“Алтан элс-2023” элсэн манхны баяр боллоо

B Shurenchimeg
2023-08-23 14:12:53
Ангилал: Мэдээ

Өмнөговь аймагт жил бүрийн намар уламжлан болон зохион байгуулагддаг “Алтан элс” элсний баяр наймдугаар сарын 19-20-ны өдрүүдэд Сэврэй сумын нутаг Хонгорын голын Дуут элсэн манхны хормойд боллоо. Элсний баярын үеэр элсний волейбол, элсэн манхны оргил булаалдах тэмцээн, автомашины кросс уралдаан, мотоциклын богино зайн ралли, хүчит бөхийн барилдаан, гурван насны хурдан морины уралдаан, сур харваа мөн “Sand art DJ-night”, урлагийн тоглолт зохион байгуулагдав. Тус арга хэмжээ аль хэдийнээ гадаад, дотоодын жуулчдын зорин очдог арга хэмжээний нэг болжээ.  Цаашид элсний баярыг улам өргөн дэлгэр зохион байгуулж, гадаадын жуулчдын зорин очдог баярын нэг болгохоор зорьж байгаа гэдгийг зохион байгуулагчид онцолсон. Мөн элсний волейбол, мотоцикл, автомашины кросс уралдааны цар хүрээг улам тэлж, улсын хэмжээний томоохон тэмцээн, уралдаан болгон хөгжүүлэхэд ихээхэн анхаарна гэдгийг хэлж байлаа.

Тиймээс энэ жилийн элсний волейболын тэмцээнд Монгол Улсын волейболын шигшээ баг, “Өмнөговь Шанх транс” багийн тамирчин, Азербайжан улсын лигт легионер тамирчнаар тоглож байсан Б.Батсуурийг урьжээ. 

Өмнөговь аймгийн хувьд уул уурхайн бус салбар тэр дундаа аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд Монголын есөн  гайхамшгийн нэг Хонгорын голын элсэн манхны баярыг 2016 оноос хойш жил ирэх тусам өргөн дэлгэр тэмдэглэдэг болжээ. Элсний баяр нь говь нутгийн байгалийн үзэсгэлэн, өвөрмөц тогтцыг жуулчдад сурталчлан таниулах, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилготой юм. 

Энэ жилийн элсний баярт 150-200 гаруй автомашин, 500 орчим гадаад, дотоодын жуулчин иржээ. Аялал жуулчлалын улирлын үеэр Монгол Улсад ирдэг жуулчдын 40-50 орчим хувь нь Хонгорын голын элсэн манхныг зорин ирдэг гэдгийг баяр зохион байгуулагчид онцолсон. Тиймээс жуулчдыг зорин ирдэг оргил үеэр энэхүү элсний баярыг зохион байгуулдаг аж. 

 

 

 

 

 

 

B Shurenchimeg