Бодлого, зохицуулалт зах зээлийн тэлэлтэд эергээр нөлөөлсөн
Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны орон тооны гишүүн, дэд дарга Т.Цэрэнбадралтай ярилцлаа.
Хөрөнгийн зах зээлийг бирж дээрх үнэт цаасны арилжаагаар төсөөлдөг байсан бол одоо зах зээл ч, бүтээгдэхүүний нэр төрөл ч өсөж байна. Энэ өсөлтөөс та юуг онцлох вэ?
Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулагч, үнэт цаас гаргагчдын идэвх нэмэгдэж, арилжааны цар хүрээ тэлсээр байна. Өнгөрсөн таван жилд л гэхэд, санхүүгийн 117 бүтээгдэхүүн зах зээлд шинээр нэвтэрсэн байна. Тухайлбал, дотоодын аж ахуйн нэгжүүд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, хамтын хаалттай, нээлттэй хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх, биржээр арилжаалагддаг сан (ETF), төгрөг-ам.долларын бонд, дижитал бонд, ногоон бонд,
нийгмийн бонд, рейтингтэй бонд, биржийн бус зах зээлийн бонд зэрэг тогтмол өгөөжтэй шинэ бүтээгдэхүүнүүд гаргасан.
Голлох үзүүлэлтийн хувьд, 2025 оны жилийн эцэст зах зээлийн үнэлгээ 13.9 их наяд төгрөгт хүрч, 2020 оныхоос 4.58 дахин өссөн. Мөн зах зээлийн үнэлгээ ДНБ-ий 17.21 хувьд хүрч тэлсэн нь 2020 оны түвшнээс 2.13 дахин өссөн үзүүлэлт болж байна. Арилжааны тухайд, 2025 онд 1.32 их наяд төгрөгийн үнэт цаасны арилжаа хийгдсэн нь 2020 оноос 20 дахин өссөн үзүүлэлт. Өдрийн дундаж арилжаа л гэхэд, 5.3 тэрбум төгрөг хүрээд байна.
Биржийн бус зах зээл хурдацтай тэлж байна. Зах зээлийн хэмжээ, оролцогчдын цар хүрээг та тодруулж хэлэхгүй юу?
Санхүүгийн зохицуулах хороо биржийн бус зах зээлийг хөгжүүлж, дотоодын компаниуд богино хугацаанд зардал багатайгаар санхүүжилт татах таатай орчныг бүрдүүлэх бодлогын хүрээнд 2020 онд “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ыг баталсан. Улмаар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоонд энэ зах зээлийн арилжааг удирдан зохион байгуулах чиг үүргийг шилжүүлсэн. Биржийн бус зах зээлд компанийн бондын анхны арилжаа 2021 оны есдүгээр сард эхэлж, үүнээс хойш 2025 оны жилийн эцэс хүртэл 212 компани 430 бондыг хаалттай хүрээнд гаргасан байна. Дотоодын компаниуд 5.62 их наяд төгрөгийг биржийн бус зах зээлээр дамжуулан амжилттай татан төвлөрүүлсэн.
Мөн Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо саяхан биржийн бус зах зээлд блокчэйн арилжааны систем нэвтрүүлсэн. Ингэснээр биржийн бус зах зээлд 24/5 буюу ажлын таван өдөр цагийн хязгаарлалтгүйгээр үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоо хийгдэж байна. Үүнийг дагаад бондын хоёрдогч зах зээлийн арилжааны хөрвөх чадвар идэвхжиж, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоо өсөж байна.
Нэг зүйлийг онцлоход, бондын зах зээл бол хөгжлийн суурь. Компаниуд бонд гаргаснаар төсөл, хөтөлбөр, бизнесээ санхүүжүүлж, улс орны хөгжилд хувь нэмэр оруулдаг. Нөгөөтээгүүр, засаглал, нэр хүнд нь бэхжиж гадаад дотоод зах зээлээс дахин санхүүжилт татах бололцоо нэмэгддэг. Урт хугацаанд санхүүжилтийн өртөг зардал буурснаар эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөг үзүүлдэг. Тиймээс бонд гаргалт биржийн бус зах зээлээр хүрээгээ тэлсэнд баяртай байна.
Үнэт цаасны зах зээл тойрсон хууль эрх зүйн орчин хэр хангалттай байна вэ?
УИХ-аас Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүний үр дүнд санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөрөнгийн зах зээлд нэвтрэх эрх зүйн орчин бүрдэж, дотоодын компаниуд хөрөнгийн зах зээлээр дамжуулж урт хугацаат санхүүжилт татах үйл явц хялбаршсан. Энэ нь хөрөнгийн зах зээл дээрх мөнгөн урсгал нэмэгдэх, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоо өсөхөд чухал ач холбогдолтой.
Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос холбогдох журмуудыг баталж хувьцааны хамтын санхүүжилт (equity crowd funding) хийх, үнэт цаас зээлэх, зээлдүүлэх, хадгаламжийн сертификат арилжих, олон улсын байгууллагын бонд, хувийн хөрөнгө оруулалтын санг гэрээний үндсэн дээр үүсгэн байгуулах зэрэг шинэ боломжуудыг бүрдүүлээд байна.
Зах дээр илүү олон бараа байхын хэрээр бид сонголттой болдог. Үүн шиг яг одоо манай зах зээлд үгүйлэгдэж байгаа өөр бүтээгдэхүүн бий юу?
Манай зах зээлд хамгийн үгүйлэгдэж байгаа бүтээгдэхүүний нэг нь REIT буюу үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын сан. REIT нь томоохон үл хөдлөх хөрөнгөд зөвхөн их хэмжээний хөрөнгөтэй цөөн этгээд бус, харин олон нийт, жижиг, дунд хөрөнгө оруулагчид харьцангуй бага дүнгээр хөрөнгө оруулах боломжийг бүрдүүлдгээрээ онцлогтой. Энэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлснээр гадаадын хөрөнгө оруулагчид Монголын хөрөнгийн зах зээл, үл хөдлөхийн салбарт REIT-ээр дамжуулан оролцох боломж бүрдэнэ.
Энэ хэрээр зах зээлийн үнэлгээ өсөх, арилжааны идэвх нэмэгдэх, урт хугацааны тогтвортой хөрөнгө оруулалтын шинэ сонголт бий болох ач холбогдолтой.
Одоогоор манай улсад REIT-ийн онцлогт нийцсэн нарийвчилсан зохицуулалтын орчин бүрдээгүй байна. Иймд бид олон улсын сайн туршлага судлан хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруулж, УИХ-д саналаа хүргүүлэхээр ажиллаж байна.
Цаашид хорооны зүгээс зах зээлийн хөгжлийг дэмжих ямар ажил хэрэгжүүлэх вэ?
Бид хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог өсгөх шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхийг чухалчилна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагуудын шимтгэл, хураамж 50-75 хувиар буурсан. Цаашид ч үнэт цаас гаргахад тавих шалгуур, үе шат, зах зээлд оролцох зардлыг бууруулна.
Саяхан Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлтэй холбоотой зохицуулалтын үйлчилгээний хөлсийг 50 хувиар, үнэт цаасны брокерын зохицуулалт үйлчилгээний хөлсийг 2027 оноос эхлэн гурван жилийн хугацаанд түр чөлөөлөх шийдвэр гаргасан.
Хоёрдугаарт, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх хүрээнд хөрөнгө оруулалтын сангуудын үйл ажиллагааг үр дүнтэй бодлого зохицуулалтаар дэмжинэ. Гуравдугаарт, төрийн өмчит компаниудыг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд хувьчлах, санхүүгийн болон эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх бодлого, арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ. Төрийн
өмчит компаниудын хувьд, хувьцаагаа олон нийтэд санал болгож, нээлттэй компани болсон сайн жишээ нэгээр тогтохгүй бий. “Монгол шуудан”, “Төрийн банк”, “Монголын хөрөнгийн бирж” зэрэг хувьцаат компанийг энд дурдаж болно.
Дөрөвдүгээрт, үндэстэн дамнасан корпорац, том компаниуд олон нийтийн компани байдаг олон улсын жишгийн дагуу ТОП-100 аж ахуйн нэгжүүдээс хөрөнгийн захад үүдээ дэлгэх компаниудыг дэмжиж ажиллана.
Энэ хүрээнд бид өнгөрсөн хугацаанд холбогдох журмуудад өөрчлөлт оруулж, ТОП-100 аж ахуйн нэгжийн төлөөлөл болсон компани IPO хийхэд хөрөнгийн үнэлгээ шаардахгүй байх, нэг жил хүртэлх хугацаатай таван тэрбум төгрөг хүртэлх дүнтэй бонд гаргахад барьцаа, батлан даалт, андеррайтертай байхыг шаардахгүй байх, үнэт цаас гаргах хүсэлтийг ажлын 10 хоногийн дотор шуурхай шийдвэрлэх зэрэг боломжийг бүрдүүлсэн.
Ярилцлагын төгсгөлд хорооноос хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалт, түүний үр дүнд бий болсон бодит үр дүнгийн талаар та товч дүгнэхгүй юу?
Сүүлийн таван жилийн бодлого зохицуулалтын үр дүнд, хөрөнгийн зах зээл дээр хэлсэнчлэн эрчимжтэй тэлсэн. Үүнээс гадна нэг тоог онцолъё. Дотоодын аж ахуйн нэгжүүд биржийн зах зээлээр дамжуулан олон нийтээс 2.9 их наяд, биржийн бус зах зээлээр дамжуулан мэргэжлийн хөрөнгө оруулагчаас 5.6 их наяд төгрөг татан төвлөрүүлсэн байна.

Мөн мэргэжлийн хөрөнгө оруулагч болох хөрөнгө оруулалтын сангийн тоо нэмэгдсэн. Одоогоор хамтын сангуудын удирдаж буй хөрөнгө 213.5 тэрбум төгрөгт хүрч, нэгж эрх эзэмшигч хөрөнгө оруулагчдынх нь тоо 123 мянгыг даваад байна. Энэ бол УИХ-аас Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны бодит үр дүн. Одоогийн байдлаар Монгол Улсад хөрөнгө оруулалтын менежментийн 35 компани, хамтын хаалттай хоёр, нээлттэй зургаан хөрөнгө оруулалтын сан, хамтын биржээр арилжаалагддаг нэг сан үйл ажиллагаа явуулж байна.
Үүгээр зогсохгүй татварын хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулснаар бизнес эрхлэгч, компаниудад хамгийн их тулгамддаг асуудлуудыг шийдвэрлэж чадсан. Тухайлбал, IPO хийх зардлыг тухайн компанийн албан татвар ногдох орлогоос хасаж тооцдог болсон. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлогыг татвараас чөлөөлсөн. Нээлттэй хувьцаат компаниудын ногдол ашгийн татварыг 50 хувиар бууруулсан. Хувьцаа, үнэт цаас борлуулсны орлогод ногдох орлогын татвар (capital gain tax)-ыг 2024-2026 онд 90 хувиар, 2027-2029 онд 50 хувиар хөнгөлсөн. Эдгээр зохицуулалт зах зээлийн идэвхжлийн бас нэг хөшүүрэг байсан гэж бодож байна.
Эцэст нь, Монгол Улсын хөрөнгийн зах зээлд өсөлтийг түүчээлэхэд хамтран ажиллаж буй үнэт цаасны салбарын мэргэжлийн оролцогчид, үнэт цаас гаргагчид, хөрөнгө оруулагчид, нийт мэргэжилтнүүддээ гүн талархал илэрхийлье.
