Агаарын таксиг магтая

Mongolian Economy
2023-09-13 12:36:10
Ангилал: Дэлхий 2023 онд

Цахилгаан, зорчигч тээвэрлэдэг шинэ салбар хөөрөхөөр зэхэж байна

Цахилгаан босоо, хөөрөлт газардалтын нисдэг аппарат (EVTOL) буюу нисдэг такси хөгжүүлж буй анхдагчдын хувьд энэ он маш чухал. Шаардлагатай зөвшөөрлөө авч, зорчигч үйлчилгээний анхны үйлчилгээг 2023 онд эхлүүлнэ гэж хэд хэдэн фирм найдаж байна.

Агаарын такси 5-6 зорчигч тээвэрлэх чадалтай. Дрон шиг олон тооны жижиг сэнс ашиглан хөөрч, газарддаг. Сэнсийг нь программ хянадаг учраас нисдэг тэрэгтэй харьцуулбал нисгэхэд хялбар, автомат жолоодлогоор нисэхэд бэлэн юм. Олон тооны сэнстэй учраас зарим сэнс нь ажиллагаагүй болсон ч үргэлжлүүлэн нисдэг учир аюулгүй.

Зарим загвар нь ардаа нэмэлт 1-2 сэнстэй учир хөндлөн нисэх боломжтой. Харин Joby Aviation (зураг дээр) зэрэг компанийн загварууд урагш чиглүүлдэг сэнстэй, улмаар жижиг далавчнууд хөөрөх хүч нэмдэг учраас нисдэг аппаратны батарейг хэмнэж, илүү хол зайд нисэх боломж олгодог.

Эдгээр нисдэг машинд хэрхэн зөвшөөрөл өгөх тухай толгойгоо маажиж буй зохицуулагчид аюулгүйн стандарт дээр хөгжүүлэгч нартай нь хамтран ажиллаж байна. Энэ нь олон үе шаттай процесс юм. “Төрөл”-д нь зөвшөөрөл өгснөөр ийм төрлийн нисэх онгоцны нисэх эрхийг хүлээн зөвшөөрөхөөс гадна масс үйлдвэрлэл эхэлхээс өмнө үйлдвэрүүдэд зөвшөөрөл өгөх хэрэг гарна. Зорчигч төлбөр төлж байгаа бол агаарын тээврийнх шиг лиценз авах шаардлагатай. Компаниуд энэ мэт зөвшөөрлийг авахаар шаргуу ажиллаж буй. Автомат нислэгээс өмнө нисгэгчтэй нислэгт зөвшөөрөл олгох хүлээлтэй байна.

Автомат нислэгээс өмнө нисгэгчтэй нислэгт зөвшөөрөл олгоно

Хятад арай өөрөөр ажиллана. EHang фирм автомат удирдлагатай, хоёр хүний суудалтай таксины туршилтын нислэгийг хийхээр ажиллаж байна. Үүнд жуулчид очдог газраар зорчигчтой нисэх, илгээмж хүргэх зэрэг туршилт багтах бололтой. Хятадын AutoFlight компани Германд гурван зорчигч, нэг нисгэгч бүхий агаарын таксинд зөвшөөрөл авахаар туршилтууд хийнэ. Европт зөвшөөрөл авбал бусад улс руу нэвтрэхэд хялбар гэж Шанхайд төвтэй тус компани үзжээ.

Германд Volocopter компани EVTOL-уудын туршилтын нислэг хийнэ. Хоёр хүний суудалтай VoloCity загвартаа 2024 оны Парисын олимпоос өмнө зөвшөөрөл авбал олимпын үеэр нисэх буудал, тамирчны тосгоны хооронд үйлчлэх боломжтой болно. Бусад компани ч Парисын олимп, эсвэл 2025 онд Японд болох Дэлхийн экспод үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй байна.

Эл шинэ салбарыг хөл дээр нь босгохын төлөөх өрсөлдөөн 2023 онд ид эхэлнэ

ПОЛ МАРКИЛЛИ Инновац хариуцсан редактор, The Economist

Дэлхий 2023 дугаараас

 

Mongolian Economy