Б.Жавхлан: Дэлхийн Банктай нягт хамтран ажиллах явцад сурч мэдэж буй мэдлэг, туршлага нь үнэ цэнтэй

Mongolian Economy
2021-12-23 15:38:53
Ангилал:

Улсын Их хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлантай цаг үеийн асуудлаар болон Дэлхийн Банк Группийн хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

-Ярилцлагаа цаг үеийн асуудалтай холбоотой асуултаар эхэлье гэж бодож байна. Цар тахлын үед Дэлхийн Банк Групп (ДБГ) Засгийн газрын үйл ажиллагааг дэмжин олон төсөл хэрэгжүүлж буй. Тухайлбал, Ковид-19 цар тахалтай тэмцэх яаралтай тусламж, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлын төсөл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, Онцгой байдлын үеийн дэмжлэг ба хөдөлмөр эрхлэлтийн төсөл зэргийг дурдаж болно. Та эдгээр төслийн ач холбогдол, нөлөөг хэрхэн үнэлж, дүгнэж байна вэ?
-Монгол Улсын Засгийн газар КОВИД-19 цар тахлаас иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх, аж ахуйн нэгжийн орлогын тогтвортой байдлыг хангах чиглэлээр олон улсын банк, санхүүгийн байгууллага, хөгжлийн түнш орнуудтай нягт хамтран ажиллаж байна. Цар тахлын хүнд хэцүү цаг үед Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжиж Дэлхийн Банк санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлэх чиглэлээр хурдан шуурхай ажиллаж байгааг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Өнгөрсөн жилийн эхнээс Дэлхийн Банк нийт 122.2 сая ам.долларын зээл, тусламжийн эх үүсвэрийг Засгийн газарт олгохоор шийдвэрлэсэн нь нэн чухал, цагаа олсон тусламж болсон. Тухайлбал, эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэх чиглэлээр Улсын III төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг болон 21 аймаг, есөн дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх, иргэдийн ажлын байрыг хамгаалах, орлогын тогтвортой байдлыг хангах зорилгоор Сайн дурын даатгуулагчдыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлсөнтэй холбоотой Нийгмийн даатгалын санд үүссэн алдагдлыг нөхөх зэрэг эрүүл мэнд, нийгмийн халамжийн чиглэлээр томоохон арга хэмжээг хамтран хэрэгжүүллээ.

-Ойрын жилүүдэд ДБГ-тэй стратегийн чухал ач холбогдолтой ямар төсөл, арга хэмжээг манай улс хамтран хэрэгжүүлэх вэ?
-Дэлхийн Банк Монгол Улсын Засгийн газартай хамтран 2021-2025 онуудад баримтлах бодлого стратегийн чиглэл, салбарыг тодорхойлсон “Түншлэлийн стратегийн хүрээ” баримт бичгийг боловсруулж батлуулсан. Баримт бичгийн хүрээнд ирэх жилүүдэд бид цар тахлын дараах Эдийн засгийг сэргээх, эдийн засгийн тогтвортой байдлын хангах, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээ авах, Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх тээвэр, логистикийн дэд бүтцийг сайжруулах, төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх чиглэлээр хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эдгээрийн эхлэл болох “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийг ирэх таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд төслийн зээлийн хэлэлцээрийг байгуулсан.

Хэрэгжиж буй төсөл хөтөлбөрт олгосон зээлийн багц (сая ам.доллар)

-Ирэх жилээс эхлэн эргүүлэн төлөх Засгийн газрын гадаад зээлийн эргэн төлөлтийн талаар ДБГ манай улсад ямар зөвлөмж өгч, хамтран ажиллаж байна вэ?
-Монгол Улсын Засгийн газар нь 2019 онд Улсын Их Хурлын 55 дугаар тогтоолоор “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг”-ийг батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Тус стратегийн баримт бичгийн нэгдүгээр зорилтын хүрээнд ДБГ-ийн зүгээс ОУВС-тай хамтран Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаасны зах зээл, өрийн зохицуулалтын талаарх олон улсын туршлагад суурилсан техник туслалцааны сургалтуудыг зохион байгуулсан.

Мөн ДБГ нь 2007 оноос эхлэн дөрвөн жил тутам Монгол Улсын Засгийн газрын өрийн удирдлагын үйл ажиллагаанд олон улсын аргачлалын дагуу үнэлэлт, дүгнэлт өгч ажилладаг. Ингэхдээ хамгийн сүүлийн байдлаар 2019 онд өрийн удирдлагын хувьд нийт 14 шалгуур үзүүлэлтийг суурь болгон авч үзэж, зөвлөмж гаргасны нэг нь Засгийн газрын гадаад зээллэг хийх, өрийн үйлчилгээ гүйцэтгэхтэй холбоотой индикатор байсан. Монгол Улсын  Засгийн газар энэхүү шалгуур үзүүлэлтийг сайжруулах үүднээс Өрийн удирдлагын тогтолцооны болон үйл ажиллагааны хөгжлийн төлөвлөгөөг өнгөрсөн онд Сангийн сайдын тушаалаар батлуулан хэрэгжүүлж байна.

-Төсвийн тогтвортой байдлыг хангах, төсвийн орлого, зардлын үр ашгийг нэмэгдүүлэхэд ДБГ ихээхэн анхаарч, Төсөв болон санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж буй. Та эл төслийн ач холбогдол, үр нөлөөний талаар дүгнэж хэлнэ үү?
-Тийм ээ, тус төсөл нь салбарын үйл ажиллагааг бэхжүүлэх, сайжруулахад томоохон үүрэг гүйцэтгэж байгаа төсөлд тооцогдоно. Төсөл үндсэндээ макро эдийн засаг болон төсвийн удирдлагыг бэхжүүлэх, улсын санхүүгийн удирдлагын үр ашгийг дээшлүүлэх, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг сайжруулах, нийгмийн хамгааллын системийг бэхжүүлэх гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр хэрэгжиж байна. Энэ хүрээнд төсөв, санхүү, нийгмийн хамгааллын салбарын 60 орчим хууль, эрх зүйн орчны баримт бичгийг сайжруулж, шинэчлэх арга хэмжээг авч байна.

“Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл” нь хууль, эрх зүйн орчныг сайжруулахаас гадна улсын төсвийн төлөвлөлтийн нэгдсэн системийг нэвтрүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтын цахим систем, Засгийн газрын гадаад зээл, тусламжийн төсөл, арга хэмжээний цахим систем, Төрийн албаны цалингийн нэгдсэн систем зэрэг томоохон цахим системүүдийг нэвтрүүлж, ашиглалтад оруулснаар мэдээллийн ил тод байдлыг хангахаас гадна төсвийн зарцуулалт, хяналтын ажлыг хөнгөвчлөх, бодлогын шийдвэрийг цаг алдалгүй гаргахад ач холбогдолтой юм.

Түүнчлэн банк, санхүүгийн салбарын бодлогын баримт бичигт туссан арга хэмжээг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа нь банкны салбарын тогтвортой байдал, даатгал, хөрөнгийн зах зээлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг дурдахад таатай байна.

-Цаашид ДБГ-тэй тогтвортой, нягт хамтын ажиллагаа өрнүүлэхэд Засгийн газар юунд анхаарч ажиллах ёстой гэж та бодож байна вэ? Хамтын ажиллагааг ямар чиглэлд илүүтэй хандуулах ёстой вэ?
-Монгол Улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд Дэлхий Банк Группийн Олон улсын хөгжлийн ассоциаци, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци, Олон талт хөрөнгө оруулалтын баталгааны агентлаг зэрэг байгууллагатай нягт хамтран ажилласаар ирсэн. Энэ хугацаанд нийт 1.4 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг 110 гаруй төсөл, хөтөлбөрт олгосон нь манай улсын хөгжил, ард  иргэдийн аж амьдрал, эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулаад байна.

2020 оны зургадугаар сарын 30-нийг хүртэл Монгол Улсын Засгийн газар Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран ажилладаг байсан бол манай эдийн засаг хурдацтай өсч, тэр хэмжээгээр улсын секторын санхүүжилтийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбогдуулан манай улс тус ассоциациас зээл авдаг ангиллаас гарч, 2020 оны долдугаар сарын 1-ний өдрөөс дараагийн шатны хамтын ажиллагааны хэлбэрт буюу Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийн ангилалд хамрагдах болсон.

Олон улсын санхүүгийн корпорацийн хувьд хувийн хэвшилтэй түлхүү хамтран ажилладаг бөгөөд өдгөө 2.5 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг дангаараа болон хамтарсан байдлаар манай орны хувийн хэвшилд оруулснаас 1.8 тэрбум ам.долларыг нь Оюу Толгой төсөлд оруулжээ.

Хамтын ажиллагааны эхэн үед Дэлхийн Банкны дэмжлэг нь шилжилтийн үеийг даван туулах, уурхай, цахилгаан станцын тогтвортой ажиллагаа, хууль эрх зүйн шинэ тогтолцоог хөгжүүлэх зэрэг хөгжлийн суурь салбаруудыг бэхжүүлэхэд түлхүү чиглэж байсан бол сүүлийн жилүүдэд боловсрол, эрүүл мэндийн салбарыг дэмжих, мал аж ахуй, аялал жуулчлал, мэдээллийн технологи зэрэг уул уурхайн бус салбарын хөгжил цэцэглэлтийг дэмжихэд анхаарч байна.

Дээр дурдсанчлан цаашид Засгийн газар Дэлхийн Банктай хамтран эдийн засгийн хөгжлийг дэмжих цөөн тооны томоохон арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, Нийслэл хотын авто замын сүлжээг сайжруулах, нийтийн тээврийн нэгдсэн системийн шинэчлэл хийснээр Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлд цогц арга хэмжээ, Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт хийж нэмүү өртөг шингээх үйлдвэрлэлийг байгуулах, экспортыг дэмжих зам тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг бэхжүүлэх чиглэлээр Тээвэр болон Логистикийг сайжруулах цогц арга хэмжээ, Төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд хурдан шуурхай хүргэх, засаглалыг сайжруулах чиглэлээр Ухаалаг засаг арга хэмжээ гэх мэт төслийг хэрэгжүүлэхээр хоёр тал ярилцаж байна. Эдгээр нь Дэлхийн Банкны “Түншлэлийн стратегийн хүрээ”-нд туссанаас гадна Монгол Улсын Засгийн газрын дунд болон урт хугацааны бодлогын баримт бичигт туссан зорилтуудтай нягт уялдаж байгаа юм.

-Монгол Улс ДБГ-ийн гишүүн улс болсны 30 жилийн ой энэ онд тохиож буй. Та энэ 30 жилийн түншлэлийн ерөнхий дүр зургийг хэрхэн үнэлж, тодорхойлох вэ?
-Монгол Улс хөгжихийн хэрээр бидний хамтын ажиллагаа өргөжиж, манай улсын эдийн засаг тэлэх тусам Дэлхийн Банкнаас үзүүлэх санхүүгийн дэмжлэг нэмэгдэж байгаа юм. Зохистой удирдлагыг дэмжих, Төсөв, санхүүгийн удирдлагыг бэхжүүлэх, Ухаалаг засаг зэрэг засаглалыг дэмжих төслүүд, Тогтвортой амьжиргаа, Боловсролын чанарын шинэчлэл, Цахим эрүүл мэнд, Улаанбаатар цэвэр агаар зэрэг нийгмийн хөгжлийг дэмжсэн төслүүд, түүнчлэн Хөдөө орон нутагт сэргээгдэх эрчим хүч ашиглах, Эрчим хүч, Улаанбаатар хотын дулаан хангамжийг нэмэгдүүлэх зэрэг дэд бүтцийн
чиглэлийн төслүүдээс гадна Хөдөө аж ахуйн маркетинг, Экспортыг дэмжих, Мал аж ахуйн эдийн засгийг эргэлтийг нэмэгдүүлэх зэрэг эдийн засгийн хөгжлийг дэмжсэн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсээр байна.

Зөвхөн төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтээс гадна макро эдийн засгийн бодлого, стратеги, шинэчлэлийн чиглэлээр Дэлхийн Банк нь манай Засгийн газрын сайн зөвлөх, туслах байсаар ирсэн.

Монгол Улсын хувьд Дэлхийн банктай нягт хамтран ажиллах явцад сурч мэдэж буй мэдлэг, туршлага нь үнэ цэнтэй Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд КОВИД-19 цар тахлын үед Дэлхийн Банк, нэн ялангуяа ноён А.Михнев тэргүүтэй Дэлхийн Банкны Монгол  дахь суурин төлөөлөгчийн газрын хамт олон Засгийн газартай нягт хамтран ажиллаж, хурдан шуурхай асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн  ажилласныг энд онцолмоор байна.

Өнгөрсөн 30 жилийн хамтын ажиллагааг эргэн харахад ахиц дэвшил, ололт амжилттай хэрэгжүүлж, бодит үр дүнгээ өгч байгаа зүйлс олон. Өнгөрсөн 30 жилийн хамтын ажиллагаанд суурилан ирээдүйн хамтын ажиллагаа улам бүр бэхжиж, хамтын ажиллагааны салбар чиглэлийн цар хүрээ улам бүр өргөжин тэлнэ гэдэгт бид итгэлтэй байна.

 

Mongolian Economy сэтгүүлийн 2021 оны 9, 10-р сарын дугаараас

 

 

 

Mongolian Economy