Өөдрөг төсвийг олон нийтээр хэлэлцүүллээ

B Shurenchimeg
2022-10-19 17:56:51
Ангилал: Мэдээ

2023 оны төсвийн төслийг есдүгээр сарын 29-ны өдөр Засгийн газар УИХ-д өргөн барьсан. Энэ хүрээнд олон нийт, иргэний нийгмийн төлөөлөл, хувийн хэвшлийн төсөв дэх оролцоо, хяналтыг сайжруулах зорилгоор нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Улсын төсөвт үр ашигггүй зардал, хөрөнгө оруулалт ихээхэн тусгадаг, мөн ил тод биш байдгаас хяналт тавих боломжгүй зэрэг олон шүүмж дагуулдаг. Тиймээс төсөв батлагдахаас өмнө энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулснаар иргэд, олон нийтэд мэдээлэл өгч нийтээрээ хэлэлцэх, хяналт тавих, гарц шийдлийг хамтдаа эрэлхийлэх боломж бүрдэнэ гэж үзжээ. 

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар эдийн засгийн маш өөдрөг төсөөлөлтэй “сайхан үгс” хэлэв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд импортын хэт хамаарал нь манай улсын эдийн засагт хүнд тусаж ирсэн нь бодит үнэн. Тиймээс ирэх оны төсвөөр эдийн засгийг тогтворжуулах, цаашдын өсөлтийн суурийг бий болгоно. Өөрөөр хэлбэл, ирэх оны төсөв эрсдэлт хүчин зүйлүүдээс үүдсэн хүндрэл бэрхшээлийг гарз хохирол багатай даван туулж, эдийн засгаа сэргээх зорилготой. Хоёрдугаарт, төсвийн шинэчлэлийг бодитоор хийж, төсвийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, ард иргэдийн хяналтыг тогтоох, алдагдалгүй, хэмнэлттэй, хөгжлийг тэтгэсэн төсөв батлахад чиглэж байна” гэж онцоллоо. 

Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар 2023 оны төсвийн төслийг боловсруулахдаа баримталсан бодлого, үзэл баримтлал, 2022 оны төсвийн жилийн онцлог, нийгэм, эдийн засагт тулгарсан гадаад, дотоод хүчин зүйлс, цаашид эдийн засгийн хямралыг сөрсөн ямар арга хэмжээ авах талаар дэлгэрэнгүй танилцуулсан. 

2023 онд инфляцыг нэг оронтой тоонд авчирна, цаашлаад инфляцыг тогтворжуулж 6-8 хувьд барихад чиглэнэ. Мөн төсвийн алдагдал өр үүсгэж байсныг өөрчлөх, үргүй зардлыг бууруулах, халамжийг шат дараатай хумих, төлбөрийн баланс буюу орж, гарч байгаа валютын урсгалын тэнцвэрийг хангахыг чухалчилсан” гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлж байлаа. 

Улсын Их Хурлын дарга болон Ерөнхий сайдын төлөвлөж буйгаар 2023-2024 онд эдийн засгийн өсөлт огцом нэмэгдэж, үүний үр дүнд манай улс үсрэнгүй хөгжилд хүрэх “нигууртай” байна. 

Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын эдийн засгийн өнөөдрийн байдлын талаар мэдээлж, 2023 оны төсөөлөл, бодлогын саналаа танилцуулсан. Түүний танилцуулга дээрх тоонуудыг харахад эдийн засгийн өсөлт, цаашдын чиг хандлага нэлээн бүрхэг байгаа нь илт. Инфляц зорилтот түвшнээс давсан, ажиллах хүчний оролцоо бодитой нэмэгдээгүй, гол салбаруудын үйлдвэрлэл буурах хандлагатай байна. Тухайлбал, уул уурхайн үйлдвэрлэл цар тахлын өмнөх үеэс 20 хувь, тээвэр, барилгын салбар 24, худалдааны салбар долоо, боловсруулах салбар 10, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дөрвөн хувиар буурчээ. Мөн голлох бүтээгдэхүүнүүдийн экспорт цар тахлын өмнөх түвшинд хүрээгүй, валютын нөөц буурч, төгрөгийн ханш огцом сулраад байна.

Төлбөрийн тэнцлийн алдагдал 1.5 тэрбум ам.долларт хүрч, 2013 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн бол гадаад валютын нөөц оны эхнээс 1.6 тэрбум ам.доллароор буурч, 2.8 тэрбум ам.доллар болсон байна.

Төгрөгийн ханш 3370 төгрөг болж, 2022 оны аравдугаар сарын 14-ний байдлаар оны эхнээс 521 төгрөгөөр буюу 18 хувиар сулраад буй. 

Өрхийн бодит орлого буурч, хадгаламжаасаа хэрэглээнд зарцуулж байгааг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар дурдсан. Үүнээс харахад манай эдийн засгийн тоон үзүүлэлтүүд тун муу, цаашид ч хэрхэн өсөх нь тодорхой бус байна. Учир нь дэлхий дахинд эдийн засгийн хямрал 2024 он хүртэл үргэлжилнэ гэж олон улсын шинжээч, эдийн засагчид үзэж байгаа. 

Ч.Хүрэлбаатар сайд дээрх тоон үзүүлэлтүүдийг дурдаад “2023 онд уул уурхайн салбарыг цар тахлын өмнөх хэмжээнд хүргэж, төсөв, мөнгөний бодлогоо чангаруулснаар эдийн засаг тогтворжино хэмээн тооцож байгаа” гэлээ. 

Ийнхүү төр, засгийн удирдлагууд одоогийн эдийн засгийн нөхцөл байдал, 2023 оны төсвийн “өөдрөг” төслийн талаар танилцуулсны дараа Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Д.Даваасамбуу 2023 оны нэгдсэн төсвийн төсөлд бодит байдалд үнэлэлт дүгнэлт хийсэн “дорвитойхон” шүүмж, зөвлөмжийг хэлэлцүүлгийн индэр дээрээс хүргэлээ.

Төсвийн шалгуурыг өөрчилдөг буруу хандлага тогтсоныг залруулж, зогсоох шаардлагатай болохыг тус зөвлөлөөс удаа дараа анхааруулсаар иржээ. Төсвийн алдагдал бол Засгийн газрын өр нэмэгдэх үндсэн шалтгаан бөгөөд өдгөө зээлийн эргэн төлөлт, хүүгийн төлбөр төсөвт хүндрэл учруулж, нийгмийн болон хөгжлийн асуудалд зориулах хөрөнгийг хумьж байна. 2023 оны төсөвт Зээлийн хүүний төлбөрт 1,180 тэрбум төгрөг, мөн үүнээс дутахгүй хөрөнгийг гадаад, дотоод зээл, бондын үндсэн төлбөрт зарцуулахаар тусгагдсан байна. Цаашид “зээлийг аль болох хязгаарлах нь чухал” гэдгийг тэрбээр онцоллоо. 

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2023 оны төсвийн зардлыг 2022 оны хэмжээнд царцааж, 2023 оны төсвийг алдагдалгүй батлах, эсвэл алдагдлын хэмжээгээр хүүхдийн мөнгийг хүүтэйгээр хуримтлах тогтолцоо бий болгохыг зөвлөв. Мөн 2023 оны төсвийн хөрөнгө оруулалтад орсон зарим дуусаагүй барилга, байгууламжийг хувийн хэвшилд худалдах, шилжүүлэх боломжийг судлах, бүх төрлийн орлого, зарлагын бэлэн ба бэлэн бус гүйлгээг заавал бүртгэдэг хууль, эрх зүйн үндсийг бүрдүүлж улсын нэгдсэн мэдээллийн санд оруулах, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын орлого, зарлагын улсын хэмжээний тайлан мэдээлэлтэй болох, хүн амын амьжиргааны түвшнийг тогтоож, түүнийг харгалзан нийгмийн бүх төрлийн үйлчилгээ, халамж, тэтгэмж, тэтгэлэг, татварын болон бусад хөнгөлөлтүүдийг олгодог үндсэн хуулийн зарчим, олон улсын жишгийг мөрдүүлэх зэрэг зөвлөмжүүдийг Засгийн газарт хүргүүллээ. 

Энэ бүхний дүнд боломжийн хуримтлалтай, тогтвортой ажлын байртай эдийн засгийг бий болгосноор төсвийн тогтвортой байдал хангагдана гэж Төсвийн тогтвортой байдлын зөвлөл үзэж байгаа юм. 

Одоогийн байдлаар 2023 оны төсвийн төслийн талаар D-parliament цахим систем рүү нэвтрэн 15.293 иргэн мэдээлэл авч, 798 иргэн ирэх оны төсвийн төсөлд саналаа ирүүлжээ. Харин өнөөдрийн нээлттэй хэлэлцүүлэгт 400 гаруй (цахимаар 420) хүн оролцсон юм. 

Ийнхүү олон нийт, иргэний нийгмийнхэн, шинжээч, эдийн засагчид 2023 оны төсвийн төслийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Одоо зөвхөн УИХ төсвийг хэрхэн батлах вэ гэдэг анхаарлын төвд ирж байна. 

Сайнтай, муутай, сайшаал, шүүмжлэл хосолсон 2023 оны төсвийг ирэх сарын 15-ны дотор батлах учиртай.

 

 

 

 

 

B Shurenchimeg