Өсөлт өрийг нөхөж чадах уу

B Shurenchimeg
2026-02-23 15:44:17
Ангилал: Санхүү

Улс орны гадаад өр нь энгийн нэг тоон үзүүлэлт биш, харин тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдал, ирээдүйн хөгжлийн замтай шууд холбоотой. 1990-ээд оны эхэн үед Монголын гадаад өр хэдхэн тэрбум ам.доллароор хэмжигдэж байсан бол 2025 оны байдлаар 40.4 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 13 хувиар өсжээ. 

Энэ бол түүхэн дээд хэмжээ бөгөөд ДНБ-ий 48 хувьтай тэнцэж байна. Энэ өсөлт нь үе үеийн Засгийн газар төсвийн алдагдлаа нөхөх, богино хугацааны улс төрийн амлалтаа биелүүлэх, томоохон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлсэнтэй нягт холбоотой. Өрийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр түүний бүтэц, эх үүсвэр, нөхцөл нь илүү ноцтой асуудал болон хувирч байна.

Сүүлийн 10 жилд Монгол Улсын гадаад өрийн дийлэнх хэсгийг Оюутолгой төсөл эзэлж байгаа бол удаах байранд БНХАУ-аас авсан зээл анхаарал татаж байна. БНХАУ 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Нэг бүс-Нэг зам” санаачилгын хүрээнд хөгжиж буй орнуудад дэд бүтэц, эрчим хүч, логистикийн төслүүдийг зээлээр санхүүжүүлэх бодлого баримталж ирсэн. Өрийн бүтцэд нэг улс давамгай байр суурь эзлэх нь санхүүгийн хараат байдлыг гүнзгийрүүлэх, гадаад бодлогын маневр хийх орон зайг хумих эрсдэл дагуулдаг.

Зээлээр барьсан дэд бүтэц бодит өгөөж авчирч, экспортын орлогыг өсгөж, ажлын байр бий болгож чадвал өрийг өсөлтөөр “дарах” боломж бий. Харин эдийн засгийн өгөөж нь тодорхойгүй, улс төрийн богино ашиг сонирхлоор хөдөлсөн төслүүд нь ирээдүйд татвар төлөгчдийн нуруун дээр ачаа болон үлддэг.

Нөгөө талдаа зээл гэгч өөрөө муу зүйл биш, харин үр ашиггүй зарцуулалт, өрийн бүтцэд анхаарах нь чухал. Түүнчлэн ил тод байдал, бодит тооцоонд суурилсан өрийн эргэн төлөлт, зөв зохицуулалт хэрэгтэй. Тодруулбал гадаад зээлийн гэрээ, нөхцөлийг олон нийтэд нээлттэй болгох, хоёрдугаарт, зээлээр хэрэгжих төслийн эдийн засгийн өгөөжийг хараат бус үнэлгээгээр баталгаажуулах, гуравдугаарт, нэг улсаас хэт хамааралтай санхүүжилтийн бүтэц үүсгэхгүй байх шаардлагатай. Үгүй бол өнөөдрийн өр, маргаашийн хямралын суурь болж хувирна.

 

B Shurenchimeg