“Амьгүй” ч ашигтай, аюулгүй худалдаа

tselmeg tselmeg
2020-02-27 13:08:23
Ангилал: Коронавирус

Амьсгалын замын цар тахал дэгдсэн энэ эгзэгтэй цаг үед онлайнд суурилсан худалдаа, үйлчилгээ эдийн засаг, эрүүл мэндийн дархлаатай бизнесийн модель гэхэд хэтрүүлсэн болохгүй аж. Үүнийг илтгэх тоон өгөгдөл ховор авч хүмүүсийн амьдралын хэв маяг тодорхой харуулна. 

Онлайн худалдааны цахим хуудаснуудын цэсэнд үндэсний үйлдвэрлэлийн болон өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн түлхүү орж ирлээ. Covid-19 өвчний халдвараас сэргийлэх хөл хорио тогтоосноор гадуур “амьд” худалдаа царцсан. Энэ байдал худалдааг тэтгэдэг хамгийн том баяр болох Цагаан сарын үетэй давхацсан нь ард иргэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг онлайн дэлгүүрээс авах сонирхлыг улам өдөөжээ. Shoppy.mn онлайн дэлгүүрийн Бизнес, хөгжүүлэлт хариуцсан захирал Х.Баасанхүү “Засгийн газар цэцэрлэг, сургуульд хөл хорио тогтоож, коронавирусийн тархалтаас сэргийлж эхэлсэн үеэс хүмүүсийн цахим худалдан авалтын хандлага, барааны сонголт өөрчлөгдсөн. Өмнө нь өдөр тутамд хувцас, цахилгаан бараа гэх мэт бараа бүтээгдэхүүний захиалга илүү байсан бол одоо өдөр тутмын, өргөн хэрэглээний бараа илүү борлуулагддаг боллоо. Ялангуяа дархлаа дэмжих, хүнсний бүтээгдэхүүн түлхүү худалдаж авах нь анзаарагдсан. Нөгөө талаар, худалдаа эрхлэгчид болон үйлдвэрлэгчид ч Засгийн газар шийдвэр гаргаад эхлэнгүүт манайд бөөн бөөнөөрөө хандаж эхэлсэн” гэлээ. Эрэлт асар хурдтай өссөн учраас тус дэлгүүр дархлаа дэмжих бүтээгдэхүүнүүдийг хүмүүс нэг дороос худалдан авах нөхцлийг бүрдүүлэхээр хэдхэн хоногийн дотор тусгай цэс хүртэл гаргажээ. Мөн хүнсний бүтээгдэхүүн ч борлуулж эхэлсэн байна. Х.Баасанхүү “Манайх уг нь гурил, гурилан бүтээгдэхүүн огт худалдаалдаггүй. Гэвч хэрэглэгчид их асууж сураглаж байгаа учраас эрэлт хэрэгцээнд нь тааруулаад онлайн талбартаа оруулж ирсэн. Жишээ нь, гурил гэхэд идэвхжүүлэлт хийгээгүй байхад л захиалганд дарагдаж эхэлсэн” хэмээн ярисан юм. 

Ardshop.mn онлайн дэлгүүрт ч гэсэн гурилын борлуулалт идэвхтэй байгаа аж. “Алтан тариа”, “Улаанбаатар” гэх мэт гурилыг хэрэглэгчид хэрэглэж хэдийнэ сурсан бас савлагаа, стандарт нь ижил учраас иргэд захиалж авахдаа таатай байгаа аж. Ardshop.mn хөл хориотой холбоотойгоор өдөр тутмын болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдааг нэвтрүүлжээ. Ardshop.mn онлайн дэлгүүрийн захирал Э.Золзаяа “Өдөр тутмын хүнсний худалдааг онлайнд нэвтрүүлэх нь манай үйл ажиллагааны стратегид байгаагүй. Ийм төрлийн бүтээгдэхүүнийг онлайнаар борлуулахад эрүүл ахуй, тээвэрлэлт, найдвартай байдал, чанарт учрах эрсдэлийг давхар шийддэг онцлогтой. Гэтэл хөл хорионы улмаас хүмүүс хүнсээ цуглуулах гэх мэт ойр зуур гарч орохдоо ч олон нийтийн газраар явахаас зайлсхийж байна. Тиймээс бид өдөр тутмын хүнсний бараа бүтээгдэхүүний цэс үүсгэсэн. Өмнө нь бэлэг авах, гоё харагдсан зүйлээ авах төдийгөөр онлайн худалдан авалтыг тохиолдлоор хийдэг байсан бол одоо өдөр тутмын хэрэгцээт бараа илүү гүйлгээтэй байна” гэлээ. Нөгөө талаар, онлайн дэлгүүрт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний сонголт байгаагүй учраас өдийг хүртэл энэ төрлийн худалдаа идэвхжиж чаддаггүй байсныг тэрбээр онцолсон. 

Харин хүмүүсийг олноор цуглуулж, төвлөрөл үүсгэхийг хориглосноос ил задгай болон Цагаан сард зориулсан үзэсгэлэн худалдаа хумигдсан нь иргэд онлайн худалдаанд дасах, үнэ цэнийг нь мэдрэх боломж бүрдэж буй бололтой. 

Гэхдээ онлайн худалдааны идэвхжил төдий л өндөр биш. Зах зээлд байр сууриа аль хэдийнэ олж, олонд танигдсан дэлгүүрийн хувьд бол коронавирусийн нөлөө эрэлт, нийлүүлэлт талаасаа мэдрэгдэж байна. Харин байгуулагдаад нэг жил болж буй avlaa.mn онлайн дэлгүүрийн хувьд нөхцөл байдал арай өөр. Тус дэлгүүрийн Маркетинг, борлуулалтын албаны дарга Г.Эрдэнэсүрэн “Цагаан сарын баярт зориулсан цэс нээсэн боловч идэвх тийм ч сайн биш байна. Одоогийн байдлаар томоохон хэмжээний захуудад үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа тул манай дээр онлайн худалдан авалтын идэвхжил төдийлэн мэдэгдэх зүйл алга” гэсэн юм. Харин онлайн дэлгүүрийн хамгийн борлуулалт сайтай бараа болох хүүхдийн живхийг дагалдаад хүүхдийн тэжээл, нухаш, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг худалдан авах нь хэвээр байгаа аж. 

Харьцангуй цоо шинэ үйлчилгээ учраас онлайн дэлгүүрийн идэвхжилд цаг үеийн нөхцөл байдал нөлөөлсөн уу эсвэл маркетингийн үр дүн үү гэдгийг ялгаж салгаж харахад одоохондоо амаргүй. Ardshop.mn, Avlaa.mn-ийн хувьд жилийн өсөлтөө маркетингийн үр дүнгээр тайлбарлаж байгаа бол shoppy.mn цаг үеийн нөхцөл байдал их нөлөөлж байгааг онцолсон. Магадгүй Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэхийг хориглоогүй байсан бол үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний онлайн борлуулалт өндөр байхыг үгүйсгэх аргагүй биз. 

Өнөөдрийн байдлаар дэлхийн таван тив, 42 улсад тархаад буй амьсгалын замын цар тахлын болгоомжлол үйлдвэрлэл эрхлэгчид, худалдааны бизнесийнхнийг энэ оны борлуулалтын сувгаа эргэн харах нэг нөхцөл болох биз ээ. Зарим үйлдвэрлэгч болоод бөөнөөр борлуулагчдын энэ онд онлайн дэлгүүрт борлуулалтын суваг нээхээр төлөвлөж эхэлснийг Х.Баасанхүү хэлсэн. Мөн Э.Золзаяа “Нэг ам метр талбай нь дор хаяж 30-40 мянган төгрөгийн түрээстэй, гадаах талбай нь худалдагч нарынх нь машинаар дүүрчихдэг, хүмүүсийн ид ажлын цагаар ажиллаад, дэлгүүр хэсдэг цагаар нь хаачихдаг газар борлуулалтын суваг нээснээс 24 цагаар үнэгүй байрлуулдаг, хэзээд, хаанаас ч хэрэглэгчид үзэх боломжтой онлайн платформ яаж ч бодсон илүү” гэлээ. Харин Г.Эрдэнэсүрэн “Онлайн худалдаа ямар их хэрэгцээтэйг коронавирусийн хөл хорио харуулж байгаа болов уу. Томоохон зах, худалдааны төвөөр өвчин дэлгэрэх эрсдэл маш өндөр. Бидний хувьд нийлүүлэгчдийн 80 орчим хувь манай агуулахад бараагаа байршуулдаг. Тиймээс вирус тарах нөхцөл бараг байхгүй” гэв. 

Буйдан дээрээ тухлангаа гар утсаараа өдөр тутамдаа захиалга хийж буй өмнөд хөршийн олон зуун сая хэрэглэгчийн хэдэн тэрбум ам.доллараар хэмжигдэх онлайн худалдааны чиг хандлага ийнхүү манайд ч гэсэн зах зухаасаа ажиглагдаж эхэллээ. Онлайнаар борлуулалтад үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн зонхилж байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Шинэ жилээс эхлээд цэргийн баярыг дуустал худалдаа эрхлэгчид, үйлдвэрлэгчдийн хувьд хамгийн идэвхтэй улирал нь байдаг. Харамсалтай нь энэ жил коронавирусийн нөлөөгөөр жижиглэн худалдаа бараг тэр чигтээ царцсан ч тодорхой хэсэг нь “амьгүй” бас ашигтай, дархлаатай цахим орчинд явагдаж байна. 

 

tselmeg tselmeg