Банкуудын тайлангаас тодруулах үзүүлэлтүүд

Т.Амаржаргал
2026-01-28 14:26:57
Ангилал: Эдийн засаг

Банкуудын нийт актив жилийн дотор 19.9 хувиар тэлж, 85.4 их наяд төгрөгт хүрсэн ч 2025 он энэ салбарт багагүй сорилт тулгажээ. Үүнийг томоохон банкуудын өсөлт саарснаас ажиглаж болох юм. Тодруулбал, ХасБанкны цэвэр ашгийн хэмжээ 2024 оны түвшиндээ тэнцэж буй бол Голомт банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банкны цэвэр ашиг 2024 оныхоос илтэд буурсан байна. Харин ХААН банкны хувьд, арай өөр дүр зураг ажиглагдав.

ХААН банк хамгийн өсөлттэй нь

ХААН банкны актив 23.9 их наяд төгрөгт хүрч өссөний зэрэгцээ цэвэр ашгийн өсөлтөөр системд нөлөө бүхий банкуудаа тэргүүлэв. Банкны 2025 оны цэвэр ашгийн хэмжээ 695 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх онынхоос 8.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Цэвэр ашгийн өсөлттэй зэрэгцэн нэгж хувьцааны ханш нь жилийн турш  21 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл, ХААН банкны хувьцаа эзэмшигчид 2025 онд ногдол ашигтайгаа нийлээд 37 хувийн өгөөж хүртсэн нь харьцангуй сайн үзүүлэлт юм. Мөн банкны менежмент, хөрөнгө оруулалтын өгөөж зэргийг илтгэдэг өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 26.3 хувь байгаа нь бусад банкнаас харьцангуй өндөр байна. 

Голомт банк хүүгийн зардлаараа хойш татуулав

Голомт банкны нийт актив 23.4 хувиар, өөрийн хөрөнгө 22.8 хувиар өссөний зэрэгцээ цэвэр зээлийн хэмжээ 23 хувиар нэмэгдэж 8 их наядын босгыг давжээ. Зээлийн багцаа өсгөж, чанаргүй зээлээ бууруулах “нүүдэл”-ийн үр дүнд чанаргүй зээлийн хэмжээ 2.5 хувь болж, сүүлийн дөрвөн жилийн доод түвшинд хүрээд байна. Гэвч тааруу мэдээ нь, хүүгийн зардлын өсөлтөөс шалтгаалан банкны цэвэр ашиг өмнөх оноос 21 хувиар татарч,  345.1 тэрбум төгрөг болжээ. 

ХХБ-ны хувьцаа хамгийн уналттай нь

Санхүүгийн жилийн үр дүнгээ хамгийн сүүлд танилцуулсан Худалдаа хөгжлийн банк багагүй сорилттой жилийг туулсан бололтой. Банкны нийт актив 20.7 хувиар өссөн ч цэвэр ашгийн хэмжээ 15.6 хувиар буурч 251.6 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Мөн өөрийн хөрөнгийн өгөөж (ROE)-өөр Төрийн банкнаас арай дээгүүр түвшинд байна. Хувьцааны ханшийн тухайд, оны эхэнд 24,200 төгрөг байсан бол оны эцэст 19,220 төгрөг болж, 20.5 хувиар буурчээ. Мөн IPO хийсэн банкуудаас хувьцааны ханш, зах зээлийн үнэлгээгээ хамгийн өндөр хувиар алдсан банк нь Худалдаа хөгжлийн банк болж байна. 

Төрийн банк төлөвлөгөөндөө хүрсэнгүй 

Төрийн банк хөрөнгийн суурь өсөлтөө хадгалсан ч цэвэр ашгийн үзүүлэлтээр “томчууд” дундаа хоцров. Тайлант хугацаанд тус банк 83.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь 2024 оныхоос 22.8 хувиар багассан үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл энэ нь IPO хийснээс хойших хамгийн тааруу ашгийн гүйцэтгэл болж байна. Төрийн банк IPO хийх үеэрээ хөрөнгө оруулагчдад ирээдүйгээ зураглаж танилцуулсан. Ингэхдээ 2025 онд 128.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн боловч, эл “амлалт”-даа бүрэн дүүрэн хүрч чадсангүй. Мөн банкны менежмент, хөрөнгө оруулалтын өгөөжийн “толь” болсон өөрийн хөрөнгийн өгөөж (ROE)-өөр системд нөлөө бүхий банкуудынхаа хамгийн сүүлд байна. 

ХасБанкны өсөлт тогтвортой байна

Компанийн хувь эзэмшлийн бүтэц, засаглалаар харьцангуй үлгэр жишээ банк бол ХасБанк. Тус банкны нийт хөрөнгө нь 8.5 хувиар өсөж, 6.9 их наяд төгрөгт хүрсний зэрэгцээ цэвэр ашгийн хэмжээгээ харьцангуй тогтвортой түвшинд барьж чадлаа. Харин хувьцааны ханшийн тухайд, 2025 оны турш хувьцаагаа буцаан авах хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд жилийн дотор 16.7 хувиар өсжээ. Мөн IPO хийснээс хойш хувьцааны ханшийн өсөлтөөр ХААН банктай ойролцоо түвшинд буюу банкууд дотроо аман хүзүүдэж байна.  

 

 

 

 

 

 

Т.Амаржаргал