Бид эргэж ирлээ

Mongolian Economy
2023-11-02 14:03:49
Ангилал: Дэлхий 2023 онд

Авторитар эрх баригчид эргэн сэргэж байна.

Коммунист дарангуйлал (Вьетнам, Лаос), капиталист дарангуйлал (Камбож), цэргийн дарангуйлал (Мьянмар), хаант засаглал (Бруней), нэг намын засаглал (Сингапур), төрийн ивээлд суурилсан ардчилал (Малайз, Индонез, Филиппин) зэрэг авторитарианизмын бүх сонголтыг Зүүн Өмнөд Ази харуулсаар ирэв.

Гэвч сүүлийн 10 жилд ардчилал үндэслэж байна гэх итгэл төрлөө. 2014 оноос хойших олон сонгуулиар сонгогчид өөрчлөлтийг шаардаж, гайхалтай нь өөрчлөлтийг мэдэрч эхлэв. Тэр жил индонезчүүд Жоко Видодог Ерөнхийлөгчөөр сонгосон. Арми эсвэл элит гэр бүлээс гаралтай биш, улс төрөөс хол байсан түүнийг 16 жилийн турш үргэлжилсэн дарангуйллын эрин үеийг дуусгагч гэж тооцож байв.

Ардчиллыг дэмжигч Аун Сан Су Чи-гийн намыг 2015 онд мьянмарчууд санал өгч сонголоо. 50 жил тус улсыг удирдсан арми түүнд  албан тушаалдаа залрах боломжийг олгосон. 1957 онд тусгаар тогтносноос хойш давамгайлсаар ирсэн United Malays National Organisation (UMNO) намыг малайзчууд 2018 онд Засгийн газраас хөөв. Зүүн Өмнөд Азийн сонгогчид дарангуйлагч нартаа ээлж дараалсан цохилт өгсөн нь энэ байлаа.

Гэвч тэдний угсраа цохилтууд үхлийнх байсангүй. Зүүн Өмнөд Азийн автократууд эргэн сэргэж байна. Зарим нь төрийн эрхэнд хууль бусаар гарав. Су Чи-д нэр нөлөөгөө алдахаас сэрэмжилсэн Мьянмарын арми 2021 онд төрийн эргэлт хийв. Зарим нь өрсөлдөгч нарынхаа ар нуруунд хутга шаадаг. 2021 онд UMNO Малайзад ийм арга хэрэглэсэн агаад 2022 оны сүүлчээр болох сонгуулиар эрх мэдлийг дахин авах төлөвтэй. Зарим нь сонгуульд хууль ёсоор ялалт байгуулдаг. 2022 онд дарангуйлагч асан Фердинанд Маркосын хүү “Бонбон” Маркос Филиппиний Ерөнхийлөгчийн сонгуульд давуу ялсан.

Индонезэд Жокови ардчиллын нэр хүндийг унагаж, эрх мэдлээ буруугаар ашиглаж, үндэстний цөөнхийг үл хайхарч, дарангуйлагч Сухартог шүтдэгээ ил тод тунхаглав. Илүү их айдас төрүүлсэн үйл явдал тус улсыг хүлээж байж магадгүй. 2024 онд Жоковиг залгамжлах хамгийн өндөр боломжтой хүн нь Сухартогийн хүргэн асан, тус дарангуйлагчийн удирдлагад генерал байсан, 1990-ээд онд хүний эрхийн зөрчил гаргаж байсан хэмээн буруутгагддаг Прабово Субианто юм. Индонезийн улс төрийн хүчний хуваарилалтыг эргүүлж, төв засгийн газарт илүү их эрх мэдэл төвлөрүүлэх хүслээ тэрбээр ил тод илэрхийлдэг.

Сүүлийн хэдэн жилийн өөрчлөлт нь Зүүн Өмнөд Ази дахь эрх мэдлийн төрхийг дахин сануулав. Хүмүүс сонгуулиар санал өгсөн ч эрх мэдлээ хадгалж чадна гэдгийг мэдэж байгаа учраас олон автократ дэглэм ардчиллыг өөриймшүүлж байна. Улстөрчид сонгуулийн газрын зургийг өөрсдийн хүсэлд нийцүүлэн өөрчилж, санал худалдан авч, сонгуулийн хайрцгийг хуурамч саналаар дүүргэдэг.

Сонгогч нар ийм залийг үл анзаараад “буруу” нэр дэвшигчийг сонгодог. Ийм зүйл болбол хуучны эрх мэдэлтнүүд төрийн эргэлт хийж, дахин сонгууль явуулахыг шаарддагийг Мьянмар, Тайландын армийн үйлдлээс харж болно. 2023 оны тавдугаар сард болох сонгуульд сөрөг хүчин ялбал Тайландын арми гарцаагүй тэгнэ. Тус бүс нутгийн автократуудын хувьд ардчилал бол үүргээ гүйцэтгэсэн даруйд нь гаргаад шидчихдэг гэмт үйлдлээ халхавчлах навч болж хувирчээ.

ЧАРЛИ МАККАНН Зүүн Өмнөд Ази хариуцсан сурвалжлагч, The Economist, СИНГАПУР

Дэлхий 2023 дугаараас

Mongolian Economy