Азийн Украин уу?

Mongolian Economy
2023-11-07 13:47:14
Ангилал: Олон улс

Статус-кво нурж байгаа тул дайн болох магадлал ихэснэ.

Хятад ирэх 10 жилд Тайванийг эзэлнэ гэж яагаад Америкийн зарим генерал боддогийг ойлгох хэцүү биш. Тус арал руу довтлох магадлал 1949 оноос хойш оршсоор ирсэн. Ши Жиньпин иргэний дайны сүүлийн ялалтыг зарлах хүсэлтэй байгаа нь мэдээж. Маогоос хойш нэг ч удирдагч үндэстнээ нэгтгэхэд Ши шиг их ач холбогдол өгч байгаагүй. Хятадын зэвсэгт хүчин дайралт хийхэд бэлтгэсээр байгаа бөгөөд 2027 онд буюу намын даргаар ажилласан гурав дахь таван жил нь дуусахад арми нь бэлэн болох магадлалтай.

Нэнси Пелоси 2022 онд Тайваньд айлчилсны дараа шинэ асуудлууд үүссэн. Пелосигийн айлчлал анхных биш ч эмзэгхэн энхтайвны тулгуур статус-квог зөрчсөн үйлдэл гэж Хятадын эрх баригчид үзэв. Тайванийг захирах Хятадын эрхийг Америк хүлээн зөвшөөрдөггүй ч Тайванийг тусгаар улс гэж үздэггүй. Америк Тайванийг зэвсгээр хангадаг мөртлөө Хятадтай л дипломат харилцаатай. Сүүлийн 10 жилд Тайваньд айлчилсан Америкийн хамгийн өндөр албан тушаалтай улстөрч нь Пелоси болсон. Түүнийг явсны дараа Хятад дургүйцлээ хурцаар илэрхийлэн арал улсын дээгүүр баллистик пуужин харваж, хил рүү ньолон тооны байлдааны усан болон нисэх онгоц илгээж, бүслэх гэж байгаа мэт арлыг нь тойруулан цэргийн сургуулилт хийв.

Дайн болбол шалтгаан нь Тайвань өөрсдөөс нь улам хөндийрч байна гэж Хятад үзэж байгаа учраас тэр юм. Тавиад жилийн өмнө энэ арал өөрсдийгөө Хятадын нэг хэсэг гэж онолын хувьд зөвшөөрдөг цэргийн дэглэмтэй улс байв. Харин өнөөдөр Цай Ин-вэнь болон тусгаар тогтнолын төлөөх Democratic Progressive Party-аар удирдуулсан хөгжиж буй ардчилсан улс болжээ. Нэг хүнд ногдох ДНБ Хятадаас бараг гурав дахин их. Хан үндэстнээс бүрддэг 24 сая хүн амтай Тайваний эрх чөлөө, хөгжил цэцэглэлт нь Бээжингийн эрх баригчдын хувьд бул хар чулуу болоод байна. “Нэг улс-хоёр систем”-ийг Хятад Тайваньд амлаж буй ч үүнтэй ижил хэлэлцээгээ зөрчин Хонконгийг няц дэвссэнээс хойш уг амлалт нь хоосон санагдах болсон. Санал асуулгаар тайваньчуудын долоо хүрэхгүй хувь Хятадтай нэгдэх хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн.

Америкийн хандлага ч өөрчлөгдөж байна. Тус улс Тайваньтай батлан хамгаалах чиглэлээр гэрээ байгуулаагүй. Бээжингийн Засгийн газрыг Америк хүлээн зөвшөөрсөн 1970-аад онд Ричард Никсон Гоминданы дарангуйлагч Чан Кайшигаас нүүр буруулах талаар эргэцүүлж байлаа. Сүүлийн үеийн Ерөнхийлөгч нар ч өдөөн хатгалгыг таслан зогсооход чиглэсэн “стратегийн хоёр талт бодлого” хэрэгжүүлж ирсэн. Харин Тайваний өөрчлөлт, шинэчлэлтийн үр дүнд гадны халдлагад өртсөн тохиолдолд Америк тусламжийн гараа сунгах магадлал өндөр боллоо. Ерөнхийлөгч Жо Байден ч ийн амласан. Аливаа мөргөлдөөн нь Ази-Номхон далайд АНУ аюулгүй байдлыг сахиулах тал дээр хэр шийдэмгий байгааг шалгах сорилт болно гэж холбоотнууд үзэж байна.

Өөрийгөө хамгаалах, илүү сайн стратеги боловсруулах ёстойг энэ мөргөлдөөн Тайваньд ойлгуулна гэж Америк найдаж буй. Тайвань хугацаат цэргүүдэд найдахаа больж, илүү мэргэжлийн зэвсэгт хүчинтэй болохоор шийдсэн. Үүний тулд ДНБий хоёр хувийг эзэлж буй батлан хамгаалах төсвөө нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн үнэтэй тийрэлтэт онгоц, усан онгоц, шумбагчийн оронд усан болон нисэх онгоц эсэргүүцэх пуужин зэрэг хөдөлгөөнт, далдлах боломжтой довтолгооноос хамгаалах зэвсэгт тулгуурласан “үхэр зараа” стратегийг ашиглаж болно.

Оросын түрэмгийлэл нь Барууны хувьд том сорилт гэж Хятад үзэж байна. Гэвч Бээжингийн зарим түшмэд үүнийг Тайваньтай харьцуулж, хэрэв Тайвань руу довтолбол коммунист намын хувьд мөхлийн гэмээр үр дагавар авчирсан гамшиг болох вий хэмээн эргэлзэж байна. Нийт 160 км урт үргэлжлэх усан хилийн дагуу довтлох нь хуурай газраар хил нэвтрэхээс хүнд юм.

Өөр сонголтууд байгаа учраас Тайваньтай дайтах нь муу үр дагавартай гэж Бээжин үзэж байна. Гэвч Хятадын сонголт улам бүр багассаар гэж олон шинжээч үзэж буй. 2005 онд батлагдсан Салан тусгаарлахын эсрэг хуульд хэрвээ энхтайвнаар нэгтгэх боломжгүй бол дайнаар шийдвэрлэх тухай тусгасан. Гэвч Украинд Орос хэцүүдэж байгаа нь Бээжинг түдгэлзэхэд хүргээд байна.

РОЖЕР МАКШЭЙН Хятад хариуцсан редактор, The Economist

Дэлхий 2023 дугаараас

Mongolian Economy