Арлын аварга эдийн засаг
Өнөөгийн Япон орон
Нийгмийн олонх нь хангалуун амьдралд хүрч орлогын тэгш бус байдал бага, нийтээрээ эрүүл саруул өндөр насалж буй тул Япон Улс эдийн засгийн амжилтын сайн жишээ болдог. Өнөөгийн Японд нэг хүнд ногдох ДНБ нь 40 мянган ам.доллар орчимд хүрсэн нь амьдралын төвшнөөрөө Монголоос 10 дахин өндөр байгааг илэрхийлнэ. Япон хүний дундаж наслалт 84 байдаг нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт. Түүнчлэн баялгийн тэгш хуваарилалтыг илтгэдэг. Жини индексээр хөгжсөн орнууд дундаа ч сайн үзүүлэлттэй байдаг нь Японы гол онцлог юм.
Дэлхийн II дайны үнс нуранги дундаас маш богино хугацаанд дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгчдийн нэг болж цойлж гарч ирсэн Японы хөгжлийн түүх одоо ч олон хүнийг гайхашруулдаг. Хирошима, Нагасаки хотод цөмийн бөмбөг дэлбэрснээс хойш ердөө 20 хүрэхгүй жилийн дотор буюу 1964 онд Токиод Олимп зохион байгуулж, анхны Шинкансен хурдан галт тэрэг ашиглалтад орж байв. Арлын орны хөгжлийн энэхүү амжилтыг “эдийн засгийн гайхамшиг” (Japanese economic miracle) ч гэж нэрлэдэг.
Японы хөгжлийн нууцыг Япон хүний онцлогтой холбоотой гэж үзэх нь бий. Мэдлэг боловсролыг чухалчилдаг уламжлал, нарийн бүрдлийг ч орхидоггүй няхуур нямбай зан, хөдөлмөрч хичээнгүй соёл, багаар үр дүнтэй ажиллах чадвар зэрэг үндэстний онцлог нь хөгжилд тусалсан нь лавтай. Мөн Японы өвөрмөц бизнесийн загвар, хөгжлийн бодлого ч нөлөөлсөн гэж тайлбарладаг. Автомашин, электроник үйлдвэрлэгчид зүгээр ч нэг бий болчихоогүй, “Made in Japan” брэндийг олон улсад чанарын илэрхийлэл болгосон. Насаараа нэг компанид ажилладаг тогтолцоо, ажилласан жилээрээ цалин нэмэгддэг урамшууллын систем, маш тогтвортой бизнесийн холбоотой ажилладаг групп компаниудын нэгдэл нь Япон компаниудын өрсөлдөх чадварт эерэгээр нөлөөлсөн гэж үзэх нь ч бий. Ямартаа ч Японы хурдтай хөгжил дэлхий нийтийн анхаарлыг татаж, номын сангуудад энэ сэдвээр бичигдсэн номын бүтэн тасгууд үүсчээ.
Амжилтад олон хүчин зүйл нөлөөлсөн ч, дайнд ялагдсан том уналтаас дэлхийд No.1 болох их хүсэл амбицаар хөтлүүлсэн япончууд үндэстний бахархлаа сэргээх, сайхан амьдралд хүрэхийн тулд шургуу хичээж байсан нь хамгийн чухал байсан гэхэд болно. Дээр нь Америктай тогтоосон эдийн засгийн харилцаа, 20-р зууны сүүлийн хагаст бий болсон олон улсын худалдааны огцом тэлэлт зэрэг боломжуудыг ч үнэхээр сайн ашиглаж чадсан. Тэгээд боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, дэд бүтцэд чиглэсэн оновчтой хөрөнгө оруулалтуудыг хийсэн нь үр дүнгээ өгч, Японы эрдэмтэд Нобелийн шагнал хүртэж, Япон компаниуд дэлхийд тэргүүлэх хөрсийг бэлджээ.
Эдийн засгийн амжилт гэхдээ золиостой байв. Дэлхийд хамгийн урт цагаар ажилладаг Япон ажилтнуудын хувьд “кароши” буюу хэт их ажилласнаас болж ажлын ширээн дээрээ зүрх нь хаагдах тохиолдол маш их болов. Түүнчлэн, хүнд үйлдвэрлэлийн уршгаар зарим мужид байгаль экологийн бохирдол хэрээс хэтэрч, урьд нь байгаагүй хүнд өвчлөлүүдийг ч үүсгэж байв…
Японы эдийн засгийн идэвхтэй өрнөл 80-аад оны сүүлээр халалт, улмаар хөөс болон хувирч, 1990-ээд оны эхэнд хөөс хагарснаар бүрмөсөн дуусгавар болсон юм. Эдийн засаг хоёр оронтой тоогоор өсч байсан 60-аад он, айлууд жил бүр зурагтаа шинэчилдэг байсан 80-аад оны япончуудад байсан өөдрөг үзэл үл хөдлөх хөрөнгө, хувьцааны үнийн хөөс хагарахтай зэрэгцээд оргүй замхран алга болсон. Компаниуд санхүүгийн асуудалд орж, банкууд дампуурч, үнэтэй уушийн газрууд хүнгүй болж, 10 мянгатын дэвсгэртээр такси далладаг байсан үе ард хоцорлоо. Эдийн засаг өсөхийн хэрээр орлого нь нэмэгдэж, мөнгөөр туйлж байсан хуучны сайхан цагаас одоо ердөө дурсамж л үлдэв.
Харин түүнээс хойш буюу “Алдагдсан 10 жил” гэгдэж байсан зогсонги он жилүүд сунжирсаар өдгөө “Алдагдсан 30 жил” гэж хүртэл нэрлэгдэж байна. Энэ хугацаанд Япон орныг дефляци, эдийн засгийн сул өсөлт тодорхойлох болсон юм. Ажилгүйдэл нэмэгдэж, нийгмийн тэгш бус байдал ч өсөх хандлагатай болов. Арлын орныг дэлхийд гаргаж ирсэн компаниуд нь өрсөлдөх чадвараа алдаж, Sony болон бусад электроник үйлдвэрлэгчид Samsung, Apple-д хол хаягдлаа.
Эдийн засгийн хямрал, хүндрэлийн нөлөө нийгмийн асуудал болон илэрч, ирээдүйн орлого нь сайжрах төлөвгүй япон залуус хүүхэд төрүүлэх нь буурснаар хөгшчүүлийн живх хүүхдийнхээс олон зарагддаг болов. Хичээв ч гэрэлт ирээдүй харагдахгүй тул өдөрт хэдэн арваараа амиа егүүтгэх хүмүүсийн тоо нэмэгдэж, нас нь улам залуужих болсон байна.
Японы эдийн засаг цаашид – Сорилтууд
Энэ янзаараа бол 2060 он гэхэд Японы хүн ам 40 саяар буурч, 80 сая болох төлөвтэй. Ажиллах хүч буурахын зэрэгцээ хөгшчүүлийн тоо хурдацтай нэмэгдэж байгаа тул нэг татвар төлөгчид ногдох ачаа нэмэгдэж, эдийн засгийг ихээхэн туйлдуулж буй. Мөн барууны бусад оронтой харьцуулахад гэртээ суудаг эмэгтэйчүүдийн тоо их байдаг нь эдийн засгийн үйлдвэрлэх чадварт ихээхэн сөрөг нөлөө үзүүлнэ. Нөхөрт гарангуут ар гэрийн амьдралдаа 100 хувь хүчээ зориулдаг уламжлалаа хадгалж буй эмэгтэйчүүд одоо ч Японд цөөнгүй бий. Мөн хангалуун орчинд өссөн одооны залуус Япон орныг босгож ирсэн өмнөх үеийнхэн шигээ хичээж хөдөлмөрлөхгүй байна гэдэг шүүмжлэл ч түгээмэл. Бүх л насаараа нэг компанид өглөөнөөс шөнө дөл болтол ажиллахын оронд дуртай үедээ цагийн ажил хийхийг тэд илүүд үзнэ. Харин олсон мөнгөөрөө брэнд цүнх худалдаж авах эсвэл гадаадад аялах сонирхолтой залуусын тоо нэмэгдсээр байна…
Японы эдийн засгийг нөмрөөд буй энэхүү сүүдрээс гаргах арга зам олоогүй Ерөнхий сайдууд хаврын тэнгэр шиг солигдсоор ирсэн. Иймд одоогийн Ерөнхий сайд Шинзо Абэгийн эдийн засгаа сэргээхийн тулд хэрэгжүүлж буй “Абэномикс” хөтөлбөрт олон хүн итгэл найдвар тавьж буй. Гэхдээ Абэномиксийн хоёр гол тулгуур болох төсөв болон мөнгөний бодлогод орон зай тун бага бий гэгдэж буй. Учир нь нэг талаас Японы Засгийн газрын өрийн хэмжээ дэлхийд хамгийн өндөр түвшинд хүрсэн (ДНБ-ий 220 хувь орчим). Харин Төвбанкны хувьд мөнгөний бодлогын хүүг бууруулсаар аль хэдийн хасах хүүгийн бодлого руу шилжсэн цөөхөн орны нэг болоод буй. Тэгэхээр гурав дахь тулгуур буюу эдийн засгийн тогтолцоонд суурь шинэчлэл хийх бүтцийн өөрчлөлт гол найдвар болж байна.
Бүтцийн өөрчлөлтийн хүрээнд татвар, хөрөнгө оруулалтын шинэ бодлого; хөдөлмөр эрхлэх, бизнес хийх орчин нөхцөлийг сайжруулах асуудлууд; эрчим хүч, эрүүл мэнд, болон ХАА-н салбарын шинэчлэлт зэрэг олон өөрчлөлт хийгдэнэ. Ингэснээр бүтээмжийг нэмэгдүүлэх, худалдааг дэмжих, улмаар эдийн засгийг идэвхжүүлэхийг зорьж буй. Гэхдээ эдгээр нь цаг хугацаа ихээхэн шаардах амаргүй даваа юм. Түүнчлэн дэлхийн бусад орон ч эдийн засгийн нөхцөл байдал удаашралтай байгаа энэ үед япончуудаас өөрсдөөс нь шалтгаалахгүй зүйлс ч олон бий.
Зарим шийдэл
Өнөөдөр Японы нийгэм, эдийн засагт тулгарч буй сорилт, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд төр засаг, хувийн хэвшил, хувь хүмүүс ч гарц хайж буй. Японы эдийн засаг сайн байвал энэ нь эргээд дэлхийн эдийн засагт ч эерэг нөлөөтэй юм. Иймд Япон өмнөө тулгарч буй том сорилтуудыг амжилттай давахын тулд юу хийх хэрэгтэй талаар олонх судлаач дараах гурван зүйлийг зөвлөж байна:
Эдийн засгийг тэтгэх шинэ салбар:
Силикон хөндий, Солонгос, Тайвань, сүүлийн үед Хятадаас чанар болоод үнийн ширүүн өрсөлдөөн Японы үйлдвэрлэгч нарт тулгарч буй. Ийм үед аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч, эрүүл мэндийн салбар зэрэг нь Японы харьцангуй давуу тал болох боломжтой.
Аялал жуулчлалын хувьд, Токио 2020 Олимпийг угтаад жилд хүлээж авдаг жуулчны тоогоо 20 саяд хүргэх зорилго Япончууд тавиад буй. Эдийн засгийн хөгжил, технологийн дэвшил, үзэсгэлэнтэй байгаль, өвөрмөц соёл, найрсаг ард түмэн гээд ажлаар, аяллаар зорчигсдыг соронз шиг татах нөөц тавьсан. Сүши, сумо, манганаас эхлээд орчин үеийн Токио, эсвэл Киотогийн эртний сүм хийд гэх мэт өвөрмөц соёлын бүтээгдэхүүн ихтэй нь Японы нэг том боломж юм.
Түүнчлэн дэлхий даяар сэргээгдэх эрчим хүч бол ирээдүй гэж яригдаж буй өнөө үед энэхүү трэндийн тэргүүлэгч эгнээнд байж чадах эсэхээс Японы ирээдүй ихээхэн шалтгаална. Дэлхийн дулаарлын эсрэг гол идэвхтнүүдийн нэг гэдэг утгаараа ч, 2011 оны Фүкүшимагийн атомын цахилгаан станцын осолд нэрвэгдсэн түүхээ бодсон ч, сэргээгдэх эрчим хүчний салбарт Япон Улс онцгой анхаарал хандуулж буй.
Мөн насжилт хурдан явагдаж буй тус улсад ахмад настны эрүүл мэндийн үйлчилгээ, эмнэлгийн тоног төхөөрөмжийн технологи өндөр хөгжсөн. Иймд ижил асуудалтай тулгарч буй Европ, Азийн бусад улс оронд мэдлэг, ноу-хау, технологио худалдах асар их боломж бий.
Хөгшчүүл, эмэгтэйчүүдийн оролцоо
Японы хүн амын дөрөвний нэг нь 65- аас дээш настай. Түүнчлэн эмэгтэйчүүдийн карьер Европ, Америктай харьцуулахад маш богино. Хэрэв хүн амд өндөр жин эзлэх эдгээр бүлэг эдийн засагт идэвхтэй оролцох юм бол Японыг сэргээх ажил нэлээд хөнгөрнө гэж олон судлаач хэлдэг. Тийм ч учраас 65-аас дээш настай ч, цоо эрүүл иргэдээ хөдөлмөр эрхлүүлэх, эмэгтэйчүүд ажиллахад илүү таатай нөхцөл бүрдүүлэх нь чухлаар тавигдаж буй асуудал. Хүнээс өөр баялаггүй тус улсад хүн бүрээс гарах нөөц боломжийг хамгийн ихээр ашиглах нь эдийн засгийн, хөгжлийн гарц юм.
Дэлхийн зах зээл – Өрсөлдөх чадвар
Япон Улс орлого өндөртэй 120 сая хүнтэй том зах зээл гэдэг нь нэг талаас давуу тал ч, нөгөө талаар сул тал болсоор ирсэн. Учир нь ямар ч компанийн хувьд Япон хангалттай том зах зээл тул дотоодын зах зээлд л гол анхаарлаа хандуулах тохиолдол их. Гэхдээ ингэснээр дэлхийд тэргүүлж явсан олон япон компани глобалчлал, олон улсын зах зээл дээр өрсөлдөх боломжоос нэлээд хоцроход хүрсэн юм.
Харин одоо тэд энэхүү алдаанаасаа суралцаж, ямар ч жижиг компаниас эхлээд бодлого боловсруулагчид “Дэлхийд хэрхэн гарах вэ?” гэдэг асуудлыг алхам тутамдаа боддог болжээ. Боловсролын системээ хэрхэн сайжруулж, даяарчлалын үед бүтээлч сэтгэлгээгээрээ тэргүүлэх хүмүүсийг хэрхэн бэлдэх вэ, Японы компаниуд хэрхэн олон улсад өрсөлдөх вэ зэрэг сэдвийн хэлэлцүүлгүүд сүүлийн үед маш их өрнөх болсон. Өнөөдөр Японы банкууд олон улсад хамгийн идэвхтэй үйл ажиллагаагаа өргөжүүлж буй нь гадагш чиглэсэн энэхүү сэтгэлгээ аль хэдийн ажил хэрэг болсны илэрхийлэл юм.
“Mongolian Economy” сэтгүүлийн №132 дугаараас