А.Ганхуяг: Гадаадын хөрөнгө оруулагчдад хайр зарлавал зарласан шиг зарлаасай

Mongolian Economy
2023-07-03 12:26:26

Премиум группийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга А.Ганхуягтай ярилцлаа.

-Дэлхий нийтийг хамарсан цар тахал дуусаж байх шиг байна. Гэтэл үргэлжлээд ОХУ, Украины асуудал гараад ирлээ. Эдгээр эрсдэл танай компанид хэрхэн нөлөөлөв, хэрхэн даван туулж байна вэ?

-Ковид цар тахал бизнесүүдэд сөрөг нөлөө үзүүлсэн. Гэхдээ илүү сөрөг нөлөө нь одооноос л гарч ирэх болов уу. Монгол бол үйлдвэрлэгч улс биш. Бүх бүтээгдэхүүн, үйлчилгээ нь импортоор орж ирдэг. Цар тахлаас үүдэж үйлдвэрлэгч улсуудад түүхий эдийн тасалдал бий болчихсон. Одоо ч үргэлжилж байна. Үйлдвэрүүд зогсож, түүхий эдээ ч татаж авч чадахгүй хэмжээнд хүрсэн. Үйлдвэрлэл, бүтээгдэхүүний тасалдал улам хүндрэх байх. Коронавирусийн цар тахлын үед тасалдал гарч байсан ч нөөцөө хэрэглэсэн, харин өнөөдөр нөөцүүдээ зараад дуусаж байгаа. Тиймээс гол нөлөө одоо л гарч ирнэ.

Манай компанийн хувьд дэлхий дахиныг хамарсан үйл явцаас зугтаж чадахгүй нь ойлгомжтой. Гэхдээ өөрсдийн зүгээс шалтгаалах бүх л арга хэмжээг аваад явж байгаа. Тухайлбал, санхүү, хүний нөөцийн бүрдүүлэлтийн талд маш их анхаарч ажилласан. Бизнесүүдэд нөлөө үзүүлж байгаа жишээ гэвэл жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж буй CU компанийн франчайзинг эрхийг хэрэгжүүлэгч компани маань маш их бүтээгдэхүүн борлуулдаг. Гэтэл түүхий эдийн дээрх тасалдал нөлөөлж эхэлж байна. Цаашид бараа бүтээгдэхүүний жигд ханган нийлүүлэлтэд асуудал гарах байх.

Ер нь ковид хоёр жил гаруй үргэлжилсан учраас сөрөг нөлөө нь нэлээд үргэлжлэх болов уу. Харин геополитик, улс төрөөс хамаарсан асуудал тодорхой хугацааны дараа арилах байх. Энэ бүх бэрхшээл бага багаар арилна. Гэхдээ хажуугаар нь өөр шинэ сорилтууд бий болно. Тэгэхээр ямар ч тохиолдолд бие даасан, үйлдвэрлэгч улс болох ёстой гэдгийг энэ сорилтууд харууллаа. Бид аль болох гаднаас хамааралгүй болох, бие даасан бодлогууд хэрэгжүүлэх ёстой гэдгийг ухааруулсан гэж ойлгож байна.

-Бид яаж үйлдвэрлэгч улс болох вэ?

-Монгол Улс өнөөдөр хоёр үндсэн салбараас бүрэн хамааралтай. Уул уурхай, түүнийг дагасан бүтээгдэхүүн, үйлчилгээ. Хоёр дахь нь хөдөө аж ахуй.

Уул уурхайн хувьд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түлхүү анхаарах ёстой. Гэхдээ үүнээс өмнөх хамгийн том асуудал нь логистик. Логистикийн сүлжээний том асуудал нь боомтоос эхлэлтэй. Худалдааг хамгийн түрүүнд хөгжүүлж, худалдааг хөгжүүлэхэд саад тотгор болж буй асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй. Энэ тохиолдолд уул уурхайн асуудлууд шийдэгдэж, үр дүнгээ ч богино хугацаанд өгнө.

Хоёр дахь нь хөдөө аж ахуй. Манайх энэ салбарт арвин их нөөцтэй улс. Гэтэл арвин нөөцтэй ч түүнийг худалдаа бүтээгдэхүүний хэмжээнд авчраад үнэ цэн бүтээх дээр маш том доголдол бий болчихсон байгаа. Түүхий эдийг хэрхэн яаж боловсруулах вэ гэдэг нь өөрөө том асуудал. Гэтэл түүхий эдээ яаж эмх цэгцтэйгээр нэг газар цугларуулж боловсруулах үйлдвэртээ авчрах вэ гэдэг бол бүр том асуудал. Цаашлаад боловсруулсан бүтээгдэхүүнээ тасралтгүй үйлдвэрлэх тал дээр маш том доголдол бий болчихсон. Үүнийг засч цэгцлэхэд чиглэсэн урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай гэж бодож байна.

Мэдээж, түүхий эдээс гадна үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хаашаа зарж борлуулах вэ гэдэг чухал асуудал бий. Хамгийн түрүүнд дотоодын зах зээлийг бүрэн хангах чадавхтай болоод дараа нь экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Гэтэл өнөөдөр бид импортлогч улс болсон. Тиймээс ямар бүтээгдэхүүнийг хамгийн ихээр импортолж байгааг олж харж, ач холбогдол өгч, анализ хийх хэрэгтэй байна.

Тухайлбал, өнгөрсөн хугацаанд ажиглагдсан том асуудал бол хүнсний хангамж. Энэ тал дээр бид хөрш улсуудаас, ялангуяа БНХАУ-аас ямар их хамааралтай вэ гэдгээ бодитоор харлаа. Тиймээс нэн тэргүүнд дотооддоо хүнсний ногоог тасралтгүй үйлдвэрлэх шаардлагатай байна.

Дотоодын хэрэгцээг мэдээж бүрэн хангаж  чадахгүй ч гэсэн аль болох хүртээмжтэй хангах боломж бололцоо юу байна гэдгийг бид хоёр жил гаруй судалсны үндсэн дээр БНСУ-ын “ухаалаг хүлэмж”-ийн тэргүүлэгч компани болох “PlanTFarm” компанитай харилцаа тогтоож, Монгол Улсын иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах, импортын хамаарлыг арилгах үндсэн зорилгын хүрээнд хөдөө аж ахуйн нэн дэвшилтэт технологи ашиглан нарийн ногоо ургуулах гидропоник хүлэмжийг байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулсан. Удахгүй шинэ үеийн гидропоник хүлэмж байгуулахаар ажиллаж байна. Энэ бол дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэсэн бидний нэг оролдлого.

р нь Монголд бизнес эрхлэх эрх зүйн орчин ямар байна, юуг хэрхэн сайжруулах хэрэгтэй байна вэ?

-Монголд хоёр зах зээл бий. Бизнес ч, гадаадын хөрөнгө оруулалт ч зах зээлээс эхэлдэг. Гадаадын хөрөнгө оруулагчид манай юуг харах вэ? Нэгдүгээрт, дотоодын зах зээл нь хэр том бэ гэдгийг судална. Хоёрдугаарт, Монголын газар зүйн байршил болон байгалийн тогтоц, эсвэл өнөөдрийг хүртэл ирсэн уламжлалынх нь дагуу ямар бүтээгдэхүүн экспортлох боломжтой вэ гэсэн ийм хоёр зүйлийг эхэлж харна. Энэ хоёр зүйл дээр үнэлэлт дүгнэлт өгч, боломж байна гэж үзвэл гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ.

Манай улсад боломж байна гэж үздэг. Дотоодын хэрэгцээ нь импортоос маш их хамааралтай учраас бидэнд том боломж байна гэж хэлж байгаа юм. Даанч тэр боломжийг бүрдүүлэхүйц хэмжээний санхүүгийн эх үүсвэрийг яаж бүрдүүлэх вэ гэдэг л асуудал юм. Урт хугацааны үйлдвэрлэл нь маш урт хугацааны санхүүжилтээр босч ирнэ. Худалдааны санхүүжилт буюу богино хугацааны санхүүжилтээр бий болчих зүйл биш. Гэтэл урт хугацааны санхүүжилт Монголд дутагдалтай. Урт хугацааны санхүүжилт хийчихээд, эрсдэлээ даагаад хүлээгээд суух дотоодын хөрөнгө оруулагч Монголд цөөн. Энэ тохиолдолд ГХО-ыг оруулж ирэхээс өөр аргагүй болж байгаа юм.

Гадны хөрөнгө оруулалт орж ирэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай. Үүний тулд хөрөнгө оруулагч хөрөнгөө оруулаад, өсгөөд, буцаагаад хөрөнгөө аваад явахад эрсдэл байна уу? Үүнд хамгийн түрүүнд үнэлэлт дүгнэлт хийж, анхаарал хандуулах хэрэгтэй. Миний хувьд энэ талд жаахан айдастай байдаг.

адаадын хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчныг бүрдүүлэх хууль, хуулийн төслүүд ярьж байгаа энэ үед та санаа оноогоо хуваалцана уу?

-Манай Премиум группт гадаадын хөрөнгө оруулагчтай ажиллаж байсан туршлага бий. Компанийн 20 орчим хувийг Америкийн хөрөнгө оруулагчид эзэмшиж байсан. Одоо бол бид хөрөнгө оруулалтыг нь нөхөж төлөөд 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай компани болсон.

Гадны хөрөнгө оруулагчдыг татах эрх зүйн орчны хувьд тогтвортой байдал хамгийн чухал. Гэтэл бид урваж шарваад, өөрсдийнхөө тоглоомын дүрмийг өөрчлөөд байх юм бол ямар хөрөнгө оруулагч манай улсад орж ирэх вэ.

Бид хөрөнгө оруулагчийн нүдээр харж сурмаар байна. Тухайлбал, Монгол руу гадны хүн хөрөнгө оруулалт хийе гэж бодъё. Миний дээр хэлсэнчлэн тухайн хөрөнгө оруулалтаас бий болсон бүтээгдэхүүн Монголд зарагдах уу, гадаадад гарах уу гэдгийг харна. Экспортын бүтээгдэхүүн зарах тохиолдолд харьцангуй гайгүй. Яагаад гэвэл Монголд үйлдвэрлэл болоод бусад зүйлс явуулах төдийгөөр эрсдэл нь хязгаарлагдана. Гэтэл дотоодын зах зээлд бүтээгдэхүүнээ зарна гэвэл дотоод зах зээлийн багтаамжийг харна.

Монголд хамгийн дутагдалтай зүйл бол дотоодын логистик. Үйлдвэрлэл явуулах, түүхий эдээ татаж авчраад боловсруулах, дараа нь буцаагаад түгээх логистик асуудалтай гэдэг нь харагдана.

Ингээд дэд бүтэцгүй юм байна гэсэн ойлголтыг авна. Хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн ч төр хууль гаргаад өөрчилчихдөг. Урьд өмнө нь байнга өөрчилж байсан учраас шинэ хуулийг ч өөрчлөхгүй гэх баталгаа байна уу. Итгэж найдаж болох уу. Эрх зүйн орчин тогтвортой явж чадах уу.

Дараагийн бүр том асуудал бол хүний нөөцийн хувьд их дутагдалтай. Боловсрол алга, чадавх нь муу юм байна. Хүмүүсийг сургах нь цаг авсан маш хэцүү ажил учраас өөрсдийнхөө мэргэжилтэн хүмүүсийг авчирна, гаднын экспертүүд ирэхээр өртөг өснө. Ийм л шалтгаанаар олон эксперт манайд ирж ажилладаг. Оюутолгой болон бусад компанийг гадны олон эксперт мэргэжилтнүүд авчирч, өндөр цалинтай ажиллуулж, хамаг мөнгийг аваад явчихлаа гэж шүүмжилдэг. Яг үнэнийг хэлэхэд манай монголчуудын чадавх муу учраас экспертүүд олноор ирсэн гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Гадны экспертүүд ажиллуулахад өртөг өндөр байдгийн шалтгааныг та товч тайлбарлана уу?

-Олон шалтгаан бий. Тухайлбал, тэд гэрээсээ хол ажиллаж буй тул хүүхдүүдээ хувийн томоохон сургуульд өгч, гайгүй байранд амьдрахыг бодно. Даатгалын асуудал гарч ирнэ. Эх орон, гэрээсээ хол ажиллаж буй тул өндөр цалин авахгүй бол сэтгэл ханамжгүй болно. Ийм байдлаар гадаад ажилтнуудын өртөг өсдөг. Өртөг өсөхөөр Монголд хөрөнгө оруулалт хийсний өгөөж гарч ирэхгүй.

Тэгвэл “Бид ажлыг ягштал хийнэ” гэсэн бэлэн ард түмэн байвал хөрөнгө оруулалтууд орж ирнэ, өгөөж нь ч ашигтай гарна. Ийм ажилтнууд байвал өртөг хамаагүй бага болно. Иймээс л хөрөнгө оруулагчид Монголын ажилтнуудыг түрүүлж харна. Гэтэл манай боловсролын систем, хүмүүсийн чадавх, ур чадвар ямар билээ.

Сурах эрмэлзэл байна уу? Ажлыг гялалзуулаад өгье гэсэн хүсэл мөрөөдөл байна уу? Эсвэл зүгээр л унтаа хүмүүс юм уу. Энэ мэт нь гадаадын хөрөнгө оруулалт амжилттай орж ирэх эсэхийн том шалгуур болдог.

Тэдний нүдээр харахаар манайд хөрөнгө оруулах уу, үгүй юу гэдэг маш хэцүү асуудал байгаа биз. Ингээд л өөр улсад хөрөнгө оруулахаар яваад өгч байгаа юм. Монгол ганцаараа нөөцтэй улс биш шүү дээ.

адаадын хөрөнгө оруулалтыг ярихаар өнгөрсөн хугацаанд төр нь хулхидсан, хамтраад хөрөнгө оруулалт хийсэн компаниуд, монгол хүмүүс хулхидсан гэж ярьдаг. Хулхидаагүй юм байхгүй болж таардаг, монголчууд.

-Энэ бол хувь хүмүүсийн үзэл баримтлал, суурь хүмүүжилтэй холбоотой. Хүмүүжиж, тогтворжоогүйн шинж. Хөрөнгө оруулагчдын итгэлийг даах ёстой гэсэн сэтгэхүй монголчуудад бүрэн сууж амжаагүй байна. Төрд ажилладаг хүмүүс ч, хувийн хэвшлийнхэн ч адилхан.

Би Эдийн засгийн чуулганы урьдчилсан “Төрийн бүтээмжийн шинэчлэл” хэлэлцүүлэгт панелистаар суусан. Миний хэлсэн зүйлийн гол санаа энгийн. Монголд санамж бичиг гэж хэлдэг. Энэ санамж бичигт гарын үсэг зурахаасаа өмнө сайн бодох ёстой. Төр нь ч, бизнесийнхэн ч. Гэтэл манайхан өнөөдөр хөрөнгө оруулалт татах зорилгоор төмөр зам, авто зам барина гэж хойд, урд хөршид очиж гарын үсэг зураад яваад байгаа.

Монголчуудын нүдээр санамж бичиг бол гэрээ биш, гарын үсэг зурлаа гээд ямар ч хариуцлага хүлээхгүй гэж ойлгодог. Харин нөгөө талын хүмүүсийн нүдээр харвал санамж бичиг тэдэнд маш чухал зүйл. Маш их бодож, судалж төлөвлөсний эцэст бизнес хийе гэж хэлж байгаа хэрэг юм. Ийн нарийн тооцсоны эцэст санамж бичиг үйлдэхээр ирдэг. Санамж бичгийн дараах зүйл нь техникийн ажлууд байдаг. Нарийвчилсан судалгаанууд хийж, нөхцөлүүдээ тохирно. Гэхдээ санамж бичиг үйлдэнгүүтээ маргааш нь гэрээ хийнэ гэж байхгүй. Хамгийн гол нь тэдний хувьд санамж бичиг зурах уу, үгүй юу гэдгээ шийдэх байдаг. Миний ажигласнаар энэ алдаа манайд олон жил явж байна.

Санамж бичиг зурсан учраас одоо ажил явах юм байна гэж нөгөө тал ойлгодог. Гэтэл энэ нь улс үндэстний нэр хүнд, амлалт гэдгийг бид ерөөсөө ойлгохгүй байгаа юм. Санамж бичиг бол амлалт.

Аж ахуйн нэгжүүдийн хувьд ч адилхан. Манай бизнесийнхэн төр засгийн удирдлагуудын айлчлалаар явахдаа хаа хамаагүй санамж бичигт гарын үсэг зурчихдаг. Ямар нэг санамж бичигт заавал гарын үсэг зурах ёстой гээд ойлгочихсон байдал ажиглагддаг. Энэ нь эргээд бидний нэр хүндэд нөлөөлж байгаа юм.

-Монгол Улс ГХО-ыг татахад анхаарч, төрийн өндөрлөгүүд бүгд гадаадын хөрөнгө оруулагчдаас уучлалт гуйж, тэднийг урилаа шүү дээ.

-Хамгийн чухал асуудал бол ГХО-ын хуулийг өөрчлөх хүсэл эрмэлзэл Монголын төрд байна уу гэдэгт оршиж байна. ГХО-ыг татах үзэл баримтлал нь чин сэтгэлээсээ юм уу, үгүй юу гэдэг маш чухал. Түүнээс хүн хуурах гэж буй мэт “ГХО хэрэгтэй байна, та нар хүрээд ир” гэсэн байдлаар хайр зарлах өөр хэрэг.

Хайр зарлавал зарласан шиг зарлах ёстой.

Хоёрт, эрх зүйн орчинд судалгаа шинжилгээ хийж, хэлэлцүүлэг хийх ёстой. Түүний дараа хуулиа баталж, хамгийн гол нь дахин гуйвж, урвахгүй байх нь хамгаас чухал байна. Гуравт, хувийн хэвшлүүд хийж чадахгүй, төр зайлшгүй хийх ёстой, үр ашиг багатай мөртлөө зайлшгүй хийх ёстой салбарт хөрөнгө оруулалт хийх ёстой. Тухайлбал, боловсрол. Энэ салбарт маш их хэмжээний хүчин чармайлт гаргах ёстой. Боловсрол бол дэд бүтэц. Тэгээд бусад дэд бүтэц, эрчим хүч, газрын тос, төмөр зам, автозам, боомтууд орно. Дээр нь татварын орчинтой зөв уялдаж байна уу гэдгийг харах шаардлагатай.

Манай бизнесийнхэнд тулгардаг нэг том асуудал нь давхар татвартай улс орнуудтай бизнес хийхэд татварын асуудал тодорхой бус байдаг. Давхар татвар нь нэг газар авсан бол нөгөө нь авах ёсгүй юм. Аль улстай яаж хийснээс үл хамаараад Монголд л бүгдийг авах ёстой мэт ойлголт бий. Давхар татвараас чөлөөлөх гэх мэт гэрээнүүдийг тодорхой болгох хэрэгтэй.

Эдгээр зүйл тодорхой болоод ирвэл хөрөнгө оруулагчид дүгнэлт хийх боломж нь бий болно. Гэхдээ шууд ороод ирнэ гэж горьдож болохгүй.

Дээр хэлсэнчлэн уул уурхайн том төсөл хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулагч бүгдийг хийхгүй нь ойлгомжтой. Өнөөдөр Оюутолгой Хятадаас их хэмжээний эрчим хүч авч байгаа. Учир нь бид тэр хэмжээний эрчим хүч нийлүүлэх дэд бүтцээ шийдээгүй өдий хүрсэн. Бид дэд бүтцээ бүрдүүлээгүй байж Оюутолгойг, хөрөнгө оруулагчдыг нь буруутгана. Энэ бүгдийг ойлгодог, чадвартай хүн цөөн. Гэхдээ суралцаасай. Энэ нь эргээд нөгөө л хүмүүжил, үзэл баримтлалтай холбогдоно. Тухайлбал, авлига авахгүй байх сэтгэлгээ, хүмүүжил, сэтгэл, чадамж тэр хүнд байна уу гэх мэт.

Бас нэг жишээ. Засгийн газар дээр ярьсан зөөлөн дэд бүтцийг барих гэхээр мөнгөгүй. Санхүүгийн асуудлыг нь шийдэхийн тулд бонд босгоно. Бонд босголоо гэж бодоход “Бид танай бондуудад хөрөнгө оруулсан. Гэтэл танай засаг зарцуулалт дээр анхаараагүй. Зарцуулалт нь авлигын шугамаар явчихсан, өгөөж байхгүй. Танай улс дефолт болохгүй гэх баталгаа хаана байна” гэж асууна. Бид хэлэх үггүй шүү дээ. Тэгэхээр бид Хөгжлийн банкны асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх ёстой. Тэгвэл гадны хөрөнгө оруулагчдад итгэл төрнө. “Бид Хөгжлийн банкны асуудлыг ингэж шийдсэн. Энэ бүгдтэй ингэж тэмцсэн, тунгалаг байдлаар асуудлыг шийдсэн” гэдгээ харуулах ёстой. Түүнээс мянга гуйж гувшаад хэн ч ирэхгүй.

-Хөгжлийн банкны асуудлыг хараад бизнесмэн хүний хувьд юу бодогдсон бэ?

-Хөгжлийн банкны зорилго нь сая ярьсан дэд бүтцүүдийг барихад хөрөнгө оруулалт татаж, аж ахуй нэгжүүдээрээ дамжуулан санхүүжилт өгөх гэж ойлгодог. Зарим аж ахуйн нэгж тэрхүү зорилгын төлөө явж байгааг хэлэх хэрэгтэй. Тийм ч учраас бид цементийн хараат бус байдалтай боллоо. Сайн хэрэг. Тэгвэл Хөгжлийн банкны засаглал хууль талаасаа анхнаасаа ямар байсан юм бэ. Өөрөөр хэлбэл, энэ зээлийг олгож болно, үүнийг болохгүй гэдэг шалгуур үзүүлэлтийг батамжлах шийдвэр гаргагч нь хэн юм бэ гэдэг нь надад одоо ч тодорхойгүй, ойлгомжгүй байгаа. Шийдвэрийг Хөгжлийн банкны ТУЗ гаргах юм уу, Ерөнхий сайд гаргах юм уу. Засаглалын талаас тодорхойгүй байгаа учраас дайны хажуугаар дажин гэдэг шиг авлига, албан тушаалын эрх мэдэл явж байгаад одоо яригдаад буй асуудлууд гараад ирсэн гэж бодож байна. Засаглалыг тодорхой болгоогүй.

Хоёрт, засаглалыг тодорхой болгоё гэж бодъё. Тэгвэл шийдвэр гаргагч нь хэн юм бэ. Төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг. Бондоор орж ирсэн мөнгөний цаад эзэн байхгүй. Олон нийтийн өмч хөрөнгө тул мөнгийг зээлээр зарцуулж байна. Энэ олон нийт гэдэг чинь хэн бэ гэдэг нь тодорхой бус учраас үр ашигтай, үр ашиггүй төслийг ялгаж салгаж чадахгүй байгаа юм. Хувийн банкууд эрсдэлээ бодож асар их шалгуур үзүүлэлт тавьдаг шүү дээ. Ийм нүдээр харж зээл өгөөгүй нь нэг шалтгаан болж магадгүй. Бид бүх зүйл дотроо живчихээд байгаа болохоос биш холоос харвал тус банкны концепц анхнаасаа зөв үү, үгүй юу гэдэг нь харагдаж байгаа юм. Өөрийн мөнгийг зээлүүлж буй хүн ийм зээл олгохгүй. Тэгэхээр эзэн холбогдогч нь хэн бэ гэдгээс бүх зүйл шалтгаална.

-Монголд бизнес хийх маш хүнд гэдэг. Премиум группт бизнесийн ямар бэрхшээл хүндрэл байна, түүнийг хэрхэн шийдэж, даван туулж байна вэ?

-Миний баримталдаг үзэл бол бурууг хүнээс хайх хэрэггүй гэж боддог. Бурууг эхлээд өөрөөсөө, өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Бизнест ковид, дайн зэрэг ямар нэг гадны нөлөө байнга л тохиолдох болов уу. Гагцхүү хэлбэр нь өөрчлөгдөөд явна. Тэгэхээр ийм нөлөөлөл байнга байна гэж үзээд бизнесийн хувьд тэсч чадах чадвар бидэнд суусан уу гэдэгт эхлээд дүгнэлт хийх хэрэгтэй. Тэсч чадахгүй, том цохилт аваад унаж буй бол бид өөрсдөөсөө асуудлыг хайх нь зөв болов уу. Гадны ийм эрсдэлүүдээс хамгаалж чадах хэмжээнд ажиллаж, компаниа хөгжүүлж чадаагүй байна гэдэгт дүгнэлт хийх нь зөв.

Манай компанийн хувьд тодорхой хэмжээгээр гадны нөлөөнд өртсөн. Гэхдээ шоконд орох, хэцүү байдалд орох хэмжээнд нөлөөлөөгүйд баярлаж байгаа, залуустаа. “Бизнесээ хийнгээ суралцах ёстой” гэж би хэлдэг. Залуус маань сурч, чадавхаа дээшлүүлж байгаа учраас манайх шоконд өртөх нь гайгүй байна гэж ойлгож болно.

-Монголчууд ГХО-ыг шууд мөнгөн дүнгээр хардаг. Гэтэл ГХО-ын цаана олон зүйл дагаж орж ирдэг. Тухайлбал, CU-гийн хөрөнгө оруулалтыг дагаж Монголд юу орж ирсэн бэ?

-ГХО-ыг манайхан гаднаас мөнгө авах гэж хандаж ярьдаг. Тухайлбал, CU сүлжээ дэлгүүрийг ажиллуулж буй манай охин компани гадны хөрөнгө оруулалттай. Солонгос дахь эзэмшигч компанийн найм орчим хувийг эзэмшдэг.

Гадаадын хөрөнгө оруулалтын хамгийн том ач холбогдол нь монголчууд шинэ зүйлд суралцаж буй нь юм. Бид гадны том соёлыг нэвтрүүлж, 30 жил явсан замыг гурван жил дотор сурч байна. Ажиллах хүчний ур чадвар, боловсрол, чадавх бол маш том хөрөнгө оруулалт. Ажиллах хүчийг чадавхуулах нь хөрөнгө оруулалтын том үр дүн. Премиум компани Оюутолгой компанийн бэлтгэн нийлүүлэгчээр ажиллаад таван жил болж байна. Анхны ханган нийлүүлэгч одоогийн ханган нийлүүлэгчийн хооронд маш том ялгаатай. Үүнээс бид хамгийн чухал зүйл бол хүн гэдгийг мэдэрсэн.

Бид аюулгүй ажиллагаа чухал гэдгийг мэддэг байсан ч Оюутолгой төслийн ханган нийлүүлэгчээр ажиллахдаа аюулгүй ажиллагааг яаж хангах вэ гэдгийг яс махандаа тултал суралцсан.

Үр дүнд нь бид 2020 онд Оюутолгой компанийн хамгийн ур чадвартай, аюулгүй ажиллагааг чанд хангасан шилдэг компаниар шалгарсан. Мөн ондоо “Рио Тинто” группийн 35 гаруй улсад үйл ажиллагаа явуулж буй 37 мянга орчим ханган нийлүүлэгчээс манай компани нэгдүгээр байрт шалгарч, “Рио тинто” группийн гүйцэтгэх захирлын шагнал авсан.

-Баяр хүргэе. Маш сайхан мэдээ байна. Дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй “Рио Тинто”-гийн төслүүд дотроос Монголын компани нэгд шалгарна гэдэг бол үнэхээр бахархам амжилт байна.

-Баярлалаа. Монгол залуус ийм хэмжээнд аюулгүй ажиллагааг хангаж сурч байна. Дараагийн Оюутолгой шиг том хөрөнгө оруулалттай төслүүд, ГХО орж ирэхэд дэд бүтцийг нь бэлтгэчихсэн гэсэн үг. Энэ бол хөрөнгө оруулалтын маш том үр дүн. Бүх зүйлийг мөнгөөр хэмжихээ болих хэрэгтэй. Монголд үлдэж буй үнэ цэн гэж харах хэрэгтэй.

CU-г яагаад Монголд оруулж ирэх болсон талаар ярина уу?

-Улс орон хөгжихийн хэрээр үр ашигтай нь тэлээд, үр ашиггүй нь хумигдаад явдаг. Өндөр хөгжилтэй орнуудад үлдсэн бизнес бол үр ашигтай мөн бүтээмжийг сайжруулж байгаа учраас тэсэж үлдсэн байгаа. Монголын хувьд найман нэрийн дэлгүүр, цайны газарт олон төрлийн бүтээгдэхүүн хүргэж өгөх гэж бэлтгэн нийлүүлэгчид очдог. Хотын түгжрэлд их явна. Нөгөө талаас хүмүүс сурч, хөгжих ямар ч боломжгүй.

Бид бизнес хийж буй хүмүүсийн цагийг хэмнэж байна. Бэлтгэн нийлүүлэгч нарт үр ашиг өгч, цаг хугацаа хэмнэж, ажил хийж буй хүмүүсийн өдөр тутмын хэрэглээг нь хурдан шуурхай хангаж байна. Заавал цайны газар, эсвэл ресторанд өдөр бүр орж хооллох шаардлагагүй. Бид боломжийг нь бүрдүүлчихвэл хүмүүс цагаа хэмнэнэ, хэмнэсэн цагаа өөрийгөө хөгжүүлж, сурч хөдөлмөрлөхөд зарцуулах хэрэгтэй. Энэ бол нийгмийн дэд бүтэц юм. CU-г би нийгмийн дэд бүтэц гэж хардаг. Бид нийгмийн дэд бүтцэд хөрөнгө оруулах зорилгоор CU-г оруулж ирсэн. Одоо 220 салбартай болсон.

CU орж ирээд олон зүйлийг өөрчиллөө. Худалдааны салбарт гарсан соёлын шинэчлэл гэж үзэх хүмүүс цөөнгүй байна.

-Маш их ач холбогдолтой. Хэрэглэгчдийн хувьд гарал үүсэл нь мэдэгдэхгүй хоол идвэл хэцүү шүү дээ. Бид эрүүл ахуйн өндөр хяналт дор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр хэрэглэгчийг хангаж, цаг хугацааг нь хэмнэж байна. Мөн тухтай, цэвэрхэн орчныг бүрдүүлж байна. Бид Нийслэлийн цагдаагийн газартай хамтраад хүүхэд хамгаалах ажил хийсэн. Төөрсөн хүүхэд орж ирэхэд нь туслах, мөн 24 цагаар ажиллаж шөнө орой ажилладаг хүмүүсийг ороод ирэхэд нь үйлчилгээ үзүүлж байна.

Залуус маань ч маш их зүйл сурч байгаа. Үйлчилгээ гэж юу юм, үйл ажиллагааг хэрхэн төлөвлөх вэ, ажлын дараалал, юунд алдаж онож байгаадаа анализ хийхийн зэрэгцээ харилцааны соёлд суралцаж байна. CU сүлжээ дэлгүүрүүдэд 2700 гаруй залуус ажилладаг.

Гоё бүтээгдэхүүн хийх санаатай хүмүүс олон байдаг. Гагцхүү хийсэн бүтээгдэхүүнээ хаана зарах вэ гэдэг асуудал хүндрэлтэй. Тэгвэл бид тэр хүмүүсийн бүтээгдэхүүнийг зарж өгч байгаа юм. Урамшсан хүмүүс бүр гоё бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өөр шинэ санаа руу орж байна. Энгийн жишээ хэлэхэд, сард хоёр сая гаруй төгрөгийн борлуулалт хийдэг залуус манайхтай хамтран ажилласнаар сарын 200 гаруй сая төгрөгийн борлуулалт хийдэг болсон. Борлуулалт нь 100 дахин өссөн гэсэн үг. Ийм боломжууд бий болгож, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. ЖДҮ бол тухайн улсын тогтвортой хөгжих бааз суурь. Тиймээс бид улс орондоо тогтвортой эдийн засгийн бааз суурийг бүрдүүлж өгч байна гэж бодож байгаа. Үйлчлүүлэгч нараа ч сургаж байна. Өглөөний цай уудаггүй хүмүүс уудаг боллоо.

Нөгөө талаас олон хүн Солонгосын хөрөнгө оруулагчдыг оруулж ирсэн гэж шүүмжилдэг. Харин би хөрөнгө оруулагчид олноор орж ирээсэй гэж хүсдэг. Солонгосын хөрөнгө оруулагчид манай компанийн найман хувь, үлдсэн 92 хувийг 9700 монголчууд эзэмшиж байна. CU бол Монголын, эдгээр 9700 хувьцаа эзэмшигчдийн компани.

Тиймээс бид эх оронч, зөв бизнес эрхэлж байгаа гэж боддог.

-Танай компанийн алсын хараа юунд чиглэж байгаа вэ?

-Алсын хараа, эрхэм зорилго компани бүрд ялгаатай. Харин өөрчлөгдөх ёсгүй зүйл бол үнэнч байх юм. Бид чин сэтгэлээсээ, урт хугацаанд оршин тогтнох ямар нэг үнэт зүйлийг бий болгох шаардлагатай. Хүмүүсийн хэрэгцээг хангадаг бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгож буй бизнес л оршин тогтнож чадна. Түүнээс биш богино зайд сэтгэж, хурдан ашиг олохын тулд өөрийн үзэл баримтлалаас ухарч, ёс суртахуунгүй бизнес хийгээд эхэлбэл юу болох вэ. Хүн хуурч, худал хэлж, хулхидаад эхэлбэл урт хугацаанд оршин тогтнож чадахгүй.

“20 жилд бий болгосон бизнесээ чи хоёр минутад устгаж чадна” гэж дэлхийн тэргүүлэх бизнесмэн хэлсэн. 20 жил зүтгэж хөдөлмөрлөж босгочихоод нэг л ёс суртахуунгүй үйлдэл хийхэд хоёр минутад л бизнес үгүй болно гэсэн санаа. Ёс суртахуун, ёс зүйг бид өндөрт авч үзэж баримтлахыг хичээдэг. Энэ нь манай залуусын ажилд нэвт шингээд явж байгаа.

-Сүүлийн үед ногоон, тогтвортой хөгжлийн талаар их ярьж байна. Компаниуд бодлого үйл ажиллагаандаа ногоон өнгө, хандлага оруулахыг хичээдэг боллоо. Танай компанийн хувьд ямар байдалтай байна вэ?

-Хүн байгальтайгаа харьцаж буй харилцааны том хэлбэр. Манай компани амины орон сууцны хотхон барьж байгаа. Бид хотхоны хашаан доторх ногоон байгууламжаа саарал усаар усалдаг. Хэн ч бидэнд саарал усаар ногоогоо усал гэж хэлээгүй. Манай хотхон төвийн цэвэр бохир усанд холбогдсон. Бохироо бид дахин боловсруулж,  буцаагаад ногоон байгууламжаа усладаг болгохоор нэмэлт хөрөнгө оруулалт хийсэн. Энэ бол бидний сэтгэл болохоос бус хэн нэгэн бидэнд даалгавар өгөөгүй. Мөн бид бетон зуурмагийн машинаас гарсан хог хаягдлыг байгальд хаяхгүйн тулд цэвэрлэх байгууламж барьсан. Олон хүн манай байгууламжийг ирж үзэж сайшаасан.

Ногоон гэдэг зөвхөн байгаль орчинтой холбоотой зүйл биш. Нийгэмтэйгээ холбогддог зүйл. Бид нийгэмдээ чиглэсэн маш олон ажил хийсэн. Гэхдээ бид чимээгүй хийгээд явдаг. Хүмүүс аяндаа ойлгох болов уу гэж боддог. Байгаль эхээ хайрлан хамгаалах сэтгэл бидний дотор байдаг болохоор аяндаа л хийгээд эхэлдэг юм. Үүнийг алхам бүрдээ хийж явах ёстой. Гэрлээ унтрааж байна уу, хогоо ангилан ялгаж байна уу гэх мэтээр. Ярьж, хийж буй үйлдэл бүртээ ногоон хөгжлийг ярьж, хэрэгжүүлээд явбал байгальд ээлтэй компани юм гэж ойлгох ёстой. Түүнээс том хөтөлбөр төсөл хэрэгжүүлснээр болдог зүйл биш.

СU ХК жил бүрийн тайландаа байгаль орчны үнэлгээг аудитаар хийлгэдэг. СЗХ-ноос шаардаагүй ч бид өөрсдөө санаачлан олон улсын бусад байгууллагаар хүлээн зөвшөөрсөн байгаль орчны тайланг гаргуулаад явж байна.

ESG тайлангаар нийт 182 шалгуур үзүүлтийг үндэслэн дүгнэхэд CU компани 95,6 хувийн өндөр оноо авсан.

Энэ бол маш өндөр оноо. Энэ үнэлгээг бид илүү зардал гардаг ч жил бүр хийлгэсээр байх болно. Ингэснээр бид өөрсдийгөө хянана. Цаашдаа ч байгаль дэлхий, нийгэм, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө илүү сайн, сайхан зүйл ихийг хийхийн төлөө хичээнэ.

 

 

 

 

 

Mongolian Economy