ББСБ-ын зээлдэгчдийн тоо хоёр дахин нэмэгджээ
Санхүүгийн зохицуулах хорооноос өнөөдөр санхүүгийн салбарын 2022 оны эхний хагас жилийн тойм мэдээллээ танилцууллаа.
Монгол улс ФАТФ-ын Зөвлөмж 15-ын хэрэгжилтийн хангуулж стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт болох “Саарал жагсаалт”-аас гарсан. Энэ хүрээнд СЗХ Малайзад өнгөрсөн долдугаар сарын 24-28-ны өдөр зохион байгуулагдсан уулзалтад Монгол улс үнэлгээний тайлангаа амжилттай хамгаалж, ФАТФ-ын гишүүн бус орнуудаас Зөвлөмж 15-ын үнэлгээг ахиулсан анхны улс болсон талаар мэдээллээ. Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамаардаг хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодын ДНБ-д эзлэх хувь хэмжээ энэ оны эхний хагас жилийн байдлаар 20.3 хувьд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2.0 пунктээр өссөн үзүүлэлт юм. Үүнээс хөрөнгийн зах зээлийн үнэлгээг ДНБ-д харьцуулсан дүн 11.3, даатгалын зах зээл 1.0, ББСБ 7.4, ХЗХ 0.6 хувьтай байна. Санхүүгийн зохицуулах хороо Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж байгаа бол Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, Жолоочийн даатгалын тухай хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн үзэл баримтлал болон хуулийн төслүүдийг эцэслэн боловсруулж, өргөн барихаар ажиллаж байна гэлээ. Мөн Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн төслийг боловсруулж, зах зээлд оролцогчид болон хоршооны гишүүдээр хэлэлцүүлж байгаа ба шинэ хоёр салбар болох санхүүгийн бус бизнесийн салбарын хуулийн төслүүдийг боловсруулж эхэлжээ.
Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 27.2 хувь буюу 1,033.87 тэрбум төгрөгөөр өсөж 4,841.0 тэрбум төгрөгт хүрч, хувьцааны хөрвөх чадвар 2.3 хувь байна. 2022 оны хоёрдугаар улирлын байдлаар нийт 275.9 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсан ба нийт арилжааны 41.2 хувийг хувьцаа, 36.9 хувийг компанийн бонд, 21.0 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 0.9 хувийг хөрөнгө оруулалтын сан тус тус эзэлж байна. Шинээр болон нэмж хувьцаа гаргах нийт 7 компанийн 46.7 тэрбум төгрөгийн хувьцааг бүртгэснээс 5 компани 26.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлсэн. Мөн нэг компани хаалттай хүрээнд өрийн хэрэгсэл гаргаж 7.0 тэрбум төгрөг, хоёр компани нээлттэй хүрээнд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж 55.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус амжилттай татан төвлөрүүллжээ.
Энэ сарын 15-ны өдрийн байдлаар биржийн бус зах зээлд нийт 63 үнэт цаас гаргагчийн 1.1 их наяд төгрөгийн өрийн хэрэгсэл бүртгэснээс 602.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлээд байна. Харин 2022 оны эхний хагас жилийн байдлаар 30 үнэт цаас гаргагчийн 292.6 тэрбум төгрөгийн өрийн хэрэгсэл бүртгэж, үүнээс 150.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлсэн байна. ТОП-20 индекс өнгөрсөн оны мөн үеэс 713.33 нэгжээр буурч 32,795.68 нэгжид хүрлээ. ТОП 20 ХК-уудын зах зээлийн үнэлгээг салбараар ангилан харахад аж үйлдвэр 58.5 хувь, уул уурхай 18.8 хувь, банк санхүүгийн байгууллага 17.5 хувийг эзэлж байна. Даатгалын зах зээл: Даатгалын салбарын хувьд нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар өсөж 431.4 тэрбум төгрөгт хүрсэн бол, нөөц сан 1.8 хувиар буурч 185.9 тэрбум төгрөгт тус тус хүрлээ. Ердийн болон урт хугацааны даатгалын салбар 59.1 их наяд төгрөгийн даатгалын үнэлгээтэй 1,694,097 зүйлийг даатгаснаар нийт хураамж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.9 хувиар өсөж 124.3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүллээ.
Банк бус санхүүгийн байгууллага: Улирлын байдлаар нийт 527 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн нийт хөрөнгийн хэмжээ 3.2 их наяд төгрөг хүрчээ.
ББСБ-ын нийт харилцагчдын тоо давхардсан тоогоор 4.7 саяд хүрч тэдний 92.8 хувийг финтекийн харилцагчид эзэлж байна. Салбарын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 58.9 хувиар өсөж 2.5 их наяд төгрөг байгаа бөгөөд нийт зээлийн үлдэгдлийн 88.8 хувийг иргэдийн зээл, 11.2 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл бүрдүүлж байна.
Хадгаламж зээлийн хоршоо: ХЗХ-дын нийт хөрөнгө өмнөх онымөн үеэс 0.4 хувиар өсөж 271.6 тэрбум төгрөгт хүрсэн ба үүнээс хадгаламжийн хэмжээ 189.4 тэрбум төгрөг буюу 69.7 хувийг эзэлж байна. Нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 16.6 хувиар өсөж 217.8 тэрбум төгрөгт хүрснээс 3.3 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Салбарын хадгаламжийн жигнэсэн сарын дундаж хүү өмнөх оны мөн үеэс 0.16 пунктээр буурч 1.22 хувьд хүрсэн бол зээлийн жигнэсэн сарын дундаж хүү өмнөх оны мөн үеэс 0.34 пунктээр буурч 2.12 хувь болсон. Салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 2.0 дахин нэмэгдэжээ
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбар: Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй 284 компани, тэдгээрийн 301 брокер, 1,392 агент ажиллаж байна. Давхардсан тоогоор 284 ҮХЭХЗ-ын байгууллага нийт 3,688 хэлцлээр 765.1 мянган м.кв талбай, 617.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан худалдан, шилжүүлжээ. Харин нийт 1,777 хэлцлээр 172.1 мянган м.кв талбай, 48.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан хөлслүүлж, түрээслүүлсэн байна.
Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн салбар: Салбарт үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид 2022 оны 2 дугаар улирлын байдлаар 129.5 тэрбум төгрөгийн үнэт металлын борлуулж, 120.9 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдан авчээ. И-баримтын мэдээгээр 264 үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч иргэн, хуулийн этгээд 16,555 бүтээгдэхүүнийг 4.8 тэрбум төгрөгөөр худалдан борлуулсан байна.