай гарлаа.

Манай улсын экспортын 80-90 хувь нь БНХАУ руу чиглэдэг тул геополитик, хил, логистик, дотоод эрэлтээс ихээхэн хамааралтай. Нэг улсаас хамаарах хамаарлыг бууруулахын тулд Зүүн өмнөд Ази, Европ, Энэтхэг, Ойрх Дорнод руу логистик-худалдааны шинэ коридор, тарифын хэлэлцээр, стандартын уялдаа чухал.Уул уурхайн түүхий эдийн үнэ өсөх үед экспорт огцом тэлж, буурах үед эдийн засаг удааширдаг “про-циклик” загвар хэвээр байна. Харин 2022-2023 онд экспорт огцом өссөн нь нүүрсний экспортын рекорд биелэлт, зэсийн үнэ өндөр байсан, хил нээгдсэнтэй холбоотой бол 2024-2025 онд өсөлт саарсан нь үнийн тогтворжилт, эрэлт саарсан, импорт өссөнтэй давхацсан макро дохио юм.

Импортын огцом өсөлт нь эдийн засгийн идэвхжил, барилга, дэд бүтэц, тоног төхөөрөмжийн худалдан авалтыг илтгэх эерэг талтай боловч урт хугацаанд валютын дарамт, инфляцын суурь шалтгаан болж болзошгүй. Иймд экспортын орлого тогтворгүй хэвээр байхад импортын хурдац өсөх нь макро тэнцвэрт эрсдэл үүсгэх боломжтой.

 

B Shurenchimeg