Бид хөгжсөөр л байна уу…

Mongolian Economy
2024-04-17 15:35:39
Ангилал: Байр суурь

(цуврал нийтлэл-1)

ӨМНӨХ ҮГ

ЦАР ТАХАЛ бидний байгаа байдлыг үнэн бодитоор нь шалгаж8 ямар байх ёстойг хэлээд өгсөөн. Энэ бол яалт ч үгүй гэнэтийн давагдашгүй хүчин зүйл байсан гэж бодъё. Гэтэл манай бодлого, засаглалтай шууд холбоотой ЖДҮ, БЗС, ХБ-ны хэргүүд, Үер усны сүйтгэл, Нүүрсний хулгай, Шатахууны хомсдол, Цахилгааны хязгаарлалт, Ногоон автобусны хэрэг, Нийслэлийн утаа, түгжрэл,  газрын наймаа,  стандартгүй барилгажилт, Хий тээвэрлэгчийн ослын хөнөөл, Зудын гамшиг” гэх зэргээр ар араасаа хөвөрсөн дуулиан шуугиан, хүндрэл бэрхшээлгүй нэг ч өдөр өнгөрсөнгүй! Энэ бүхний уг учигт өнөөх л АВЛИГА гэдэг БАС НЭГ ЦАР ТАХАЛ байсаар л…

Засгийн газраас өнгөрсөн хугацаанд авлигатай тэмцэх хүрээнд “5Ш” ажиллагаа тэргүүтэй олон арга хэмжээ хэрэгжүүлсэн ч “Transparency international” байгууллагаас гаргадаг “Авлигын төсөөллийн индекс”-т Монгол Улс 2023 оны байдлаар 180 улсаас 121-рт эрэмбэлэгдэж өмнөх жилээс 5 байраар ухарсан үзүүлэлттэй гарчээ.

УИХ 2023 оны хаврын чуулганаа “Авлигын эсрэг” чуулган болгон зарлаж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгасан өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулсан. “Хөгжлийн банкны”, “Нүүрсний” гэх мэт олны анхаарлыг татсан үйл явдлуудаар УИХ-д Хянан шалгах түр хороо байгуулж, Нээлттэй сонсгол зохион байгуулснаар улс орон, ард түмний хөгжин дэгжих боломжийг хулгайлсан томоохон луйврын үйлдлүүдийг ил тод болгож эхэлж байна.

Энэ АВЛИГА яагаад ийм амь бөхтэй байгаад байна? Манай ЗАСАГЛАЛЫН ТОГТОЛЦООНЫ ГАЖГААС л болдог гэдгийг хүмүүс ойлгочихоод байна. Тэгэхээр энэ тогтолцоог бүрдүүлдэг БОДЛОГО, уг бодлогыг тунхаглаж хэрэгжүүлдэг ШИЙДВЭР ГАРГАГЧ нартай л холбоотой болж байна! Тэдэнд ийм тогтолцоо нь ашигтай байгаа учраас өөрчлөхийг хүсэхгүй байгаа юм байна гэсэн бодол ч өөрийн эрхгүй төрж байна.

Бидний ажил амьдралын бүхий л цэгт халдварласан АВЛИГАЧДЫН СҮЛЖЭЭ шат шатанд шигсэн АВЛИГАЧДЫН ДАВХАРГА болон хөгжиж дэвжихдээ бүр шүүх, цагдаа, прокурорынхныг өөртөө элсүүлж, хүссэн зоргоороо асуудлаа шийдүүлж чаддаг болжээ.

АВЛИГАЧ нар эх орны маань баялгийг их наядаар нь цөлмөж, гэр орондоо хэдэн арван тэрбумаар нь хадгалж, бүр оймсондоо хэдэн саяар нь чихэж, олон тансаг хауснуудаасаа гадна олон зуун орон сууц худалдан авч өндөр үнээр түрээсэлж, гадаадын өндөр үнэтэй зочид буудал, амралтын газруудад амарч зугаацаж, үүндээ ч ханаж цадалгүй үр хүүхдүүдээ улсын мөнгөөр гадаадад сургаж, дураараа дургиж, зоргоороо ААРХСААР

АРД ИРГЭД маань авлигачдын банк, банк бус зэрэгт орон сууц, хашаа байшин, унах унаагаа 20-30хан хувийн үнэлгээгээр барьцаалж сар бүрийн өндөр хүүг нь төлж чадахгүйгээсээ болж хураалгаад амьдрах орон гэргүй, амьжиргаагаа залгуулах унаа тэрэггүй болсоор… Эд хөрөнгөгүй нэг нь эцэг эхээсээ өвлөж авсан үнэт эдлэл, алт мөнгөн ээмэг бөгжөө авилгачдын сүлжээ ломбардуудад 2 долоо хоногт 6-9%-ийн хүүтэйгээр хоногийн хоол залгуулах төдий хэдхэн зоосонд барьцаалж, эгүүлэн авч чадахгүй орхисоор… Бүр ядмаг нэг нь хүнсний мухлагаас талх таллаж, гурил будааг граммалж авсаар… Ихэнхи ид хөдөлмөрийн насны залуучууд эх орноосоо дайжиж гадаадад боолын хөдөлмөр эрхэлж ар гэртээ хоолны мөнгө арай чүү л залгуулсаар…

гэх мэтээр тоочоод баршгүй түмэн зовлонг ард иргэд маань үүрсээр, ТУЙЛДСААР…ЭХ ОРОН МААНЬ ДЭЛХИЙН ХӨГЖЛӨӨС ХОЦОРСООР …УЛАМ Л ХОЛ ХАЯГДСААР…

“Монголын эдийн засгийн форум-2024” 2-р сарын 1,2-нд Төрийн ордонд чуулж “Бүсчилсэн хөгжил” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсөн бөгөөд энэ Форумд танилцуулсан Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай санал нийлэхгүй зарчмын хэдэн чухал асуудал гарсан учраас би зөв зүйтэй гэж үзэж буй байр сууриа илэрхийлж нийтлэл бичсэн юм.

Бүсчилсэн хөгжлийн бодлого бол улс орны хөгжлийн хэтийн төлвийн стратеги учраас зөвхөн өнөөдрийн байгаа боломж, нөөцдөө тулгуурлаж явцуу хүрээнд олон жижиг бүсэд хувааж төлөвлөх бус харин Монгол улсынхаа ирээдүйн хөгжлийг томоор харж дэлгэмэл байдлаар төлөвлөх нь зүйтэй гэсэн үүднээс тодорхой саналаа дэвшүүлсэн байгаа.

Өнөөдөр улс орныхоо хөгжлийг 50 жилээр төлөвлөж үе шаттайгаар хэрэгжүүлнэ гээд алхам алхмаар урагшлуулах гэж аргалж аргацаах бол АЛСЫН ХАРАА биш ээ!

Алсын хараа гэдэг бол өнөөдрөөс эхлэн урьдийн хэвшмэл ”ядуу сэтгэлгээ”, арга барил, хандлагаа эрс өөрчилж илүү үр дүнтэй, дайчин давшингуй бодлогод шилжихийг хэлнэ гэдгийг бидэнтэй ижил гараанаас эхлээд өдгөө эрчтэй хүчтэй хөгжиж буй улс орнуудын туршлага жишээ бэлхнээ харуулж байна.

Биднийг өнөөгийн хөрөнгө хүчний хомсдолдоо баригдсан ядуу сэтгэлгээгээр хөгжил дэвшилд хагас зуун жилийн дараа хүрнэ гэж хүлээж сууж байх энэ цаг дор дэлхийн хөгжлийн цаг хугацааны хэмжүүр эрс өөрчлөгдөж цоо шинэ кибер орон зай, хиймэл оюун ухаанд суурилсан хөгжлийн шинэ эрин үе эхэлчихээд байна. Өнөөдөр бусад улс орон Саран дээр суурьших, Ангараг гаригийг эзэмших, Хиймэл нар хийх, Хиймэл оюун бүтээх, Цахим эдийн засгийг хөгжүүлэх талаар шаргуу ажиллаж байна.

Иймээс эдгээр давшингуй хөгжиж буй зарим орны туршлагыг судлах явцад олж мэдсэн хөгжлийн бодлогын зарчмын хэдэн тулгуур асуудлын талаар өнөөгийнхөө боломжийн хэмжээнд ярьж таниулж, надтай адил бодол санаа, мэдлэг мэдээлэл, сэтгэл зүтгэл, зорилго тэмцэл нэгтэй байгаа хүмүүстэй дуу хоолойгоо нэгтгэн улс орныхоо хөгжил дэвшилд гол хариуцлага хүлээх ёстой ТӨР, ЗАСГИЙН УДИРДАГЧ нарт өргөн мэдүүлж, үр дүнтэй шийдэл, шийдвэр гаргаач гэж шахаж шаардсаар ирсэн.

Бид ийнхүү хурдтай хөгжиж буй бусад орны туршлагаар бүтээн байгуулалтын том том төслүүдийг хойш тавилгүй цогцоор нь нэгэн зэрэг хэрэгжүүлэх ДАВШИНГУЙ, ДАЛАЙЦТАЙ, ДААЦТАЙ хөгжлийн бодлогод (Бүсчилсэн хөгжлийн бодлого ч үүний нэг чухал хэсэг) шилжих аваас эх орон маань үсрэнгүй хөгжлийнхөө шатанд гарч олон улсын хэмжээнд нэр хүндтэй, тэргүүлэх эдийн засагтай улс болох бүрэн боломжтой.

Иймээс би улс орныхоо эдийн засгийн өнөөгийн хүндрэл, бэрхшээлийг давж гарах гарц, шийдлийг олох, цаашид эх орноо эрчтэй, хүчтэй хөгжүүлэх асуудалд сэтгэл, оюунаа дайчлан эдийн засагч хүний хувьд бодол санаа, шүүмж дүгнэлт, гарц гаргалгааны санал бүхий цуврал нийтлэл бичье гэж бодсон юм аа.

 

(Үргэлжлэл нь дараагийн дугаарт)

 

 

 

Mongolian Economy