Биднийг дэмж

Mongolian Economy
2023-10-30 15:31:36
Ангилал: Дэлхий 2023 онд

Сургуулиа сонгох хөдөлгөөн эрчээ авч байна

Америк сурагчдын 90 хувь улсын сургуульд сурдаг. Энэ байдал өөрчлөгдөж магадгүй. Арьс өнгөний онолыг хориглох, трансжендер хүүхдийг төрөлх хүйсийнх нь дагуу спортын тэмцээнд оролцуулахын төлөөх тэмцлээс гадна сургуулиа сонгох хөдөлгөөн эрчийг авч байна. Сүүлийн хоёр жилд 17 муж арьс өнгөний онолыг хориглож, 18 муж трансжендер тамирчны тухай чанга хууль гаргажээ. Харин 22 нь сургуулиа сонгох хөтөлбөрийг 2021 онд эхлүүлж, эсвэл өргөжүүлэв.

Сургууль сонгох гэдэг нь төсвийн зардлаар боловсрол олж авах нэмэлт боломжийг айлуудад өгдөг бодлогыг хэлдэг. Уг нь төсвийг мужийн боловсролын системд хадгалах ёстой. Ихэнх мужид сурагчийг гэрийн ойролцоох сургуульдаа явахыг шаарддаг бол зарим нь дүүрэг, муж дотроо шилжин суралцахыг зөвшөөрдөг. Аризона шиг зарим муж өөр мужаас ирж суралцах хүсэлтэй сурагчаас ямар нэг төлбөр авалгүй багтаамждаа тааруулж элсүүлэхийг сургуулиудад зөвшөөрсөн хуультай.

Илүү чанга хувилбараар бол улсын боловсролын системээс мөнгө авч хувиараа суралцахыг зөвшөөрдөг. Улсын боловсролын системээс жил бүр 7000 хүртэлх доллар авч хүүхдээ өөр мужид сургахыг нь эцэг эхчүүдэд зөвшөөрсөн хуульд Аризонагийн захирагч, Бүгд найрамдах намын гишүүн Даг Дюси 2022 оны долдугаар сард гарын үсэг зурсан. Эл мөнгийг сургалтын төлбөр, гэрээр сургах, багшлах зэрэгт ашиглаж болно.

Аризонагийн энэ шинэ алхам нь сүүлийн 10 жилийн турш томорсоор буй боловсролын хөтөлбөрийн нэг нэмэлт болов. Empowerment Scholarship Accounts нэртэй ийм нөхөн төлбөрийг өмнө нь эцэг эх нь армид алба хаадаг, эцэг эх дээрээ байдаггүй зэрэг тодорхой шалгуур хангасан сурагчдад л олгодог байв. Тэрхүү системийг 11800 хүүхэд ашиглаж байлаа. Харин уг шинэ хууль нь сургуулийн насны 1.1 сая хүүхдийг хамрах учир АНУ-ын хамгийн өндөр өртөгтэй сургууль сонголтын хөтөлбөр болов.

Бүгд найрамдах нам хүссэн мужаасаа сургуулиа сонгож сурахыг дэмжиж байна

Нийгмийн статусаас үл хамаарч бүх гэр бүлд сонголт өгдөг гэж ийм хөтөлбөрүүдийг дэмжигч нар хэлдэг. Харин эсэргүүцэгчид нь ийм систем нь хувийн сургуульд хүүхдээ сургадаг хамгийн баян гэр бүлүүдийг дэмжиж байна гэдэг. Мөн улсын сургуулийн системээс ийн мөнгө авах нь ийм сургуулийн сурагч нарт хохирол учруулна гэж тэд эмээж байна.

Аризонагийн систем нь одоогоор ихэвчлэн хувийн сургуулийн сурагчдад үр шимээ өгч байна. Аризонагийн боловсролын албаны мэдээллээс үзвэл наймдугаар сард төсвийн мөнгийг ашиглаж хүүхдээ хувийн сургуульд сургахаар хүсэлт гаргасан 6500 сурагчийн 75 хувь нь тус мужийн улсын сургуульд огт сурч байгаагүй аж.

Үндэс угсаа, хүйс зэрэг сэдвээр маргаантай хичээл заадаг зүүн үзэлт боловсролын систем гэж шүүмжилж буй Бүгд найрамдах намын олон гишүүн хүссэн мужаасаа сургууль сонгох боломжийг дэмжиж байна. “Өнөөгийн соёлын тулаанд сургуулийг нэг төрлийн шийдэл болгох замаар сургуулиа сонгох хөдөлгөөн түрэн орж ирснээр их олон дэмжигчтэй болно” гэж Heritage Foundation консерватив тинк-танк 2022 оны тайландаа дурдсан.

Улс төрийн эл тулгалт үр дүнгээ өгч магадгүй. 2020 онд америкчуудын 41 хувь улсын сургуульд “маш их, эсвэл багагүй” итгэдэг байсан бол 2022 онд 28 хувь болж буурсан гэж Gallup тэмдэглэжээ. Бүгд найрамдахчуудын тооцооллоор энэ тоо 34 байснаа 14 хувь болж багассан аж.

Гэвч цэнхэр мужууд үүнтэй тэмцэж байна. Калифорни муж дөрвөн настай бүх хүүхдийг хамарсан, сургуулийн үнэгүй хоол бүхий 124 тэрбум ам.долларын боловсролын хөтөлбөрийг эхлүүлэв. Захирагч Гэвин Ньюсом эл санаагаа түгээхийн тулд Флоридад сурталчилгааны байршил худалдаж авчээ. Бүгд найрамдахчуудын үзэл суртлын эсрэг, улсын сургуулиудыг дэмжих нь зөв гэдгийг батлахын тулд уг бодлогыг гаргасан гэж Ньюсомын ажлын албаны дарга Бен Чида хэлсэн. Хоёр тал бууж өгөхийг хүсэхгүй учир 2023 онд маргаан улам ширүүснэ.

ТАМАРА ГИЛКЕС БОРР АНУ-ын бодлогын сурвалжлагч, The Economist, ВАШИНГТОН

Дэлхий 2023 дугаараас

Mongolian Economy