Бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлэхээр олон ажил, арга хэмжээ төлөвлөжээ
Бүсчилсэн хөгжлийн үндэсний хорооны 2025 оны ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хуралдаанаар Үндэсний хорооны 2024 оны үйл ажиллаагааны төлөвлөгөөний биелэлт, 2025 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар хэлэлцэв. Монгол Улсын Шадар сайд, “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хороо”-ны дарга С.Амарсайхан “Бүсчилсэн хөгжлийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний биелэлтийг ханган ажиллахыг Үндэсний хорооны гишүүд аймаг, нийслэлийн удирдлагуудад үүрэг болголоо. Тэрбээр хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласны хүрээнд бүсчилсэн хөгжлийн бодлогоо тодорхойлох, бүсчилсэн хөгжлийг аймаг, нийслэлийн хэмжээнд эрчимжүүлэх, эдийн засгийн өсөлтийг тэлэх, хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангах, татварын бодлогоор дэмжих зэрэг бодлого, зорилтууд гараанаас гарч байна. Энэ онд Бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлэх зорилгоор олон ажил, арга хэмжээ төлөвлөсөн” гэдгийг тодотголоо.
Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэбаяр “Бүсийн хамтын ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх хөдөлгөөн өрнүүлэх, олон талт арга хэмжээг зохион байгуулах” ажлын дэлгэрэнгүй төлөвлөгөөг танилцууллаа.
Нийтдээ гурван зорилгын хүрээнд 11 арга хэмжээ төлөвлөжээ.
Үүнд:
- Бүсийн тэргүүлэх чиглэлийг дэмжсэн татвар, хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх бодлогын санал зөвлөмжийг боловсруулах;
- Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн салбарын бүтээн байгуулалтын төслүүдийг эрчимжүүлэх;
- “Бүсийн хөгжлийн зорилтод хөтөлбөр”-ийн төсөл боловсруулахад салбарын хөгжлийн зорилт, арга хэмжээг бүс бүрээр тодорхойлох;
- Бүсүүдэд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төслийг хийж гүйцэтгэх;
- “Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан”-ыг зохион байгуулах, Ингэхдээ Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг тухайн бүсэд зохион байгуулж, бүсийн хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийг орон нутгийн иргэд, хөрөнгө оруулагчдад танилцуулах;
- Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд салбар хоорондын болон гадаад хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх ажлыг зохион байгуулах;
- “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг салбар хоорондын уялдааг хангах, урт хугацаанд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг хянах орон зайн төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт, удирдлагын нэгдсэн цахим платформыг хөгжүүлж, олон нийтэд хүргэх зэрэг ажлыг хэрэгжүүлэх юм байна.