Монголбанкны түүхт 100 жилийн ой тохиож байна

Sarangerel
2024-07-05 09:48:30
Ангилал:

Монгол Улсад орчин үеийн банк санхүүгийн систем үүсэж, хөгжөөд 100 жилийн босгыг алхаж байна. Энэ салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэсэн банк санхүүгийн олон мянган ажилчдын хувьд хийсэн бүтээснээрээ бахархах, олон түмэндээ тайлагнах, өнгөрснөө дүгнэх, одоог бүтээх, ирээдүйг төлөвлөх цаг мөч тохиож байна. Тэртээ 1924 оны зургаадугаар сарын 2-ны өдөр Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Худалдаа ба аж үйлдвэрийн банк байгуулагдсанаас 100 жилийн дараа тэд түүхэн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Банкны салбар нь Монгол Улсын санхүүгийн салбарын 95 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг бөгөөд манай эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтөд чухал нөлөө үзүүлсээр ирсэн билээ. Тэр ч утгаараа Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах үндсэн зорилтынхоо хүрээнд мөнгөний бодлогыг мөрдөн баримталж,  инфляцыг тогтворжуулах, банкны салбарын хууль эрх зүйн орчны шинэтгэл, банкны салбарт тавигдах хяналт, шалгалтын үр нөлөөтэй байдлыг тогтмол ханган ажиллах зэрэг үүрэг хариуцлагыг хүлээн ажиллаж байна. Монголбанк энэхүү үүргээ 100 жилийн хугацаанд амжилттай үүрсээр ирэв. 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвсүрэн “Зуун жилийн босгон дээр Монгол Улсын эдийн засаг, банк, санхүүгийн салбарт эерэг өөрчлөлт гарч байгааг дурдахад таатай байна. Монгол Улсын эдийн засаг 2024 оны нэгдүгээр улирлын байдлаар 7.8 хувийн өсөлттэй, инфляц Монголбанкны зорилтот түвшин рүү амжилттай буурлаа. Гадаад валютын нөөц анх удаагаа таван тэрбум ам.долларын босго давж, түүхэн дээд түвшинд хүрлээ. Гадаад валютын нөөц нэмэгдсэнээр төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлж байна. Экспортын орлого нэмэгдэн урсгал тэнцэл сүүлийн 16 жилд анх удаагаа ашигтай гарч, төлбөрийн тэнцэл сайжрах нөхцөлийг бүрдүүллээ.

Банкны салбарын хувьд эдийн засгийн өсөлтийг дэмжиж, санхүүгийн зуучлалын үүргээ амжилттай хэрэгжүүллээ. Банкны реформ үргэлжилж, банкнууд хувьцаат компанийн хэлбэрт шилжсэний зэрэгцээ мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо дэлхийн жишигт нийцэн сайжирч, олон улсын хамтын ажиллагаанд идэвх чармайлт гаргасны үр дүнд корреспондент банкны харилцааг ахиулж, гадаад төлбөр тооцоог илүү үр ашигтай гүйцэтгэх боломж бүрдлээ. Монголын эдийн засгийн энэхүү хөгжил дэвшлийг бүтээхэд манай банк, санхүүгийн салбарынхны оруулсан хувь нэмэр өндөр бөгөөд Монголбанк болон бусад бүх банкны удирдлага, ажилтан хамт олонд Монгол Улсад банк үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе” хэмээн онцлон хэлсэн юм. 

                 

Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд өнгөрсөн зургаадугаар сарын 2-нд “Чингис хаан” үндэсний музейд “Банк-100” гэрэл зураг, мөнгөн тэмдэгт, маркийн үзэсгэлэн нээгдсэн юм. “Банк-100” үзэсгэлэнд Монгол Улсын банкны салбарын зуун зуун жилийн түүхэн фото зургууд болон монголчуудын төлбөрийн хэрэгсэл, зоос, дурсгалын зоос, мөнгөн тэмдэгтийн хөгжлийг илтгэсэн ховор нандин цуглуулга, үзмэрүүдийг нэг дор дэлгэсэн байв. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монгол Улсад банкны салбар үүсэж бэхжсэний 100 жилийн ойд зориулан гаргасан “Монголбанк-100 жил”, “Хубилай хааны зарлиг”, “Хос луу” сэдэвт дурсгалын зооснуудыг албан ёсоор олон нийтэд танилцуулав. Мөн “Монгол шуудан” ХК-иас банкны салбарын 100 жилийн ойд зориулсан “Анхны өдөр” маркийн эх зургийг нээх ёслол, маркийг Монголын маркийн музейд хадгалуулах дугтуйнд гарын үсэг зурах зэрэг ёслолууд болсон юм.

Энэхүү түүхэн цаг үеийг тохиолдуулан “Mongolian Economy” сэтгүүл Монголын банк, санхүүгийн салбарын туулж ирсэн зам, бүтээсэн ажил үйлс, хийж хэрэгжүүлсэн бодлого шийдвэрийн талаарх тусгай дугаарыг монгол, англи хувилбараар бэлтгэн хүргээд байгаа билээ.