“Аман хуур” хэрвээ

Mongolian Economy
2020-08-10 16:11:17
Ангилал: Нийтлэгчид

1970 оны “Аман хуур”

Дарь авгай хичнээн гүрийж, хичнээн тэмцсэн ч “Танай хашаа байшин чинь газарт орсон!” гэж зандраад, хөөгөөд нүүлгэчихсэн. Газрын үнэ гэж сохор зоос ч олдоогүй. Учир нь газар бол улсын өм.
-Хоёулаа Цэдэнбал даргад орж хэлж үзэх үү, Соном оо? гэж Дарь асуутал,
-Чи л мэддэг шүү дээ, гэж Соном өвгөн хариуллаа.
Сономын, Төмөрийн тусдаа өрхүүд хоёр өрөө байрыг хувааж эзэмшин, толгой хоргодож буйгаа “Нам засгийн минь хайр!” хэмээн залбирч, дээдийн дээд өглөг хишиг гэж тооцно. Байраа өмчилнө, үр хүүхдүүдээ өвлүүлнэ гэдэг тухай ойлголт байхгүй. Орон сууц зөвхөн улсынх.
Хотын ихэнх хүмүүс гэр хороололд амьдарна. Арай азтай нь нийтийн байрны нэг өрөөнд сууна. Олон жил хөдөлмөрлөсөн, олон хүүхэдтэй, эсвэл тэргүүний сайчууд орон сууцны очерийн дээгүүр бичигдэх эрх авдаг ч, орон сууцны хүрэлцээ муу тул үсээ бууралтаж, ясаа цайтал горьдон хүлээдэг. Очер нь ирж, есөн хүүхэдтэй ажилчин айл ганц өрөө байртай болчихоод, тэнгэрийн умдаг атгасан мэт л баярлаж, найр хийнэ.
Соном өвгөн телевизорын очерт нэрээ бичүүлээд сэтгэл догдлон хүлээж суугаа.
-Телевизор дэмий юм биш үү? Хөргөгч авах уу? гэж эхнэрээ асуухад,
-Чи л мэддэг шүү дээ! гэж хариулсан гэж байгаа. Одоо бол эдний орцны хүүхэд хөгшид бүгдээрээ таван давхрын Тагарваа гуайнд юм уу, хоёр давхрын Хоролоогийнд орж, орос үйлдвэрийн аймшигтай дүнгэнэж жирэлзэн байж гардаг хар цагаан “Рекорд” зурагтыг нь үзэцгээдэг.
Охин Бадам, ээж Дарь хоёрын насны мөрөөдөл бол хөргөгч. Хичнээн мөрөөдөвч үнэтэй эд тул ойрын хэдэн жилдээ азная, телевизор авч аавдаа үзүүлье гэж шийдээд байгаа. Харин хүргэн Төмөр тэргүүний барилгачин залуу болж мандаад, угаалгын машинаар шагнуулсан нь бөөн дуулиан. Хөрш Гуншаа Довдон:
-Танайх орцондоо угаалын машинтай болсон гурав дахь “баян айл”-аар тодорлоо доо. Гүй мөн гоё эд ээ! гэж угаалгын машиныг нь магтан зогсож байснаа,
-Жаахан давс өгөөч? Төд удалгүй буцаад,
-Сонгино бас дуусчихжээ гээд ороод ирнэ. Дарь авгай дотроо төвөгшөөдөг ч, нэр хугарахаас жийрхээд, “Ав ав” гээд гаргаад л өгчихдөг.
Хүрээ Дугар гэх хуучин цагийн баяных “Газ-76” гэх нарнагар тэрэгтэй, их сургуулийн тэнхимийн эрхлэгч Гочоогийнх шинэ “Москвич”-тай нь байрны багачууд хөгшчүүлийн бахархал. Байрандаа ердөө хоёулхнаа машинтай, дэлхий даахгүй баячуул хэмээн шагшигдана. “Газ-76” луу нь хүүхдүүд ойртвол, Хүрээ Дугар “Хөөед!” хэмээн цонхоороо орилж, зүггүй тархинуудыг дэрхийлгэн зугтаалгах нь нэн сүртэй.
Үе үе байранд соёлжилтын үзлэг явж, ор хөнжлийн даавуу, нүүр гарын алчуур, ариун цэврийн булан шалгаж, бохир айлыг самбарт бичиж донгодож, түмний шившиг болгодог. Үүний ачаар саяхан нүүж, шинэ байранд орсон айлууд хир даг, бөөс хуурснаасаа салаад байгаа нь аштай.
Сар бүр коммунист субботник зарлаж орон сууцны орчноо тохижуулах, мод зүлэг тарих ажлыг нийтийн хүчээр хийцгээнэ. Байр орчиндоо бүртийх ч хоггүй. Нийтээрээ асуудлаа шийдэж, байр орцоороо амь нэгтэй амьдарна. Улаанбаатар нь ногоороод л, болжмор жиргээд л, уужуу тайвуу сайхан цаг байж.

2020 оны “Аман хуур”
Талийгч аав нь хайртай охин хүргэн хоёртоо барьж өгсөн хашаа байшингийн газар хотын төвийн “А” бүсэд учраас “хаданд гарна” гэдгийг зөвхөн Дарь л мэдэрсэн. Соном өвгөн гэнэдээд барилгын компанийн менежер эелдэг инээсэн залуугийн анхны үнийн саналыг нь зөвшөөрөх дөхөөд мунгинаж суутал,
-Голомтоо самруулж байж, ийм хямд өгнө гэж ярихгүй шүү, Соном оо! гэж Дарь хэлэлцээрийг тас  цохив.
-Чи л мэддэг шүү дээ гээд Соном амыг нь харна. Дарь авгай бүтэн сар гэдийж хэвтсэний хүчээр газраа хоёр орон сууцан дээр нэмээд нэг дулаан зогсоолын үнэ хүргэж наймаалж чадсан билээ.
Сономынх шинэ хотхоны сайхан байрны гурван давхрын хоёр өрөөнд, хүргэн Төмөрийнх нь тэр орцны 11 давхрын гурван өрөө байранд ороод байгаа. Соном өвгөн дугуй унаж, жирэлзтэл жийн давхидаг байснаа болиод, цахилгаан скутер унаад галигуулж явдаг болсон. Төмөр өөрийн өмчийн гурван өрөө байраа барьцаалж зээл аваад “Приус-30” машинаа томруулж, “Кроун-220” авч унасан. Энэ хоёр айлд 55 инчийн тоуч скрийн ухаалаг телевизор, хоёр хаалгатай “Тошиба” хөргөгч, “Беко” креамик плитка, бүрэн автомат угаалгын “LG” машин, тоосны мангас, аяга таваг угаагч машин, гал тогооны комбайн, төрөл бүрийн холигчууд, талх баригч, будаа агшаагч гээд бүх зүйл цөм бүрэн.
Дутагдах гачигдах юм нэг ч үгүй, үлгэрт гардаг шиг сайхан амьдарцгаана. Гэхдээ Соном, Дарь хоёр нэг л сэтгэл дундуур. Царай нь баргар сууцгаана.
-Бидэнд бүх юм байна ш дээ! Юундаа гуниглаад байгаа юм бэ? гэж охин Бадам нь шалгаана. Соном, Дарь хоёр дуугүй санаа алдана.
Юунаас болж хоёр хөгшин дуугаа хураагаад байгааг орчин цагийн хэн ч таашгүй. Учир юу гэвээс Соном, Дарь хоёр нэг ч хөршөө танихгүй. Бас бусад ихэнх гэр бүл гэр хорооллын утаа, хөрсний бохирдол дунд мөчиг тачигхан амьдарч суугаа гэж бодохоос санаа зовнисон. Нэг орой эсрэг хаалганыхаа хөрштэй танилцах гээд хаалгыг нь тогшсон биш,
-Зайлаач новш оо! Цагдаа дуудлаа шүү! гэж ууртай хашгирсан хөршийнхөө дууг сонсов.
Айл хөршүүдтэйгээ орж гарч, хууч хөөрч, хийцтэй цайгаа хувааж уугаад сурчихсан Дарь гуайд хажуу, эсрэг хаалганы аль ч хөршөө танихгүй суух нь эзгүй. Арал дээрх ёроолгүй ангалд амьдарч байгаа юм шиг л таагүй сэтгэгдэл төрүүлнэ. Хэд хоноод байтал авгай тэвчихээ болиод,
-Соном оо, хоёулаа гэр хороолол руу нүүх үү? гэж асуув.
-Чи л мэддэг шүү дээ! гэж хөөрхөн чогжгор өвгөн нь хариуллаа. Гэхдээ тэр хоёр нүүж түвдээгүй л суугаа. Одооны энэ хүмүүс тун ч харанхуй амьдарч байна даа, гэж Соном өвгөн хэлээд, халзан толгойгоо сэгсэрсэн.

А.Амарсайхан /Шог зохиолч/

Mongolian Economy