Б.Баатармөнх: Сэргээгдэх эрчим хүч хурдацтай хөгжлийн том хөшүүрэг болно

Mongolian Economy
2023-09-11 14:32:22
Ангилал: Эдийн засаг

Бидний ярилцлага “Ньюком” компанийн өнгөрсөн 30 жилд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлсэн төслүүдийн талаар үргэлжиллээ. “Бид шинэ эрчим хүчийг бүс нутаг, Ази руу экспортлох том зорилготой ажиллаж байна” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Б.Баатармөнх хэллээ.

-“Ньюком” 20 жилийн өмнөөс шинэ эрчим хүчний тухай ярьж, яриад зогсохгүй бодит үйлдэл хийж, СЭХ-ний анхны төслийг гүйцэтгэсэн. Эндээс бид байгалийн баялгаа ашиглаад эрчим хүч гаргаж авч болдог юм байна гэдгийг харсан. “Ньюком” бас л шинэ салбарыг нээж, шинэ ойлголт стандартыг нэвтрүүлж, таниулсан. Шинэ эрэлхийлэл, шинэ санаачилга шинэ эрчим хүчний эхлэл болсон төслүүдийнхээ талаар ярина уу?

-Байгаль орчноо хамгаалах нь манай группийн үүсгэн байгуулагчдын үзэл баримтлал, үнэт зүйлс байсан учраас ач холбогдол өгч, байнга анхаарал хандуулж ирсэн.

Дэлхийн дулаарлын эсрэг, мөн Монгол Улсын тогтвортой хөгжилд сэргээгдэх эрчим хүч том үүрэг гүйцэтгэх юм байна гэдгийг тэд 20 жилийн өмнөөс олж харж. Ингээд “Ньюком” дэлхий нийтээрээ зүглэж буй салбарт хүч сорьж, энэ нь өөрөө эргээд дэлхийн ирээдүй болно гэсэн алсын хараагаар СЭХ рүү орох шийдвэр гаргасан. Улмаар 2003 онд анхны “Салхит салхин цахилгаан станц” төслөө эхлүүлж байлаа. Төсөл маань хэрэгжиж Монгол Улсад анхны салхин цахилгаан станц эрчим хүч үйлдвэрлэж эхэлтэл 10 жилийг зарцуулсан.

СЭХ өөрөө цоо шинэ салбар, төрийн бодлого, зохицуулалт байхгүй, салхинаас цахилгаан гаргаж авна гэдэг ойлголт бүх түвшинд цоо шинэ, яг л хүн бүр гар утастай болно гэхэд хүмүүс гайхан хүлээн авсантай адил байсан. Бидний хувьд ч шинэ салбар, шинэ технологи, шинэ орчин байсан даа. Төсөл хэрэгжүүлсэн 10 жилийн хугацаанд бид салхины нөөцийн судалгаа хэмжилт хийж салхины нөөцийн мэдээллийн бааз бий болгох, салхин станцын технологи судлах, монгол орны нөхцөлд тохирсон, хамгийн орчин үеийн техник төхөөрөмж сонгох, СЭХ-ний салбарт эрх зүйн орчин бүрдүүлэхэд төр засагтай хамтран ажиллах гээд маш олон талт ажил хийсэн байдаг.

“Салхит” салхин цахилгаан станц нь СЭХ-ний салбарт хувийн хэвшлийн оруулсан анхны томоохон хөрөнгө оруулалт бөгөөд тухайн үед эрчим хүчний уламжлалт салбартаа ч гучаад жил томоохон хөрөнгө оруулалт хийгээгүй үе байлаа. Анхны төслөө арваад жил хэрэгжүүлж байсан бол “Цэций” салхин цахилгаан станцын төсөл маань 2012 онд эхлээд 2017 онд үйл ажиллагаагаа эхлүүлж, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байна.

Монгол Улсын оролцоо хэрэгтэйг энэ бүх боломж харуулж байгаа учраас бид даруйхан хөдлөх хэрэгтэй

Монгол Улсын оролцоо хэрэгтэйг энэ бүх боломж харуулж байгаа учраас бид даруйхан хөдлөх хэрэгтэй

-Монгол Улс нүүрстэй орон, нүүрсээ л ашиглана. Та юун салхин станц яриад байна гэж манай үүсгэн байгуулагчдад хэлж байсан гэдэг. Бидний хувьд Монгол орон маань салхитай, дуусашгүй нөөцтэй, байгалд ээлтэй эрчим хүч гаргаж авч болно гэсэн итгэл үнэмшилтэй байсан. Хэдийгээр мэдэхгүй зүйл их ч, дэлхийд ингэж хийдэг юм байна, ингэж хийх ёстой юм байна гэж оролдож, суралцаж, зүтгэж хийсэн.

Мэдээж олон сорилттой тулгарсан. СЭХ-ний салбарт төрөөс баримтлах бодлого, эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байсан. 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний хууль батлагдсанаар эрх зүйн зохицуулалт бүрдэж эхэлсэн. Бас нэг сорилт бол төслийн санхүүжилтийн асуудал. Төслийн санхүүжилт гэж өмнө нь байгаагүй, судлах, суралцах, хэрэгжүүлэх чухал ажил байсан. Салхины нөөцийн судалгаа, хэмжилт маань санхүүжилтийн шаардлагад нийцсэн байх шаардлагатай. Салхины нөөцийн хэмжилтийн ажил гэхэд л газар дээрээ дор хаяж таван жил хэмжилт хийсэн мэдээллийн баазтай болохоос гадна салхины нөөцийн хэмжилт нь стандарт шаардлага хангасан, бодитой гэдгийг гадаадын мэргэжлийн байгууллагад явуулж баталгаажуулдаг байлаа.

Үр дүнд нь Монголд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж, салхин парк байгуулж болдог юм байна гэдгийг дотоодод төдийгүй дэлхийд харуулж, Монгол Улсаа сурталчлан таниулахад эерэг мэссэж болсон. 20 жилийн өмнө гаргасан концепц, баримталсан зарчмаа бид өнөөг хүртэл мөрдөж, өргөжүүлэн ажиллаж байна.

-30, 20 жилийн өмнө ч тухай үеийн нөхцөл байдалтай холбогдсон сорилтуудтай тулж байсан тухай хоёулаа ярилцсан. “Ньюком”-ын ирэх 30 жилийн том зорилгын өмнө тулгарсан сорилт ч байж магадгүй юм.

-Би ажлаа аваад багтайгаа ярилцсан. Бид хүний ам хараад ажил бүтэхийг хүлээгээд суух уу, эсхүл өөрсдөө зүтгээд үзэх үү. Тэгээд өөрсдөө түлхье гээд эхний алхмаа хийлээ. Бид СЭХ-ний чиглэлээр ажилладаг дэлхийн хамгийн том компаниуд багтсан “Dii Desert Energy” байгууллагад 100 дахь гишүүнээр уригдан элсэж орсон.

Тус холбоо яагаад Монголын компанийг урьж 100 дахь гишүүнээрээ элсүүлэв ээ. Монгол СЭХ-ний арвин нөөцтэй, Хятад улстай хөрш. Тэгэхээр шинэ эрчим хүчний хөгжлөөр бүс нутагтаа голлох тоглогч болох бүрэн боломжтой улс гэж харсан байна. Хамтран
бүс бүсийн СЭХ-ний сүлжээг, салхин паркийн төслүүдийг дэмжье. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулж, бодлого боловсруулж, дэд бүтцийг бий болгож, дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа гэсэн үг.

Урд хөрш бол олон жил судалгаа хийсэн, энэ талын төслүүд хэрэгжүүлэхэд бэлэн улс. Ганцхан л зүйл хэлдэг, танай Засгийн газрын
бодлого нь нарийн тодорхой биш, шийдвэр нь хэрэгждэггүй, ойр ойрхон солигддог нь ажил эрчимтэй явуулах, тууштай яриа хэлэлцээр хийхэд хүндрэлтэй болгодог гэдэг.

Монгол Улс СЭХ экспортлогч орон болж, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулна гэсэн том зорилго тавьж байсан бол одоо эхлэх цаг болжээ. Коронагийн дараа дэлхий даяараа тогтвортой хөгжлийг хүчтэй дэмжиж эхэллээ. 2-3 жилийн өмнө энэ тухай ярьдаг л байсан бол өнөөдөр капитал жинхэнээсээ хөдөлгөөнд орсон. Тэрбум, тэрбум долларын төслүүдийн гэрээ хэлэлцээр дэлхий даяар хийгдэж, хэрэгжиж байна. Манай улс ерөнхийдөө хоцрох талдаа байна. Нөгөөтээгүүр, Хятад улс хурдтай хөгжиж, эрчим хүчний хэрэглээ нь асар их өсөж байна. Эрчим хүчний дутагдалд бүс, бүсээрээ орж эхэлсэн. Энэ бүхэн бидэнд маш том боломжийг нээж байна. Одоо төрөөс тодорхой чиглэлтэй, нарийн бодлого гаргаж ажиллавал Монгол Улсад сайхан боломж нээгдэж байна.

Хятад руу 5000 МВт-ын эрчим хүч экспортлоход нэгж зардал буурч, санхүүжилт, хөрөнгө оруулалт орж ирнэ

-Төрөөс ямар бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна вэ?

-Эрчим хүч экспортлоход чиглэсэн тодорхой бодлого, нарийвчилсан төлөвлөгөө бидэнд алга. Бодлого бол бодол биш, бичсэн, баталсан хөдөлшгүй баримт бичиг байх хэрэгтэй. Бодлогыг хэрэгжүүлдэг үүрэг хариуцлагатай байх чухал байдаг. Тогтворгүй, тодорхойгүй байдал маш том бэрхшээл болсоор ирсэн. Төрийн байгууллагууд өмнө байгуулсан гэрээгээ хэрэгжүүлдэг байх хэрэгтэй байна. Гэрээг хоёр тал харилцан тохиролцож, хоёр талаас үүрэг хүлээж байгуулдаг, гэрээг мөрдөж хэрэгжүүлэх маш чухал асуудал. Гэрээг хэрэгжүүлснээр л үр дүн гардаг. Мөн валютын ханшийн хэлбэлзэл. Дотоодын зах зээл СЭХ-ийг дийлэхгүй гэж ярьдаг. Энэ бол нарийн асуудал. Дийлэхгүй гэдэгтээ бус эрчим хүчний үнэ тарифыг чөлөөлж чадахгүй байгаатай холбоотой болов уу. Эрчим хүчний салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хурал дээр Ерөнхийлөгч асан П.Очирбат гуай “Тарифаа чөлөөлөхгүйгээр эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт орж ирэхгүй, салбар хөгжихгүй” гэж маш хүчтэй дуугарсан. Эрчим хүчний сайд ч үүнийг онцлон хэлсэн. Энэ бол тодорхой. Харин тэр хүртэл яах вэ гэсэн бодлого, эрх зүйн орчин, замын зураглалаа гаргах хэрэгтэй байна.

СЭХ-ний жижиг станцуудын нэгж үнэ нь өндөр байдаг бол том хүчин чадалтай станцуудыг баривал нэгжийн өртөг нь багасна. Томоохон хэмжээний СЭХ-ний паркуудыг баръя. Маш том зах зээл хилийн цаахна байна. Бид Хятад руу 5000 МВт-ын эрчим хүч экспортлоход л нэгж зардал буурч, санхүүжилт, хөрөнгө оруулалт ороод ирнэ. Эдийн засагт маш том дэмжлэг өөрчлөлт болно. 5000 МВт бол урд хөршийн хэрэгцээний 0.5 хувьд нь ч хүрэхгүй, тэдэнд юу ч биш. Харин манай хувьд том тоо, дотоодын оргил ачааллаас даруй 3.5 дахин их үзүүлэлт. Тиймээс СЭХ-ний экспортын бодлого, дэмжлэгээ зэрэг эхлүүлье гэж хэлээд байгаа юм. СЭХ-ний эрчимтэй хөгжлийн үндэс суурийг тавьж, дотоодын хэрэгцээг хангаад үлдсэнийг экспортлох боломжтой болно. Маш бага зардал, өртгөөр нийлүүлэх боломжтой.

Төрийн түвшинд хоёр улсын хоорондох бодлогын зохицуулалт хийх хэрэгтэй. Хууль эрх зүйн орчноо сайтар боловсруулж гаргасны дараа хувийн хэвшлийг татан оролцуулснаар төсөвт дарамт болохгүйгээр хувийн хэвшлийнхэн өөрсдөө эрсдэлээ үүрээд, мега төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой болох юм.

-Дэлхийн ногоон хөгжил, СЭХ-ний хөгжлийн чиг хандлагын талаар та мэдээлэл өгнө үү?

-Хүн төрөлхтөн сүүлийн 200 гаруй жилд түлш шатааж, утаа гаргаж бүтээгдэхүүн үйлдвэрлэж ирсэн. Цаашдаа энэ байдлаараа үргэлжлээд явбал эх дэлхий маань, хүн төрөлхтөн өөрөө маш том аюул заналд орох эрсдэлтэй боллоо гэдгийг дэлхий нийтээрээ ойлгож, хүлээн зөвшөөрч байна. Эрчим хүч бүх л үйлдвэрлэлийн суурь нь. Амьдардаг нөхцөлөө хохироохгүйгээр шийдье гэдэг хандлага газар авч бүх л зүйлд тусгалаа олж байна.

Мөн нүүрсхүчлийн хий ялгаруулж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс зайлсхийх хөдөлгөөн хүчтэй өрнөж байна. Ийм төрлийн бүтээгдэхүүнд зохих хэмжээний татвар тавих талаар ярих боллоо. Европт 2026 оноос татварын шинэ хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ дагуу Европт нийлүүлж буй нүүрсхүчлийн хийн ялгаруулалт ихтэй бүтээгдэхүүнд тухайн нутагт нь татвар тавиагүй бол Европт өндөр татвар ноогдуулах юм. Арабын нэгдсэн Эмиратад саяхан болсон сэргээгдэх эрчим хүчний олон улсын хурлын үеэр би дэлхийн тэргүүлэгч компаниудын удирдлагуудтай уулзсан. Энэ үеэр “Хөгжсөн, аж үйлдвэржчихсэн улсууд бэрхшээлүүдтэй тулна. Ийм улс орнуудад газар байхгүй учраас СЭХ-ний станцууд байгуулж чадахгүй. Тиймээс тэд өөр улс орон, СЭХ үйлдвэрлэдэг газруудаас кредит авах шаардлагатай болно” гэж байна.

Манайд маш том боломж гарч ирж байгааг ойлгох хэрэгтэй. Монгол Улс байгальд ээлтэй эрчим хүч үйлдвэрлэж, кредитээ худалдахаас гадна өөрсдөө аж үйлдвэржих бүрэн боломжтой. СЭХ-ээр үйлдвэрлэх зүйлс олон бий. Техник технологи улам хөгжиж авсаархан болсоор байна. Онгоцоор зөөвөрлөх ч боломжтой болж. Логистикийн сул талаа нөхөхөд санаачилгатай хандаж, шинийг эрэлхийлж байна.

СЭХ хүч гэдэг түлхүүрээ одоо л ашиглах хэрэгтэй. Энэ нь эдийн засгийн хурдацтай хөгжлийн том хөшүүрэг болно. Энэ түлхүүр дараа дараагийн үйлдвэрлэлийн салбаруудыг хөгжүүлнэ. Тиймээс төр засаг дотоодын асуудлаа шийдсэний дараа экспорт руу анхаарна гэх бус экспортын эрчим хүчний асуудалд ч анхаармаар байна. Эрдэмтэн мэргэд, судлаачид улсынхаа урд зүгийг үйлдвэрлэлийн бүс, хойд зүгээ амьдралын бүс болгоё гэж ярьдаг. Урд, өмнө бүс уул уурхай, СЭХ-ний баялаг нөөцтэй. Газар дээрх байгалийн баялгаа сайтар ашиглавал үйлдвэрлэл хөгжих бүрэн боломжтой.

СЭХ бол хүч гэдэг түлхүүрийг одоо л ашиглах хэрэгтэй

Жилийн өмнөөс Өвөр Монголын Ордос аймагт нэт зеро үйлдвэрлэлийн паркийг барьж эхэлсэн. Өвөр Монголыг сонгосны учир нь Монгол Улстай адилхан СЭХ-ний нөөц арвинтай гэж үзсэн. Гэхдээ Монголд чанар илүү байна, Монголд барьчихдаг бол гэсэн асуудлыг тэд хэлж байна. Ийм хандлага их гарах боллоо. Үүний нэг адил ийм паркуудыг өөрсдөө бариад явах юм бол олон улсад өрсөлдөх чадвартай болно. Монгол Улсын давуу талууд их. Дэлхийд дээгүүр орох СЭХ-ний, дэлхийд дээгүүр орох газрын ховор элементийн нөөцтэй. Дэлхийн хамгийн том зах зээлтэй хөрш. Үүнээс илүү азтай зүйл гэж ховор.

Түүнчлэн дэлхий СЭХ-ний хөгжилд тулгарах бэрхшээлийг шийдэхээр хичээж байна. СЭХ-ий нэг сул тал нь хэлбэлзэл. Нар, салхитай үед ажилладаг, нар, салхигүй үед зогсдог. Үүнийг батарей хураагуур ашиглах замаар шийддэг технологи бий. Технологи сайжраад ирэхээр үнэ өртөг багасч байна. Ялангуяа салхи, нарны станцын өртөг улам багасч байна. Эрчим хүчний салбарын үнэ тарифын чөлөөлөлт, хөрөнгө оруулалтын нөхцөлөө сайжруулаад ирвэл өртөг багасах боломжтой.

Цаашдаа устөрөгчийн эрин үе ирнэ. Өнөөдөр хийсвэр түвшинд харагдаж байгаа бол 20 жилийн дараа СЭХ-тэй адил бодит болно. Устөрөгчийг тээвэрлээд экспортолж, импортолно гэхэд арай эрт байна. Харин тухайн бүс нутагт нь үйлдвэрлээд, хэрэглэх концепц ид хөгжиж байна. Монголд ч хэрэгжих боломжтой. Устөрөгчийг Хятад, өөр зах зээл рүү тээвэрлэхээс илүүтэй эх орондоо үйлдвэрлэж, улмаар үйлдвэрлэлд ашиглах боломжтой гэж үзэж байна.

Түүнчлэн өөр шинэ технологиуд гарч ирж байна. Нарны гэрлээр шууд эрчим хүч үйлдвэрлэхээс илүү нарны гэрлээр ямар нэг бодисыг халааж хайлуулах, тухайлбал, давсыг халааж хайлуулах замаар дулааны энерги гарган авч нөөцөлж, эрчим хүчинд ашиглах төслүүд ч хэрэгжиж байна.

-Та “Ньюком”-ын цаашдын 30 жилийн ирээдүйг хэрхэн харж байна вэ?

-Монгол Улс зах зээлийн системд шилжээд 30 жил болж байна. Харьцуулж яривал бид яагаад БНСУ шиг хөгжиж болохгүй гэж. Тус улс 1960-аад онд цэргийн дэглэмд орсон. Солонгос орны 60-аад он, манай өнгөрсөн 30 жилийн хооронд ялгаатай зүйлс олон бий. Өмнөд Солонгосын хувьд ажил гололгүй бүгдийг хийж хөгжлийн үндэс сууриа тавиад 1990 оноос өндөр технологи руу шилжсэн. Бид ч улс орныхоо хөгжлийн сууриа чадахаараа тавилаа. Одоо өндөр технологи руу орох цаг болсон. Өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлээд цааш явъя. Ийм боломжууд гарч ирлээ. Дэлхий энэ боломжуудыг бий болгоод өглөө.

“Ньюком”-ын хувьд өндөр технологийн хөгжлийн үндэс суурийг тавихын төлөө 30 жилийг зориуллаа. Одоо бодит ажил болгоод эрчимтэй хөгжүүлнэ. Гагцхүү эрх зүйн орчныг сайтар бүрдүүлээд, тодорхой болгох хэрэгтэй байна. Бидний мөрөөдөл биелдэг юм гэдгийг “Салхит”, “Цэций” станцын төслүүд бодитойгоор харууллаа. Одоо группийнхээ гол тулгуур болсон. СЭХ-ний бизнесээ улам хөгжүүлж, бүс нутаг, Ази руу тэлье хэмээн зорьж байна. Эрчим хүчийг эдийн засгийн зүтгэх хүч, экспортын бүтээгдэхүүн болгохыг хичээж байна.

Эх орныхоо хөгжилд өндөр технологийн үйлдвэрээр хувь нэмэр оруулж 2030 он гэхэд бид өөрсдийн тэргүүлж буй салбартаа, бүс нутагтаа бизнес эрхэлж, тэргүүлэх хэмжээнд хүрнэ гэсэн том амбицтай.

Мөн “Мобиком” дээрээ тулгуурлан дараагийн “Мобиком” шиг дижитал бизнесийг хөгжүүлэхээр судалгаагаа эхлүүлж, түншүүдтэйгээ харилцаж байна. Монголын оюун ухааныг дэлхийд экспортлох чиглэлд ажиллана. 2040 он гэхэд Ньюкомчууд зөвхөн бүс нутаг бус дэлхий рүү үйл ажиллагаагаа тэлнэ. 2050 онд дэлхий рүү гарсан сүлжээгээрээ эргээд одоо үйл ажиллагаа явуулж буй бизнесүүдээс гадна өөр салбарууд руу орно гэсэн алсын хараатай ажиллаж байна.

-“Ньюком” групп өнгөрсөн 30 жилд боловсон хүчин, менежерүүдийг бэлтгэхэд томоохон хувь нэмэр оруулсан гэж үздэг?

-Хүний нөөц бол манай үнэт зүйлс. Группийн зүгээс боловсон хүчиндээ хөрөнгө оруулалт байнга хийсээр ирсэн. “Ньюком” шинийг санаачилж, шинэ технологи нэвтрүүлж, шинэ шийдэлтэй, шинэ арга барилаар ажилладаг болохоор манай ажилтнууд байнга суралцаж ажилладаг. Энэ нь хүний нөөцийг хөгжүүлэхэд түлхэц болдог. Бид дэлхийн хамгийн шилдэг, хүлээн зөвшөөрөгдсөн ур чадваруудыг нэвтрүүлсээр ирсэн. Цаашид хүний нөөцийг зөвхөн дотоодоос бус гадна, дотноос гэж харна. Өнгөрсөн 30 жилд ийм зарчим баримталж ирсэн, цаашдаа ч баримтална.

“Ньюком” энэ хугацаанд гадаад, дотоодын олон захирал, мэргэжилтэнтэй хамтарч ажиллаж ирсэн. Удирдлагын түвшинд менежерээр ажиллаж байсан хүмүүс бүгд л тус тусын салбартаа сайн ажиллаж, зарим нь бизнес эрхлээд явж байна. “Ньюком”-д ажиллаж байсан олон захирал, менежер гадаад дотоодын компаниудад удирдах түвшний ажилд шууд ордог, амжилттай ажилладаг, “Ньюком”-ын бизнесийн соёл ч тодорхой хэмжээнд түгээгдэж байгаа. Том мөрөөдөж, зөв зүйл хийвэл амжилтад хүрдэг. Монгол хүн эх орон, дэлхийн хөгжилд үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чаддаг юм байна гэсэн мэссэжийг “Ньюком” ажилтнууддаа өгдөг нь сайхан шүү.

2040 он гэхэд Ньюкомчууд зөвхөн бүс нутаг бус дэлхий рүү үйл ажиллагаагаа тэлнэ

-Та олон оронд ажиллаж амьдарсан хүн. Монгол хүний давуу болоод сул талыг хэрхэн дүгнэх вэ?

-Нүүдэлчин монголчуудад сул талууд бий. Нэгдэж нийлж, хамтарч ажиллаж чаддаггүй. Хоорондын холбоо харилцаа сул, бас төлөвлөж чаддаггүй. Монголчуудын энэ сул тал нөгөө талаар боломж болдог. Монгол хүний бүр товойгоод гараад ирсэн давуу тал байна.

“Изинис”-т ажиллаж байхад манай япон захирал их хэлдэг байсан. Бид нэг жилд өөр өөр төрлийн хоёр шинэ онгоц оруулж ирсэн юм. Бусад улсын авиакомпани нэг л онгоц оруулж ирэхэд 5-6 жил зарцуулдаг. Цоо шинэ онгоц оруулж ирэх нь худалдаж аваад болчих зүйл биш. Тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, олон төрлийн сургалт зэрэг олон асуудлыг шийдэж олон улсын байгууллагатай гэрээ хэлэлцээр хийж бичиг баримтын бүрдүүлэлт хийнэ. Онгоцоо очиж сонгоно, шалгана, авчирна. Ирэхээр нь ИНЕГ-тай хамтарч ажиллана.

Энэ бүгдийг бид мэдэхгүй учраас болох л ёстой гээд дайрч ороод болгочихсон. Япон захирал энэ бүхнийг харж, бидэнтэй хамт туулж гарчихаад “Та бүхэнд болдоггүй юм гэж байдаггүй юм байна” гэж билээ.

Монголчууд асуудал шийдэж чаддаг, хурдтай. Юмнаас айдаггүй. Зүйрлэвэл, монгол сүмочид сүмогийн дэвжээний ирмэг дээр ирчихээд дэнжигнэж байгаад ялчихдаг. Үүнтэй адил гэж билээ. Монгол хүн эрс тэс уур амьсгалтай нутагтаа олон мянган жилээр
байгальтайгаа зохицон амьдарч ирсэн болохоор чөлөөтэй сэтгэдэг, сэтгэлийн тэнхээ, уян хатан чадвар сайтай, том юманд зоригтой сэтгэж, зүтгэж чаддаг, хийж чаддаг чадвартай.

Би Америкт нисэхийн сургуульд багшилж байхдаа шилдэг багшаар шалгарч байлаа. Эхэндээ гадаад багш гээд гаднын оюутнуудыг түлхүү өгдөг байсан бол сүүлдээ дотоодын, заримдаа арга ажиллагаа нэлээн шаардагдах оюутнуудыг надад өгдөг болсон. Асуудлыг шийдэж чаддаг багш байна гэсэн хандлагаар ханддаг байж билээ. Энэ нь миний сайнд ч биш байх, монгол хүн болохоороо арай задгай сэтгэж, болохгүй гэхээсээ болгодог аргыг нь яаж олох вэ гээд оролдсонтой холбоотой байх.

Ногоон хөгжил сэтгүүлийн №2 дугаараас 

Mongolian Economy