Б.Найдалаа: Эрчим хүчний салбар өдөр бүр нээлттэй ажиллана
Эрчим хүчний нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд өнөөдөр эхэллээ. Тус өдөрлөг 9-11-ний хооронд гурван өдөр болж байгаа бөгөөд эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд олон нийтэд нээлттэй мэдээлж байгаа юм. Өдөрлөгийн үеэр Эрчим хүчний шинэхэн сайд Б.Найдалаа үг хэллээ. Тэрбээр “Надад бэлдсэн үг байна. Гэхдээ би та бүхнийг, салбараа, өнөөдрийн өдрийн цаг агаарыг хараад бэлдсэн үг биш. Өөрийн сэтгэгдлээ хэлье.
Өнөөдөр нээлттэй өдөрлөг. Эрчим хүчний асуудлыг иргэд хэзээ мэддэг вэ гэхээр тог тасрахаар, осол аваар болохоор, цахилгааныхаа мөнгийг төлөх болохоор, дулаан алдагдахаар мэддэг. Бид хамтдаа нээлттэй болох хэрэгтэй байна. Өөрсдөдөө нээлттэй, иргэддээ нээлттэй, УИХ-ын гишүүд, Засгийн газартаа нээлттэй, хэн бүхэнд нээлттэй баймаар байна. Нээлттэй байж хөгжил ирнэ. Энэ бол Эрчим хүчний яамны баримтлах үндсэн нэг зарчим байх юм. Олон жилийн турш Монгол Улсын гал голомтыг сахисаар ирсэн, уйгагүй хөдөлмөрч салбарынхандаа баяр хүргэе. Маш хүнд ажил.

Эрчим хүчний салбар санхүүгийн хүндрэлд байгаа нь үнэн. Техник, технологийн шаардлага байгаа нь үнэн. Ийм байхад салбарынхан маань” ган хийхгүй, ёо гэхгүй” ажилласаар байгаа нь үнэхээр гайхалтай. Онцгой нөхцөлд хэвийн мэт ажиллаж байгаа нь нэг талаараа гайхамшиг боловч нөгөө талаасаа бид ингэж удаж болохгүй. Санхүү хөрөнгө оруулалтын өр, төлбөрийн асуудлыг яаралтай шийднэ. Хамгийн чухал нь өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангах ёстой. Хамтын хүчээр төсөв санхүүг нь шийдээд, салбарынхаа үр ашигт байдлыг дээшлүүлээд даалгавраа сайн биелүүлээд ирэх өвлийг ямар ч асуудалгүй давах ёстой. Үүний төлөө хичээн ажиллана.
Мөн бодлогын чанартай асуудал байна. Салбарт 17 мянган хүн ажиллаж байна. Хүний нөөцийн бодлогыг сэргээж ажиллана. Монгол Улс асар их нөөцтэй. Судалгааг нь хийсэн шиг хийе. Зорьсон бол зорьсон шиг зоръё. Технологи хөгжөөд шинэ эх үүсвэрүүд, шинэ үр ашгууд бий болж байна. Үүнийг яагаад Монголд аль болох хурдан нутагшуулж болохгүй билээ.
Үнэ тарифын асуудал байна. Сайн ажиллахын тулд санхүү, хөрөнгө оруулалтын дэмжлэг хэрэгтэй. Үр ашгаа дээшлүүлэх нь эрчим хүчний яам, сайдын, энд зогсож байгаа мэргэжилтэн болгоны ажил байх ёстой. Үүнийг бодлогын түвшинд тавина. Арга, аргачлал бий. Үүнийг хийж чадна. Чухал ажил байх юм” хэмээв.

“Диспетчерийн үндэсний төв”-ийн инженер Ц.Сэргэлэн: Одоогоор дотоодын эх үүсвэрүүд харьцангуй хэвийн горимоор ажиллаж байна. Хязгаарлалтгүй хэвийн ажиллаж байна. 11 дүгээр сараас өвлийн оргил ачаалал ихэснэ. Энэ саруудад эх үүсвэрүүдийн найдвартай ажиллагааг хангах шаардлага үүсээд байгаа. Өнөөдөр системийн хэрэглээ 1230 МВт байна. Импортоор 23.8 МВт-ыг авч байна. Бусад үлдсэн хэмжээг дотоодынхоо эх үүсвэрээс тэжээж байна гэсэн үг. Эх үүсвэрүүд харьцангүй нөөцтэй ажиллаж байна.
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Хяналтын ахлах инженер Я.Мөнхтөр: “Ард иргэдэд цахилгаан эрчим хүчний дамжуулах шугам болон дэд станцын хамгаалалтын зурвас болон хууль тогтоомжийг танилцуулахаар ирсэн. Өндөр хүчдэлийн хамгаалалтын зурвас гэдэг бол захын утаснаас хоёр тийш 4-5 метр зайд коридор дотор амьдран сууж болохгүй гэдэг ойлголт. Цахилгаан соронзон оронд ороод цахилгаанд цохиулах аюултай. Эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэй. Тэрийг л иргэддээ ойлгуулах нь бидний зорилго” хэмээн ярилаа.
Тус өдөрлөгт оролцож буй компаниуд ихэвчлэн сэргээгдэх эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд байв. Нарны төхөөрөмж, газын халаалтын бойлер, хийн халаалтаас эхлээд BIPV систем буюу Монголд саяхнаас нэвтэрсэн барилгын цонх, фасад, дээвэрт нэгтгэгдсэн эрчим хүч үйлдвэрлэдэг ганжуулсан шил, вакуум цонх зэрэг шинэ технологиудыг танилцуулж байлаа.




