Балагтаа эзэн Монгол

Mongolian Economy
2021-06-21 12:50:49
Ангилал: Коронавирус

“Хэн нэгэн буланд ганцаараа битгий уйлаасай гэсэндээ дэлхий бөөрөнхий байдаг” гэсэн үг бий. Тэгвэл яг одоогийн нөхцөлд Монголчууд буланд шахагдан “ганцаардаж” байна. Ингэж хэлэхийн учир нь дэлхийн 78 улс Монгол улсыг Ковид-19 цар тахлын өндөр эрсдэлтэй гэж тооцон, “хар жагсаалтад” оруулжээ. Харин Монголчуудыг хүлээн авах дөрвөн улс бий нь Хойд Македон, Мексик, Жибути, Палау юм. 

Сонирхолтой нь манай улс цар тахлын эсрэг вакцинжуулалтаараа дэлхийд эхний тавд бичигдэж буй. Одоогийн байдлаар БНЭУ болон КОВАКС хөтөлбөрийн хүрээнд AstraZeneca (262,800 тун), БНХАУ-ын Синофарм (4,300,000), ОХУ-ын Спутник V (60,000) болон КОВАКС хөтөлбөр, Япон улсын тусламжаар Pfizer-BioNTech (209,980) вакцины нөөцтэй байна. 

Гэсэн атал нэг сая хүнд ногдох халдварын тоогоороо бид олон улсад “толгой цохиж” явна. Үүнийг дэлхийн томоохон хэвлэлүүд ч онцлохоо мартсангүй. “Монгол улсад цар тахал эхэлснээс хойш хамгийн олон тохиолдол буюу 2300 халдвар бүртгэгдлээ. Тус улс өнөөг хүртэл дор хаяж 3.599.557 тун вакцин тарьсан байх ёстой. Хүн бүрт хоёр тун шаардлагатай гэж үзвэл энэ нь Монголын нийт хүн амын 55.8 хувийг вакцинд хамруулахад хангалттай юм. Өнгөрсөн долоо хоногт Монгол улс өдөрт дунджаар 14,856 тун вакцин хийжээ. Энэ эрчээрээ хүн амын дахин 10 хувийг бүрэн вакцинжуулахад 44 өдөр хэрэгтэй гэсэн үг” хэмээн “Ройтерс” агентлаг өнгөрсөн мягмар гарагт мэдээлжээ. 

Нэг сая хүнд ногдох Ковид-19 вирусийн батлагдсан тохиолдол (2021.VI.19-ны байдлаар)

Эх  сурвалж: Жон Хопкинсийн Их Сургуулийн Системийн Шинжлэх Ухаан ба Инженерийн Төв (CSSE)

Мөн долоо хоногт бүртгэгдэж буй коронавирусийн халдварын тохиолдлын дунджаар Энэтхэг (90,000), Индонез (8,000), Малайз (6,000), Шри Ланк (3,000) зэрэг улстай эн зэрэгцэн, дэлхийд тэргүүлж эхэлсэн талаар BBC.com дурдсан байна. 

Төрийн “алдаатай” бодлогын үр дүнд бид ийнхүү дэлхийд нэрээ цуурайтуулах боллоо. Улс орны хөгжил дэвшил, ард иргэдийн аз жаргалыг тодорхойлдог нэг хүнд ногдох ДНБ, боловсролын түвшин, дундаж наслалт, аз жаргалын индекс, хүний эрхийн чанар зэрэг олон стандарт, шалгуурууд бий. Эдгээр үзүүлэлтийн ихэнхэд нь Монгол Улс алтан дундаж, эсвэл дунджаас хойгуур жагсдаг.

Гэвч Ковид-19 хэмээх вирус улс орнуудын “жинхэнэ” дүр төрхийг илчлэн гаргаж ирснээр бидний ч “жинхэнэ” зэрэг зиндаа, тар танигдав. Тааруу засаглал, иргэдийн сул сахилга бат, хариуцлага, шинжлэх ухааныг үл тоомсорлодог, эдийн засгийн хэврэг байдлаар бид дэлхийд хомоол хамж, дэлхийн газрын зурагт “хараар” бичигдэх хэмжээнд нэгэнт хүрснийг коронавирусийн цар тахал харууллаа.

 

Mongolian Economy