Б.Ачитсайхан: Үнэт металл цэвэршүүлэх үйлдвэр стратегийн өндөр ач холбогдолтой

Mongolian Economy
2020-11-27 15:34:05
Ангилал: Уул уурхай

Алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах гэрээнд Монгол, Казахстаны тал өнгөрсөн онд гарын үсэг зурсан билээ. Эл үйлдвэр болон “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн бусад үйл ажиллагааны талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайхантай ярилцсан юм.

-“Эрдэнэс алт ресурс” ХХК хэдэн онд, ямар зорилготой байгуулагдсан бэ?
-Манай компани “Алт 2” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, алтны олборлолт, баяжуулалт, цэвэршүүлэлтэд бүрэн хяналт тавих, хууль бус алтны экспортыг зогсоох, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтворжуулахад түлхэц үзүүлэх зорилготой төрийн өмчит компани юм. 2018 оны гуравдугаар сард “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани хэлбэрээр байгуулагдан ажиллаж байна.

-Компани байгуулагдаад хоёр жил болжээ. Энэ хугацаанд ямар ажлууд хийж гүйцэтгээд байна вэ?
-Монгол Улсад үндэсний Үнэт металл цэвэршүүлэх үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай үндсэн бэлтгэл ажлууд болох тусгай зөвшөөрөл, үйлдвэр барих газар, ТЭЗҮ, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ зэрэг холбогдох суурь судалгаануудыг өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэлээ.

Мөн улсын эдийн засагт хувь оруулах зорилготойгоор Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын нутагт орших хайгуулын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Засгийн газар, холбогдох төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр манай компанид олгосон. Одоогоор энэхүү талбайд нарийвчилсан хайгуулын ажлыг яаралтай хийх, нөөцийг олон улсын стандартад нийцүүлэн тогтоохоор ажиллаж байна.

-Казахстан улстай хамтарсан алт цэвэршүүлэх үйлдвэр барих төслийн ажил ямар явцтай байна вэ? Энэ төсөл эдийн засгийн хувьд хэр өгөөжтэй вэ?

“Эрдэнэс алт ресурс” ХХКийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан, “Сымбат инжиниринг” ХХН-ийн захирал Т.М.Шопшекбаевич нар Монгол Улсад алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах гэрээнд гарын үсэг зурав.

-Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Үнэт металл цэвэршүүлэх үйлдвэрийг 2023 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулахаар тусгасан. Үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг шийдсэнээс хойш 12 сарын дотор бүрэн ашиглалтад орох ёстой боловч цар тахлын улмаас хөрөнгө оруулалтын асуудал тодорхойгүй хугацаагаар сунжрах хандлагатай болоод байна. Гэвч бид өмнө дурьдсан тусгай зөвшөөрөлд тулгуурлан өөрсдийн дотоод эх үүсвэрээр хөрөнгө оруулалтаа шийдвэрлэхээр ажиллаж байна.

Төслийг эдийн засгийн үр өгөөж гэхээсээ илүүтэйгээр стратегийн ямар өндөр ач холбогдолтой гэдгийг нь онцлох хэрэгтэй болов уу гэж бодож байна. Гадаадын сайн туршлагаас үзвэл жилд таваас дээш тонн үнэт металл цэвэршүүлдэг үйлдвэр ашигтай ажилладаг гэсэн тооцоо бий. Манай үйлдвэр жилд 75 тонн үнэт металл цэвэршүүлнэ. Салхитын орд ашиглалтад орсноор бид жилд 25-30 тонн мөнгө цэвэршүүлэх боломж бүрдэж байна. Мөн мөнгөний ордуудад цагаан алтны бүлгийн металл өндөр хувиар агуулагдах магадлал байдаг бөгөөд Монгол Улс түүхэндээ анх удаа цагаан алт цэвэршүүлэх гэж байна.

Төслийн хамгийн чухал стратегийн ач холбогдол нь үндэсний мөнгөн тэмдэгтийн тодорхой хувийг алтаар баталгаажуулах боломжийг нээж, эдийн засагт хүндрэл учруулдаг гадаад валютаас ирэх дарамтыг багасгаж буйд оршиж байгаа юм.

Мөн олон улсын стандартад нийцсэн өндөр технологийн дагуу 99.99 хувийн сорьцтой алтан гулдмай, бэлэг дурсгалын гулдмай, үрэл, гоёл чимэглэл, электрон техникийн бүтээгдэхүүний түүхий эд үйлдвэрдэх боломж нээгдэнэ.

-“Эрдэнэс алт ресурс” компани Монгол Улсын нутаг дэвсгэрт үнэт металл эрэх, хайх, боловсруулах зорилготой. Компанийн мэдэлд хайгуулын болон ашиглалтын хэдэн лиценз байна вэ? Алтны шороон ордуудын нөөц дуусах төлөвтэй байгаа учраас хайгуулын ажил хийгдэж байгаа юу?
-Монгол Улсын Засгийн газрын 2020 оны зургадугаар сарын 1-ний өдрийн 212 тоот тогтоолоор ашигт малтмал эрэх, хайх эрх манай компанид олгосны дагуу Баянхонгор аймагт ашигт малтмалын хайгуулын дөрвөн тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.

Сүүлийн жилүүдэд “Алт-2” хөтөлбөрийг эрчимжүүлэх ажлын хүрээнд алтны шороон болон үндсэн ордын хайгуулын ажил нэмэгдэх байдал ажиглагдаж байна. Тухайлбал, энэ оны есдүгээр сарын 1-ний байдлаар алтны нөөцийн тайлан хэлэлцүүлж, нөөцийг хүлээн авсан тоо өссөн дүнтэй гарсан. Үндсэн болон шороон нийт 27 ордыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээн авсан тухай мэдээ байна.

Манай компанийн хувьд хайгуулын тусгай зөвшөөрлөөр авсан алтны үндсэн ордын талбайн нарийвчилсан хайгуулын ажил хийхээр төлөвлөлтийн шатандаа явж байна.

-“Алт-2” хөтөлбөрийн хэрэгжилтэд танай компани ямар хувь нэмэр оруулж байна вэ?
-“Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд манай компани Үнэт металл цэвэршүүлэх үйлдвэр барих төслийг хэрэгжүүлж байгаа. Тус үйлдвэрийг түүхий эд бүтээгдэхүүнээр хангах, Монгол Улсын эрдэнэсийн санг нэмэгдүүлэх, “Алт-2” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хайгуулын тусгай зөвшөөрлөөр авсан алтны үндсэн орддоо нарийвчилсан хайгуул хийж нөөц тогтоохоор төсөл, төсөв боловсруулан ажиллаж байна.

Талбайн нарийвчилсан хайгуулын ажлыг хийж нөөцийг тогтоон эдийн засгийн эргэлтэд оруулах, жишиг уул уурхайг хөгжүүлэх ажлыг төрийн өмчит компанийн хувьд үлгэрлэн явуулахаар ажиллаж байна.

-“Эрдэнэс алт ресурс” компанийн боловсон хүчний чадвар, бодлого ямархуу түвшинд байна вэ?

-Компанийн амжилтын үндэс нь ажилтнууд, чадварлаг хүний нөөц байдаг. Манай компани 2018 онд байгуулагдсан цомхон бүтэцтэй залуу компани. Ажилчдын маань ихэнх нь 30 орчим насны залуучууд, гадаад, дотоодын их, дээд сургуульд суралцаж, төр хувийн хэвшилд ажилласан туршлагатай чадварлаг хамт олон.

Алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл бол Монголдоо анхдагч нь. Тиймээс хамт олон маань мэдэхээ баталгаажуулах, мэдэхгүйгээ сурах гээд олон сорилтын дунд хөгжиж, суралцаж байгаа. Түүнчлэн шинэ ажилтнуудыгаа салбараа мэдэх, өөрийгөө хөгжүүлэхэд нь компанийн зүгээс түлхүү ач холбогдол өгч ажилладаг. Цаашид манай компанийн хөгжил өсөн тэлэхийн хэрээр зорилго, стратегидаа тулгуурлан ажилтнуудаа сурч хөгжих боломжоор хангахын зэрэгцээ өндөр бүтээмжтэй, шинийг санаачлагч, мэргэшсэн, чадварлаг баг хамт олныг бүрдүүлэхэд чиглэсэн хүний нөөцийн оновчтой систем нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.

-Компанийн хувьд геологи, хайгуулын ажлыг гүйцэтгэх ажлуудын санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
-Геологи хайгуулын ажлын төсөл, төсвийг боловсруулаад толгой компани болох “Эрдэнэс Монгол” ХХК-д танилцуулан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Ер нь бол санхүүжилт хийх, хамтран ажиллах санал тавьсан компаниуд бий. Мөн манай төсөлд зээл олгох замаар санхүүжилт хийх санал тавьсан ч компани байгаа.

 

 

 

 

Mongolian Economy