Булсан ч аюултай, шатаасан ч эрсдэлтэй

Sarangerel
2026-05-29 10:37:22
Ангилал: Байгаль орчин

Хогонд дарагдаж, хөрс, агаарын бохирдолд “хүлүүлсэн” Улаанбаатар хотод “Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр байгуулах” шийдвэр гарсан нь олон хүнд зөв шийдэл мэт сонсогдож магадгүй. Хог багасна, эрчим хүч үйлдвэрлэнэ, хот цэвэрхэн болно гэж бодохоор олон асуудлыг нэг дор шийдэх боломжтой юм шиг. Гэвч бодит байдал дээр энэ технологи нь өндөр өртөгтэй, эрсдэлтэй, мөн байгаль орчин, хүний эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөөтэй гэдгийг дэлхийн олон улс орон туршлагаараа нотолсон байдаг.

“Цэвэрхэн” ч үнэтэй бөгөөд хортой технологи

Монголд хог шатаах үйлдвэрийг орчин үеийн, “ногоон” технологи мэтээр сурталчилж буй. Гэвч Waste-to-Energy буюу хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх технологи нь дэлхий дээр эдүгээ маргаан дагуулсан шийдэл хэвээр байна.

1970-1990 оны үед Европын орнууд, Япон, АНУ-д ийм үйлдвэрүүд олноор байгуулагдсан ч хожим нь диоксин, фуран зэрэг маш хортой бодис ялгаруулдаг болох нь тогтоогдсон билээ. Үүний дараа Герман, Нидерланд, Дани зэрэг орнууд хяналтын стандартаа сайжруулж, зарим хуучин үйлдвэрүүдээ бүрмөсөн хаасан байдаг.

Диоксин бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ангиллаар хүний биед хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй бодис. Энэ төрлийн нэгдлүүд нь агаарт тархахаас гадна хөрс, усанд шингэж, хүнсээр дамжин хүний биед хуримтлагддаг. Ялангуяа дархлаа, дааврын тогтолцоо, элэг, нөхөн үржихүйд ноцтой нөлөөлдгийг олон улсын судалгаанууд тогтоосон.

Италийн Наполи хотын хог шатаах үйлдвэрүүдийн орчимд хийсэн судалгаагаар хавдрын өвчлөл, төрөлхийн гажиг нэмэгдсэн нь ажиглагдсан бол Францын зарим хотод диоксин их хэмжээгээр ялгаруулж байсан үйлдвэрүүдийг иргэдийн шахалтаар хааж байсан удаатай.

Ангилаагүй хог хамгийн их эрсдэл дагуулдаг

Ангилаагүй холимог хогийг шатаах үед хамгийн их аюул үүсдэг. Учир нь батарей, хуванцар,  химийн бодис, электрон хаягдал зэрэг нь шатахдаа хлор, хүнд металл агуулсан хорт нэгдлүүдийг ихээр ялгаруулдаг. Улаанбаатар хотын нөхцөлд иргэд хогоо бараг ангилдаггүй. Хоолны үлдэгдэл, живх, батарей, шил, хуванцар, лааз, цаасыг нэг уутанд хийдэг. Ингэснээр хог чийг ихтэй, илчлэг багатай болдог тул шатаах үйлдвэрийн эрчим хүч гаргах үр ашиг буурна.

Өөрөөр хэлбэл, ийм үйлдвэр тогтвортой ажиллахын тулд маш их хэмжээний хогийг байнга нийлүүлж байхыг шаарддаг. Энэ нь хог дахин боловсруулах, хог багасгах бодлоготой зөрчилддөг.

Үйлдвэрт нийлүүлэх хог хүрэлцэх үү?

Морингийн даваанд барихаар төлөвлөж буй “Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” үйлдвэрийг өдөрт 1500 тонн, жилд 1.5 сая тонн хог боловсруулах хүчин чадалтай гэж танилцуулсан. Мөн 35 МВт цахилгаан үйлдвэрлэх юм. Гэтэл Улаанбаатар хот жилд дунджаар 400 мянган тонн орчим хог гаргадаг гэсэн албан мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн хүчин чадлыг дүүргэх хэмжээний хог одоогоор байхгүй гэсэн үг.

Швед улс нь өндөр технологийн хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрүүдтэй. Гэвч тус улсын дахин боловсруулах болон хог ангилан ялгах систем маш сайн хөгжсөн учир шатаах боломжтой хог хаягдлыг дотоодоос хангах боломжгүй болсон. Гэтэл хог шатаах үйлдвэрүүд нь маш өндөр өртгөөр баригддаг байгууламж тул нэг өдөр зогсох, алдагдал хүлээх эрхгүй байдаг. Иймээс Швед улс Норвеги, Их Британи зэрэг орноос хог импортолдог.

Улаанбаатар хотын удирдлагууд үүнийг “өмнө нь булсан хогийг ухаж шатаана, байгаль орчноо нөхөн сэргээнэ” гэж “хөөрхөнөөр” тайлбарлаж байгаа. Гэвч олон жил хөрсөнд дарж, чийг авсан, ангилаагүй хогийг шатаах үед илүү их хэмжээний хорт хий ялгарах нь тодорхой. Мөн үйлдвэр тогтвортой ажиллахад ирээдүйд ч их хэмжээний хог хэрэгтэй болно. Энэ нь хогийг багасгах дэлхий нийтийн бодлоготой зөрчилдөж байгаа юм.

Үүнээс гадна уг үйлдвэрийг байгуулах ажил маргаантай байгаа. Тус төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Рэншоу Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах” ХХК шалгарсан бөгөөд компанийн ТУЗ-ийн дарга болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатар нар хамтран ажиллах гэрээг 2025 оны аравдугаар сарын 24-нд  байгуулсан. Тэр цагаас хойш 24 сарын дотор үйлдвэрийг ашиглалтад оруулна гэж байсан. Гэвч гэрээ зурагдаад удалгүй тус компани төслийг орхижээ.

Энэ талаар “Нэгдсэн төсвийн удирдлагын газар” ОНӨТҮГ-аас лавлахад “Тендерт оролцсон Монгол компаниуд гомдол гаргасан болохоор “Рэншоу Сычуань” компани хамтран ажиллахаас татгалзсан. Тиймээс бид дахин тендер зарласан. Тендер шалгаруулалт эцсийн шатандаа явж байна. Тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулсан цагаас хойш 24 сарын дотор үйлдвэрийг ашиглалтад оруулах гэрээг байгуулна. Үйлдвэр барих хөрөнгө оруулалтыг улс, нийслэлээс биш, төсөл гүйцэтгэгч компани гаргаж хэрэгжүүлнэ” гэсэн юм.

Тендерт аль ч улсын компани шалгарсан бай үйлдвэрийг ашиглалтад оруулахаар хотын удирдлагууд нэгэнт шийдвэрлэжээ. Хог шатаахад химийн хамгийн хортой нэгдлүүд ялгардаг тул хор хөнөөлийг нь сааруулахын тулд үйлдвэрийн шүүлтүүрийг байнга солих шаардлага тулгардаг. Үүнд ашиглалтын зардлын 40 хувийг зарцуулдаг зэргээр хог хаягдал устгах технологи дундаа хамгийн өндөр зардалтай бас хор хөнөөл өндөртэй нь хог шатаах үйлдвэр юм. 

Одоо ашиглаж байгаа технологи яагаад болохгүй вэ?

Дээрх технологи хортой л юм бол одоо ашиглаж байгаа аргаа үргэлжлүүлье гэх бодол танд төрж магадгүй. Бидний одоо ашиглаж байгаа ландфилл буюу хогийг булдаг арга нь асар их асуудалтай технологи. Энэ аргыг 1970 оноос хойш дэлхийн олон орон ашиглахаа багасгасан юм. Хог булах технологийг ашиглах үед инженерийн хамгаалалттай, хөрс болон газрын доорх уснаас тусгаарласан, хийн ялгаралтыг хянах системтэй байх ёстой. Гэвч бодит байдал дээр Улаанбаатарын хогийн цэгүүдэд ийм дэд бүтэц байдаггүй, хогийг ил задгай асгаж, булдаг. Үүний улмаас борооны ус хог, хаягдлын дундуур урсаж, хорт шингэн үүсгэн хөрс болон ус руу нэвчиж байгаа. Мөн хог задрах явцад метан хий ялгардаг бөгөөд метан нь нүүрсхүчлийн хийгээс хавьгүй хүчтэй хүлэмжийн хийд тооцогддог. Зарим хогийн цэг дээр хог өөрөө асаж, олон хоногоор уугин шатах тохиолдол гардаг нь ийм учиртай.

Дэлхийн бодлогын эсрэг тогтолцоо

Утаа, үнэр, химийн бодис дунд, ийм орчин нөхцөлд амьдарч, ажиллаж байгаа хүмүүс хамгийн түрүүнд эрсдэл үүрдэг. Өөрөөр хэлбэл, булж байгаа нь ч аюултай, шатааж байгаа нь ч эрсдэлтэй. Тэгэхээр бид яах ёстой вэ гэсэн асуулт ургана.  

Үнэнийг хэлэхэд бид хог устгах тухай л ярьсаар ирсэн. Харин яаж бага хог гаргах талаар хамгийн бага ярьж байна. Гэтэл дэлхийн томоохон хотуудын туршлага үүний эсрэг байдаг. Тэд дараах дарааллаар ажилладаг.

         -Хог үүсгэхээ багасгадаг

         -Дараа нь ангилдаг

         -Дахин ашигладаг

         -Дахин боловсруулдаг

         -Хамгийн сүүлд үлдсэнийг нь шатааж, эсвэл булдаг.

Өөрөөр хэлбэл, хог шатаах үйлдвэр нь эхний алхам биш, анхаарч судлах ёстой нэг хувилбар. Гэтэл бид эхний алхмуудыг алгасаад, илүү хортойг нь сонгож байгаад учир бий. Тиймээс зөв дарааллаар хөгжихөд бидэнд хэд хэдэн шийдэл хэрэгтэй байна.

Нэгдүгээрт, ангилан ялгая. Одоогоор Монголд хамгийн түрүүнд хэрэгтэй байгаа зүйл бол хогоо ангилах. Хүмүүс хогоо ангилаад нэмэргүй, ангилсан хогийг эцэст нь нэг машинд аччихдаг гэж гомдоллодог. Тэр нь ч үнэн. Ангилан ялгах системгүйгээр ямар ч шатаах үйлдвэр, ямар ч дахин боловсруулах үйлдвэр үр дүнтэй ажиллаж чадахгүй.

Хоёрдугаарт, хүнсний хаягдлыг тусгаарлая. Хогны хамгийн нойтон хэсгийг ангилан, салгахгүйгээр ямар ч систем үр ашигтай ажиллахгүй. Манай улсын хүнсний хог хаягдлын 33 хувийг органик буюу хоолны үлдэгдэл эзэлдэг. Энэ нь бусад хог хаягдалтай урвалд орж химийн хортой бодис ялгаруулдаг. Тиймээс хоолны хаягдлыг ялган цуглуулаад компост болгох боломжтой. Ингэснээр ландфилл рүү очих хог эрс багасна, метан ялгаралт буурна, хөрсний бордоо бий болно.

Гуравдугаарт, нэг удаагийн хэрэглээг багасгах бодлого хэрэгтэй. Өдөрт хэдхэн минут хэрэглээд хаядаг кофены аяга, гялгар уут, соруул, хуванцар савнууд нь хэдэн арван, хэдэн зуун жил байгальд үлддэг. Хогийг устгах гэхээсээ илүү бий болохоос нь  өмнө багасгах ёстой.

Дөрөвдүгээрт, ил тод систем бидэнд хэрэгтэй. Хогийг хааш нь аваачдаг, юуг дахин боловсруулж болдог, юуг шатаахаас өөрцгүй, юуг булшилдгийг, бий болгосон хог нь байгальд ямар хор хөнөөлтэйг иргэд мэддэг, ойлгодог байх хэрэгтэй. Энэ бүхнийг мэдэхгүй бол ангилан ялгах механизм үйлчлэхгүй, ямар ч сайн хогны менежмент үр дүнд хүрэхгүй.

Хогны асуудлыг бодлого боловсруулагчид, эсвэл ямар нэгэн үйлдвэр ганцаараа шийдэхгүй. Учир нь, жинхэнэ асуудал нь бидний хэрэглээ, буруу дадал, ангилдаггүй систем, хариуцлагагүй байдал, “хаячихвал алга болно” гэсэн сэтгэлгээтэй холбоотой. Хогийг шатаасан ч, булсан ч асуудал бүрэн шийдэгдэхгүй. Харин хамгийн зөв шийдэл нь аль болох бага хог гаргах, ангилан ялгаж сурах зэргээр сэтгэлгээ, хандлагадаа өөрчлөлт оруулах хэрэгтэй байгаа юм.

 

Сэтгүүлч Р.Ренчиндулам