Өсөлт дагасан инфляци


Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2012 оны статистик судалгааны тайланг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Энэ үеэр Үндэсний статистикийн хорооны тэргүүн дэд дарга Г.Гэрэлт-Од “Манай улсын эдийн засаг тогтвортой өсөж байна. Өнгөрсөн оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлт сайн гарсан ч экпорт буурч, инфляци өссөн зэрэг саар үзүүлэлт байна” хэмээн онцлов. Манай улсын эдийн засаг өмнөх онтой харьцуулахад 12.3 хувийн өсөлттэй гарсан байна. Үүнд хөдөө аж ахуй, уул уурхай болон тээвэр, худалдааны салбарын өсөлт голлон нөлөөлжээ. Манай улс өнгөрсөн онд дэлхийн 146 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт эргэлт өмнөх оны мөн үеэс экспорт 9.0 хувиар буурсан, импорт 2.1 хувиар нэмэгдэж, улмаар экспорт 4384.6 сая ам.доллар, импорт 6738.9 сая ам.долларт хүрчээ.

Монгол улсын макро эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөд шинэ жилийн баярын үеэр хүнс, бараа, тээврийн үнийн өсөлт нөлөөлсөн аж. Хэрэглээний үнийн индекс өмнөх оны эцсээс 14 хувиар өсч, инфляцийн жилийн дундаж түвшин 2010 онд 10.1 хувь, 2011 онд 9.2 хувьтай байсан бол өнгөрсөн онд дээрх үзүүлэлт 14.3 хувьтай гарлаа. Сүүлийн гурван жилийн үзүүлэлтээс ийнхүү өндөр гарсан шалтгааныг Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Б.Бадамцэцэг хэлэхдээ “Инфляци өндөр байгаад хүнс, барааны болон шатахууны үнийн өсөлт ихээр нөлөөлж байна. Тухайлбал, шатахууны үнэ өсөж, харин өссөнөөсөө бага хэмжээгээр буурдаг. Дээрх бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцид шууд болон шууд бусаар нөлөөлж байна” гэв.