“Боловсролын өдөрлөг 2023” нээлттэй арга хэмжээг зохион байгуулав
“Оюу толгой” компани “Мэргэжлээ крашлая” боловсролын өдөрлөгөө 2023 оны аравдугаар сарын 24-ний өдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт зохион байгууллаа. Энэ жил “Оюу толгой” компанийн санаачлан хэрэгжүүлдэг Залуусын хөгжлийн хөтөлбөрийн 10 жилийн ой тохиож буйгаараа урьд урьдын жилүүдээс онцлог байлаа. Залуусын хөтөлбөрт нийслэл төдийгүй орон нутгийн нийт 1457 оюутан, сурагчид, хамрагдаад байна.
Олон нийтэд нээлттэй зохион байгуулсан Оюу толгойн боловсролын өдөрлөгийн үеэр 2,000 орчим оюутан, сурагч “Оюу толгой” компаниас хэрэгжүүлдэг боловсролын хөтөлбөрүүдэд хамрагдах болон мэргэжил сонголтын зөвлөгөө авч нэг өдрийг үе тэнгийнхэнтэйгээ хамтдаа өнгөрүүллээ.
Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе “Оюу толгой” компанийн “Эрдэс баялгаас эрдэм, мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэнэ” алсын харааны дагуу өнгөрсөн хугацаанд:
- 1,457 оюутан, сурагчийг Залуусын хөгжлийн хөтөлбөрт,
- 45 оюутныг Гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт,
- 411 оюутныг Дотоодын тэтгэлэг хөтөлбөрт,
- 610 оюутныг Дадлагажигч оюутны хөтөлбөрт,
- 203 төгсөгчийг Шинэ төгсөгчийн хөтөлбөрт хамруулжээ.
Боловсролын өдөрлөгийн үеэр 2023-2024 оны хичээлийн жилд Улаанбаатар хотын 46, Өмнөговь аймгийн 42 сурагчийг Залуусын хөгжлийн хөтөлбөрт, 35 оюутныг Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт, 33 оюутныг Дадлагажигч оюутны хөтөлбөрт, 20 их сургуулийн төгсөгчийг Шинэ төгсөгчийн хөтөлбөрт шалгаруулж, тэтгэлгийн батламжийг гардууллаа. Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр, Залуусын хөгжлийн хөтөлбөрийн батламжийг сонгогдсон сурагчид, оюутнуудын эцэг, эх, гэр бүлийнхэн нь гардуулсан нь өдөрлөгт ирсэн зочдын сэтгэлийг ихэд хөдөлгөлөө.