Нүүрсний орлого гурав орчим тэрбум ам.доллароор буурав

B Shurenchimeg
2026-01-14 16:37:00
Ангилал: Уул уурхай

2025 онд манай улсын эрдэс бүтээгдэхүүний экспортын 99.2 хувийг нүүрс, зэсийн баяжмал, молибдены баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр, цайрын хүдэр болон боловсруулаагүй нефтийн экспорт эзэлжээ. Тэр дундаа нүүрсний экспорт 2025 онд 89.7 сая тоннд хүрч, 2024 онтой харьцуулахад 6 сая гаруй тонноор өссөн ч үнийн дүн нь 3 орчим тэрбум ам.доллароор, хилийн дундаж үнэ 41.1 ам.доллароор буурчээ. Өөрөөр хэлбэл, экспортод гаргасан нүүрсний хэмжээ нэмэгдсэн ч үнэ буурсан байна. 

Харин 2025 онд зэсийн баяжмалын үнэ дэлхий дахинаа өсөж түүхэн дээд ханш дээр очсон нь манай улсад эергээр нөлөөлөв.

Зэсийн экспортын орлого 2021 оноос хойш анх удаа нүүрсийг давж, 5.8 тэрбум ам.долларт хүрчээ. Засгийн газраас 2025 оны экспортын орлого 19.2 тэрбум ам.долларт хүрнэ гэж төсөөлсөн боловч Гаалийн Ерөнхий газрын мэдээллээс харахад 2025 оны нийт экспорт 15.7 тэрбум ам.доллар байна. Ингэснээр экспортын хэмжээ төсөөлснөөс 18.2 хувиар бага байлаа.

 

B Shurenchimeg