АМНАТ-ын алтан хөнгөлөлт
Ашигт малтмалын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх гэж буй. Хуулийн төслийг бүхэлд нь харахад дөрвөн асуудал улс төр, эдийн засгийн хамгийн том маргааны сэдэв болох төлөвтэй байна.
Нэгдүгээрт, “чухал ашигт малтмал” гэх цоо шинэ ангилал нэмэхээр тусгажээ. Дэлхий нийт эрчим хүчний шилжилт, батарей, цахилгаан автомашин, өндөр технологийн үйлдвэрлэлийн түүхий эдийн төлөө өрсөлдөж эхэлсэн энэ үед дэлхийн улс орнууд литий, газрын ховор элемент, никель, кобальт зэрэг ашигт малтмалыг үндэсний аюулгүй байдал, үйлдвэрлэлийн бодлоготойгоо холбон авч үзэж байгаа.
Монгол Улс ч гэсэн энэ чиг хандлагыг дагахаар оролдож байна. Гэвч хамгийн том асуулт нь ямар ашигт малтмалыг “чухал ашигт малтмал” гэх ангилалд оруулах, түүнийг хэн, ямар шалгуураар тогтоох вэ гэдэг нь анхаарлын төвд байгаа. Хэрэв уг жагсаалт улс төрийн шийдвэрээс хэт хамааралтай бол хөрөнгө оруулалтыг татах хэрэгсэл байхаас илүү төрийн оролцоог нэмэгдүүлэх эрсдэл бий.
Үнэ өсөхөд ард түмний хувь яагаад буурах ёстой гэж?
Зэс, алт зэрэг стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын өсөн нэмэгдэх АМНАТ-ыг хэрхэн тооцох, хэдэн хувь болгох, ямар үнэ дээрээс шатлал эхлэх вэ гэх асуудал анхаарлын төвд байна. Шинэ хуулийн төсөлд хүдэрт ногдуулах нэмэлт төлбөрийн дээд хэмжээг 30-аас бууруулж 15 хувь, баяжмалыг 15-аас 5 хувь, боловсруулсан бүтээгдэхүүнийхийг 5 хувиас 2.5 хувь болгон бууруулахаар тусгажээ. Уул уурхайн компаниуд энэ шаардлагыг олон жил ярьж ирсэн. Тэдний тайлбар, байр суурь ойлгомжтой. Татварын ачаалал буурвал хөрөнгө оруулалт нэмэгдэнэ, шинэ ордууд эдийн засгийн эргэлтэд орно, салбарын өрсөлдөх чадвар сайжирна гэж үздэг.
Харин эсрэг талд нь төсвийн орлого болон Үндэсний баялгийн сангийн орлого буурах эрсдэл бий. Зэсийн үнэ өсөж, алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрч байна. Уул уурхайн компаниудын борлуулалтын орлого ч үүнийг дагаад нэмэгдэж байгаа нь тодорхой.
Ийм үед Монголын ард түмний байгалийн баялгаасаа хүртэх хувь нэмэгдэх ёстой юу, эсвэл буурах ёстой юу?
Өсөн нэмэгдэх АМНАТ хөрөнгө оруулагчдыг үргээж байна гэх тайлбар олон жилийн яригдаж байгаа. Тийм ч болохоор АМНАТ-ыг бууруулахаар шинэ хуулийн төсөлд тусгаж чадсан бололтой. Гэхдээ АМНАТ-ын өнөөгийн хувь хэмжээнээс болж өндөр ашиг хөөсөн, баялгийн өгөөжийг Монголтой хуваалцах хүсэлгүй гадаадын хөрөнгө оруулагчид бидэнд хэрэгтэй гэж үү гэсэн асуултыг хуулийн төсөл боловсруулагчдаас асуумаар байна.
Байгалийн баялаг бол шавхагддаг нөөц. Нэгэнт олборлосон нүүрс, зэс, алт эргэж бий болохгүй. Тиймээс гадны улс орнууд баялгаасаа хэдий хэмжээний өгөөж хүртэж байгаагаар уул уурхайн бодлогын амжилтаа хэмждэг болсон.
Нарийн яривал лицензийн тоо олшрох, хайгуулын компани нэмэгдэх нь бидний эцсийн зорилго биш. Харин Монголын баялгийг ашиглахдаа ард түмэнд нь шударгаар өгөөж хүртээдэг хөрөнгө оруулалт татах нь нэн тэргүүний зорилго байх ёстой. Тиймээс уг заалт нь шинэ хөрөнгө оруулалт татах бодлого уу, эсвэл уул уурхайн компаниудад үзүүлж буй татварын хөнгөлөлт үү гэдгийг дахин бодолцох нь зүйтэй болов уу?
Хайгуулын тусгай зөвшөөрлийн бодлого
Ашигт малтмалын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд орсон дараагийн чухал заалт бол хайгуулын тусгай зөвшөөрлийн бодлогын тухай. 2008 онд Монгол Улсад 4,111 хайгуулын лиценз хүчин төгөлдөр байсан бол 2023 онд 870 болж буурсан нь геологийн салбарын идэвхжил эрс саарсныг харуулдаг хэмээн Засгийн газар онцолж байсан. Тиймээс уг хуулийн төсөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тогтолцоонд хэд хэдэн томоохон өөрчлөлт оруулжээ.
Нэгдүгээрт, улсын төсвийн хөрөнгөөр хийсэн геологийн судалгааны ажлын үр дүнд үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эрх зүйн орчныг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, төрөөс урьдчилан судалсан талбайг хувийн хэвшилд хайгуулын зориулалтаар ашиглуулах боломжийг өргөжүүлэхээр тусгажээ.
Хоёрдугаарт, Засгийн газар гадаадын улс орнуудтай хамтран чухал ашигт малтмалын эрэл, хайгуулын төсөл хэрэгжүүлэх эрх зүйн боломжийг нээж байгаа. Сүүлийн жилүүдэд АНУ, Европын холбоо, Япон, БНСУ зэрэг орнууд газрын ховор элемент, литий, никель зэрэг стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэх бодлого баримталж эхэлсэнтэй энэ заалт холбоотой гэж үзэж болно.
Гуравдугаарт, одоогийн Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үндсэн хэлбэр нь сонгон шалгаруулалт. Өөрөөр хэлбэл, төр тодорхой талбайг сонгон шалгаруулалтад зарлаж, шалгарсан хуулийн этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжтой.
Харин шинэ төсөлд тодорхой талбайд эхлээд геологийн суурь судалгаа, эрлийн ажил хийх гэрээ байгуулж, ажлаа бүрэн гүйцэтгэсний дараа тухайн талбайнхаа тодорхой хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх эрхтэй болох зохицуулалт шинээр орж ирж байна.
Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд “Геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулах” зохицуулалтыг шинээр нэмэхээр тусгажээ. Тодруулбал, Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөл олгогдоогүй, ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон талбайтай давхцаагүй, сонгон шалгаруулалтын талбайд хамрагдаагүй, эсхүл сонгон шалгаруулалтыг хоёр удаа зарласан боловч оролцох хүсэлт ирээгүй талбайд геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулах хүсэлт гаргаж болно. Өөрөөр хэлбэл, өмнө нь сонгон шалгаруулалтаар эзэнгүй үлдсэн, эсвэл огт сонгон шалгаруулалтад ороогүй талбайд хувийн компани өөрийн хөрөнгөөр эрлийн ажил хийх үүд хаалга нээгдэнэ гэсэн үг юм.
Дараагийн чухал өөрчлөлт нь 19.1 дүгээр зүйл юм.
Энэ зүйлээр геологийн суурь судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан этгээд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тохиолдолд гэрээт талбайгаас сонгосон хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргах эрхтэй болж байна.
Хүсэлтэд гэрээний хэрэгжилтийн, ажлын эцсийн үр дүнгийн тайлан, анхдагч материал, зураг, сорьц, дээж хүлээлгэн өгсөн баримт, хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицол, хэмжээ, зураг, үйлчилгээний хөлс төлсөн баримтыг хавсаргах аж.
Төрийн захиргааны байгууллага хүсэлтийг ажлын 20 өдрийн дотор шалгана. Ингэхдээ гэрээний үндсэн үүргээ бүрэн биелүүлсэн эсэх, хүсэлтэд дурдсан талбай нь хэмжээ, хэлбэр, давхцал, хязгаарлалтын шаардлага хангаж байгаа эсэх, мөн мэдээлэл, тайлан, анхдагч материалыг Үндэсний геологи, эрдэс баялгийн мэдээллийн санд хүлээлгэн өгсөн эсэхийг шалгасны дараа хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах юм. Гэхдээ хайгуулын тусгай зөвшөөрөл авах талбай нь анхны гэрээт талбайн 20 хувиас ихгүй байна гэж хязгаарлажээ.
Дөрөвдүгээрт, магадгүй хамгийн бага ярьж байгаа хэр нь бодит нөлөө хамгийн том байж болох заалт нь “баяжуулах үйлдвэрийн тусгай зөвшөөрөл” юм. Өнөөдөр ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд хүдэр баяжуулах, нүүрс угаах, боловсруулах үйл ажиллагааг давхар эрхэлж ирсэн. Харин шинэ төсөлд баяжуулах үйлдвэрийг тусдаа лицензтэй үйл ажиллагаа болгон ангилж, эрх, үүрэг, техник технологийн шаардлага, байгаль орчны хариуцлага, ус ашиглалт, хаягдлын менежментийг тусгайлан зохицуулахаар тусгажээ. Албан ёсны тайлбар нь салбарын эрх зүйн орчныг тодорхой болгож, эмх цэгц оруулах зорилготой.
Гэвч бизнесийн орчноос харахад энэ нь зөвшөөрлийн шинэ шат дамжлага бий болгож, үйл ажиллагааны зардал болон зохицуулалтын эрсдэлийг нэмэгдүүлэх боломжтой. Ялангуяа сүүлийн жилүүдэд олноор байгуулагдсан нүүрс угаах үйлдвэрүүд болон хүдэр баяжуулах үйлдвэрүүдийн хувьд шинээр лиценз авах шаардлага үүсэх эсэх нь томоохон маргаан дагуулах төлөвтэй байна. Зарим нь үүнийг салбарын стандартыг сайжруулах алхам гэж үзэх бол зарим нь зөвшөөрлийн шинэ тогтолцоо бий болгож буй хэрэг гэж шүүмжлэх нь гарцаагүй.

Шинэчлэлийн бусад заалтууд ба орон нутгийн хүлээлт
Хуулийн төсөлд томоохон маргаан дагуулах дээрх заалтуудаас гадна уул уурхайн салбарын өдөр тутмын үйл ажиллагаанд шууд нөлөөлөх хэд хэдэн өөрчлөлт тусгагджээ. Эдгээр нь олон нийтийн анхаарлын төвд төдийлөн ороогүй ч хэрэгжиж эхэлбэл төр, орон нутаг, компаниудын харилцаанд мэдэгдэхүйц өөрчлөлт авчрах магадлалтай.
Сүүлийн жилүүдэд уул уурхайн төсөл бүр орон нутгийн эсэргүүцэл, үл ойлголцол, мэдээллийн зөрүүтэй тулгарч ирсэн. Зарим тохиолдолд орон нутгийн удирдлага болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд үүссэн маргаан шүүхийн шатанд хүрч, төслийн үйл ажиллагаа зогсох хэмжээнд хүрч байв. Энэ байдлыг өөрчлөх зорилгоор орон нутгийн байгууллагуудыг бодлого боловсруулах, санал зөвлөмж гаргах, салбарын хөгжлийн асуудлаар хэлэлцүүлэгт оролцох боломжийг нэмэгдүүлэхээр төсөлд тусгажээ.
Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зохицуулалтыг оруулжээ. Хайгуул, ашиглалт, баяжуулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид үйл ажиллагааныхаа талаар олон нийтэд тогтмол мэдээлж, тайлагнадаг болох бөгөөд энэ нь уул уурхайн салбар дахь мэдээллийн хаалттай байдлыг бууруулах зорилготой.
Түүнчлэн уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн асуудлыг өмнөхөөс илүү нарийвчлан зохицуулна. Монгол Улсад олон жил ашиглагдсан уурхайн талбайг хэрхэн хаах, ямар баталгаа гаргах, нөхөн сэргээлтийг хэн хариуцах асуудал байнга маргаан дагуулж ирсэн.
Шинэ төсөлд уурхайн хаалтын төлөвлөгөө, нөхөн сэргээлтийн баталгаа, хаалтын дараах хяналт зэрэг асуудлыг тусгайлан зохицуулснаар ашиглалтын зөвшөөрөл авсан компани зөвхөн олборлолтын хугацаанд бус уурхай хаагдсаны дараах үүргээ ч тодорхой хүлээдэг болох эрх зүйн үндэс бүрдэхээр байна.
Ийнхүү хуулийн төсөл нь зөвхөн хайгуулын лиценз, эсвэл татварын хувь хэмжээг өөрчлөхөөс илүү өргөн хүрээний шинэчлэлийг агуулж байна. Зарим заалт нь хөрөнгө оруулалтыг татах зорилготой бол нөгөө хэсэг нь орон нутгийн оролцоо, нөхөн сэргээлт, ил тод байдлыг нэмэгдүүлэхэд чиглэжээ. Харин эдгээр зорилтууд бодит үр дүнд хүрэх эсэх нь эцсийн найруулгаас гадна хэрэгжилтийн журмууд хэрхэн боловсруулагдахаас ихээхэн шалтгаалах юм.
