Ажлын хэсгийн дүгнэлт Turquoise Hill resource-ийн хувьцааны ханшид нөлөөлсөнгүй

Сарангуа Төмөр
2019-04-03 12:19:00
Ангилал:

Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэгтэй ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Тэрбээр “Засаж, сайжруулах зүйл нэлээд байгаа учраас Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах ёстой. Ялангуяа далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг цуцлах ёстой гэж ажлын хэсгийн гишүүд дүгнэсэн” гэж мэдээлсэн бөгөөд ажлын хэсгийн 12 гишүүний найм нь гэрээг цуцлахыг дэмжсэн нь дотоодод, тэр дундаа уул уурхайн салбарт таатай бус идэвхжил үүсгээд байна. Мега төсөл, гадаадын хөрөнгө оруулалтын гол эх үүсвэр болдог энэхүү төслийн 80 орчим хувь нь далд уурхайн бүтээн байгуулалттай салшгүй холбоотой учир Дубайн хэмээн нэрийддэг дээрх гэрээг ийн царцааж болзошгүй гэсэн мессэж монголчууд дунд тархлаа. Гэхдээ эл мэдээлэл гарсны дараа (2019.04.02-ны байдлаар) Turquoise Hill Resources компанийн олон улсын хөрөнгө бирж дээрх хувьцааны ханшид төдий л өөрчлөлт ороогүй байна.

Нью-Йоркийн хөрөнгийн биржид өмнөх өдөр нь буюу гуравдугаар сарын 2-нд 1.65 ам.долларын ханштай хаагдсан тус компанийн ханш өнөөдрийн (2019.04.03) байдлаар бага зэрэг буюу 2.4 хувиар өсөж, 1.69 ам.доллараар арилжаалагдаж байна. Гадны хөрөнгийн зах зээлийн зарим шинжээч Turquoise Hill Resources-ийн хувьцаа эрэлттэй байгааг онцлоод, цаашид ханш нь өсөх боломжтой хэмээн дүгнэж буйгаа илэрхийлээд буй.
Тус ажлын хэсгийн гаргасан санал, дүгнэлтийг цаашид Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ), УИХ хэлэлцсэнээр Дубайн гэрээг өөрчлөх, сайжруулах эсэх талаар шийдвэр гаргах учиртай юм.
Монгол Улсад хэрэгжиж буй уул уурхайн эл том төслийн талаарх таатай бус энэ мэт мэдээнд хөрөнгийн зах зээл цаашид ямархуу хариу үйлдэл үзүүлэх нь анхаарал татаж байгаа юм. Гэхдээ ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва “Гэрээг сайжруулах ёстой гэсэн дүгнэлтэд хүрсэн тул Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын гишүүд санал дүгнэлттэй бүрэн танилцаж, няхуур хандаасай. Гэрээг зөв талаас нь засаж, сайжруулах ёстой гэсэн байр суурьтай байна” гэжээ.

Монголын эдийн засгийг авч яваа гэхэд хилсдэхгүй уул уурхайн салбарын томоохон тулгуур Оюутолгойн төслийн эргэн тойронд үүсээд буй тогтворгүй байдал тус салбарын цор ганц асуудал биш. Ийм ч учраас популист хандлагатай хийрхсэн шийдвэр, бодлогын балгийг хангалттай амсаж буй уул уурхайн салбарынхан маргааш (2019.04.04) цахим орчинд “Зогсох эрхгүй 24 цаг” хөдөлгөөнийг өрнүүлнэ. Манай улсын эдийн засаг уул уурхайгүй 24 цаг болоход 8.1 их наяд төгрөг алдаж, секунд тутамд орлого болох учиртай 67 мянган төгрөгөө урсгах бөгөөд улмаар 70887 ахмад настан нэг өдрийн тэтгэврээ, 37720 төрийн албан хаагч нэг өдрийн хөдөлмөрөө үнэлүүлж чадахгүйд хүрэх статистикийг уг хөдөлгөөнийг зохион байгуулагчид олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд хүргээд байна.
Монгол Улсын уул уурхайн салбар 24 цаг ажиллахгүйгээр төсөөлж үзвэл уншигч та биш юм аа гэхэд өөр хэн нэгэн (нэг өдөр 50 өрх) орон сууцанд орох боломжоо алдаж байгааг анхааран тунгаагаарай.

Эх сурвалж: talktraders.com, bloomberg.com, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци

Сарангуа Төмөр