Б.Баасандорж: “Global Banking&Finance review” сэтгүүлийн шилдэг ББСБ-гаар шалгарсан

B Shurenchimeg
2023-02-01 13:49:27

Банк бус санхүүгийн салбарын технологийн хөгжлийн талаар “Говь Финанс ББСБ” ХХК-ийн дэд захирал Б.Баасандоржтой ярилцлаа.

-Санхүүгийн зах зээлийн салбарт ББСБ-ын салбарын хөгжлийн явцад гарсан өөрчлөлт, дэвшлийн талаар ярилцлагаа эхэлье?

-Орчин үед технологи дээр суурилсан инновац бүх салбаруудад, тэр тусмаа санхүүгийн технологийн шинэчлэл хурдацтай хөгжиж байна. Финтек компаниуд санхүүгийн зах зээлд орж ирснээр байгууллагуудын бүтцийн зардал буурах, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар сайжрах, бизнесийн үр ашигтай шинэ загвар бий болох зэрэг олон эерэг хандлагууд гарч ирсээр байна. Монгол Улсын хувьд мөн адил технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтрээд багагүй хугацаа өнгөрч байна.

Цаг үеэ даган хиймэл оюун, хэрэглэгчийн зээлийн эрх тодорхойлох (скоринг хийх), төлбөрийн хялбаршуулсан систем, хэрэгслүүд, үйлчилгээний аппликэйшнууд, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх хөрөнгийн болон крипто валютын зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлж эхэлсэн.  Манай улсын санхүүгийн салбар дэлхий дахины хөгжил, дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж байгаад миний хувьд урам зориг их авдаг.

-Сүүлийн үед финтек ББСБ-ууд нэлээн эрчийг авч байна. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Финтек буюу санхүүгийн технологи нь бидний ирээдүй мөн гэж би хардаг. Технологийн аварга компаниуд болох Microsoft, Apple, Google зэрэг компаниуд нь өөрийн технологи дээр суурилан санхүүгийн салбарт нэвтрэн орж байна. Мөн Amazon, Alibaba зэрэг цахим худалдааны компаниуд үйлчлүүлэгчийн зээлийн эрсдэл, эргэлтийн хөрөнгийг илүү сайн удирдахын тулд хэрэглэгчийн мэдээллийг ашиглан санхүүгийн салбарт үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Цаашлаад дэлхийн томоохон финтек компаниуд болох Хятадын WeBank, Латин Америкийн Nubank, Их Британийн Revolut зэрэг хэдэн зуун сая хэрэглэгчидтэй цахим банкнууд буюу Необанкнуудын жишээг дурдаж болно.

Монгол Улсын хувьд ч мөн адил дотоодын томоохон компаниуд болон банк санхүүгийн байгууллагууд энэ салбар руу шилжиж эхэлсэн. Манайхтай ижил төстэй финтек зээлийн аппликэйшнууд хоорондоо цахим хөрөнгө, цахим санхүүгийн үйлчилгээнүүдээрээ өрсөлдөж байгаа нь салбарын хөгжлийг түргэсгэж, үйлчлүүлэгчдэдээ хялбар оновчтой шийдэл хүргэж байгаад баяртай байдаг.

Энэхүү финтек шилжилт үргэлжилснээр, Монголын санхүүгийн байгууллагуудын технологид суурилсан үйлчилгээ дараагийн шатанд гарч,  бүтээгдэхүүн үйлчилгээг илүү хямд өртгөөр хэрэглэгчдэд хүргэх боломж нэмэгдэн, өргөн цар хүрээг хамрах чухал ач холбогдолтой юм.

-Монгол Улсын хувьд финтекийн салбар ирээдүйтэй юу? Бусад улсуудтай харьцуулахад манай улсын хөгжил хаана явж байгаа гэж та бодож байна вэ?

-Глобалчлагдаж буй өнөө үед Зүүн өмнөд ази бол дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй финтек зах зээлийн нэг юм. Уг зах зээлийн өсөлт нь АНУ, Их Британи, Хятад зэрэг орнуудаас давж гарна гэж судлаачид үзэж байна. Тэр дундаа Сингапурын төрийн өмчит компани болох олон улсын хөрөнгө оруулалтын “Temasek” компанийн судалгаанд үүнийг маш тодорхой гаргасан. Уг судалгаанд “Temasek” компанийн удирддаг 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт нь Ази болон бусад хөгжиж буй Азийн эдийн засаг руу чиглэн хөрөнгө оруулалт хийх ёстойг харуулсан байдаг. Мэдээж Mонгол Улсын хувьд хүн амын тоо, эдийн засгийн үзүүлэлтээр харьцангуй бага ч, ирээдүйн өсөлт, хөгжилтэй эн тэнцүү алхаж байгаа.

2022 оны судалгаагаар  манай улсын нийт хүн амын 70 орчим хувь буюу 2.2 сая хүн интернэт хэрэглэдэг гэсэн тоон үзүүлэлт бий. Үүний дийлэнх нь бидний хойч үе болсон хүүхэд залуучууд. Монгол Улсад 2020 онд гарсан судалгаагаар нийт хүн амын тооноос  ч илүү ухаалаг утсыг хэрэглэгддэг гэж гарсан.  Энэ нь ухаалаг утасны хэрэглээ маш өндөр байгааг илэрхийлж байна. Түүнчлэн СЗХ-ны тоймд мэдээлснээр 2022 оны байдлаар ББСБ салбарын нийт харилцагчид давхардсан тоогоор 4.5 саяд хүрсэн бѳгѳѳд, энэ нь 2017 оны эцэс буюу технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд өргөн нэвтрэхээс өмнөх үетэй харьцуулахад нийт харилцагчдын тоо гурав дахин нэмэгдсэн.

Хамгийн энгийн жишээ дурдахад, манай улсын хувьд дийлэнх хэрэглэгчид санхүүгийн асуудлаа шийдэхдээ зөвхөн банк руу очих шаардлагагүй, байгаа газраасаа л гар утсаараа шийддэг болчихсон шүү дээ. Үүнээс харахад финтек салбар манай улсад аль хэдийн асар хурдан нэвтрээд эхэлснийг илтгэж байгаа юм.

-Та “Говь Финанс ББСБ”-ийнхаа талаар товч танилцуулна уу?

-Манай “Говь Финанс ББСБ” ХХК нь санхүүгийн салбарын арвин туршлагатай гадаад болон дотоодын хувьцаа эзэмшигчидтэй, чадварлаг, залуу баг хамт олонтой. Монгол Улсад нийт 530 гаруй ББСБ үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр байгууллагуудаас олон улсын хөгжлийн санхүүгийн байгууллагуудын шаардлагыг хангаж, урт хугацаат санхүүжилт татсан маш цөөхөн ББСБ байдаг.

Манай компанийн хувьд, 2019 онд АНУ-ын Засгийн газрын харьяа агентлаг болох “Хилийн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпорац” буюу “OPIC”-ийн ѳндѳр шаардлагыг ханган, санхүүжилт татсан Монголын цорын ганц ББСБ юм. Энэ байгууллагаас, манай компаниас гадна Монголын тэргүүлэх арилжааны банкнууд болох Голомт Банк болон ХасБанк санхүүжилт татаж байсан.

Манай компани Их Британийн “GLOBAL BANKING & FINANCE REVIEW” сэтгүүлээс жил бүр шалгаруулдаг шилдэг МУ-ын Банк Бус Санхүүгийн Байгууллагын нэгээр 2022 онд тодорсон. Эл шалгаруулалт нь дэлхийн банк, санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд дунд тогтмол судалгаа шинжилгээ хийж, шилдгүүдийг нэрлэдэг нэр хүндтэй шагнал юм. Энэ шагнал нь санхүүгийн ертөнцөд мэргэшсэн, шилдэг, үйл ажиллагааны чиглэлээрээ олон нийтийн итгэл хүлээсэн бүх төрлийн санхүүгийн компаниудыг онцолдог.

Мөн манай байгууллагын бас нэгэн давуу тал нь гадаад болон дотоод дахь технологийн салбарын шилдэг их сургуулиудад боловсрол эзэмшсэн, ажиллаж байсан чадварлаг боловсон хүчнээр багаа бүрдүүлэн,  IT системээ өөрсдөө бие дааж, хөгжүүлдэг.

-Технологийн дэвшлийг бүх салбарт ашиглаж байна. Тэр дундаа санхүүгийн салбарынхан түлхүү ашиглаж байх шиг. “Говь Финанс ББСБ” ХХК-ийн тухайд хийж, хэрэгжүүлж буй ажлуудаас дурдвал?

-Манай “Говь Финанс ББСБ” ХХК нь 10 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа ББСБ бѳгѳѳд сүүлийн жилүүдэд технологи, финтек хөгжүүлэлтийг эрчимтэй нэвтрүүлэн ажиллаж байна. Финтек үйлчилгээний хувьд, гар утсан дээр суурилсан зээл болон бусад санхүүгийн үйлчилгээний “CashOne” аппликэйшнаа амжилттай нэвтрүүлээд гурван жил болж байна. Одоогоор хуримтлал үүсгэх, төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга зэрэг шинэ үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж байна.

-Та “CashOne” аппликэйшны тухай товч мэдээлэл өгнө үү? 

-Манай “CashOne” аппликэйшн нь финтек үйлчилгээг дотоодын зах зээлд амжилттайгаар нэвтрүүлсэн зургаа дахь аппликэйшн бөгөөд одоогоор нийт 100 мянга илүүтэй бүртгүүлсэн хэрэглэгч болон 12 мянга орчим байнгын үйлчлүүлэгчтэй зээлийн платформ. Бид 2019 онд анх аппликэйшнаа богино хугацааны 7-30 хоногийн хугацаатай зээлийн бүтээгдэхүүнийг бүх төрлийн ухаалаг гар утсанд зориулан хэрэглэгчдэдээ нэвтрүүлсэн түүхтэй. Мѳн тухайн ондоо цахилгаан барааны дэлгүүртэй хамтран худалдан авалтын цахим лизингийн зээлийг нэвтрүүлж байлаа. Бид өнөөдрийг хүртэл, хүмүүсийн хэрэглэж заншсан “QPay” системтэй хамтран, төлбөр төлөхөд илүү хялбар, бусад хэрэглэгчид рүү мөнгө шилжүүлэх боломжтой “хэтэвч”-ийн үйлчилгээг амжилттай гаргасан. Энэхүү үйлчилгээнүүд нь бидний цаашдын зорилгод хүрэх суурийг тавьж байна гэж хэлж болно.

-“CashOne” аппликэйшнаар дамжуулан зээл авахад ямар бичиг баримт шаардлагатай вэ?

-Нэн түрүүнд харилцагч маань 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн байх шаардлагатай. Зээл авахын тулд орлогын эх үүсвэрээ батлан, хувийн мэдээллээ үнэн зөв бөглөх ёстой. Бид орлогын эх үүсвэрийг нотлохдоо НДШ-ээс гадна дансны хуулгаар орлого нотолдгоороо хамгийн том давуу талтай. 

Монгол Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй ч орлогын олон эх үүсвэртэй иргэд олон байдаг. Эдгээр хүмүүст зээлийн эрх үүсгэхийн тулд манай технологийн баг системээ өөрсдөө хөгжүүлсэн нь бас нэгэн давуу тал гэж боддог. 

Түүнчлэн бид хэрэглэгчдийнхээ уламжлалт санхүүгийн мэдээллээс гадна бусад туслах мэдээллийг хамруулан, олон улсын стандартын дагуу хиймэл оюуны  тусламжтайгаар зээлийн эрхийг тодорхойлох буюу скоринг системийг нэвтрүүлсэн нь онцлог юм.

-Танай скоринг систем хэрхэн ажилладаг вэ?

-Мэдээж манай салбарын бүх л байгууллага скоринг үйлчилгээ нэвтрүүлсэн. Монгол Улсад, тэр тусмаа үйл ажиллагаа явуулж буй санхүүгийн байгууллагуудын хувьд тогтсон зээлийн зэрэглэл буюу скоринг гэдэг нэгдмэл систем байдаггүй. “CashOne” аппликэйшн нь хэрэглэгчийн зээлжих түвшинг тухайн хэрэглэгчийн уламжлалт санхүүгийн мэдээллээс гадна, гар утас ашиглалтын хандлага зэрэг нэмэлт мэдээлэл дээр тулгуурлан, хиймэл оюун ухаанд суурилсан тооцоолон бодох алгоритмын тусламжтайгаар тодорхойлдог. Энэ нь бидний скоринг системийг олон улсын стандартад зөвшөөрөгдсөн систем болгодог.

Танайх хэд хоногийн хугацаатай зээл олгодог вэ? Зээлийн эрхээ нэмэгдүүлж болох уу?

-“CashOne” аппликэйшн нь 60-аас 180 хүртэл хоногийн  хугацаатай зээл олгодог бөгөөд зээлээ сунгах боломжтой байдаг. Бид удахгүй 120 болон 180 хоногийн хугацаатай зээлийн бүтээгдэхүүн хэрэглэгчдэдээ санал болгохоор төлөвлөсөн байгаа. Зээлийн эрхээ нэмэгдүүлэх боломжтой. Хэрэв та манайхаас зээл аван хугацаандаа төлөлтөө хийж зээлээ бүрэн төлсөн тохиолдолд зээлийн хэмжээ ихсэж, ноогдох зээлийн хүү нь мөн адил буурдаг.

-“CashOne” аппликэйшны ойрын болон алсын зорилго юу вэ?

-Бид шинэ бүтээгдэхүүн гаргах, зээлийн нөхцөлийг сайжруулах, хямд эх үүсвэр татах замаар зээлдэгч, зээлийн багцын тогтвортой өсөлтийг хангахын зорьж байна. Мөн  эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгах, олон улсын болон дотоодын ББСБ-ын туршлагаас суралцаж, өөрийн байгууллагын ялгарах онцлогоо тодорхойлох, харилцагчдадаа илүү хүртээмжтэй, хэрэглэхэд хялбар санхүүгийн цогц үйлчилгээ бүхий цахим банкийг бий болохоор зорьж байна.

Ойрын хугацаанд бид гадаад мөнгөн гуйвуулга, итгэлцэл болон хуримтлалын үйлчилгээг нэвтрүүлнэ. Цаашлаад онлайн дэлгүүр, хэрэглээний бүхий л төлбөр төлөх ухаалаг үйлчилгээ болон блокчэйн үйлчилгээг өөрсдийн системд нэвтрүүлэхээр ажлаа эхлүүлээд байгаа. Уламжлалт банк санхүүгийн салбар цахим хэлбэрт шилжиж байгаа энэ үед бид олон улсад үйл ажиллагаа эрхэлдэг цахим банк болохыг зорин ажиллаж байна.

 

 

 

 

B Shurenchimeg