Б.Мөнхзул: Үндэсний брэнд бүтээж, монгол хүний чадамжийг өсгөж байгаа нь бидний бахархал

Mongolian Economy
2026-02-05 15:51:40
Ангилал: Ярилцлага

Амьдралын хамгийн сайн сайхан зүйлсийн нэг нь аз жаргалтай инээмсэглэл билээ. Хүмүүсийн инээмсэглэл, догдлол, хайртай хамт байж, баярын ширээг чимэн аз жаргалын хөг нэмдэг амттан бол бялуу. “Аз жаргалаа хуваалцъя” уриатай “Жүр үр”-ийн бялуу Монголын ард түмний баярын нэгэн хэсэг болоод 27 жил болж байна.

Жүр Үр” компани 27 жилийн өмнө 2-3 ажилтантай, хуучнаар Гандангийн хүүхдийн эмнэлгийн байрны подвальд жижиг цех болон байгуулагдаж байсан бол өнөөдөр 1000 гаруй ажилтантай, Монгол Улсын төсвийг бүрдүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэдэг, ТОП 100 аж ахуйн нэгжээр найман удаа шалгарсан аж ахуйн нэгж болжээ.

Монголчуудын аз жаргал, баярт мөчийг хуваалцан 27 жилийн өсөлт, хөгжил, амжилтын түүхийг бүтээгээд буй “Жүр Үр” компанийн үүсгэн байгуулагчдын нэг, ерөнхий захирал, МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн (БЭЭЗ) дарга Б.Мөнхзултай ярилцлаа.

Монгол Улсыг зах зээлийн нийгэмд шилжих 1990-ээд оны хүнд жилүүдэд “Жүр үр” байгуулагдаж, амтат бялууны соёлыг ард түмэнд түгээж эхэлсэн. Тэрхүү амттаны бизнес ард иргэдийн баярын нэг хэсэг болж өнөөг хүртэл тогтвортойгоор өсөн дэвжсээр ирсний нууц нь юунд байна вэ?

-Бид хүмүүсийн аз жаргалтай, сайхан сайхан амьдралын нэг хэсэг нь болж, мөн түгээн дэлгэрүүлэхэд оролцох, мөн дэвжиж өөдлөх, илүү сайн сайхныг бүтээхэд нь өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хувь нэмрээ оруулахын тулд “Аз жаргалаа  хуваалцъя” уриатай ажилладаг.

Манай гол нэрийн бүтээгдэхүүн болох бялууг үйлчлүүлэгчид маань төрсөн өдөр, чухал баяруудаар худалдан авдаг. Тиймээс бид бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхдээ хамгийн чанартай, хамгийн гоё амттай байлгахын төлөө үргэлж хичээсээр ирсэн. Хүмүүсийн амьдралын түвшинд тааруулаад хямдхан орцоор хямд үнэтэй бүтээгдэхүүн хийе гэж эхнээсээ бид зориогүй.

Тиймээс бид сэтгэлд нь бүрэн дүүрэн хүрээсэй, баярыг нь сайхан чимээсэй гэсэн сэтгэлээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Хамгийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэсэн зорилгодоо одоо хүртэл үнэнч байдаг. Тэрхүү зорилго маань манай бизнесийг урт хугацаанд амьдрахад, Жүр Үр брэнд зах зээлд танигдаж, хөл дээрээ зогсоход, олон хэрэглэгчидтэй болж, тэднийхээ аз жаргалыг хуваалцахад, улс орныхоо эдийн засаг, төсөвт хувь нэмэр болоход нөлөөлсөн.

Манай хамт олон үндэсний брэндийг бий болгосон, жинхэнэ утгаараа үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид. Бүтээж, технологи эзэмшиж, монгол хүний чадамжийг өсгөж байгаа нь бидний бахархал юм. Энэ амжилтаа ахиулсаар яваа маань бидэнд урам зориг нэмдэг.

-Ихэнх бизнес ямар нэг санаа, сэдлээс үүсэж бий болсон байдаг. “Жүр Үр” компанийг байгуулах санаа юунаас үүсэлтэй вэ?

-Би нөхөртэйгээ хамтран 1992 онд “Жүр Үр” хувиараа эрхлэх аж ахуйг байгуулсан. 1990-ээд он бол Монгол Улс ардчиллын замд хөл тавьсан, зах зээлийн системд шилжих гээд бужигнаж байсан хүндхэн үе. Нөхөр бид хоёр айлын ууган хүүхдүүд учир аав ээждээ туслах, дүү нараа өсгөхөд дэм болох хариуцлага ирсэн.

Тиймээс хувиараа аж ахуй эрхлэх, дэлгүүр лангуу түрээслэх, видео прокат ажиллуулах зэргээр хийж болох, чадах зүйлсээ чадлынхаа хэрээр хийсэн. Зургаан жилийн дараа дүү нар маань эхнээсээ мэргэжил эзэмшин сургуулиа төгсөж, амьдралд хөл тавьцгаасан. Тухайн үед хүмүүс мөнгө төгрөгтэй болохоороо Өмнөд Солонгосыг зорьдог байлаа.

Бид хоёр ч байрны мөнгө олох зорилготой 1998 онд Солонгос улс руу яваад нөхөр маань хоёр жил, би долоон сар ажиллаад нэг өрөө байр худалдан авах мөнгөтэй болсон. Залуу гэр бүлийн хувьд байр авч, өрх тусгаарлах маш их хүсэлтэй байсан ч дараа нь тэгээд яаж амьдрах вэ гэдэг асуулттай тулсан.

Гэр бүлээрээ сайтар ярилцаж тунгаасны эцэст бялуу хийх шийдвэр гаргасан. Тэр үед бэр Г.Сарангэрэл маань ШУТИС-ийг хүнсний технологич мэргэжлээр төгссөн, хүмүүсийн захиалгаар баяраар бялуу хийдэг байлаа. Тухайн үед юм ховор, амттай зүйлс бүр ховор. Эндээс л бялуу хийе гэдэг санаа гарсан. Аав ээж, дүү, бэр хүргэн, худ ургууд бүгд л чадах чинээгээрээ нийлээд ажиллаж эхэлсэн. Жүр Үрийн үндэс суурийг ингэж тавьж байлаа.

1000 ажилтантай компанийг бий болгоход мэдээж хүнд байсан байх?

-Нэг мэдэхэд л 1000 ажилтантай болчихож. Анх байгуулахдаа 1000 ажилтантай, Монголын ТОП компани болно гэж зүүдлээ ч үгүй. Туулж буй цаг үе нь хүнд бэрх хэдий ч баярт мөчүүдийг нь мартагдашгүй сайхан болгоход хувь нэмрээ оруулъя гэдэг сэтгэлээр л ажиллаж эхэлсэн.

Бизнес өөрөө үр дүнд хүрэхээрээ өргөжин тэлж, шинэ боломжууд урган гарсаар байдаг юм билээ.
Шинэ зорилт, зорилго руу тэмүүлэн ажилласаар нэг мэдэхэд л ийм олон ажилтны амьдралд нөлөөлөл болсон байна.

Бизнес үргэлж шинийг шаардаж, мөнхийн өрсөлдөөн дунд оршдог учир тасралтгүй хөгжиж, зогсолтгүй урагшлах шаардлагатай. Нөгөөтэйгүүр, хэрэглэгчдэдээ үнэ цэн өгөх, баярыг нь хуваалцах үйл хэрэгт нэгдсэн энэ олон хүний итгэл зүтгэл, амьдралын алтан цаг хугацааг нь үнэгүйдүүлж болохгүй.

Тиймээс илүү сайн, илүү үр дүнтэй ажиллах шаардлага урган гарч ирдэг. Бизнесээ томруулах нь маш их үүрэг хариуцлага, яг үнэндээ тун амаргүй даваа байдаг.

“Жүр Үр”-ийн гол зорилго бол ажиллагсдынхаа сайн сайхан амьдралыг тэтгэх, хэрэглэгчдийнхээ итгэлийг бүрэн дүүрэн биелүүлэх, салбартаа илүү үнэ цэнийг бий болгох, нийгмийнхээ хөгжилд хувь нэмрээ оруулах юм. Бид эдгээр үүргээ ухамсарлан харилцагчид, үйлчлүүлэгчидтэйгээ хамтран хичээн ажиллаж байна.

-Сүүлийн үед жендэрийн тухай их ярих боллоо. Та МҮХАҮТ-ын дэргэдэх Эмэгтэй бизнес эрхлэгчдийн зөвлөлийн даргаар ажилладаг. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Манай улсын хүн амын хүйсийн харьцаа тэнцвэртэй байдаг. Харин бизнесийн салбарт эмэгтэй эзэн, эсвэл захиралтай компани ТОП-100 аж ахуйн нэгжийн 20 орчим хувь, харин жижиг, дунд бизнес, тэр дундаа үйлчилгээний салбарт эмэгтэй бизнес эрхлэгчид 70-80 хувийг эзэлдэг.

Тиймээс бизнесийн салбарт эмэгтэйчүүдийг дэмжих жендэрийн бодлого хэрэгжүүлснээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш өрсөлдөх боломж бүрдэнэ. Үүний нэг том шалтгаан нь эмэгтэйчүүд биологийн үүргээрээ ээж, эхнэр хүний үүргийг биелүүлэхэд эрэгтэйчүүдээс илүү их цаг хугацааг зарцуулдаг тул өрсөлдөөний боломж харилцан адилгүй болдог.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг хэрхэн тодорхойлж байна вэ? Энэ чиглэлийн хууль эрх зүйн орчин манай улсад бүрдсэн үү?

-МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан ЕСБХБ-ны санхүүжилтээр “Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хууль”-ийн төслийг боловсруулж, өмнөх УИХ-аар дэмжигдэн хэлэлцүүлгийн сүүлийн шатандаа орсон байсан.

Гэвч дараагийн парламент бүрэлдсэнээр уг хууль маань эцэслэн батлагдаагүй байна.

Энэ хуульд Бизнес эрхлэгч эмэгтэйн тодорхойлолтыг хуульчилснаар бодлого хэрэгжүүлэх суурь судалгаа, үндэслэлтэй болох, үр дүнг хэмжих боломж бүрдэх чухал ач холбогдолтой юм.

Дэлхийн 40 гаруй оронд бизнес эрхлэгч эмэгтэйн ойлголтыг хуульчилж тодорхойлсон байдаг. Нийтлэг байдлаар нэгдүгээрт, эзэмшлийн хувиар, хоёрт, удирдлагын түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны хувиар, гуравт, ажилтнуудын хэдэн хувь нь эмэгтэйчүүд байгаа гэсэн үндсэн гурван шалгуурыг үндэслэл болгодог.

Дээрх хуулийн ажлын хэсэг Монголынхоо онцлогийг судлаад хоёр шалгуур нь тохирох юм байна гэж үзсэн. Тухайн аж ахуйн нэгжийн 51-ээс дээш хувийг нэг болон түүнээс дээш тооны эмэгтэйчүүд эзэмших, ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын түвшинд 30-аас доошгүй хувь нь эмэгтэй бол эмэгтэй бизнес эрхлэгч гэж үзэх талаар уг хуулийн төсөлд тусгасан.

Одоогоор хуульчилсан тодорхойлолтгүй учраас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд чиглэсэн олон улсын төсөл хөтөлбөрүүд олон улсын байгууллагын мөрддөг стандарт, шалгуураар явдаг. Тэгэхээр бид улсынхаа онцлогт тохирсон тодорхойлолтоо гаргаад ирвэл, бодлого нь оновчтой хэрэгжих ач холбогдолтой.

Түүнчлэн нэгдэн нийлж бизнесээ хамтран тэлэх, хөгжүүлэх хөшүүргүүдийг бий болгохоор энэ хуульд тусгасан.

Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн онцлог юу вэ? Бусад орны эмэгтэйчүүдээс юугаараа давуу вэ?

-Дэлхийн эдийн засгийн форумын судалгаагаар Монголын эмэгтэйчүүд бизнес эрхлэх боломжоор харьцангуй хангагдсан гэж дүгнэдэг. Зарим улс оронд эмэгтэйчүүд сурах, машин барих ч эрхгүй байгаатай харьцуулбал, бид азтай бас боломж дүүрэн байгаа.

Гэхдээ Монголын эмэгтэйчүүд бизнесийн салбарт өсөж дэвжих, цар хүрээгээ тэлэх тал дээр хязгаарлагдмал байдаг нь ялангуяа бичил, жижиг бизнес эрхлэгчид хууль эрхзүйн мэдлэг дутмаг, нэгдэн нийлж илүү бүтээмж бий болгох эрмэлзэл сул байдгаас үүдэлтэй.

МҮХАҮТ-ын дэргэдэх Эмэгтэй бизнес эрхлэгчдийн зөвлөлд 1000 орчим эмэгтэй захирал багтдаг бөгөөд ихэнх нь орон нутгийн бичил бизнес эрхлэгчид байдаг. Монголын эмэгтэйчүүд харьцангуй бие даасан хүмүүс. Өөрийн бодолдоо эзэн болдог, шийдэмгий дайчин, тэсвэр тэвчээртэй гэдгээрээ дээгүүр үнэлэгдэх болов уу.

Харин залуу үе маань илүү мэдлэг, мэдээлэлтэйгээр бизнест хөл тавьж байна. Манай дунд үеийнхэн хичээнгүй, зүтгэлтэй, тэвчээртэй, тууштай зан чанараараа бизнесээ түлхүү явуулж ирсэн. Эмэгтэй удирдлагатай компани үүднээсээ өөр байдаг гэж би анзаардаг. Хаана эмэгтэй хүн байна, тэнд эмх цэгц, нягт нямбай ажиллагаа, илүү зөөлөн аядуу харилцаа байдаг. Бизнесийн бодлогыг нь аваад үзэхэд, ажиллагсад болон үр хүүхэд, ар гэрт нь анхаарал илүү хандуулсан байх жишээтэй.

Бизнесийн хувьд ч бас илүү нийгэмд, гэр бүлийн сайн сайханд чиглэсэн салбарт эмэгтэйчүүд түлхүү ажиллаж байна. Сул тал бий. Эрсдэлтэй шийдвэр гаргахаас эмээх, долоо хэмжиж, нэг огтлох гэж яваад зарим асуудалд хугацаа алддаг юм уу гэж боддог. Алсыг харах, эрс шинэчлэл хийхдээ алгуур, нямбай хандах байдал анзаарагддаг.

Миний хувьд аль ч салбарт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харьцаа ойролцоо явбал эрсдэл, доголдол гарах нь бага гэж үздэг. Аль нэг нь давамгайлаад ирэхээр сул талууд гардаг. Тиймээс компанийн удирдлага, ажиллагсдын хүрээг жендэрийн хувьд тэнцвэртэй байлгах талаар боддог. “Жүр Үр” компанийн удирдлагын багийн хувьд жендэрийн тэнцвэртэй харьцаатай.

Та татвар, нийгмийн даатгал, эмэгтэй бизнес эрхлэгч гээд олон асуудлаар дуу хоолойгоо хүргэдэг бизнес эрхлэгч.

-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ тус дэм болох, сурсан мэдсэнээ бусадтай хуваалцах, бизнесийн орчны бодлогод эергээр нөлөөлөх, манлайлалах зорилгоор МҮХАҮТ-ын Тэргүүлэгч гишүүн, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн /БЭЭЗ/ даргаар ажилладаг.

2019 оны Татварын хуулийн шинэчлэлийн төсөлд манай БЭЭЗ-өөс маш чухал саналууд өгсөн ч харамсалтай нь хуульд хангалттай тусгагдаагүй. Мөн одоо ид ярьж буй татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хуулийн төсөлд нийтлэг эрх ашгийг хамгаалсан маш чухал саналууд гаргаж холбогдох газруудад хүргүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн өрнөхөд бодлогын хүрээнд төрөөс хүнсний боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих хэрэгцээ, шаардлагыг тодорхойлоход ч манай зөвлөл идэвхтэй саналаа өгч холбогдох яамдтай хамтран ажилласан.

Ер нь бизнест эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо өндөр байгаад орлого нь өсвөл нийгэмд маш чухал эерэг нөлөө үзүүлдэг юм байна.

Эмэгтэй хүн орлоготой, эдийн засгийн чадамжтай болохоороо үр хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд хөрөнгө ихээр оруулдаг учраас улс орны ирээдүйн хөгжилд чухал хувь нэмэр болдог. Нөгөө талаар амар тайван, сайн сайхан нийгмийг бүтээхэд эмэгтэйчүүд чухал санаачлагчид байдаг. Тийм учраас дэлхий нийтээрээ эмэгтэйчүүдийг бизнест дэмжих хандлага улам өссөөр байна.

Бизнес эрхлэгчид төрөөс түлхүү юуг хүсдэг вэ?

-Бизнес эрхлэгчид төрөөс их юм хүсээд байдаггүй шүү дээ. Доорх хэдэн асуудлыг л шийдвэрлээд өгвөл бид бизнесийн орчин сайжирснаар улс орныхоо хөгжлийн төлөө урамтай хүчин зүтгэсээр байх болно.

Засгийн газраас бизнес эрхлэгчдийг дэмжих үндсэн бодлогуудыг дурдъя.

•Бизнес эрхлэгчдэд өсөж хөгжих бололцоо олгосон татварын оновчтой бодлогыг хэрэгжүүлэх

•Төр засаг гаргаж буй бодлого, шийдвэрээ урт хугацаанд тууштай баримтлах.

•Төр өөрөө бизнестэй хутгалдахаас аль болох зайлсхийж, зах зээлийн зарчмаар хөгжих боломжийг бүрдүүлэх

•Төр авлигаас ангид байх

•Төрийн зарим чиг үүргийг холбогдох төрийн бус байгууллагуудад шилжүүлэх

•Лоббины зарчмаар явагддаг хэсэгчилсэн бодлогуудыг арилгах

• Ажил хийж орлого олдог иргэдээ дэмжих бодлого хэрэгжүүлэх

• Хавтгайрсан халамжаас татгалзах

Төрөөс эдгээр бодлогыг авч хэрэгжүүлж, бодит ажил болгоосой гэж бизнес эрхлэгчид хүссээр ирсэн.

Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих бодлого ямархуу түвшинд байна вэ? Төр засаг энэ тал дээр хэрхэн дэмжиж ажиллах шаардлагатай байна вэ?

-Монгол Улсын Засгийн газар мах, сүү, газар тариалан, гурилын үйлдвэрлэл зэрэг хүнсний зарим салбарыг тогтвортой дэмжих бодлогыг олон жилийн туршид хэрэгжүүлж ирсэн. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд анх удаа хүнсний бүх төрлийн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого хэрэгжиж байгаад гүнээ талархаж байна.

Энэ хүрээнд хүнсний үйлдвэрүүд урам зориг дүүрэн ажиллаж байгаа ч нөгөө талаар ЕвроАзийн эдийн засгийн чөлөөт хэлэлцээрт нэгдсэн нь энэ хөтөлбөрийн үр дүнд тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлөхөөр байна.

Энэ мэтчилэн нэг талаас дэмждэг мөртлөө нөгөө талаар үр дүнг нь сулруулах уялдаа холбоогүй бодлогууд нь бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудал болж байна. Мөн бүх салбарт хүний нөөц, мэргэжилтэй ажиллах хүчний асуудал хурцаар тавигдаж байгаа энэ үед НДШ, хувь хүний орлогын албан татварыг бууруулах, ажил хөдөлмөр эрхэлж буй иргэдийг дэмжих оновчтой бодлого маш чухал байна.

Засгийн газар бизнес эрхлэгчидтэйгээ ойр харилцаа үүсгэж, оновчтой бодлогууд хэрэгжүүлдэг үр ашигтай тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна.

-Та улс орныхоо хөгжлийн ирээдүйг хэрхэн харж байна вэ?

-Дээгүүрээ учраа олоосой, тэгвэл улс хурдан хөгжих бүрэн боломжтой. Өвөг дээдсээс уламжлагдсан, монголчуудын генд өгөгдсөн энэ бүх сайн сайхан зүйл, давуу талуудыг зөв бодлогоор чиглүүлвэл богино хугацаанд л манай улс босоод ирнэ. Хүмүүс нийтээрээ бухимдалтай, стресттэй байгаа нь сэтгэл их эмзэглүүлж байна.

Хүн чанар улам холдсоор байна. Маш сайхан залуу үе гарч ирж байгаа ч харамсалтай нь тэд дийлэнх хувь биш байна. Илүү живээд л байгаа юм шиг мэдрэмж төрөөд байх юм. Улс орны хөгжлийг илэрхийлдэг нэг зүйл бол иргэн хүний хүмүүжил, төлөвшил, эрүүл мэнд, боловсрол байдаг.

Ирээдүйн хөгжлийн цөм нь иргэндээ чиглэх ёстой. Ийм бодлого явуулаасай, боловсрол, эрүүл мэндийн салбарын төсвийг ямар ч хүнд үед танахгүй, гар татах ёсгүй л гэж боддог. Бусад зүйлийг тэвчиж, алгасаж, хойшлуулж болно. Иргэн хүний хүмүүжил эрүүл мэнд, боловсролыг огт хойш нь тавьж болохгүй.

 

 

 

 

Mongolian Economy