“Ньюком” группийн гүйцэтгэх захирал Б.Баатармөнхтэй манай сэтгүүлийн хийсэн ярилцлага хоёр том сэдвийн хүрээнд боллоо. Эхнийх нь “Ньюком” группийн шинэ захирлын хувьд хийж буй ажил болон тус группээс анхлан хэрэгжүүлсэн харилцаа холбоо, иргэний агаарын тээврийн төслүүдийн талаар
ярилцсан юм. Тус группийн үүсгэн байгуулсан Монголын анхны үүрэн телефоны “Мобиком”, хувийн хэвшлийн “Изинис Эйрвэйз” компаниуд нь “Ньюком” группийн 30 жилийн түүхтэй салшгүй холбоотой билээ.
Ингээд “Ньюком”-ын шинийг санаачилж, шинийг эрэлхийлсэн 30 жилийн түүх бүхий ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Та “Ньюком” группийн Гүйцэтгэх захирлаар ажиллаад нэг жил гаруй болж байна. Та өөрийгөө товч танилцуулна уу?
-Би Улаанбаатар хотод төрсөн. Бидний үеийнхний бага нас Монгол Улс ардчилсан нийгмийг сонгож, зах зээлийн эдийн засагт шилжсэн түүхэн он жилүүдэд таарсан. Үеийнхнийхээ нэг адил картын бараанд дугаарлаж, -30 хэмд ахтайгаа хамт сүү, талханд 30 минутаар ээлжлэн дугаарлаж байснаа сайн санадаг. Заримдаа тог, ус тасарна. Лааны гэрэлд хичээлээ хийх үе олон байсан. Гэхдээ хэцүү гэж санагдаж байгаагүй. Байрны найзуудтайгаа тоглоно, зундаа хөдөө явна. Харин намайг 6-р ангид сурч байхад Япон руу гэр бүлээрээ явах болж, би арлын оронд ахлах сургууль төгстөлөө сурч, амьдарсан.
Би багаасаа л нисгэгч болох мөрөөдөлтэй байв. Нисгэгч болох хүсэл ааваас минь эхтэй. Аав нисэхийн техник технологиудад дуртай. Гэрээр дүүрэн нисэхийн сэтгүүлүүд байдаг, би ч сэтгүүлийг нь их шохоорхон харна. Энэ бүхэн намайг “Нисгэгч болно” гэдэг хүслээр жигүүрлүүлсэн дээ.
2001 онд ахлах сургуулиа төгсөөд АНУ-ын Нисэхийн их сургуульд орсон. Миний багаасаа мөрөөдсөн мэргэжил учраас сонирхолтой, үнэхээр сайн сурч, нисгэгчийн дадлагаа ч онц өгсөн. Тийм учраас сургууль маань надад багшаар үлдэх санал тавьснаар багш нисгэгчээр дөрвөн жил орчим ажилласан. АНУ-д нисэхийн чиглэлээр тэргүүлэгч их сургуульд багшилж, тус улсын нисэхийн салбарын ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд оролцсон нь надад их олон талын үнэ цэнтэй туршлага болсон. Америк болон гадаад оюутнуудад хичээл заана гэхэд эхэндээ бэргэж байсан ч удалгүй хүнтэй ажиллах арга, хүнийг зоригжуулж, урамшуулж харилцах, сургах ухаанд суралцсан. Сургуулийн хамт олны нэг гишүүн болж, халуун дулаан уур амьсгал дунд ажиллан, олон найзтай болсондоо их талархаж явдаг.
Яваандаа бизнесийн салбарт ажиллана гэсэн хүсэл бодол байсан болохоор багшлахын хажуугаар бизнесийн магистраар сурч төгссөн.
-Таны шавь нар одоо хаана, хаана ажиллаж байгаа бол?
-Шавь нар маань АНУ-ын авиа компаниудын нисгэгч, дарга нар болжээ. Агаарын цэргийн, далайн цэргийн нисгэгч олон мундаг шавьтай. Шавь нар маань хааяа сошиалаар мэнд мэдээд ороод ирэхээр сайхан санагддаг. Манай нэг төгсөлтийн, сайн найз маань Америкийн стратегийн бөмбөгдөгч B-2 Spirit Stealth Bomber онгоцны нисгэгч байсан. АНУ-ын хамгийн үнэтэй зэвсгийн нэг. Тэр найз маань одоо “Американ эйрлайн”-д ажиллаж байна. Энэ мэт шавь, найз олон бий.
-Америкийн нисэхийн том сургуулийн багш Монголдоо ямар зорилготой ирсэн бэ?
-Монголдоо 2010 онд ирээд “Изинис эйрвэйз” компанид ажилд орсон. Аав, ээжийнхээ ачаар нисгэгч болсон хүүгийн хувьд үүсгэн байгуулсан компанид нь ажиллаж, хувь нэмрээ оруулах ёстойг ойлгосон гэх үү дээ. “Изинис”-т нисгэгчээр ажиллахын зэрэгцээ Нислэгийн үйл ажиллагаа хариуцсан газрын дэд захирлаар ажилласан.
Шведэд хэдэн сар “SAAB-340” онгоцны сургалтад хамрагдаж ирсний дараа танилцах нислэгээр Монголынхоо тэнгэрт анх удаа ниссэн. Эх орныхоо тэнгэрт ниснэ гэдэг үгээр хэлэхийн аргагүй гоё юм билээ. Гайхалтай мэдрэмж. Онгоц хурдтай хүч аваад тэнгэрт хөөрөх агшин, үүлэн дундуур нисэх мөч, эх орны үзэсгэлэнт байгалийг тэнгэрээс харах гээд хамгийн хүчтэй мэдрэмжийг авсан. Завханы Улиастай руу хийсэн нислэг байсан юм. Харин бие даасан анхны нислэгээ Мөрөн рүү хийсэн.
-Та “Изинис Эйрвэйз” компанид хэдэн жил ажилласан бэ? Удалгүй Японы тэнгэрт нисэхээр явсан байх аа?
-”Изинис Эйрвэйз”-т дөрвөн жил ажиллаад, нислэг зогссоны улмаас хамт олон маань тарсан. Би харин Японы ANA авиа компанийн охин компанид “Airbus 320” онгоцны нисгэгчээр очсон. Дараа нь Сингапур, мөн Австралийн “Qantas” группийн авиакомпанид дөрвөн жил ажилласан. Өндөр хөгжсөн орны авиа компанид ажиллаж, нисгэгчийн хувьд хийсэн зүйл маань цэгцэрсэн учир төлөвлөж байсан бизнес санаануудаа хэрэгжүүлэх тухай идэвхтэй бодож эхэлсэн. Төдөлгүй “Одоо Монголдоо ир ээ. Онгоцоор “тоглодог” цаг болсон. Ажлаа хий” гэсэн дуудлага гэрээс ирсэн дээ.
-Онгоцны нисгэгч болох хүслээ биелүүлээд бизнесмэн болох хүслээ хэрэгжүүлж эхэлсэн юм байна гэж ойлголоо.
-Тийм шүү. Би “Ньюком” группийн Гүйцэтгэх захирлын ажлыг аваад нэг жил орчим болж байна. Компанийн 30 жилийн ой ч зэрэгцэж байна. Хувьцаа эзэмшигчид маань 30 жилийн турш компаниа амжилттай явуулахын төлөө бүх хүчээ зориулсныг мэднэ. Надад том хариуцлага, үүрэг ирж буйг сайн ойлгож байна. Компанийн ирэх 30 жилийн алсын хараа, стратеги, хөгжил дэвшлийн өнгийг тодорхойлж ажиллана. Тиймээс би ажлаа авсны дараа “Ньюком” 30 жилд ямар үнэт зүйлс, ямар үнэ цэнийг бүтээсэн талаар баг, хамт олонтойгоо ярилцсан.
Бидэнд дөрвөн үнэт зүйл байгааг би олж харсан. Нэгдүгээрт, сониуч, байнга шинийг эрэлхийлдэг. Хоёрдугаарт, түүнийгээ нийгмийн сайн сайхан, хүн ардын төлөө зориулдаг. Гуравдугаарт, мэддэг, чаддаг хүмүүстэй хамтраад хийхийг буюу түншлэлийг эрхэмлэдэг. Дөрөвт, эл түншлэлээ хэрэгжүүлэхийн тулд итгэл, найдварыг чухалчилдаг. Өнгөрсөн 30 жилд манай компанийн хийж бүтээсэн бүхэнд эдгээр үнэт зүйлс бүрэн шингэсэн. Үүнд би их баяртай байгаа.
“Ньюком” алсын хараа, зорилгодоо тууштай байж, аливаа төсөл бүхнээ хүнд тустай, нийгэмд хэрэгтэй, байгальд ээлтэй талаас нь сонгож, хэрэгжүүлж иржээ. Төсөл бүхэн нь хүнд хэрэгтэй, улс орны эдийн засагт тустай байж улс орны хөгжлийг хурдасгахад хувь нэмрээ оруулсан.
-Ардчилсан хувьсгалын дараа байгуулагдсан манай ууган компаниудын нэг “Ньюком”-ын үндэс суурийг хэрхэн тавьж байсан талаар сонирхуулна
уу?
-Монгол Улс зах зээлийн системд шилжиж, Компани аж ахуйн нэгжийн тухай хууль батлагдахад Монголын хувийн хэвшлийн ууган компаниудын нэг болон үүсэн байгуулагдсан.
Манай группийн үүсгэн байгуулагчид холбооны мэргэжлийнхэн учир технологийн хөгжил дэвшлийг сонирхон судалдаг, салбартаа шинээр нэвтрүүлэх санаа оноогоор дүүрэн байжээ. Гадаад улсуудад байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны онцлогт тохирсон зориулалтын холбооны системүүд байдаг. Ийм системийг шинээр нэвтрүүлэхийг зорьж компаниа байгуулахдаа “Ньюком” буюу “new communication” гэсэн англи үгний товчлолоор нэрлэж байв.
Анхнаасаа тэргүүлэх технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, мэргэжлийн ноу-хау, дэвшилтэт арга ажиллагааг суурьшуулахад анхаарч, дэлхийд тэргүүлэх холбооны технологийн компаниудтай ажиллаж эхэлсэн түүхтэй. Тээвэр, уул уурхай, үйлдвэр, зочид буудалд телефон холбооны орчин үеийн дижитал сүлжээ, үйлдвэрлэлийн хөдөлгөөнт холбооны төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслөө хэрэгжүүлэхдээ монгол инженер мэргэжилтнүүдэд мэдлэг эзэмшүүлэхэд чухалчлан анхаарч, мэргэжлийн туслалцааг өндөр түвшинд үзүүлж ажилласан байдаг. Зах зээлийн эдийн засагт хөл тавьж байх тэр үед байгууллагуудыг өрсөлдөх чадвартай, үр бүтээмжтэй ажиллахад нь энэ бүхэн хувь нэмэр болсон нь дамжиггүй.
Үүний зэрэгцээ хөдөлгөөнт холбоо, гар утас ирээдүй болно гэсэн алсын хараанд үндэслэж, үүрэн холбооны төслөө эхлүүлсэн. Монголын зах зээл хэтэрхий жижиг, ийм бизнес амжилттай явах уу гэсэн эргэлзээ Японы хөрөнгө оруулагчдад байсан гэдэг. Харин монголчууд маань гар утсаа халаасандаа хийгээд явна гэдэгт итгэхгүй байсан үе.
Гэхдээ манай үүсгэн байгуулагчид Японы харилцаа холбооны хамгийн том KDDI, “Сүмитомо” компаниудаас хөрөнгө оруулалт татаж, “Мобиком”-ыг байгуулснаар Монголын харилцаа холбооны салбарт шинэ хуудас нээсэн юм.
-Японы том хөрөнгө оруулагчид “Ньюком”-ын үүсгэн байгуулагчдын юуг үнэлж, хөрөнгө оруулалт хийсэн юм бол?
-Японы хөрөнгө оруулагч нэг компанийнх нь орлого Монголын ДНБ-ээс хэд дахин их. Дэлхийд нэртэй аварга компаниуд санаанаас өөр юу ч байхгүй монгол хүмүүст хөрөнгө оруулалт хийж, Монголын анхны хөдөлгөөнт үүрэн холбооны “Мобиком” компанийг хамтран байгуулалцсан түүх ингэж эхэлсэн юм. Үүнийг би цэвэр итгэл дээр тогтсон том бизнесийн эхлэл гэж хардаг. Гол нь манай компанийн үнэт зүйлс Японы хөрөнгө оруулагчдад таалагдсан болов уу. Бидэнд санаа л байсан. Санааны цаана хүн чанар, итгэл найдвар, тууштай байдал байсан. Нэмээд алсыг харсан бизнес, түүндээ тууштай байх хандлага нь япончуудад сэтгэгдэл төрүүлж чадсан учраас хөрөнгө оруулах шийдвэрээ гаргасан.
Мөнгөтэй байгаад бизнес хийдэг юм биш. Гол нь санаатай, ур чадвар, итгэл найдвартай байх хэрэгтэй.
Хүнд хэрэгтэй зүйл хийж, нийгэмд нэмэр болж, алсыг харах чадвартай байх ёстой. Хүнд хэрэгтэй байж чаддаг бизнес алзахгүй. Энэ бол тэдний маань надад хэлдэг үгс.
-“Мобиком” харилцаа холбооны салбарт хүчтэй гарч ирснээр “Ньюком” компанийн бизнес эрчимжсэн. Олон охин компани байгуулж, үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээ, нисэх, барилга, харуул хамгаалалтын ч салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
-Бид хуримтлуулсан мөнгөө дараагийн бизнесүүд рүү оруулсан. Ингэхдээ Монголын хөгжилд хэрэгтэй бизнес эхлүүлэх үнэт зүйлсээ тууштай баримталсаар байсан.
Монголын иргэний нисэхийн салбарт хүч сорихоор “Изинис Эйрвэйз” компанийг үүсгэн байгуулсан. Бидний хамгийн том хөрөнгө оруулалт энэ байсан. Нисэхийн бизнес, сэргээгдэх эрчим хүчний бизнес нь судалгаа, бэлтгэлээс эхлэн ашиглалтад орох хүртлээ их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг.
“Ньюком проперти” бол үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээний компани. Хувийн компаниуд хөлөө олж томрохын хэрээр оффис, үйлчилгээний барилга байгууламжийн үйлчилгээ, менежмент чухал болж ирсэн. “Мобиком”, түүний үйлчилгээний төвүүдэд тохь тухтай үйлчилгээ, орчин нөхцөл бүрдүүлэхийг бид зорьсон. Нөгөө талаар, тухайн үед байгууллага бүр цэвэрлэгч, харуул авч ажиллуулдаг, цэвэрлэгээ, үйлчилгээний ажлыг мэргэжлийн түвшинд анхаарч үздэггүй байлаа. Харин бид үнэт зүйлсийнхээ хүрээнд цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрэлттэй, үнэлгээтэй, мэргэжлийн түвшинд авч үздэг болох, тэнд ажилладаг хүмүүс ажил амьдралын баталгаатай байх, дэмжих үүднээс энэ компаниа байгуулсан. Одоо ”Ньюком проперти” компанийн үйл ажиллагаа өргөжиж, үл хөдлөх хөрөнгийн түрээсийн менежмент, төслийн менежмент хийдэг боллоо.
Мөн харуул хамгаалалтын “Цэгц” компанийг байгуулсан. Эдгээр компани өндөр ур чадвартай, найдвартай, чанартай, тогтвортой үйлчилгээ үзүүлснээр үйл ажиллагаа нь ч өргөжин тэлсэн. Найдвар, чанар, тогтвортой байдал бол бидний үнэт зүйлс.
-“Мобиком” монголчуудыг хөдөлгөөнт холбоогоор дэлхийтэй холбосон анхны компани. Монгол Улсын хөгжил дэвшилд “Мобиком” ямар хувь нэмэр оруулсан талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Харилцаа холбоо нь бүтээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн үр ашгийг хурдасгадаг салбар. Ялангуяа үүрэн холбоо, интернэт бол хүний хөдөлмөрийн болон оюуны бүтээмжийг эрс дээшлүүлдэг хэрэгсэл. Зах зээлийн системд дөнгөж хөл тавьж байсан манай улсад үүрэн холбоог нэвтрүүлэх нь маш чухал байсан.
Монголд үүрэн холбооны үйлчилгээ нэвтрүүлсний үр дүн, нөлөөллийн талаар олон зүйл ярьж болно. Хамгийн түрүүнд холбооны хүртээмж, үйлчилгээ муу байсныг халсан. “Мобиком” орж ирснээр хэзээ ч, хаанаас ч утсаар яриад, ажлаа хийгээд, амьдралаа зохицуулаад явах боломж бүрдсэн. Хөдөө орон нутагт ч ихээхэн хөгжил авчирсан. Яаралтай тусламж, үйлчилгээ авах боломжийн талаар ярих нь илүүц байх.
Мөн мэдээллийн дэд бүтцийг анхлан бий болгосноороо онцлогтой. Үүрэн холбооны дэд бүтэц бий болгож, сум бүрт шилэн кабелийн сүлжээ оруулснаар тоон системийн мэдээлэл, холбооны дэд бүтэц улс даяар бий болсон. Монгол шиг өргөн уудам нутагтай, хүн амын нягтрал багатай улсад ямар их хөрөнгө оруулалт, цар хүрээтэй ажил болсон нь ойлгомжтой.
Харилцаа холбооны салбарыг зах зээлийн зарчмаар зөв хөгжүүлэх, шударга өрсөлдөх үндэс суурийг бид тавьсан. Энэ чиглэлийн боловсон хүчин бэлтгэхэд ч том хувь нэмэр орууллаа.
Нөгөөтээгүүр, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж бизнесийг томоор харж, хийж болдог гэсэн ойлголтыг нийгэмд өгсөн. Үүний зэрэгцээ Монголд
хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллаж болно гэсэн мэссэжийг өгснөөрөө онцлог төсөл. Монгол, Япон улсын эдийн засаг, бизнесийн харилцааг ойртуулан бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан. “Зах зээлийн системд шилжсэн Монгол Улсад Японы “Сүмитомо”, KDDI корпорациуд хөрөнгө оруулаад амжилттай ажиллаж байна, бид ч сонирхъё” гэсэн сэтгэгдлийг гадаадын хөрөнгө оруулагчдад төрүүлж чадсан.
Энэ бол “Ньюком” компанийн улс орныхоо хөгжилд оруулсан мөнгөөр үнэлшгүй том хувь нэмэр, хөрөнгө оруулалт гэж боддог.
-“Мобиком”-ын мөнгө Япон руу гардаг гэдэг ойлголт нийгэмд байдаг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-“Мобиком” компани ТОП-100 аж ахуйн нэгжийн тоонд байнга багтаж, эхний байруудад орж, татвараа төлсөөр ирсэн. Хөрөнгө оруулагч компани нь өнөөг хүртэл хөрөнгө оруулсаар байдаг. Үүнийг хүмүүс сайн мэддэггүй. Дэд бүтцийг сайжруулах, шинэ систем, шинэ технологи нэвтрүүлэхэд “Мобиком” ихээхэн хөрөнгө оруулалт байнга хийдэг. Япон руу явж байгаа тэрхүү мөнгөний ихэнх эргээд хөрөнгө оруулалт хэлбэрээр Монгол Улсад орж ирдэг.
Мөн хөрөнгө оруулагчдын санаачилгаар “Мобиком”-ын боловсон хүчний салбарт ч их хэмжээний хөрөнгө оруулалт хийсээр ирлээ.
Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалт татах бодлого явуулна гэдэг. Оруулсан хөрөнгө оруулалтын өгөөжийг нь өгөхгүйгээр хөрөнгө оруулалт татна гэж байх уу?
-“Изинис Эйрвэйз” компани иргэний агаарын тээврийн хөгжилд ямар хувь нэмэр оруулсан гэж та боддог вэ?
-Аав маань онгоцонд дуртай байсан учраас Монголдоо авиа компани байгуулах бодолтой явсан. Бид нэгдүгээрт, дотоодын агаарын тээврийг хөгжүүлэхэд оролцох, хоёрдугаарт дэлхийн зах зээл рүү чиглэсэн, олон улстай уялдсан бодлого явуулж олон улсын агаарын тээврийн сүлжээнд амжилттай оролцох зорилгоор “Изинис Эйрвэйз” компанийг байгуулж байлаа.
Чанартай, давтамж сайтай, зөв үйлчилгээ үзүүлэх нь манай философи. Энэ загвар маань ч сайн ажилласан.
Томоохон уурхайнуудад найдвартай, давтамж сайтай нислэгийн үйлчилгээ шаардлагатай байсан үе. Энэ шаардлагыг хангасан нислэгийг “Изинис” үйлдэж байлаа. Салбарын хүмүүстэй уулзахад “Аюулгүй ажиллагаа, үйлчилгээний маш сайн стандартыг “Изинис” нэвтрүүлсэн” гэж ярьдаг нь надад сайхан санагддаг.
Бид нислэг үйлдвэрлэлийн чиглэлээр олон улсын стандартуудыг дотооддоо нэвтрүүлж, стандарт тогтоосон гэж боддог. Мөн гаднын олон нисгэгчийг ажиллуулснаар тэдний мэдлэг, ур чадвараас суралцсан. Дүрэм, журамдаа ч хөгжингүй орнуудын хамгийн шилдгийг нь сонгож нэвтрүүлж байв.
“Изинис Эйрвэйз” компани иргэний нисэхийн хөгжилд өргөн утгаар харвал хоёр томоохон хувь нэмэр оруулсан гэж үздэг. Нэгдүгээрт, дотоодын нислэгийн тарифыг зах зээлийн түвшинд хүргэсэн. Үүний дүнд дотоодын агаарын тээврийн шинэ компаниуд орж ирэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж нээгдсэн. Хоёрдугаарт, аюулгүй ажиллагаа, засвар үйлчилгээ, хяналтын системийг олон улсын стандартад хүргэж чадсан. Ингэснээр манай нисэхийн компаниуд дотоодын нислэгт зориулж гадаадаас онгоц түрээслэх боломж бүрдсэн.
-“Ньюком” Япон улсаас томоохон хөрөнгө оруулалтууд татаж ирсэн. Одоо ч СЭХ-ний томоохон төслүүдийг тус улсын хөрөнгө оруулагчидтай түншлэн хэрэгжүүлж байна. Та дунд, ахлах сургуулиа Японд дүүргэжээ. Япон хүмүүсийн амьдралын гол зарчим юу вэ?
-Япончуудын гол зарчим нь чин сэтгэл. Юмыг чин сэтгэлээсээ хийх гэдэг бичигдээгүй дүрмийг ягштал баримталдаг улс. Аливааг төлөвлөж, урт хугацаанд хардаг. Итгэл найдвар дээр үндэслээд чин сэтгэлээсээ урт хугацааны юм хийхийг хүсдэг. Япончууд маш ажилсаг, маш хатуужилтай. Японы хөдөлмөрийн бүтээмж үнэхээр өндөр. Боловсролын системдээ нууц нь байдаг гэж хэлж болно. Хүүхдийг багаас нь зөв байх, алив зүйлийг чин сэтгэлээс хийхийг заадаг. Би 12 настайгаасаа Японд сурсан учраас энэ соёлд тодорхой хэмжээгээр суралцаж, түүнийг ажил амьдралдаа мөрдөхийг хичээдэг.
-“Ньюком” компани энэ 30 жилд инновац, технологийн салбарт хөрөнгө оруулж, ихэнхдээ шинэ салбарт орж үргэлж шинийг эрэлхийлж, шинийг нэвтрүүлж иржээ гэж харагддаг.
-Бизнесийг их ашигтай, эсвэл амархан гэдэг талаас харах нь гол нь биш. Бидэнд, нийгэмд хэрэгтэй зүйлийг хэн нэгэн хийх л ёстой, тэр тусмаа бид эхэлж мөсийг зүсээд хийгээд явъя гэдэг философидоо “Ньюком” хөтлөгдөж, нийгэмд тустай, байгальд ээлтэй сүүлийн үеийн технологийн хөгжил дэвшилд тулгуурласан, дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжүүлж иржээ.
Энэ бүхэн алсын хараа, үнэт зүйлсдээ анхнаасаа тууштай явж ирсэнтэй холбоотой.