АНУ-Ираны зөрчил хурцдах ээлжит шалтгаан

Mongolian Economy
2026-04-20 16:55:54
Ангилал: Дэлхий дахинд

Ираны ачаа тээврийн усан онгоцыг Ормузын хоолойн хориг саадыг зөрчихийг завдсан хэмээн саатуулсан гэдгээ АНУ ням гарагт мэдэгдлээ. Ингэснээр сөргөлдөгч талуудын хооронд дахин хоёр хоног үргэлжлэх байсан гал зогсоох тохиролцоо хэрэгжихгүй байх магадлалтай болж байна. 

Мөн тус бүс нутагт урт хугацаанд энх тайван тогтох найдвар ийн ганхаж эхэллээ. Учир нь маргааш (2026.04.21) хугацаа нь дуусахаас өмнө эхлүүлнэ хэмээн АНУ-ын найдаж байсан хоёр дахь шатны яриа хэлэлцээнд Иран улс оролцохгүй гэдгээ илэрхийлээд байна. Нөхцөл байдлаас улбаалан газрын тосны үнийг өсгөсөн тээврийн хориг ч хэвээр үлдэх төлөвтэй боллоо. 

Америкийн зэвсэгт хүчин Ираны далбаатай ачааны онгоц руу “уг хөлөг тус улсын Бэндар Аббас боомтыг зорин хөвж явсан” учир гал нээсэн гэж мэдэгдсэн бол тус улсын Ерөнхийлөгч Д.Трамп “Бид онгоцыг бүрэн саатуулж, барьцаанд авсан, мөн юу тээвэрлэж явсныг нь шалгаж байна” хэмээн нийгмийн сүлжээндээ бичсэн байна. 

Харин Ираны армийн зүгээс тус саатуулагдсан онгоцыг Хятадаас буцаж явсан,  “Ираны Хувьсгалт Гвард удахгүй арга хэмжээ авч, Америкийн цэргийн зэвсэгт дээрмийн эсрэг хариу барих болно” хэмээжээ. Түүнчлэн Тегеран дахин энхийн яриа хэлэлцээ эхлүүлэхээс татгалзаж байна хэмээн тус улсын төрийн хэвлэлээр мэдээллээ. 

Ираны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Мохаммадреза Ареф “Иран улсын газрын тосны экспортыг хэн ч хязгаарлаж чадахгүй. Бидний хувьд сонголт тодорхой: бүх талд газрын тосны чөлөөт зах зээл, эсвээс бүх талын хувьд томоохон зардал авчрах эрсдэл үүснэ” хэмээн нийгмийн сүлжээнд мэдэгдсэн байна. АНУ Ираны боомтуудад хориг саад тогтоох зуур Тегераны зүгээс дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 20 хувийг дамжуулдаг Ормузын хоолойгоор дайран өнгөрөх далайн тээврийг мөн гацаах шийдвэрээ дахин танилцуулаад байна. 

Сэтгүүлч Б.Даваажав

Mongolian Economy