Б.Золбоо: Эдийн засгийн боломжит өсөлтийн үр шимийг хэрхэн хүртэх талаар мэдээлэл хүргэнэ

Mongolian Economy
2023-04-27 10:35:19
Ангилал: Бизнес

Монголын санхүү, хөрөнгийн зах зээлийн хамгийн том арга хэмжээ хэмээх тодотголтой Хөрөнгө Оруулагч Үндэстэн Чуулган долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Эдийн засаг, санхүү, хөрөнгийн зах зээлтэй холбоотой олон улсын болон дотоодын шинэлэг, цогц мэдлэг, мэдээллийг хүргэдэг учраас тус чуулганыг хоног тоолон хүлээдэг хүмүүс улам олон болсоор. Энэ жилийн Хөрөнгө Оруулагч Үндэстэн Чуулганы талаар Ард Санхүүгийн Нэгдлийн Санхүү Эрхэлсэн Захирал Б.Золбоотой ярилцлаа.

 -Энэ жилийн чуулганаар ямар сэдвүүдийг онцолж танилцуулах вэ?
-“Хөрөнгө Оруулагч Үндэстэн Чуулган жил бүр санхүү, эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн талаарх гадаад, дотоод мэдээллийг түгээхээс гадна шинэ, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулсаар ирсэн. Энэ жилийн чуулганаар хөрөнгийн зах зээл, эдийн засгийн нөхцөл байдал, крипто зах зээлийн талаар голлож ярина. Энэ хүрээнд олон талын мэргэжлийн экспертүүд, бодлого боловсруулагчдыг оролцуулсан хэлэлцүүлэг, илтгэл, танилцуулга болно.
Түүнээс гадна дэвшилтэт технологи болох метаверс, орчин үед олон нийтийг гайхшруулж буй ChatGPT, хиймэл оюун болон төврөлсөн бус санхүүгийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэхээр бэлдсэн. Эдгээр нь энэ жилийн чуулганыг “чимэх” шинэ шинэлэг бүтээгдэхүүний нэг хэсэг юм.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд манай хөрөнгийн зах зээл маш их идэвхжсэн. Тиймээс хөрөнгийн зах зээлийн шинэ IPO-нуудыг олон нийтэд сурталчлахаар ажиллаж байна. Энэ хүрээнд арилжааны банкуудын болон бусад IPO-ны талаар мэдээлэл өгнө.
Сүүлийн 2-3 жилд ковид, геополитикийн амаргүй нөхцөл байдал гээд манай эдийн засагт шууд болон шууд бусаар маш их нөлөө үзүүлсэн хүнд үеийг бид тууллаа. Харин энэ жил олон эерэг мэдээ гарч байна. Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагаа эхэлж, эдийн засагт үр шимээ өгөх гэж байна, нүүрсний экспорт нэмэгдэж байна. Харин энэ өсөлтийн үр шимийг яаж хүртэх вэ, энэ боломжийг хэрхэн ашиглах вэ гэдэг дээр том мессеж иргэддээ хүргэхийг бид хичээнэ. Үүний зэрэгцээ хувь хүн санхүүгээ хэрхэн удирдах, хуримтлалтай болох, хөрөнгө оруулах, хөрөнгө оруулалтаа хэрхэн зөв оновчтэй хийх, алт, бонд, хувьцаа зэргээр хөрөнгө оруулалтын багцаа оновчтой төлөвлөх, бүрдүүлэх талаар зөвлөнө. Энэ сэдэв чуулганы оролцогчдын сонирхлыг маш их татах болов уу гэж бодож байна.
Хамгийн гол нь тэр бүр ярьдаггүй, нийгмийн чухал асуудлын нэг болох өв залгамжлалыг онцолж ярина. Иргэдийн дийлэнх нь өв залгамжлалын талаар сөрөг, буруу ойлголттой байдаг нь манай судалгаанаас ажиглагдсан. Гэвч бодит байдал дээр шинэ өв залгамжлагч гарах, маргаан үүсэх, өвийг нь нээхийн тулд нэг жил царцаах зэрэг олон асуудал үүсдэг. Энэ удаагийн чуулганы нэг шинэлэг сэдэв нь энэ байх болов уу.

Өөрөөр хэлбэл, та хөрөнгөө амжилттай удирдаж, баялаг бүтээчихээд түүнийгээ яаж зөв өв залгамжлуулах вэ гэдгийг хөндөж ярина.


Түүнчлэн Ард Санхүүгийн Нэгдлийн зургаан компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал биетээр, хоёр компанийнх нь онлайнаар болно.
Энэ жилийн чуулган олон нийтэд нээлттэй болж буйгаараа онцлог бөгөөд Ардын харилцагч, хувьцаа эзэмшигч та бүхнийг олон урамшуулал хүлээж байна.
-Жил бүрийн чуулганаар олон сонирхолтой, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгосоор ирсэн. Энэ жилийн чуулганаар ямар ямар бүтээгдэхүүнийг онцлон танилцуулахаар бэлтгэж байна вэ?
-Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалттай нийт 44 компани бий. Бид сүүлийн нэг жилийн хугацаанд охин компаниудын үйл ажиллагааг уялдуулах зорилгоор банк, даатгал, крипто, дэд бүтэц, платформ, медиа, технологи гэсэн сегментэд хуваасан. Компаниуд маань өөрсдийн сегментийн хүрээнд тусдаа бүүт гаргаж бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна.
Онцлон танилцуулах бүтээгдэхүүний нэг нь нийгмийн хариуцлагын хүрээнд бидний хэрэгжүүлж буй АрдКидс апп юм. БидИлүүБайжЧадна аяны хүрээнд Монгол Улсын бүх хүүхдэд Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцааг бэлэглэх шийдвэр гарсан. Хүүхдээ хувьцаа эзэмшигч болгохын тулд эцэг, эх нь Ард Аппаар дамжуулан хүүхдээ АрдКидст бүртгүүлэх ёстой.
Түүнчлэн манай хувьцаа эзэмшигч, хэрэглэгчдийн байнгын хэрэглээ болсон Ард Аппын шинэчилсэн хувилбар болох Version 5.0-ыг албан ёсоор танилцуулна. Байгууллагын хэрэглэгчдэд зориулаад интернэт банк нэвтрүүлснийг дурдах хэрэгтэй.
Ард Кредит ХК Монголын ББСБ-уудаас анх удаа кредит карт гаргаж буйгаа чуулганаар танилцуулж, хэрэглэгчдэдээ санал болгоно.
Дараагийн онцлох бүтээгдэхүүн бол хотын “AАА” зэрэглэлийн бүсэд байрлалтай үл хөдлөх хөрөнгийг хэсэгчлэн эзэмших, улмаар түрээсийн орлоготой болсноор өгөөж хүртэх боломжийг хөрөнгө оруулагчдад олгох “Blue Sky” төсөл юм.
-Зохион байгуулалт нь өмнөх чуулгануудаас ялгаатай гэдэг нь хөтөлбөрөөс харагдаж байна.
-Тийм ээ, бид чуулганы дэг, зохион байгуулалт, хуваарийг оролцогч, иргэдэд аль болох таатай, тохиромжтой байлгахад их анхаарсан. Хамгийн гол онцлог нь ямар ч арга хэмжээ зэрэг эхэлж, зэрэг дуусахгүй байдлаар явагдана. Өөрөөр хэлбэл, нэг цагт эхлэх ч дуусах цаг нь ялгаатай байх учраас та өөр өөр арга хэмжээнд оролцож, аль нэгээс нь хоцрохгүй байх боломжтой.

Чуулганы дэг, зохион байгуулалт, хуваарийг оролцогчдод аль болох тохиромжтой байлгахад анхаарсан.

Мөн олон төрлийн формат ашиглана. Тодруулбал, хэлэлцүүлэг, fireside chat чат буюу 2-3 хүн сууж байгаад хоорондоо ярилцах, таван оролцогч тус бүрдээ гурав, гурван минутад багтааж нэг сэдвээр өөрийн бодлыг илэрхийлэх гэх мэтээр явагдана. Нэг сэдвээр сунжирсан илтгэл, хэлэлцүүлэг өрнөхгүй учир олон төрлийн үзэл бодлыг, нэг дороос, олон хүнийг хамруулж сонсох боломжтой.
-Хөрөнгө Оруулагч Үндэстэн-2023 Чуулганаас үлдэх өв нь юу байна гэж та бодож байна вэ?
-Хөрөнгө Оруулагч Үндэстэн Чуулган жил бүр шинэлэг сэдвийг олон нийтэд таниулахаар хичээж ирсэн. Жишээлбэл, 2016 онд хувьчлалын талаар, 2017 онд Крипто Үндэстэн сэдвээр, 2018 онд бид IPO хийж, энэ хүрээнд хөрөнгийн зах зээлд IPO хийх боломжийн талаар танилцуулсан бол 2019 онд Ард Апп, цахим шилжилт, 2020 онд тэтгэврийн шинэчлэл гээд тухай бүр шинэлэг мэдээлэл өгч байлаа.
Харин 2023 оны чуулган нь эдийн засагт үүсээд байгаа боломжит өсөлтийг хөрөнгийн зах зээлээр дамжуулж хэрхэн иргэдэд “шингээх” вэ, хөрөнгөө зөв удирдаад дараа нь яаж өвлүүлж, өв залгамжлалын асуудлаа хэрхэн шийдэх талаар бүхий л мэдээллийг өгөх юм.

 

 

 

 

 

 

 

 

Mongolian Economy