Алтны “алтан үе”-ийг ашиглая

Т.Амаржаргал
2026-01-28 11:07:10
Ангилал: Эдийн засаг

2026 он гармагц унц алтны үнэ 5000 ам.долларт хүрч түүхэн дээд амжилт тогтоов.  Тэр ч бүү хэл өсөлт үргэлжилж, оны эхний хагаст 6000 ам.долларт хүрнэ гэж Bank of America таамаглав. Харин зарим шинжээч энэхүү зоримог таамгаас арай доогуур үнээр өсөлтийг төсөөлж байна. 

Дэлхийн зах зээл дэх алтны дундаж үнэ 2025 оны IV улиралд 4145 ам.долларт хүрсэн. Энэ нь эхний улирлаас даруй 44.8 хувиар өссөн үзүүлэлт байсан юм. Алтны үнэ ийн өссөн нь их гүрнүүдийн дундах уур амьсгал, худалдааны хориг, гаалийн тариф, геополитикийн тодорхойгүй байдлаас шалтгаалсан гэж хэлж болно.  Мөн эдгээр шалтгаанаас үүдэн алтаар баталгаажсан ETF сан болон төв банкуудын алтны эрэлт ихэссэн нь алтны үнэ огцом өсөх нөхцөлийг бүрдүүлсэн юм. 

Ам.долларын эрсдэл, геополитикийн хурцадмал байдал үргэлжилж буй энэ үед алтны ханш өсөх нь фантаз биш бодит сценар. Гэхдээ ханшийн “Ванга” гэж тодорхойлж болох J.P. Morgan арай “даруу” өсөлтийг зөгнөж байна. Тус банкны шинжээчдийн тооцоолж буйгаар, 2027 оны эцэст алтны дундаж үнэ 5400 ам.долларт хүрэх бол цаашид өсөлт удаашрах ч эерэг төлөв хэвээр хадгалагдах аж. 

Алтны үнийн өсөлт манай эдийн засагт ч эерэг тусгалаа үзүүлж байна. Тухайлбал, Монголбанк валютын нөөцийн 15 орчим хувийг мөнгөжсөн алт хэлбэрээр бүрдүүлдэг. Өнгөрсөн хугацаанд Монголбанк жилд дунджаар 20 орчим тонн үнэт металл худалдан авч, гадаад валютын нөөцийг 900 орчим сая ам.доллароор тэлж ирсэн. Харин өнгөрсөн онд худалдан авсан үнэт металлын хэмжээ 16.3 тонн болж буурсан ч валютын нөөц долоон тэрбум ам.долларын босгыг давж түүхэн дээд хэмжээндээ хүрсэн.

Энэ өсөлтөд үнэт металл, тэр дундаа алтны үнийн өсөлт чухал хөшүүрэг болсон юм. Цаашид төв банк алтаа аль болох л авдартаа хийж байсан нь өлзийтэй бололтой. 

Гэхдээ алтны үнийн өсөлтийг манай улс хангалттай ашиглаж чадахгүй байгаа нь алтны олборлолт, үйлдвэрлэл сул байгаатай холбоотой. Тухайлбал, албан ёсны бүртгэлтэй алтны 105 ордоос ердөө 14 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Уг нь алтны үнэ тэнгэрт хадаж буй энэ “алтан үе”-ийг хангалттай ашиглах ёстойсон. Харин энэ салбарт чихэнд чимэгтэй нэг мэдээ бий нь Баянхөндийн алтны уурхай юм. 

Баянхонгор аймаг дахь Баянхөндийн алтны уурхай

Үүцээ задалсан Баянхөндий

Өнгөрсөн намар үйлдвэрлэлээ эхлүүлсэн Баянхөндийн алтны уурхай 2025 оны сүүлийн улиралд 7434 унц алт, 2634 унц мөнгө борлуулж, борлуулалтын орлого нь 31 сая ам.долларт хүрчээ. Ингэхдээ нэг унц алтыг дунджаар 4153 ам.доллароор, нэг унц мөнгийг 53 ам.доллароор борлуулжээ. 

Мөн үйлдвэрлэлийн эхний саруудад технологийн тохируулга хийж, нэрлэсэн хүчин чадлынхаа 77 хувьд хүрч ажилласнаар гүйцэтгэл ТЭЗҮ-д тусгасан үзүүлэлтээс давсан гэж төсөл хэрэгжүүлэгч “Эрдэнэ Монгол” ХХК онцолж байна. 

Цаашид Баянхөндийн уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллавал жил тутам 650 мянган тонн хүдэр боловсруулж, 85 мянган унц буюу 2.6 тонн алт олборлох аж. 

Мөн энэ оны эхэнд “Эрдэнэ Монгол” ХХК-ийн эзэмшлийн Баянхөндий ордын орчимд болон түүнийг тойрсон бүсүүдэд хайгуулын ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ.

Баянхонгор аймгийн Шинэжинст суман дахь Баянхөндийн алтны орд нь одоогоор Монгол Улсын алтны батлагдсан нөөцийн гурван хувьтай тэнцэх буюу 14.5 тонноор хэмжигдэх алтны нөөцтэй. Өөрөөр хэлбэл, энэ орд нь алтны ордууд дотроо дундаас томд тооцогдох орд юм. 

Ордыг анх 2015 онд илрүүлж, ашиглалтын тусгай зөвшөөрлийг үүнээс дөрвөн жилийн дараа Ашигт малтмал, газрын тосны газраас олгож байжээ. 2309 га талбайг хамрах уг зөвшөөрөл нь 30 жилийн хугацаатай, үргэлжлүүлэн 70 хүртэлх жилээр сунгах боломжтой аж. 

Баянхөндийн “эзэд” хэн бэ

Баянхөндийн алтны уурхайн төсөл хэрэгжүүлэгч “Эрдэнэ Монгол” ХХК-ийн тухайд Канад, Монгол хамтарсан хоёр “эзэн”-тэй компани юм. Компанийн 50 хувийг Монгол, Торонтогийн хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй, Канадын хөрөнгө оруулалт бүхий “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК эзэмшдэг бол үлдсэн тал хувийг Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Монголиан Майнинг Корпорэйшн” буюу “Энержи Ресурс” ХХК эзэмшдэг. 2005 онд байгуулагдсан “Энержи Ресурс” ХХК нь “М-Си-Эс” групп, “Петровис” ХХК, “Шунхлай” групп зэрэг үндэсний хэмжээний томоохон компаниудын хамтын хөрөнгө оруулалттай уул уурхайн салбарын тод төлөөлөл болсон компаниудын нэг билээ.

 

 

 

Т.Амаржаргал