Б.Долгормаа: Бид төмөр замын салбарт томоохон бүтээн байгуулалтыг гардан гүйцэтгэснээрээ бахархдаг

Sarangerel
2025-10-20 11:01:21
Ангилал:

Ковид-19 цар тахал дэгдсэн 2021 оны тавдугаар сард Б.Долгормаа “Бодь групп”-ийн толгой компани “Бодь интернэшнл”-ийн гүйцэтгэх захирлаар томилогджээ. Тухайн үед “Бодь интернэшнл” компани Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233,6 км төмөр замыг бүтээн байгуулах цогцолбор төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж эхлээд байв. Ийнхүү дэлхий нийт хорио цээрийн дэглэмтэй байсан хийгээд бизнесийн үйл ажиллагаа улс даяар тэг зогсчихсон цаг үед мега төслийн бүтээн байгуулалтыг богино хугацаанд гүйцэтгэх үүрэг хүлээсэн компанийг энэ залуу эмэгтэй удирдахаар болсон юм. Монголд том төсөл, ялангуяа эрчим хүч, зам, төмөр замын төслийг эрэгтэй хүн л удирддаг гэх ойлголт, хандлага явж ирсэн. Өнөөдөр ч дэд бүтэц, барилгын салбарт ажиллагсдын 80 хувь нь эрчүүд байдаг учраас эдгээр салбарын дийлэнх компани, төслийн удирдлагаар эрчүүд ажиллаж байна. Харин тэрбээр төмөр замын том бүтээн байгуулалтыг барьж дуусгаад одоо Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг хэрэгжүүлж буй эрчүүд түлхүү ажилладаг онцлогтой компанийг амжилттай удирдаж байгаа нь уг хэвшмэл ойлголт эвдэгдэж байгаагийн тод жишээ юм.

-“Бодь интернэшнл” 30 гаруй жилийн түүх бүтээсэн компани. Монгол Улсын ардчилалтай нас чацуу компаниуд маань өнөөдөр эрийн цээнд хүрч, амжилттай явна. “Бодь интернэшнл” компанийн амжилтуудын талаар та юу хэлэх вэ?

-Манай компани 1993 онд байгуулагдсан, өнөөдөр 32 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Монголын ардчиллын эрин үед анх үүсгэн байгуулагдсан хувийн хэвшлийн нэг. Хүний амьдрал, бизнес бүгд л өөр өөрийн цикльтэй, тэр бүхнийг туулж замнаад явж байгаа. Миний хувьд энэ групп компанийн хөгжлийн түүхийн 20 гаруй жилд нь гар бие оролцож ирсэн. Анх сургуулиа төгсөөд Голомт банканд эдийн засагчаар ажилд орсон. “Бодь интернэшнл” банк санхүү, уул уурхай, барилга, үл хөдлөх хөрөнгө, мэдээллийн технологийн салбарт түлхүү бизнес эрхэлж байсан бол одоо дэд бүтцийн төслүүдэд илүү анхаарал хандуулж байна. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжил дэд бүтэц дээр л тулгуурлаж хөгжинө. Дэд бүтцийн төсөл нь цар хүрээ, инженерчлэлийн нарийн шийдэл, хүн хүч, техник, технологи, санхүүжилтийн дорвитой эх үүсвэр шаарддаг онцлогтой тул компани бүр хэрэгжүүлээд байх боломжгүй. Олон жилийн түүхтэй хувийн хэвшлийнхэн маань өнөөдөр салбар бүртээ туршлагажжээ. Тэд ашиг орлого гэж харахаас илүүтэйгээр улс орны эдийн засагт хэрхэн яаж сайнаар нөлөөлж болох вэ гэдэгт анхаарч байна. Нөгөө талаар, хийсэн ажил маань үр дүнтэй, үр өгөөжөө өгдөг байх ёстой. Энэ утгаараа манай компани эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон томоохон төслүүдийг хэрэгжүүлж ажиллахыг хичээж байгаа.

-Та бүхэн дэд бүтцийн хоёр том төсөл хэрэгжүүлж байгаа. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг бариад ашиглалтад хүлээлгээд өгчихсөн. Энэхүү төсөл танай компанийн хүчийг ихэд сорьсон төсөл болох шиг боллоо. Тийм үү?

-2019 оны сүүлээс эхэлсэн ажил. Ач холбогдол, цар хүрээ, технологи, инженерчлэлийн шийдэл, өртөг зардал аль ч утгаараа мега төсөл. Нөгөө талдаа мега төсөлд мега эрсдэл харагдаж байсан ч бид хийнэ гээд зүтгэсэн. Бид юунд найдаж орсон бэ гэвэл, төслийн төлөвлөлтийг маш сайн хийж чадсан байсан. Анхны зураг төслөөс авахуулаад инженер техникийн ажилтнууд, маш ур чадвартай менежерүүдээр багаа бүрдүүлсэн учраас сайн ажиллаж чадна гэдэгтээ итгэлтэй байлаа. Мөн санхүүгийн системээ эхнээсээ дуустал саадгүй явуулах хэмжээнд харчихсан байсан учраас EPC ерөнхий гүйцэтгэгчийн хувьд энэ төсөл рүү орсон. Барилга байгууламжийг 2019 оны сүүлээс эхлээд гурван жилд барьж дуусгах төлөвлөгөөтэй байв. Гэтэл 2020 он гарангуут Ковид-19 цар тахал дэгдсэн нь дэлхий нийтэд, ялангуяа хоёр том хөрштэй л хиллэн оршдог Монгол Улсын хувьд урьд үзэгдэж төсөөлөөгүй давагдашгүй хүчин зүйл болсон. Хил, гааль хаагдаж бизнесийн орчин бүхэлдээ өөрчлөгдсөнөөр төслийн зардал нэмэгдэж, хугацаа сунжрах эрсдэлүүдтэй нүүр тулсан. Энэ төсөл өмнө нь 2013 оноос хэрэгжиж байгаад 2015 онд зогсчихсон байсан шүү дээ.

”Бодь интернэшнл” ТОП-100 аж ахуйн нэгжээр жил бүр шалгардаг. Нийт ажилтан 2000 ажилтантай

Бид төслийн талбайд очиж өмнө нь гүйцэтгэсэн ажлуудыг шалгаж, хэмжиж хүлээж авсан юм. Тэгэхэд инженерингийн байгууламжийг нь хийгээд удаан хугацаанд орхичихсон эвдрэл гэмтэлтэй, засч сайжруулах зүйл маш их байхаар дүр зураг угтсан. Захиалагчаас өмнө нь гарсан зардлуудыг хасаад 2013 оны төсвөөр нь үнийн өөрчлөлтгүйгээр хийх хатуу нөхцөл тавьсан тул гэрээ байгуулаад ханцуй шамлан орж байлаа. Ийм хэмжээний цогцолбор ажлын төслийг үндэсний компани бүх эрсдэлээ үүрээд дангаараа хийж чаддаг юм гэдгийг бид харуулсан. Маш олон гаднын болон дотоодын хамтрагчид оролцсон. Австралийн Aecom компанийн хийсэн ТЭЗҮ-д үндэслэн нарийвчилсэн зураг төслийг Солонгосын төмөр замын нэр хүндтэй компанитай хамтарч хийсэн. Төмөр замын энэ төсөл бүхэлдээ салбарын хөгжилд томоохон өөрчлөлт авчирсан бүтээн байгуулалт болсон гэж боддог. Шинэ техник технологи нэвтрүүлэх, хөдөлмөрийн зах зээлд шинэ боловсон хүчнийг бүрдүүлэх, чадавхжуулах, өрсөлдөөн бий болгох тал дээр ахиц гарсан. Манай төслийн дараа үндэсний компаниуд төмөр замын төслүүд рүү нэлээд итгэлтэй орсон гэж хардаг. Цогцолбор төсөл гэдэг утгаараа төмөр зам, барилга, эрчим хүч, дохиолол холбоо гэх мэт олон салбарын инженерүүд шаардлагатай болдог. Дотоодын боловсон хүчнээс гадна гадаадын зөвлөх, инженерүүд ажилласан бөгөөд менежментийг цэвэр монгол компани хийсэн онцлогтой төсөл дөө.

-Инженерийн байгууламж, цогцолбор төсөлд юу юу багтаж байгаа вэ?

-Төмөр замын гол замын урт нь 233.6 км юм. Бид төслөө төмөр зам, эрчим хүч, дохиолол холбоо, хоёр өртөө, 6 зөрлөгийн барилга байгууламж, зүтгүүр вагонууд бүхий хөдлөх бүрэлдэхүүн, тэдгээрийн засвар үйлчилгээний депогийн барилга угсралтын ажил гэсэн тус тус 6 багцад хувааж хэрэгжүүлсэн. Дотоод гадаадын 700 гаруй аж ахуйн нэгж, 2000 орчим ажилтан оролцож ажилласан.

-Ковид-19 цар тахал бүтээн байгуулалтад том саад болсон нь мэдээж. Нөгөө талдаа гэрээний хугацаанд ажлаа хүлээлгэж өгөх ёстой. Ямар хүндрэлүүд гарч байв?

-Бид Ковидын үед ажлуудаа тасалдуулалгүй явуулсан учраас үндсэн суурь бүтцүүдийг гэрээт хугацаанд ашиглалтад оруулж чадсан. Цар тахлаас болж хойшилсон зүйлс бий. Бид зүтгүүрүүдээ АНУ-аас захиалсан ч нийлүүлэлтийн шатанд асуудал гарсан. Мөн ажиллах хүчнээс шалтгаалж хугацаа хойшилсон зүйлс байгаа. Өөр нэг том шалтгаан бол Орос, Украины дайн. Хаа хол улсад болж байгаа дайн энд ямар хамаатай вэ гэж бодогдох байх. Дайнаас болоод АНУ, ОХУ-ууд харилцан хориг тавьсан. Гэтэл АНУ-д үйлдвэрлэж байгаа зүтгүүрт ОХУ-ын нийлүүлдэг хөдлөх бүрэлдэхүүний тоног төхөөрөмжүүд байсан. Энэ бол жижигхэн хэсэг нь. Түүнчлэн Казахстанаар дамжуулаад орж ирэхээр төлөвлөсөн тоноглолуудын маань тээврийн зүг чиг өөрчлөгдөж, тойрох жишээтэй. Энэ мэт хугацаа алдах явдал гарч байсан. Тээвэрлэлтийн маршрут өөрчлөгдөөд зүтгүүрүүдээ усан онгоцоор АНУ-ын зүүн эргээс Панамын сувгаар дамжуулж БНХАУ-ын боомтод ирүүлсэн. Гэтэл тээвэрлэлт нь Панамын сувгийн усны түвшингээс шалтгаалан хойшилсон асуудал гарсан.

Монголын говьд хэрэгжиж байгаа төслийн явцад Панамын сувгийн усны түвшин хүртэл нөлөөлдөг юм билээ. Ковид-19 бол зөвхөн бизнесийнхнийг бус дэлхий нийтийн хүмүүсийн амьдралд өөрчлөлт хийсэн шүү дээ. Бид гаднаас захиалах тоног төхөөрөмжүүдээ ихэнхдээ онлайнаар харилцаж захиалгаа өгч авчирч байлаа. Энгийн үед бол заавал очиж шалгаж байж гэрээ хийх ёстой олон техник технологийг Ковидын үед цахимаар харилцаад гэрээ хийж авсан. Үүний тулд түншүүд, хамтран ажиллаж буй байгууллагуудтайгаа маш сайн ойлголцох, ажлаа танин мэдүүлэх шаардлагатай болсон. Сахилга баттай, гэрээнд заасан эрх үүрэг, гүйцэтгэлийг сайтар хянаж ажиллах хэрэгтэй байлаа. Итгэлцэл бий болгох нь маш чухал ач холбогдолтой байсан. Энэ бүгдийг бид маш сайн ухамсарлаж харилцаж байсан болохоор хил, гааль хаагдсан хүнд үед ч энэхүү том ажлыг тасралтгүй явуулж чадсан. Уян хатан менежментээр ажиллаж, шийдвэр гаргалтыг тухай бүрд нь ярилцаж, багаар ажиллаж чадсан учраас амжилттай давсан гэж боддог.

Монгол Улсад зураг төсөл, барилга байгууламж, худалдан авалттай иж бүрнээр нь хийсэн томоохон дүнтэй бүтээн байгуулалт урьд өмнө нь байгаагүй юм билээ

-Залуу эмэгтэй захирлын хувьд төмөр замын энэ том төслийг удирдах албан тушаалд очихдоо эмээж байсан уу?

-Миний хувьд группийн өөр компаниудад ажиллаж байгаад төмөр замын төсөл эхлэхтэй зэрэгцээд толгой компанидаа орж ирсэн. 2018 онд Австралийн их сургуулийг санхүүгийн удирдлагаар төгсөж ирээд “Голомт файнэншил” группт ажилласан. Төмөр замын бүтээн байгуулалт эхэлсэн цагаас уг төслийн санхүү, үйл ажиллагааг хариуцаж байгаад 2021 оны тавдугаар сард “Бодь интернэшнл” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Бид нэг баг болж ажилласан гэдгийг дахин онцолж хэлье. Төслийн ТЭЗҮ-тэй анх танилцахад эрсдэлтэй зүйлс харагдаж байсан тухай дээр хэлсэн. Гэхдээ бид эрсдэлтэй юм байна гээд айж эмээгээд зугтсан бол энэ ажлыг хэн хийх вэ. Монгол Улсын эдийн засагт том ач холбогдолтой төсөл шүү дээ. Тиймээс компани, хувь хүний хувьд ч зориг гаргасан. Олон ч сорилттой тулгарсан бөгөөд энэ бүхэнд бид шантраагүй. Тухай бүрд нь хамтдаа ярилцаад, томоор ярьвал, мөс зүсэгч болсон гэж хэлмээр санагддаг.

Монгол Улсад зураг төсөл, барилга байгууламж, худалдан авалттай иж бүрнээр нь хийсэн томоохон дүнтэй бүтээн байгуулалт урьд өмнө нь байгаагүй юм билээ. Манайх анхны ийм цогцолбор төслийг EPC гүйцэтгэгчийн хувьд хугацаанд нь бүрэн хэрэгжүүлсэн. Анхны төсөл, мөс зүсэгчээр явж буйн хувьд бид давж гарах л ёстой байлаа. Мэдэхгүй зүйлээ сурч, сурснаа туршлагажуулахаас гадна дараа дараагийн төслүүдийг амжилттай болгохын тулд бусадтай туршлагаа хуваалцаж, мэдлэгээ түгээж ажиллая гэж бодсон. Том төслийн үр дүн урт хугацаанд гардаг ч залуучууд бид алсыг харж, хийж бүтээх тэмүүлэл, зоригтой байх ёстой. Дууссан ажлаа хараад “бид чадлаа” гэж бие биенийхээ баяр хөөр, итгэл үнэмшлийг хуваалцах мэдрэмж үгээр өгүүлшгүй сайхан байдаг. Энэ ташрамд, төсөлд ажилласан манай ажилтнууд, туслан гүйцэтгэгчээр ажилласан дотоод, гадаадын олон компанид гүн талархал илэрхийлье. Цаашид улам олон, илүү том ажлыг хамтдаа хийж, “бид чадна аа” гэж хэлэхийг хүсэж байна.

-Танай хоёр дахь төсөл бол Бөөрөлжүүтийн цахилгаан станц. Монгол Улсын хөгжилд бас л том ач холбогдолтой бүтээн байгуулалт. Уг нь төмөр замын төслөөс ч эрт эхэлсэн боловч хэрэгжилтийн шатандаа л явж байна.

-Манай группийн охин компани эрчим хүчний төслийг хэрэгжүүлж байгаа. 2011 оноос анхны суурь судалгааг хийж, 2024 оны аравдугаар сард анхны галлагааг хийсэн. Мөн оныхоо арванхоёрдугаар сараас цахилгаан эрчим хүч нийлүүлж эхэлсэн. 150 МВт-ын хүчин чадалтай дөрвөн блок бүхий нийт 600 МВт-ын хүчин чадалтай станц. Нэгдүгээр шатны 150 МВт-ын блок ашиглалтад ороод эрчим хүч үйлдвэрлэж байгаа бол хоёр дахь блок нь энэ оны сүүлчээр ашиглалтад орно. Олон мэргэжилтэн, ажилтны маань маш урт удаан хугацааны судалгаа, хөгжүүлэлт, тууштай хөдөлмөрийн үр дүнд энэ ажил биеллээ олж байна. Уурхай болон станц нь Улаанбаатар хотоос 120 орчим км-ийн зайтай. Станц нь уурхайтайгаа ойр байрладаг онцлогтой. Товч тайлбарлавал, Монгол Улсад социализмын үеэс эхлэн өнөөг хүртэл цахилгаан станцыг хот дотор, эсвэл хоттой ойрхон байгуулж ирсэн байдаг. Уурхайгаасаа нүүрсээ төмөр замаар алс зайд тээвэрлээд, эрчим хүчээ агаарын шугамаар дамжуулах, эсхүл уурхай дээрээ цахилгаан станцаа байгуулаад эрчим хүчээ агаарын шугамаар хот руугаа дамжуулах хоёр хувилбарын аль нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй байх вэ? Орчны бохирдлын тухайд ч ямар нөлөөтэй байх вэ? Цахилгаан станц уурхайтай ойр байрлах нь тээврийн зардлыг хэмнэнэ гэж бид үзсэн.

Өртөг, зардлыг хамгийн бага байхад чиглэсэн төсөл. Барилгын ажлыг 2022 оны долоодугаар сард эхлүүлсэн. Бид төмөр замын төслөө 2022 оны долоодугаар сард дуусгаад л станцынхаа барилга руу орсон. Уг нь бид барилгын ажлаа үүнээс өмнө эхлүүлэх байсан ч цар тахлын үетэй давхацсан. Цар тахлын хүнд үед нэгэн зэрэг том төслүүд дээр ажиллах нь хэт эрсдэлтэй байсан. Энэ бол мөн л олон адармаат түүхтэй төсөл. “Бодь” групп 100 хувь санхүүжилтээ гаргаад явж байсан бол 2024 онд нийслэлээс 300 тэрбум төгрөгийг бондын санхүүжилтээс хуваарилсан. Түүнээс бусад бүх санхүүжилтээ хувийн хэвшил өөрсдөө босгоод хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалт юм. Ер нь улс орон, хүн ардад хэрэгтэй зүйл хийхийн төлөө тодорхой хэмжээнд зориг ч, золиос ч гаргах нь ойлгомжтой. Энэ төслийн хувьд эргэлт буцалтгүй, шийдвэртэй хэрэгжүүлж явсны хүчинд л 2024 оны өвлийн улирлын эрчим хүчний тасалдлыг давсан шүү дээ. Манай станцын эхний блок ашиглалтад орохоос өмнө нийслэлийн цахилгаан эрчим хүчний хангалтыг өвлийн цагаар ээлж дараатайгаар тасалж, арай ядан ачааллаа зохицуулж байсныг санаж байгаа байх аа.

“Бодь интернэшнл” 600 МВт-ын хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл хэрэгжүүлж байна. Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл хэрэгжүүлсэн. Төмөр замын гол урт нь 233.6 км

-“Бодь интернэшнл” өөр ямар төслүүд дээр ажиллаж байна вэ?

Олон төсөл бий. Тухайлбал, барилгын салбарт Оюутолгойн төслийн бүтээн байгуулалтын тодорхой ажлуудад EPC гүйцэтгэгчээр ажиллаж байна. Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлуудад оролцож байна. Цаашид бид Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулсан суурь хөгжлийг бий болгох, инженерингийн инновац шингэсэн дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхийг зорино. Одоо бид эрчим хүчний чиглэлийн төслүүдээ дуусгана. Хажуугаар нь сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн судалгаа хийж байгаа. Монгол Улсад дэд бүтцийн, тэр дундаа эрчим хүч, зам, төмөр замын чиглэлээр хийх ажил маш их бий шүү дээ. Үүнийг монгол компани, монгол инженерүүд чадавхжиж байж л хийнэ гэж боддог.

-Танай компани хэдэн ажилтантай вэ. Эмэгтэй ажилтны эзлэх хувь гэвэл ямар үзүүлэлт гарах вэ?

-“Бодь интернэшнл” компанийн хувьд салбарын онцлог байдаг. Нийт ажилтны 30 хувь л эмэгтэйчүүд байдаг. Манай групп 2000 орчим ажилтантай. “Бодь интернэшнл” бол группийн толгой буюу төслийн менежментийн компани юм. Уян хатан менежменттэй. Том төслүүд хэрэгжүүлэх үед илүү олон ажилтантай ажиллаад дуусахаар цөөн болдог онцлогтой.

-70 хувь нь эрчүүд ажилладаг компанийг гүйцэтгэх удирдлагаар хангадаг залуу эмэгтэй захирлын ажлын арга барил юу вэ?

Эхлээд алсын хараагаа тодорхойлж, дараа нь зорилтдоо анхаардаг. Хурдтай шийдвэр гаргах нь чухал гэж боддог. Шийдвэр гаргахгүй удаж, хараад сууж байснаас хурдан гаргаад хэрэв алдвал засч сайжруулаад явах нь илүү зөв юм болов уу. Ковид-19 цар тахлын үед урьдчилан тооцоолох боломжгүй, гэнэтийн олон зүйлстэй тулгарч, богино хугацаанд хурдан шийдвэр гаргах шаардлагатай тулж байсан. Удирдагч хүн тухайн орчин нөхцөлөөс байнга суралцдаг шүү дээ. Энэ утгаараа Ковидын хүнд үед би олон зүйлд суралцаж, ойлгосон. Одоо ч суралцаж байна.

-Эрэгтэй ажилтнуудыг удирдахын онцлог юу вэ?

-Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зан чанарын ялгаа байдаг. Ялангуяа инженерчлэлийн салбарт ажиллаж буй инженерүүд өөрсдөдөө маш их итгэлтэй байдаг. Нэлээд амбицтай хүмүүс. Тиймээс тэднийг удирдахаасаа өмнө би өөрөө ямар байх ёстой вэ гэдгээ л бодох ёстой. Тэдний яриад буй асуудлыг маш сайн ойлгодог байх нь чухал. Хүлээн зөвшөөрөгдөхүйц түвшинд асуудлыг ойлгодог, мэддэг байх ёстой. Хүнтэй ажиллахаас илүү өөртэйгээ ажиллаж эхлэх нь зөв санагддаг.

-Харин эмэгтэйчүүдийн тухайд?

Амжилтад хүрсэн хүмүүсийг харахаар тууштай, сахилга баттай, суралцах чадвартай, өөрчлөлтийг эерэг байдлаар хүлээж авдаг байдал нь тэднийг амжилтад хүрэхэд нөлөөлдөг юм болов уу гэж боддог. Эдгээр зан чанар ялангуяа, эмэгтэй бизнес эрхлэгчдэд илүү байдаг байх. Өөрчлөлтөд бэлэн байх, тууштай, тасралтгүй суралцах, шинэ үзэл санаанд нээлттэй хандах чадварууд бол шинэ үеийн хандлага.

-Танай компани Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн нэг. Улсын төсөвт хэдий хэмжээний татвар төвлөрүүлдэг вэ?

-Манайх ТОП-100 аж ахуйн нэгжээр жил бүр шалгардаг. Төмөр замын төсөл хэрэгжсэн хугацаанд нийт 250 тэрбум төгрөгийн татвар төлж байв. Энэ хэрээр улсынхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байгаа гэж боддог. Бид нийгмийн хариуцлагын чиглэлээр тогтвортой, байнга хэрэгжих зүйлсийг санхүүжүүлдэг. “Инженерүүд ирээдүйг бүтээнэ” уриатай хөтөлбөртөө түлхүү анхаарч, жил бүр зарлаж, санхүүжүүлдэг. Мөн нийгмийн шалгаруулалтын уралдаант хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Тухайлбал, Эх нялхасын үндэсний төвд цонхны агааржуулалт хийсэн. Саяхан өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр судалгаа явуулсан гэх мэт нийгэмдээ хандсан зөв зүйтэй олон ажлыг хийж ирсэн.

/”Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ба Монголын хүч” тусгай дугаараас 2025.08 сар/