Америк-Хятадын дроны “өрсөлдөөн” Эверестийн оргилд хүрэв

Mongolian Economy
2026-05-19 12:02:04
Ангилал: Олон улс

Зургийн тайлбар: Балбын “AirLift Technology ” компанийн баг Хятадын “DJI FlyCart 100” дроныг Эверестийн үндсэн отогт ажиллуулж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Өмнөд болон Төв Ази хариуцсан тусгай төлөөлөгч Сержио Гор тэргүүтэй төлөөлөгчид Эверестийн үндсэн отог руу энэ сарын 1-нд нисдэг тэргээр буужээ. Дэлхийн хамгийн өндөр 10 оргилын найм нь байдаг Балбын 8849 метрийн өндөр уул өөд дайрахаасаа өмнө уулчид хүнд агаарт дасан зохицохын тулд далайн түвшнээс 5364 метрийн өндөрт орших үндсэн отогт ирж байрладаг юм.

Америкийн төлөөлөгчид энэ удаад дотооддоо үйлдвэрлэсэн “Alta X Gen2” дроноор үндсэн отгоос уулын өмнөд нуруунд (6130 метр) орших нэгдүгээр отог руу бортоготой хүчилтөрөгч, шат, уулын хэрэгсэл, хүнс хүргэх туршилт хийхээр авчирсан байв. Гэвч Балбын Дотоод хэргийн яам аюулгүй байдлын үүднээс гэдэг шалтгаанаар зөвшөөрөл өгөхөөс татгалзсан тул Америкийн албаны хүмүүс Катманду руу буцав. Гэтэл Америкт үйлдвэрлэсэн дронууд Еверестийн ойролцоо ч нисэж үзээгүй байхад Хятадын “DJI FlyCart 30” дронууд 2024 оноос хойш энд ачаа хүргэх даалгавар биелүүлж байгаа юм.

Энэ явдал Америк болон Хятадын харилцаанд Балбыг “холбож” орхисныг шинжээчид хэлж байна. Өөрөөр хэлбэл, Америк, Хятад хоёр Балбыг “эмзэг” технологи турших талбар болгон хувиргаснаар тус улсыг тодорхойгүй байдалд оруулсан гэж тэд үзэж байна.

Учир нь Гималайн нөгөө талд далайд гарцгүй энэ улсын ойрын хөрш болох Хятад бий. Хамгийн гол нь тус улс Эверестэд технологийн ул мөрөө үлдээсэн анхны улс юм. Хоёр жилийн өмнө тус улсын “DJI FlyCart 30” дрон уулчдад логистикийн тээвэрлэлт хийх анхны туршилтаа хийж, амжилттай болсных нь дараа “DJI” компани шерпа нарын ажлыг ихээр хөнгөлж, нэгдүгээр отог руу хангамж хүргэх зорилгоор Эверестийн “Seven Summit” аялалын компанийн дроны оператор Балбын “AirLift Tecnology” компанид хоёр бүтээгдэхүүнээ нийлүүлсэн байна. Энэ жил мөн уг дроны хамгийн сүүлийн хувилбар болох “FlyCart 100”ий-г худалдаанд гарахаас нь өмнө бэлэглэжээ. Уг технологи нэгдүгээр отог руу 45 кг ачааг гурван минут хүрэхгүй хугацаанд хүргэх чадавхтай гаж.

“Шерпа нар иймэрхүү үүрэг даалгавар биелүүлэхийн тулд нэгдүгээр отог руу 6-7 цаг алхдаг, ирж, очихдоо бүтэн өдөр зарцуулдаг” хэмээн “AirLift Tecnology”-гийн захирал Милан Панди ярьж байна. Өөрөөр хэлбэл, “DJI” компанийн хамгийн сүүлийн үеийн “FlyCart 100” дрон дэлхийн ноён оргилын эхний отогт хэдхэн минутад хамгийн багадаа хүчилтөрөгчийн 10 бортого хүргэж чадна.

Харин АНУ-ын төлөөлөгчдөд Катманду зөвшөөрөл өгөхөөс татгалзсан нь энэ ууланд авиралтын улирал эхэлсэн цаг үетэй холбоотой.

Энэ сарын 13-нд Балбын 12 уулчинтай баг дайралтаа хийх авирагчдын замыг цэвэрлэхээр оргил өөд явсан байна. Тоон мэдээллээр, энэ жил Эверестэд оргилдохоор Балбын Засгийн газраас 492 хүн зөвшөөрөл авсны 109 нь Хятадын уулчид аж. Тэд энэ тоогоороо жагсаалтыг тэргүүлж байгаа бол тус улсын дараа Америкийн 76 иргэн хоёрдугаарт эрэмбэлэгдээд байна.

Ингээд Америкийн талд зөвшөөрөл өгөөгүйгээс Хятадын дроны зөвшөөрлийг ч мөн долоо хоногийн хугацаанд цуцалсан байна. Гэхдээ олс татахтай холбоотой хүндрэлээс улбаалан аяллын компаниудын хүсэлтээр энэ сарын 9-нд зөвшөөрлийг нь дахин сэргээжээ. Өөрөөр хэлбэл, америкчууд үндсэн отог дээр хүлээх хооронд “DJI FlyCart 100” ачаа тээврээ дахин хийж эхлэв.

Харин “Seven Summit” компанийн дроны оператор “AirLift Tecnology”-ийн захирал Милан Панди “Америкийн дронууд Катмандуд туршилт хийх үеэрээ өндөрт ердөө таван кг ачаа тээх боломжтой байсан тул бид таатай ханддаггүй. Тэгээд ч “DJI FlyCart 100”-тай харьцуулахад Америкийн дрон үнэтэй” хэмээсэн байна.

Сүүлийн хэдэн жилд БНХАУ-ын дронууд шерпа нарт учрах эрсдэлийг бууруулсан ч “энэ төрлийн хэрэгсэл тандалтын зорилготой байж болзошгүй” хэмээн Балбын аюулгүй байдлын шинжээчид сэжиглэсэн хэвээр байна. “Хятад, Америк, тэр байтугай Энэтхэг улс эдийн засгийн тусламж, технологийн дэмжлэг нэрээр манайд хялбархан нэвтрэхийг чармайж байна” хэмээн тэд ярьжээ.

Харин “Бээжин Эверестийн бүсэд Америктай технологийн хувьд өрсөлдөх санаа зорилгогүй. АНУ-ын стратегийн ашиг сонирхол Балбыг Хятадын эсрэг стратегийн зорилгодоо ашиглах явдал, тиймээс энэхүү геополитикийн төвөгтэй байдал үндсэндээ Америкийн талаас үүдэлтэй, Хятадууд зөвхөн хариу үйлдэл үзүүлж буй гэсэн ойлголт Балбын дотоодод бий” хэмээн өгүүлжээ.

Сэтгүүлч Б.Даваажав

Mongolian Economy