Аялал жуулчлалын “ITM 2025” үзэсгэлэн нээлтээ хийлээ
Аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “ITM 2025” үзэсгэлэнгийн нээлт арга хэмжээ өнөөдөр Мишээл экспогийн үзэсгэлэнгийн танхимд эхэллээ. “Монголын аялал жуучлалын холбоо” ТББ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус үзэсгэлэнд 21 аймаг, Нийслэлийн 9 дүүрэг, мөн олон улсын түнш байгууллагууд оролцож аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, хамтын ажиллагааны боломжуудаа танилцуулж байна.
Аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн нь тус салбарт бизнес эрхлэгчдийг хооронд нь холбож, шинэ бизнесийн түнш олох, гэрээ хэлэлцээр хийх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах зэрэг бизнесийн төрөл бүрийн боломжийг бүрдүүлдэг онцлог ач холбогдолтой.
Нээлтийн үйл ажиллагаанд Олон улсын аялал жуулчлалын эксперт Жан Вингстон,
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдын яамны консул хатагтай Венера Матмусаева, Бүгд Найрамдах Казахcтан Улсын Элчин сайд Алмас Сейтакынов, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яамны төлөөлөл, Туркийн “GML Group”-ийн төлөөлөл Мухамед зэрэг төр захиргааны удирдлагууд, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн удирдах түвшний төлөөлөгчид оролцлоо.
Үзэсгэлэнгийн үйл ажиллагааг нээж Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр үг хэлсэн. Тэрбээр “Монголын жуулчдын урсгал, аялал жуулчлалын компаниудын цар хүрээ нэмэгдэж, дэлхийн түвшинд өсөлттэй, өндөр үнэлгээтэй явж байгаа нь бидний хамтын амжилт юм. Төр засгаас визний хөнгөлөлт, маркетинг, дэд бүтцийн чиглэлээр олон дэмжлэг үзүүлж, салбарынханд урам зориг өгч байна хэмээн онцолсон. Дэлхий нийтэд аялал жуулчлалын өсөлт 3-5 хувьтай байгаа ч үүний цаана сорилтууд гарч байгааг бид анхаарах хэрэгтэй. Тиймээс бид илүү уялдаа холбоотой, хамтын түншлэлтэй байж, дижитал технологи, хиймэл оюун ухааныг бизнесийнхээ хөгжилд зөв ашиглах шаардлагатай. Шинэ үеийн аялагчдын сэтгэл зүй, хэрэгцээнд нийцсэн үнэ цэнтэй аяллыг бий болгох нь чухал” хэмээн онцолсон.
Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр

Мөн тэрбээр “ITM-2025” үзэсгэлэнд аймаг, орон нутгийн төлөөлөл оролцож буй нь бүс нутгийн аялал жуулчлалыг хамтдаа хөгжүүлэх, ирэх жилийн маркетингийн төлөвлөгөөг уялдуулах, үнэ цэнтэй бүтээгдэхүүн гаргах чухал алхам. Ирэх 2026 оныг угтан дэлхийн эдийн засаг, бүс нутгийн нөхцөл амаргүй байгаа ч Монголын аялал жуулчлалыг хамтын хүч, шинэ сэтгэлгээгээр урагшлуулахын төлөө бүгдээрээ зүтгэцгээе гэв. Үүний дараа Ази, Номхон далайн аялал жуулчлалын холбооны ТУЗ-ийн гишүүн Алекс Рэйнер мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэн.

Ази, Номхон далайн аялал жуулчлалын холбооны ТУЗ-ын гишүүн Алекс Рэйнер
Өнөөдөр аялал жуулчлалын салбарын хамгийн том арга хэмжээний нэг ITM-2025 үзэсгэлэнгийн нээлт тохиож байна. Энэхүү үйл ажиллагаанд Монголын аялал жуулчлалын салбарын төлөөлөл, олон улсын түншүүд, аймаг орон нутгийн удирдлагууд хүрэлцэн ирсэнд гүн талархал илэрхийлье. Мөн өнөөдөр дэлхий нийтийн хувьд онцгой өдөр тохиож байна. Нэгдүгээрт, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 80 жилийн ой тохиож байна. Хоёрдугаарт, Австралид “Кенгуру” -ны тусгай өдөр тохиож байна. Мөн дэлхийн хэмжээнд аравдугаар сарын сүүлийн долоо хоногийг “Дэлхийн оргилуун дарсын өдөр” болгон тэмдэглэгддэг. Ийнхүү олон чухал өдөр давхцсан энэ сайхан өдөр, аялал жуулчлалын салбарынхнаа, хүндэт зочдоо хүндэтгэн угтаж байгаадаа баяртай байна. Ази, Номхон далайн аялал жуулчлалын холбоо (PATA) нь 74 жилийн түүхтэй, бүс нутгийн аялал жуулчлалын хамгийн чухал байгууллагуудын нэг. Ирэх жил бид 75 жилийн ойн баяраа тэмдэглэх гэж байна. Өнгөрсөн жилээс эхлэн холбоо маань үйл ажиллагааны цар хүрээ, алсын хараагаа шинэчилж, тоо бус үнэ цэн дээр суурилсан аялал жуулчлалын чиглэлд шилжсэн. Энэ нь аялал жуулчлалын салбарын оролцогч бүр жуулчин, аж ахуйн нэгж, холбоо, орон нутаг, байгаль орчин бүгд аяллаас бодит үнэ цэнийг хүртдэг байх тогтвортой экосистемийг бүрдүүлэх зорилготой юм.
“Үнэ цэнтэй аялал жуулчлал” гэдэг ойлголтыг утга учиртай, үр ашигтай, тогтвортой гэж олон талаас тайлбарлаж болно. Гэвч бидний зорилго бол аялал жуулчлалд оролцогч хүн бүр, тэр дундаа орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүд, байгаль орчин хүртэл аяллын үр өгөөжийг бодитоор хүртдэг тогтолцоог бий болгох юм.
Үнэ цэнтэй аялал жуулчлалын эдийн засгийг зөвхөн ирсэн жуулчны тоо, олсон орлогоор хэмжих бус, тухайн улс, бүс нутаг, зорин очиж буй газар ямар үнэт зүйл, соёл, үнэ цэн бий болгож байна вэ гэдгийг илүү гүнзгий ойлгох явдал юм. Иймээс бид аялал жуулчлалын бодлого, ярилцлагыг энэ чиглэлд төвлөрүүлэхийг зорьж байна.
Ази, Номхон далайн аялал жуулчлалын холбоо Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран бүс нутгуудад үнэ цэн дээр суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлэх, урт хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэх хамтын ажиллагааг эхлүүлээд байна.
Монгол Улсын аялал жуулчлалтай холбоотой дараах гурван сонирхолтой мэдээллийг хуваалцъя.
- Дэлхий даяар өдөр бүр дунджаар 170,000 хүн “Монголд аялъя” гэсэн хайлт хийдэг.
- Эдгээрийн 80-90 хувь нь Улаанбаатарыг аяллын эхлэл цэг болгон сонгодог байна. Энэ нь нийслэл хот Монголын аяллын гол гарц, төв байгааг илтгэнэ.
- Монгол Улсад жил бүр 1.2 сая хүртэл олон улсын нислэгийн суудлын боломж бүрдэж байгаа нь аялал жуулчлалын асар их потенциал байгааг харуулж байна.
Эдгээр тоон мэдээлэл нь Монгол Улсын аялал жуулчлал дэлхийн анхаарлын төвд орж буйг илтгэнэ. Цаашид бид үнэ цэн дээр суурилсан, урт хугацаанд тогтвортой хөгжих аялал жуулчлалыг хамтдаа хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллах болно. Ази, Номхон далайн аялал жуулчлалын холбоо Монгол Улсыг бүс нутгийн “Үнэ цэнтэй аялал жуулчлалын загвар орон” болгох зорилготой. Хамтын итгэлцэл, үнэ цэн, тогтвортой хөгжлийн төлөө бид аялал жуулчлалын ирээдүйг хамтдаа бүтээнэ.
Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс

Энэ жилийн “ITM-2025” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд манай Баян-Өлгий түнш аймгаар оролцож байгаа. Монгол Улсын Засгийн газраас баруун бүсийг аялал жуулчлалын төрөлжсөн бүс болгон хөгжүүлэх бодлого боловсруулсан. Энэ хүрээнд баруун таван аймаг байгалийн онгон дагшин байгаль, нүүдэлчдийн өв соёл, ахуй амьдралаараа онцлог бөгөөд аялал жуулчлалын хөгжлийн асар их нөөц, боломж бүхий бүс нутаг юм.
Баян-Өлгий аймаг бол Монголын аялал жуулчлалын өвөрмөц газрын нэг. Манай аймагт бүргэдээр ан хийх уламжлалт соёл, Казах түмний гар урлал, ахуй амьдрал, соёлын өв уламжлал нь жуулчдын сонирхолыг татах онцгой нөөц юм.
Бид зөвхөн өнөөдрийн арга хэмжээнд бус, цаашид олон улсын аялал жуулчлалын урсгалд нэгдэх, бүс нутгийн аялал жуулчлалын зах зээлд оролцох бодит боломж, гарцыг хамтдаа хэлэлцэхийг зорьж байна. Аялал жуулчлал нь зөвхөн байгаль бус, Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах стратегийн салбар гэдгийг онцлон тэмдэглэмээр байна.
Өнөөдрийн арга хэмжээ нь зөвхөн аялал жуулчлалын компаниудын үйл ажиллагааг танилцуулахад бус, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшил, аж ахуйн нэгж, иргэдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх, байгалийн онгон дагшин байдлыг хадгалж, өв соёлоо хамгаалах хөшүүрэг болж байгаагаараа онцлог юм.
Энэ арга хэмжээний хүрээнд манай аймаг Казах ард түмний ахуй соёл, уламжлалт идээ будаа, гар урлал, урлагийн өв соёлоо танилцуулна. Мөн аялал жуулчлалын компаниуд өөрийн аймагт хэрэгжүүлж буй хөтөлбөр, төслүүдийг үзүүлэхийн зэрэгцээ аймгийн Хөгжмийн, драмын театр, музейн хамт олон оролцож, Баян-Өлгий аймагт аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломж, соёлын нөөц, урлагийн тоглолтуудаа толилуулах болно. Баян-Өлгий аймаг бол өв соёл, онгон байгаль, үнэ цэнтэй аяллын бүс нутаг юм.

Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээний үеэр Өмнөговь аймгийн Даланзадгадаас БНСУ-ын Чонжу, Тэгү хотоос Өмнөговь аймгийн Даланзадгад руу шууд нислэг үйлдэх болсон гэдгийг олон нийтэд зарлалаа. Өмнөговь аймгийн Даланзадгад хот руу шууд нислэгийг Хүннү Эйр компани болон “Let’s Travel” компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн Хүннү Эйр компанийн хамт олныг аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Монголын Аялал Жуулчлалын Холбооноос дээд шагнал болох “Алтан луужин” одонгоор шагналаа.
Өнөөдрийн арга хэмжээ нь зөвхөн нислэгийн чиглэл нээхээс гадна, олон улсын аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх, бүс нутгийн эдийн засгийг дэмжих, орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилготой юм.
Мөн өнөөдөр “ITM-2025” үзэсгэлэгийн үеэр Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх хүрэлцэн ирж салбарын төлөөлөлд төрийн дээд шагнал гардуулсан. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Пунцаг овогтой Эрдэнэ-Уулыг шагнасан.
Нээлтийн үйл ажиллагааны дараа 21 аймгийн аялал жуулчлалын салбарын төр-хувийн хэвшлийн төлөөлөлүүдийн сэтгэлээ шингээн зассан асартай танилцлаа.
Үзэсгэлэнгийн түнш аймгийн асар яг л Баян-Өлгийн ёс уламжлалаа амьдрал ахуйдаа шингээсэн хөдөө нутгийн малчин айлаар орсон мэт сэтгэгдэл төрж байлаа.

Энэхүү үзэсгэлэнд оролцохоор 1600 гаруй км-ээс анчин бүргэд ирсэн байлаа.

Харин Архангай аймгийн асар түнш Баян-Өлгийгөөс дутахааргүй олны анхаарлыг татаж зочин ихтэй байсан. Ааруул, цагаан идээ бялхаж зочдыг Хотонтын айргаар дайлж байлаа.

Өвөрхангай аймгийнхан Монгол улсын төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын “Виртуал” 8 бүтээлтэй иржээ

Энэ мэт 21 аймаг бүр өөрсдийн онцлог давуу талаа харуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, тур оператор, жуулчны бааз, ресторан зоогийн газар, урлаг соёлын байгууллагууд хүрэлцэн иржээ. “ITM-2025” үзэсгэлэн гурван өдөр үргэлжлэх бөгөөд амралтын өдрүүд тохиож байгаа тул гэр бүлээрээ хүрэлцэн очиж сонирхохыг хүсэж байна.
