Бизнесийн гол төлөөллийн байгууллагууд хамтран уриалга гаргалаа

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Бизнест ээлтэй Монгол” хөтөлбөрийн хүрээнд бизнесийн байгууллагын төлөөллүүд бизнесийн орчин, татварын багц хууль,зөвшөөрлийн тухай хуулийн талаар байр сууриа илэрхийлэн хэвлэлийн бага хурал хийлээ.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од: Жижиг, дунд, гарааны бизнесүүдийн ХХОАТ, ААНОАТ, НДШ-ийг нь хамгийн багаар тогтоох, гадны улсуудын адил 4-5 жил чөлөөлөх зэрэг дэмжлэг үзүүлбэл олон ажлын байр бий болгох боломжтой. Өөрөөр урагшлах ямар ч боломж байхгүйг хэлээд, мөн аж ахуйн нэгж байгууллагууд 25 хувийн нийгмийн даатгалын шимтгэл төлж байгааг өөрчлөх цаг болсныг онцоллоо.
Хуралд оролцсон төлөөллүүд бизнесийн орчныг сайжруулахад хөрөнгө оруулалтын таатай орчин бий болгох, нийгмийн даатгалын системийн шинэчлэл хийх, тусгай зөвшөөрлийн асуудал хэдий багассан ч зөвшөөрлийн шинж чанартай бичиг баримтын тоо олширсон нь хуулиа зөрчсөн явдал болж энэ нь эргээд бизнес хийхэд ихээхэн дарамт учруулж байгаа талаар байр сууриа илэрхийлэв.
Эдгээр бизнесийн гол төлөөллийн байгууллагууд нийт бизнес эрхлэгчийнхээ өмнөөс Зөвшөөрлийн тухай хууль болон Татварын гол хуулиудад онцгой анхаарал хандуулж, эдийн засгийн макро өсөлтийн үед бий болох амжилтаа микро эдийн засагт буюу хувь хүн, ААН, нийт бизнес эрхлэгчдэдээ хүртээхийн төлөө цаг алдалгүй хэлэлцэн шийдвэрлэхэд үнэтэй санал санаачилгыг гаргахыг уриалсан уриалгыг гаргалаа.
Хэвлэлийн бага хуралд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-од, Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал н.Сувд Улаанбаатар худалдааны танхимын дарга Б.Хаш-Эрдэнэ, Монгол дахь Америкийн худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Адьяа, Монголын эдийн засгийн форум НҮТТБ-ийн тэргүүн Ч.Ганхуяг СЕО клубын гүйцэтгэх захирал Б.Гантулга нар оролцлоо.