Афганистаны зовлон
Америкийн цэргүүд Афганистанаас гарах нь Сайгоныг санагдуулахгүй. Өөрөөр хэлбэл, талибанууд Кабул руу дайрах үед нисдэг тэрэгнүүд элчин сайдын яамнаас хүмүүсээ зөөж байгаа нь харагдахгүй. Гэхдээ 2020 он Америкийн хувьд ядаж дайн дууссан жил байлаа. Америк цэргүүдийг Афганистанаас гаргах хэлэлцээрийг Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн оны хоёрдугаар сард Талибантай байгуулсан. Үүний хариуд талибанууд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Афганистаны Засгийн газартай хэлэлцээ хийхээ амлаж, хариуд нь Талибаны 5000 орчим хоригдол суллагдав. Оны эцэст Афганистан дахь Америк цэргийн тоо 5000 болж буурчээ. Энэ нь Кабул дахь олон улсын байгууллагуудын төв байрны аюулгүй байдлыг л хангах хэмжээний цэрэг юм.
Ингэснээр 1970-аад онд Зөвлөлтийн цэрэг халдан орсноос хойш дайнаас салаагүй Афганистанд энх тайван ирэх үү? Харамсалтай нь энэ тодорхойгүй. Үнэндээ энэ онд юу болох талаар ямар ч төсөөлөл алга хэмээн Лондон дахь Хилийн чанадын хөгжлийн хүрээлэн тинк-танкын судлаач Эшли Жэксон хэлсэн.
Америк цэргүүд гарснаар эмх замбараагүй байдал үлдэнэ. Гэхдээ Кабулыг орхисноос 20 жилийн дараа талибанууд Засгийн эрхэнд эргэн гарах нь тодорхой. Тэд ямар Засгийн газарт орох вэ гэдэг нь гол асуудал.
Гуравдугаар сард эхлэх байсан яриа хэлэлцээ есдүгээр сард Катарт арайхийн эхэлсэн ч сунжирч, ихэнхдээ протоколын тухай маргаан давамгайлав. Засгийн газар Талибаныг гал зогсоохыг зөвшөөрсөн тохиолдолд л хэлэлцээ хийнэ гэж буй ч ингэх магадлал бага. Афганистаны Засгийн газар ийм хүч муутай байсан нь ховор. Хэзээ ч үр дүнтэй байгаагүй Засгийн газрын армийг Америкийн агаарын хүчин дэмжихээ больсон учир одоо бүр доройтсон. Талибан америкуудыг бай болгохоо зогсоож, Афганистаны Засгийн газрын хүмүүс рүү илүү их халдах болов. Тэд хураамж авдаг автомашины гол замуудад тавьдаг хяналтаа чангатгажээ. Кабулын бүслэлт удах хэрээр Засгийн газрын хэлэлцээ хийх хүч чадал сарниж байна.
Талибаны зорилгууд зөрчилтэй байж мэдэхээр. Тэд Үндсэн хуульд хязгаарлагдахгүй Исламын эмирт улсын шинэ Засгийн газарт олонх болохыг хүсэж байгаа нь тодорхой. Гэсэн ч Афганистаныг аварч буй олон улсын тусламжаас тэд татгалзахгүй. Тиймээс түр зуурын энх тайван тогтож магадгүй. Дайсантайгаа хамтарч Засгийн газар байгуулах нь мөн чанартаа өөрийн засаг захиргааг татан буулгана гэсэн үг болохыг 2014 оноос хойш Афганистаны Ерөнхийлөгчөөр ажиллаж буй Ашраф Гани ойлгож буй. Улс орноо засаж залруулна гэсэн амлалт өгч засгийн эрхэнд гарсан түүний хувьд энэ нь асар хүнд тусна. Чухам ингэхэд бэлэн байгаа эсэх нь энэ жилийн хамгийн их анхаарал татсан асуудал байх юм.
Дэниэл Ноулс: олон улсын сурвалжлагч, The Economist
Дэлхий 2021 сэтгүүлээс