“Оюу толгой” ХХК Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, 100 сая мод тарихаа амласан билээ. Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн Ялбаг голын хөндийд хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрч сүйдэж, байгаль өөрөөрөө нөхөн сэргэх боломжгүй болсон 398.7 га газар техникийн нөхөн сэргээлт хийж, Сэлэнгэ аймгийн БОАЖГ-т хүлээлгэн өглөө.

Төрөөс нэг өрхөд хэрэглээний 0.07 га газрыг үнэгүй эзэмшүүлдэг. Тэгвэл Оюу толгой ХХК-ийн техникийн нөхөн сэргээлт хийсэн энэхүү 398.7 га газар нь 5,695 айлд ногдох газартай дүйцэх юм. Ийм хэмжээний нөхөн сэргээлтийг хийж, байгаль өөрөөрөө нөхөн сэргэх боломжтой болсон Сэлэнгэ аймгийн Ялбаг голын хөндийг сурвалжиллаа.

Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө сумдын нутгийн заагт Ялбаг голын хөндий гэх уул ус нь тэгширсэн сайхан хөвч байдаг аж. Уул нь битүү модоор хучигдаж, ан амьтан элбэгтэй, жимс жимсгэний өлгий нутаг болсон энэхүү хөндийгөөр Ялбаг гол урсана. Ерөө голын ай савд хамаарах энэхүү гол нь Мандал сумын Саалинчит уулаас эх аван 30 км урсаад Ерөө голд цутгадаг байна. Ялбаг гол руу очих зам бартаа ихтэй, зуны улиралд бороо орсон тохиолдолд шаварлаг хөрстэй учраас машин суух тохиолдол их гарна.

Хүний хөл хүрсэн юм уу гэмээр ийм сайхан хангайгаар явж байтал хэсэг газар модгүй харлан харагдлаа. Асуувал энэ газарт алтны компаниуд, нинжа нар олон жил алт олборлож, газрыг нь сүйтгээд яваад өгчээ. Гол нь шавраар урсаж, голдирол нь алдагдаж, олон нүх, цөөрөм, шороон овоолго үүссэний улмаас мал, амьтан байтугай хүн амьдрахад бэрх болсон учир нутгийн иргэд нь хүртэл дайжин нүүсэн байна. Зарим газар овоолсон шороо нь таван давхар байшин шиг өндөр болсон байсан гэдэг. Ингээд тухайн газар 2020-2024 оны нөхөн сэргээлт хийх шаардлагатай бүсээр тогтоогдож, БОАЖЯ-аас “Оюу толгой” ХХК-д хүсэлт тавьсныг хүлээн авснаар техникийн нөхөн сэргээлт хийсэн нь ийнхүү харлан харагджээ. Одоо энэ газар өөрөө нөхөн сэргэн ургаж, дээр нь ямар ч өвс, ургамал, жимс ногоо тарьсан ургахаар хөрс нь бэлтгэгдсэн байгаа аж.

Нөхөн сэргээлт нь хоёр үе шаттай. Хүний гараар эвдэрч, сүйдлэгдсэн газрын хувьд техникийн нөхөн сэргээлтийг эхэлж хийнэ. Тухайн газарт үүссэн цөөрөм, нүх, овоолгыг хүн, амьтанд аюулгүй болгон тэгшилж, голын голдирлыг сэргээж, байгалийн үндсэн төрхөд нь оруулахыг техникийн нөхөн сэргээлт гэнэ. Техникийн нөхөн сэргээлтийн дараа биологийн нөхөн сэргээлт хийх буюу мод, ургамал тарьдаг. Өөрөөр хэлбэл, техникийн нөхөн сэргээлт нь байгаль унаган төрхөндөө буцаж орох, цаашид өөрөө сэргэн ургах суурь нь болдог юм. Ийнхүү техникийн нөхөн сэргээлтийг Ялбаг голын хөндийд болон алт ухаад орхисон уулын таван амд хийсэн байна.

Биднийг очиход Ялбаг голын хөндийн хэсэг газар яагаад ийм болсон түүхийг Гавьяат геологич Д.Дүгэрсүрэн тайлбарлаж өгөв. Тэрээр анх 1973 онд дадлага хийхээр Ялбаг голын хөндийд ирж байжээ. Тухайн үед газар эв эрүүл, зөвхөн Бэрлэгийн цагаан тохой гэх газар монгол гэртэй хэдэн хүн, өрөм тавьж хайгуул хийж байсан байна. Ингээд алт байгааг олж тогтоон улсын санд хүлээлгэн өгчээ. Улмаар 1990-ээд онд “Алт” хөтөлбөрийн хүрээнд тусгай зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй компаниуд орж алт ухан газрыг нь сэндийлээд орхисон байна. Дараа нь Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг баталсан нь Ялбаг голын хөндийн тэр хэсэг хүн амьдрах аргагүй болгожээ. Уг журмыг тухайн үед ган, зуданд малаа алдсан иргэд амьжиргаагаа дээшлүүлэг гэж гаргаж байсан ч нинжа нар алт ухан сүйтгээд дахин нөхөн сэргээлгүй орхижээ. Үүнийг уурхайн салбарт хариуцлагагүй уул уурхай хэмээн нэрийддэг.

Үргэлжлүүлэн Геологич Д.Дүгэрсүрэн “Ялбаг голын хөндийд сүйдсэн газрыг нинжа нарын гараар орж сүйдэгдлээ гэдэг юм. Үнэндээ тэд төрийн бодлогын дагуу л олборлолт хийсэн юм шүү дээ. Эхнээсээ бодлогоо зөв гаргасан бол газар орон сүйдэхгүй. Бид газрын доорх баялгаа олборлон өөрсдийн аж амьдралдаа нэмэрлэх нь зүйтэй. Харин байгаль орчиндоо хариуцлагагүй хандаж болохгүй юм. Ухсан бол эргүүлэн байгалийн унаган төрхөнд нь оруулах хэрэгтэй. Унаган төрхөнд нь оруулж чадахгүй юм аа гэхэд дахин сэргэн ургах хэмжээнд болгох нь уул уурхайн компаниуд, хувь хүмүүсийн үүрэг” гэсэн юм.

Нөхөн сэргээлтийг орон нутгийн хоёр компаниар гүйцэтгүүлжээ

БОАЖЯ-ны саналыг хүлээн авсны дараа “Оюу толгой” ХХК нөхөн сэргээлт хийх тендер зарласан аж. Энэхүү тендерт орон нутгийн “Бугант нандин” ХХК, “Үзэгт дэлгэр” ХХК гэх хоёр орон нутгийн компанийг шалгарчээ.

“Бугант нандин” ХХК-ийн хувьд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд үйл ажиллагаагаа эрхэлдэг. Нийт 398.7 га газраас 208 га газрыг нөхөн сэргээсэн байна. Ихэвчлэн голын хөндий хэсэгт нөхөн сэргээлтийг хийсэн бөгөөд тухайн газрыг нөхөн сэргээсэн даруйд газраас нь өвс ургаж эхэлж буй нь харагдаж байлаа.

Бугант нандин” ХХК-ийн захирал С.Батсүх “Энэ газарт анх ирэхэд маш их эвдэгдэж сүйтгэгдсэн байсан. Нутгийн иргэд энэ газар ямар байсныг сайн мэднэ, харахын эцэсгүй нүд халтирам дүр төрх биднийг угтсан. Зарим газар 20 метр өндөр шороон овоолго, гүнзгий цөөрөм үүсэж, мал амьтан живж үхдэг, унаж үхдэг газар байлаа. Монгол хүн гэдэг тийм болсон байгалиа хараад үнэхээр сэтгэл өвддөг юм билээ. Ингээд бид байгалийн унаган төрхөөр нь сэргээхийн тулд нутгийн иргэд болон манай компанийн 50 гаруй боловсон хүчин хоёр зуны турш зүтгэлээ. Газар нь ихээр эвдэгдсэн тул машин техник явж болохгүй, олон хүндрэл гарсан ч ийм сайхан болтол нь нөхөн сэргээсэндээ баяртай байна. Энэ газарт тал дүүрэн мал бэлчих талбайтай боллоо” гэв.

“Үзэгт дэлгэр” ХХК нь Орхон аймгийн харьяат компани аж. Тэд уулын амуудыг буюу нийт 190 гаруй га газар нөхөн сэргээжээ.

Энэ талаар “Үзэгт дэлгэр” ХХК-ийн инженер Л.Золбоо “Бид хоёр зуны туршид ажиллаж, сүйдсэн байсан газарт техникийн нөхөн сэргээлт хийж, хүлээлгэн өгч байна. Анх биднийг ирэхэд голын хоёр талаар өндөр овоолго үүссэн, голын голдирол алдагдаж, урсац нь муудсан байсан. Одоо эргээд харахад байгалийн унаган төрхөнд нь дөхүүлж, нөхөн сэргээсэндээ баяртай байна. Манайх жижиг компани л даа. Тиймдээ ч дэлхийн энтэй “Оюу толгой” ХХК-ийн тендерт шалгарснаар бид олон зүйлийг суралцаж авлаа” гэсэн юм.

Тус хоёр компани нөхөн сэргээлтийг хийх явцдаа хоёул хөдөлмөр, аюулгүй байдлын алдаа гаргалгүй ажиллажээ. Тодруулбал, тус хоёр компани ХАБ-ын зарчимдаа “Оюу толгой” ХХК-ийн зургаан зарчмыг нэвтрүүлж, ажлын байрны эрсдэлийн үнэлгээг тогтмол хийснээр ийнхүү алдаагүй ажилласан байна. 

Нөхөн сэргээлт хийсэн талбайд юу ч тарьсан ургана

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх “Оюу толгой” ХХК-тай 2022 онд байгуулсан гэрээний хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг голын хөндий нэртэй газарт хариуцлагагүй, бичил уул уурхайн улмаас эвдрэлд оруулсан байсан нийт 398.7 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг бүрэн хийлгүүлж үүрэг даалгаврын биелэлтээр орон нутагт хүлээн авч буйдаа баяртай байна. Төрөөс хүч хөрөнгө гаргаж, аж ахуй нэгж санал санаачилга гарган ажиллаж буй энэ ажлын үр дүнг бичил уурхай олборлох нэрийн дор эргээд сүйдэгдэх вий гэдэгт санаа зовж байна. Иймд, нөхөн сэргээлт хийсэн газарт олборлолт хийсэн тохиолдолд хүлээх хуулийн хариуцлагыг өндөржүүлэх тал дээр ажиллана. Сайхан байгаль дэлхийгээ хамгаалах ажилд дэмжлэг үзүүлсэн “Оюу толгой” ХХК-д баярлалаа. Ийм сайхан ажлын үлгэрлэл, манлайлал олон компанид нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна. Ер нь биологийн нөхөн сэргээлтийг тодорхой түвшинд хийчихвэл маш хурдан сэргэхээр байгаа юм. Бид ямар ч байсан техникийн нөхөн сэргээлтийг амжилттай хийлгүүлсэн нь чухал” гэлээ.

Нөхөн сэргээсэн газрыг Сэлэнгэ аймгийн БОАЖГ хүлээн авсан юм. Энэ талаар Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын ахлах байцаагч Н.Эрдэнэцогт “Энэ газарт нэг захаас нөгөө зах харагддаггүй байлаа. Одоо бол цэлийгээд сайхан харагдаж байна. Энэ хавьд амьдарч буй малчдын хувьд ам сайтай байна. Нөхөн сэргээхээс өмнө бартаа саад ихтэй улмаас мал нь чононд баригдах, өөрсдөө унаж бэртэх эрсдэлтэй байлаа. Ингээд нөхөн сэргээснээр эрсдэл байхгүй, амар тайван амьдрах нөхцөл бүрдлээ. Энэ газар нь байгалийн тогтоц, геологийн хувьд шим тэжээллэг газар учраас байгаль өөрөө нөхөн сэргэх нь хурдан байх болно. Одоо нөхөн сэргээсэн газрыг харвал өвс ургаад эхэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл, хэдхэн жилийн хугацаанд л өөрөө сэргээд ургахаар харагдаж байна. Ялбаг гол ч сайхан цэвэр, тунгалаг урсаж, урсац нь нэмэгдсэн. Нөхөн сэргээсэн талбайг бид хүлээж авсан ч ингээд орхихгүй. Байгалийн нөхөн сэргэх байдлыг дэмжин биологийн нөхөн сэргээлтийг хийнэ. Мөн ойр орчмын айлуудын аж ахуйг дэмжих үүднээс жимсний мод тарих, ногоо тарих талбайг гаргана гэж төлөвлөсөн” гэлээ.

Нутгийн иргэд нөхөн сэргээсэн талбайд жимсний мод тарьж өгөхийг “Оюу толгой” ХХК-аас хүслээ

Ийнхүү талбайг хүлээж авч байхтай зэрэгцэн нутгийн иргэд хүрэлцэн ирж баярласан сэтгэгдлээ илэрхийлэхийн сацуу цаашид энэ газарт жимсний мод, ногоо тарьж өгөхийг хүслээ. Хэрэв тариад өгсөн тохиолдолд иргэд өөрсдөө арчлаад улам хөгжүүлээд явна гэдгээ илэрхийлсэн юм.

Энэ талаар Мандал сумын уугуул иргэн “Алт ухсан хүмүүс байгалийг хэвэнд нь эргүүлж оруулахгүйгээр шавар шалбааг, овон товон хаяад явсан. Тэр үүссэн овон товонгоос болж бид малаа ч олигтой бэлчээж чадахгүй, мал өндрөөс унаж, шаварт сууж үхэх тохиолдол их байсан. Малаа олж авах гэж өндөр дээр гарна, их хэцүү байсан. Хонхор руу олон үхэр унаж үхсэн. Мал үхдэгээс болж чоно, нохой ч дийлддэггүй байлаа. Харин ингэж нөхөн сэргээснээр мал бэлчээхэд амар боллоо. Гэрээсээ малаа хаана байгааг хардаг болсон. ”Оюу толгой” ХХК-аас биднийг нөхөн сэргээлттэй холбоотой саналаа хэлээрэй гэсэн болохоор энд ирлээ. Энэ нөхөн сэргээсэн талбай дээр жимсний мод тариад өгвөл бид арчлаад ургуулаад өөрсдийн амьдрал ахуйдаа нэмэр болгоод явна” гэв.

Мөн Ерөө сумын иргэн Ванчинсүрэн “Нөхөн сэргээхээс өмнө мал шаварт унаж их үхдэг байсан. Манайх малаасаа огт салахгүй явдаг байсан тулдаа л малаа алдаагүй. Тэрнээс биш энэ хавийн бүх айлууд малаа алдсан. Хаяад нүүх нь нүүсэн. Харин ийнхүү нөхөн сэргээснээр харахад хүртэл сайхан байна” гэлээ.

“Оюу толгой” ХХК 2025 оноос ойжуулалт хийж эхэлнэ

“Оюу толгой” ХХК нь энэхүү нөхөн сэргээлтийг Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд хийсэн юм. Мод тарина гэдэг зөвхөн тариад орхих асуудал биш бөгөөд хөрснөөс нь эхлээд урган ургатал нь арчлах процесс аж.

Энэ талаар “Оюу толгой” компанийн байгаль орчны менежер Т.Самданжигмэд “Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд “Оюу толгой” ХХК 100 сая мод тарих амлалт өгсөн. Үүнийгээ бид гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Нэгд, бэлтгэл үе шат буюу 2022-2025 он. Энэ хугацаанд ойжуулалтын салбарын дэд бүтцийг байгуулж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж, судалгаа хийнэ. Өөрөөр хэлбэл, мод үржүүлгийн газар үрсэлгээ хийх юм. Ингэснээр ойжуулалт хийх нөөц бололцоогоо бэлэн болгоно. Хоёрдугаар үе шат 2025 оноос эхэлнэ. Хоёрдугаар үе шатанд бэлтгэсэн нөөцөөрөө ойжуулалтыг том талбайг хамруулан хийнэ. Гуравдугаар шатанд 2030 он гэхэд 100 сая модоо тарьж дуусгана. Өнөөдрийн байдлаар 10 орчим сая мод тарьсан байна. Энэ онд бэлтгэл ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Сэврэй, Манлай, Баян-Овоо суманд мод үржүүлгийн газар байгуулна” гэв. БОАЖЯ-аас 30.7 мянган га талбай эвдрэлд орсон, түүнээс уул уурхайн ашиглалтын улмаас 28,940 га газар эвдэгдсэн гэсэн судалгааг гаргасан юм. Үүнээс нөхөн сэргээх шаардлагатай орхигдсон талбайн хэмжээ 8,000 га талбайг 2020-2024 онд нөхөн сэргээхээр болсон билээ. Энэ хүрээнд “Оюу толгой” ХХК ийнхүү 398.7 га газрыг амжилттай сэргээлээ.