Өөртөө нээсэн замууд өр эмтэлж байна

Бид өөрөө өөртөө зам нээсээр өчнөөн жилийг барлаа. Эцэст нь тараагаад тавьчихсан мэт тал нутгийн зам өнөөгийн төрхөө олсон гэж хэлж болно. Шатахуунаа хайрлаж, хэтэвчээ гамнаж байна гээд уул хөндийг ороосон, хөндлөн гулд туучсан техникийн мөрөөр хөдөө нутаг зүс алдаж, гоо үзэмжээ гээх болов. Өмнө нь дөрөө шүргэсэн өвстэй байсан хөдөө нутаг халцарсан толгой шиг, хагарсан шаазан шиг эмтэрчээ. Зулай нимгэн говийн хөрс хүнд техникийн хөлд үрэгдэж, үнсэн саарал дүрийг олов. Цаг хугацаа хэмнэж байна гээд бид шимтэй нутгаа ширдэг болтол нь зүлгүүрдсээр. Бид энэ байдалтайгаа хэдий хүртэл эвлэрч, хэзээ болтол эвцэлдэн амьдрах вэ.

Цэцгийн мандал алаглаж, униартдаг хөндий тал цагаан сайр болох нь олширч байна. Уул уурхайг дагаад тал нутаг нь өмрөн нурж, эмээ өвөө нарын халаглан уймрах нь ч нэмэгдэх боллоо. Цөлжилт бас цөхөрсөн нүүдлийн мал аж ахуйтай хөдөөгийн төрхийг жолоо мушгиж яваа жолооч хүртэл хорлосоор. Монголын хээр тал тэхий дундуураа хэрчигдэн хуваагдсаар хэдэн оныг элээх вэ. Тасарсан цэцэг, налсан өвс наанадаж долоо хонолгүй зам болж байна. Та бид ингэж л дэлхий ээждээ мөрөө тод томруун тамгалж үлдээгээд буцдаг. Дахиж хэзээ ч энэ нутаг урьдын унаган төрхөө олохгүй. Олсон ч одоогийнх шигээ болохгүй нь гашуун үнэн.

Яв гэсэн зурайсан зам байхад өөртөө зам нээсэн, түүнийгээ нэрээрээ овоглосон гажуудал зөвхөн манайд л байсаар. Малаа маллах малчид ч өөрсдөө өргөстэй дугуйгаар өвгөдийн нутгаа өвтөгсөөр байхад төв суурин газрынхан нь аргагүй гэмээр. Өнөөдрийн тав тухаа бодон маргаашаа хэмлэн мэрж, ач гучийнхаа эрүүл, аз жаргалтай амьдралаас булааж буй түрэмгийлэл тал нутгийг танигдахгүй болтол нь өөрчилж байна. Гэтэл Зам тээвэр, Хөдөө аж ахуйгаа дааж авсан хоёр яам нь тоосон шинжгүй том бодлогоо уралдуулсаар. Эрээлжилсэн олон замын дунд алинаар нь явахаа бодох цаг болжээ.