Авлигын гинжийг таслахтун! Хэнээр вэ?

T.Amarjargal T.Amarjargal
2021-12-09 11:29:07
Ангилал:

Монгол дахь авлигын асуудлыг шийдэх гол нөөц боломж нь төрд гэхээс илүү хувийн хэвшилд бий.

***

Монголын ардчиллын 30 жилийг дүгнэвэл монголчууд сүүлийн 300 орчим жилд анх удаа ямар нэгэн улсын шахалт, зааваргүйгээр хөгжлийн замаа сонгох, төр улсаа төвхнүүлэх боломжтой болсон. Шинэ Үндсэн хуулиараа тунхагласан суурь зарчмуудынхаа олонхыг амьдралд нэвтрүүлснийг харвал бид сүүлийн 30 жилд хүн төрөлхтний 200 жилд хийснийг амжуулах Их үсрэлтийн оролдлого хийжээ. Монгол асар том өөрчлөлтүүдийг асар хурдтай хийж чадсан нь монголчуудын цусанд байдаг дасан зохицох чадварын нэг гайхамшиг гэлтэй.

Гэвч их хурд их эрсдэл бий болгодог. Дагуул улсын статусаас чөлөөлөгдсөний дараах сэтгэл хөөрөл богинохон хугацаанд үргэлжилж, нэг мэдэхнээ Монгол Улс нийгэм, эдийн засгийн маш том асуудлуудтай гав ганцаараа үлдсэн. Ийнхүү өөрийгөө, өнгөрснийгөө, ирээдүйгээ, хөгжлийн зам болон тулах цэгээ хайсан өнгөрсөн 30 жилд бид юун дээр хийдэл гаргачихав?

Юуны түрүүнд хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд улс төрийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх, шашин шүтэх, сонгох, сонгогдох эрх байгаад хангалтгүй гэдгийг ойлгоцгоов. Олж авсан эрх чөлөөтэйгээ бид дахин нэг сайн танилцах шаардлагатай болжээ. “Ардчиллын баян бүрд” хэмээн хөөрцөглөн гүйж байтал тэрхүү ардчилалд маань олон улсын судалгааны байгууллагууд “гажигтай” гэсэн тодорхойлолт өгчихсөн байна.

Бидний гол алдаа нь хүний эрхийг хэрэгжүүлэх гол нөхцөл нь эдийн засгийн эрх чөлөө гэдгийг мартаж орхижээ. Эдүгээ Монгол улс төрийн эрх чөлөөгөөр дэлхийд дээгүүрт орж, Freedom House-ийн үнэлгээгээр “Эрх чөлөөтэй” гэсэн үнэлгээ авч, 2021 оны үзүүлэлтээр барууны орнуудтай эн зэрэгцэж байна. Гэвч Канадад төвтэй Фрэйзерийн институтийн Эдийн засгийн эрх чөлөөний индексээр 2021 оны байдлаар 178 орноос 84-т жагсаж “Дундаж эрх чөлөөтэй” гэсэн ангилалд явна.

Бидний гол алдаа нь хүний эрхийг хэрэгжүүлэх гол нөхцөл нь эдийн засгийн эрх чөлөө гэдгийг мартаж орхижээ.

Аливаа нийгэмд хувийн хэвшил нь эдийн засгийг авч явдаг, харин төр бол хувийн хэвшлийн төлсөн татварыг үйлчилгээний төлбөр хэлбэрээр ашиглаж бизнес хэвийн явагдах дэд бүтцийг бий болгох учиртай. Гэтэл Монголд нэг мэдэхнээ төр өөрөө эдийн засаг, бизнесийн эрх чөлөөний хамгийн том дайсагнагч нь болж хувирчээ. Төр нь өөрөө том зах зээл болчихсон, эдийн засгийн холимог тогтолцоотой, төрийн оролцоо их, төрийн худалдан авалт эдийн засагт том нөлөө үзүүлдэг орны нэг болжээ. Энэ тогтолцоо нь ашиг сонирхлын зөрчлийг үүсгэх гол шалтгаан болдгийг МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн ёс зүйн төвийн зөвлөх Д.Тэгшбаяр хэллээ.

Өнгөрсөн 30 гаруй жилд бидний “бойжуулсан” систем нь улс төрд нөлөө бүхий этгээдүүд, төрийн албан хаагч, эсвэл хамааралтай хүнд давуу байдлыг хязгаарлагдмал хүрээнд үүсгэдэг. Тэдгээр нь бие биенээ хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын салаа мөчрүүдэд томилдог нь чөтгөрийн тойрог үүсгэж, энэ тойргийн гадна үлдсэн бизнесийнхэнд шударга өрсөлдөх боломж гардаггүй. Үүний тод жишээ нь ЖДҮ-ийн хэрэг юм.

Бялуу хуваах тэрхүү тойрогт орсон компаниуд хурдан тэлээд байдаг учир зарим хүн улс төрд орж, давуу байдлыг хуваалцан бизнесээ хамгаалах эсвэл бизнесээ тэлэхийг хүсдэг. Түүнээс гадна төр өөрөө бизнес хэвийн, шударга явагдах орчин нөхцөлийг бүрдүүлж чадаагүй байж хувийн хэвшлийг дарамталсан үйлдэл, зарим өндөр албан тушаалтнууд нь хувийн хэвшил рүү үе үе дайрч давшилсан мэдэгдэл хийдэг. Ингэхдээ голдуу нийгмийн халамж хүртээх, баялгийг тэгш хуваарилах, төрийн үйлчилгээ хүргэх, дэг журам сахиулах, иргэдийн эрх ашгийг хамгаалах нэрийдлээр бизнесийн амьдралд хөндлөнгөөс оролцдог.

Ийм л учраас судлаачид манай системийг “гажигтай” гэж тодорхойлдог. Хүний нөөцийн чадавхын хувьд Монгол Улс боломжийн ч бизнес эрхлэхэд хамгийн их саад болдог зүйл нь авлига, ашиг сонирхлын зөрчил гэдгийг олон улсын түвшинд хөгжлийн асуудлаар судалгаа хийдэг дурын байгууллагын судалгаанаас харж болно. Тухайлбал, Мянганы сорилтын сангийн Score card-аар дундаж үнэлгээтэй гарсан. World Governance Index, Авлигын төсөөллийн индекс зэргээс харахад авлига, ашиг сонирхлын зөрчил, ялангуяа төрийн албан хаагчидтай холбоотой ашиг сонирхлын зөрчлийн асуудал хамгийн тулгамдсан байдаг.

Төр эдийн засгийн амьдралд хэтэрхий оролцоотой байдгийг хоёрхон тооноос харж болно. Тэр нь төсвийн хэмжээ болон төрийн албан хаагчдын тоо. Монгол Улсын 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл ёсоор улсын төсөв ДНБ-ий 34 орчим хувийг эзэлж байна. Зарим тоогоор төрийн худалдан авалт 4-6 их наяд төгрөгийн хооронд эргэлддэг. Харин төрийн албан хаагчдын тоо 2020 оны эцсээр нийт хөдөлмөрлөх нөөцийн 20 орчим хувийг эзэлж байна.

Ийм байдлаар өнөөдөр бизнесийн шударга өрсөлдөөнд хамгийн их саад болдог авлига, ашиг сонирхлын “үлэмж биетэн” бидний ардчилсан гэдэг системээс төрөн гарчээ.

Бизнесийн ёс зүй ба авлига

Дээр дурдсанчлан төр нь хувийн хэвшлийн төлсөн татварыг ашиглаж бизнес хэвийн явагдах дэд бүтцийг бий болгох, шударга өрсөлдөөнийг хангахын тулд бизнесийн байгууллагын өмнө хууль тогтоомжийн шаардлагууд тавьдаг. Нөгөө талаас нийгэм, тодруулбал хэрэглэгч бизнесээс тодорхой, чанар стандартыг хүлээдэг. Хэрэв хүлээлтэд нийцэхгүй бол зах зээлд эзлэх орон зайгүй болно.

Чухам энэ хоёрын хооронд бизнесийн ёс зүй чухал үүрэгтэй бөгөөд орчин үеийн компаниудын зах зээлд удаан оршин тогтнох үндэс болж байна. Албан ёсны тодорхойлолтоор Бизнесийн ёс зүй гэдэг бол хууль, стандарт, нийгмийн хүлээлтэд нийцсэн бараа, ажил, үйлчилгээг хүргэхэд зөв, буруу шийдвэр, үйлдэл, үйл ажиллагааг ялгах чадавхыг бий болгох тогтолцоо юм.

Гэтэл бизнес төрөөс өндөр хамааралтай Монголын нөхцөлд энэ балансыг яаж хангах вэ, эсвэл төрийн оролцоогч яаж багасгах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Д.Тэгшбаяр судлаачийн үзэж буйгаар бизнесийн байгууллагууд өөрсдөө харилцан нягт хамтын ажиллагаатай байж, олон улсын төрөл бүрийн стандартаар төрд шахалт үзүүлж манлайлах ёстой.

Хувийн хэвшлийн манлайлал хүчтэй болбол энийгээ дагаад зохицуулагч байгууллагууд чадавхжиж байдаг. Энэ маш чухал. Өөрөөр хэлбэл, ёс зүйн  хүрээнд хүн тогтолцоогоо зөв бүрдүүлчихээд шийдвэр гаргахдаа зөв, буруугаа ялгадаг болсон цагт төрийн байгууллагын тавьж буй зарчмын шаардлага бас өөрчлөгддөг. Үүнийг дагаад хяналтын механизмаа өөрчилдөг. Олон улсын стандартаар орж ирж байгаа зарчим, нормуудын дагуу үүсч болох эрдслийг ч зохицуулагч байгууллага өөрөөр таньж, хуулиндаа өөрчлөлт оруулдаг гэдгийг зөвлөх Д.Тэгшбаяр тайлбарлав.

ААН-үүд ёс зүйн тогтолцоогоо хөгжүүлэх нь авлига багасахтай шууд урвуу хамааралтай үйл явц юм.

Ёс зүй бол аль нэг газраас импортолж, заалгаад авчихдаг зүйл биш, харин тасралтгүй үргэлжлэх процесс. Тиймээс Монгол дахь авлигын асуудлыг шийдэх гол нөөц боломж нь төрд гэхээс илүү хувийн хэвшилд байгаа гэж олон улсын судлаачид үздэг. Өөрөөр хэлбэл, ААН-үүд ёс зүйн тогтолцоогоо хөгжүүлэх нь авлига багасахтай шууд урвуу хамааралтай үйл явц юм.

Ёс зүйн чадавхитай байх нь компанийн хувьд ямар давуу талтай вэ? Олон улсын жишгээр ёс зүйн өндөр чадавхитай байгууллагууд нэр хүндийн асар том капиталтай байхаас гадна үйлдвэрлэл, үйлчилгээндээ шаардлагатай төрөл бүрийн хөрөнгө оруулалт татахад санхүүгийн байгууллагуудын тавих гол шалгууруудын нэг болдог. Жишээ нь, банк зээл өгөхөөсөө өмнө танайх ёс зүйн дүрэмтэй юу, шүгэл үлээх бодлоготой юу гэх зэргээр шалгадаг. Ёс зүйн дүрэмтэй, энэ тогтолцоогоо бүрдүүлсэн компанийн даатгалын эрсдлийг бууруулдаг жишиг ч бий. Өөрөөр хэлбэл, ёс зүйн тогтолцоотой байх нь зардал бууруулах маш том хүчин зүйл болдог.

Харамсалтай нь, Монголд банк санхүүгийн болон даатгалын байгууллагууд компаниудад үйлчилгээ өгөхдөө ёс зүйн шаардлагатай огт холбож авч үздэггүйг Д.Тэгшбаяр ярьж байв. Гэтэл монгол компаниудын гадны зах зээлээс хөрөнгө оруулалт татах, олон улсын зах зээлд гарахад тавигдах тэргүүн шаардлага нь бизнесийн ёс зүй байх юм.

Бизнесийн ёс зүйн анатоми

Эдүгээ олон улсад бизнесийн ёс зүйн асуудлыг комплаенс менежмент, шүгэл үлээх систем, дотоод хяналт болон дотоод аудит гэх мэт ойлголтын хүрээнд авч үздэг. Монголын арилжааны банкууд гадны байгууллагуудаас хөнгөлөлттэй зээл авч эхлэхэд комплаенс менежментийн шаардлага тавьж байсан учраас 2010 оноос мөнгө угаах, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгын хүрээнд энэ ойлголт Монголд орж ирсэн.

Комплаенсыг төрөл бүрийн хууль, дүрэмд нийцэлтэй байх гэж ойлгодог ч энэ нь үнэндээ эрсдлийг урьдчилж харах менежмент аж. Тодруулбал, боломжит эрсдлүүдийг танин шинжлэх, хөндлөнгийн ямар нэгэн субъект бизнесийн үйл ажиллагаанд гэнэт нөлөөлөхгүй байх бодлогыг хэрэгжүүлж, гүйцэтгэх удирдлагад дэмжлэг үзүүлдэг нэгжийг комплаенсын нэгж гэдэг.

Шүгэл үлээх системийн хувьд Монголд бүр шинэ ойлголт. Энэ нь нэрээ мэдэгдэхгүйгээр зөрчлийг мэдээлэх мэдээллийн суваг юм. Өөрөөр хэлбэл, зөрчлийг харсаар байж дуугүй өнгөрдөг тогтолцоог халах боломж.

Төр болон хувийн өмчийн компаниудад нийтлэг байдаг, судалгаагаар нотлогдсон нийтлэг асуудал бол ханган нийлүүлэлт, худалдан авалт дээр үүсдэг ашиг сонирхлын зөрчил. Төрийн компани дээр улсын өмчийг, хувийн компани дээр компанийн өмчийг ашигласан зөрчил их гарч, тэрийг нь харсан хүмүүс дуугүй өнгөрдөг тохиолдол маш олон. Хар ярианы хэлэнд үүнийг “цавчаа” гэж нэрлэх нь бий. Дижитал Хархорум ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбат нэгэнтээ энэ талаар “Монголчууд хулгай хийсэнд дургүй, хулгайлсанаа хуваалцаагүй хүнд бүр дүргүй” гэж хэлсэн нь бий.

Одоо УИХ дээр Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Уг хууль батлагдвал төрийн албатай холбоотой авлига, ашиг сонирхлын зөрчил гарахад харсан хүн дуугүй байхгүйгээр өөрөө түрүүлээд мэдэгдвэл хариуцлага хүлээхгүйгээр, хоёрдугаарт тэр хүний эрх, нууцлалыг хамгаалдаг болох юм.

Байгууллагын хувьд шүгэл үлээх систем нь ашиг сонирхлын зөрчил гарсан бол хаана хандахыг нь зааж өгөх, мэдээлэл бүрдүүлэх, анализ хийх, шийдвэрлэх аргаа байгууллага бүр онцлогоо харгалзан шийдэх боломж өгдөг.

Энэ мэтээр ёс зүйн асуудал нь зөвхөн өөрөө зөв явах тухай биш, улс төрд нөлөөтэй этгээд, ашиг сонирхлын зөрчил, ханган нийлүүлэлт, худалдан авалт, гомдол мэдээлэх систем, бэлэг сэлт, дайлах дайлуулах, мэдээлэл хадгалах ба хамгаалах буюу аюулгүй байдал, ТУЗ ба гүйцэтгэх удирдлага гэх зэргээр өргөн хүрээг хамарсан засаглалын тогтолцоо юм.

Хэдийгээр өнөөдөр томоохон компаниуд олон улсын ёс зүйн жишгийг нэвтрүүлж байгаа ч ихэнх компанийн удирдлага ёс зүйн талаар ойлголт, мэдлэггүй  явдгийг Д.Тэгшбаяр зөвлөх дурдав. Саяхан Бизнесийн ёс зүйн төвөөс МҮХАҮТ-ийн гишүүн 100 компани дунд судалгаа явуулахад 59 хувь нь авлигыг үл тэвчих дотоод зохицуулалтгүй, 30.4 хувь нь ёс зүйн дүрэмгүй, 75.5 хувь нь авлига, дотоод ашиглан, залилан үүсэх эрсдэлээ тодорхойлдоггүй, 56 орчим хувь нь гомдол хүлээн авах, шүгэл үлээх тогтолцоо бүрдүүлээгүй, ашиг сонирхлын зөрчил илэрвэл компаниудын 62.7 хувь нь хэрхэх нь тодорхойгүй байна гэсэн дүн гарчээ. Гэсэн атлаа бүх компани авлига, хээл хахууль, ашиг сонирхлын зөрчил, залилан, хөрөнгө шамшигдуулах зэрэг нь тэдний үйл ажиллагаанд бодитой нөлөөлж байна гэж хариулжээ.

 

Business.mn сэтгүүл, сайтын редактор

 

 

 

T.Amarjargal T.Amarjargal