Өөрийгөө жолооддог машин

Профессор Паул Ньюманы удирдаж буй Оксфорд их сургуулийн Инженерийн тэнхимийн багийнхан “Оксфордын Робот машины Их Британи төсөл” нэртэй цас, бороо зэрэг цаг агаарын янз бүрийн нөхцөлд өөрийгөө жолоодох чадвартай автомат жолоодлогын системийг танилцууллаа.

Уг технологийг ашиглахын тулд машинд суурилуулсан лазер, жижиг камеруудын тусламжтайгаар явах замаа бичиж авна. Ингэснээр автомат жолоодлогын систем бүхий төхөөрөмжийг ажиллуулж, ашиглах боломжтой болох юм. Төслийн багийнхан “Жолооч нарын ачааллыг багасгах, өртөг багатай систем бүтээхийг зорьсон” гэжээ.

Энэ төрлийн технологийн эхлэлийг “Google” компани 2010 онд тавьсан аж. Олон сар, жил шаргуу ажилласны үр дүнд тус компанийн өөрийгөө жолоодох систем бүхий төхөөрөмжийн төсөл амжилттай болж улмаар 2011 онд АНУ-ын Невада, Калифорн мужид уг системийг ашиглаж болох хууль батлагджээ.

Их Британийн багийнхны хэрэгжүүлж буй төсөл дээрхтэй төстэй бөгөөд, өөрсдийн бүтээлээ амьдралд хэрэгжүүлэхийн тулд хуулиар батлуулах арга замыг эрэлхийлж буй талаар профессор Ньюман дурдсан байна.

Одоогийн байдлаар уг системийн өртөг 5000 евро байгаа ч профессор Ньюман ирээдүйд гарах загварууд 100 еврогоос ихгүй үнэтэй байна хэмээн тооцоолж байгаа аж. Энэ төрлийн систем 15 жилийн дараа гэхэд энгийн хэрэглээ болно хэмээн тэрбээр мөн хэлжээ.

Өөрийгөө жолооддог систем ашиглалтад орсноор мянга, мянган хүний амь насыг аврах боломжтой гэнэ. Учир нь зам тээврийн ослын 99 хувь нь хувь хүний өөрийнх нь алдаанаас үүдэн гардаг. Харин өөрийгөө жолооддог машины хувьд осол гаргах эрсдэл нь тун бага, бараг тэг хувьтай гэж хэлж болно. Google компанийн өөрийгөө жолооддог 300.000 гаруй машин зах зээлд гарснаас хойш буюу 3 жилийн хугацаанд нэг ч осол гаргаагүй байна.