Б.Нандинчимэг: Бид аз жаргалыг үйлдвэрлэдэг

Sarangerel
2025-11-24 13:46:51
Ангилал: Эдийн засаг

Ногоон алаг цаастай шар сүүний чихрийн амт надад онцгой сэтгэгдэл үлдээсэн юм. Анх амтлаад үзэхэд л шар сүүний өвөрмөц амт мэдрэгдэж байв. Түүнээс хойш гадаад явахдаа бэлэг болгон авч явдаг, гэрт маань тавгийн чихэрний гол сонголт нь шар сүүний чихэр болсон. Харин өнөөдөр би шар сүүний чихрийг үйлдвэрлэгч “БОСА Холдинг ХХК”-ийн Гүйцэтгэх захирал Б.Нандинчимэгтэй ярилцаж байна. Шар сүүний чихэр хэрэглэгч бидний аманд орж, хэрэглээнд нэвтрэх хүртлээ ямар урт зам туулсныг сонсоод ихэд гайхав. Нөгөө талаар, Монголын компани дотооддоо чихэр үйлдвэрлэгч болсонд баярлав. Монголын хилээр орж ирж буй маш олон төрлийн гаднын брэнд, чихрүүдтэй өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг үнэндээ маш хүнд. Гэхдээ л БОСА-гийнхан бэрхшээл бүхнийг даван туулаад үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч компани болж дараа дараагийн үйлдвэрлэл рүүгээ оржээ. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990-ээд оноос БОСА гэх нэр сонсогдож эхэлсэн бол өнөөдөр 29 дэх жилдээ тус компани үйл ажиллагаа явуулж байна.

-БОСА компанийн 29 жилийн амжилтын түүхээс та манай уншигчидтай хуваалцана уу.

-Манай компанийн үндсэн бизнес гадаад худалдаа. Зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас бүгд л ганзагын наймаа хийж, бизнесийн сууриа тавьсан байдаг. Манай компани Герман, Польш зэрэг Европын улсуудаас хүнсний, тэр дундаа амттаны төрлийн бүтээгдэхүүн түлхүү оруулж ирсэн. Одоо ч манай суурь бизнес нь гадаад худалдаа хэвээр байгаа. Гадаадын 25 орчим улсын түншүүдтэй харилцдаг, заримтай нь байгуулагдсан цагаасаа хамтран ажиллаж ирлээ. Бид гадаад худалдаанаас суралцсан туршлага, мэдлэг дээрээ үндэслэн үйлдвэрлэгч болох зам руу орсон. Монгол Улсын хөгжлийн чиг хандлага ч үйлдвэрлэгч улс болох ёстой юм байна гэсэн чиг рүү чиглэсэн. Тусгаар тогтносон аливаа улс хүнсний бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэж байж тусгаар тогтнол нь батжиж, үндэсний аюулгүй байдал хангагддаг. Энэ үүднээс хүнсний үйлдвэрлэл эрхлэх хэрэгтэй гэдэг стратегиа бид тодорхойлсон байсан. Энэхүү стратегиа бид эхлээд цэвэр усны үйлдвэрлэлээр эхлүүлсэн.

Байгалийн үзэсгэлэнт газарт усны үйлдвэр байгуулснаар цэвэр цэнгэг усыг өдөр бүр хэрэглэгчдэд нийлүүлдэг болсон. 2019 онд хоёр дахь үйлдвэр болох Монконди чихэр амттаны үйлдвэрийг байгуулсан. Бизнест цаг үеийн зарим нөхцөл байдал гэнэт өөрчлөгдөх тохиолдол байдаг. 2019 оны турш үйлдвэрийн төслөө бичиж, боловсруулж, судлаад бүх зүйл сайхан явж байсан. Өнөөдрийнх шиг л бүх зүйл хэвийн явна гэж бодож байлаа. Гэтэл 2020 он гараад л Ковид-19 цар тахал дэгдэж, дэлхий даяар тодорхойгүй байдал үүсэж, хөл хорио тогтоож, хямрал руу орсон. Үүний улмаас шинэ үйлдвэрийн төслийн ажил 2020, 2021 онд саарч, бид ч учраа олохгүй мунгинасан. Учир нь үл олдох тодорхойгүй, хүнд байдалд улсаараа орчихсон шүү дээ.

-Төслөө зогсоохоос аргагүй байдалд орсон уу?

Бид энэ хугацаанд хэцүү байна гээд зүгээр суугаагүй. Шоколад үйлдвэрлэж сурсан. Бид гадаадын мэргэжилтнүүдийг урьж, технологи, хөгжүүлэлтийн тал дээр зөвлөгөө авна гэж бодож байсан юм. Гэтэл цар тахлын хоёр жил бидний энэ төлөвлөгөөг боломжгүй болгосон. Ийм үед хэнд итгэх вэ, өөрсдөдөө л итгэхээс өөр аргагүй. Бид үйлдвэрлэж, туршиж, алдаж онож байгаад бүгдийг өөрсдөө хийж сурсан. Тухайн үед үнэхээр шантармаар байсан. Гэвч өнөөдөр эргээд харахад бүгдийг өөрсдөө хийж, даван туулсан нь манай залуусын бахархал юм.

Чихэр шоколадны масс үйлдвэрлэлээр мэргэшсэн, туршлагатай хүн манайд байгаагүй. Тийм үед өөрсдөө үйлдвэрлэл явуулж, бүтээгдэхүүнээ хийж сурсан залуусаараа, ажилтнуудаараа би маш их бахархдаг, омогшдог. Өнөөдөр манай компани дотоодын чихрийн зах зээлийн 9-10 хувийг дангаараа хангаж байна. Үйлдвэр маань 15 хувийг хангах хүчин чадалтай. Бид одоогоор хүчин чадлынхаа 10 хувийг л ашиглаж байна. Анх хатуу чихэр, шоколадан чихэр хийх төсөөлөлтэй байсан бол өнөөдөр үндсэн шугамнуудаасаа салбарлан жижиг хөрөнгө оруулалт хийснээр хавтгай шоколад, молоко, сүү сүүн бүтээгдэхүүн, шоколадны крем үйлдвэрлэж байна. Цаашид дотоодын чихрийн зах зээлийн 20-30 хувийг хангах, үйлдвэрлэлийг тэргүүлэх чиглэлээ болгоод бүтээгдэхүүнүүдээ экспортод гаргах зорилготой байгаа.

-Бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түүхий эд, орц найрлага хамгийн чухал гэдэг. Үүнд хэр анхаардаг вэ?

-Үйлдвэрлэл эрхлээд алдаж онож, суралцаж байгаагийн хувьд дүгнэхэд, хүнсний бүтээгдэхүүний түүхий эд, орц үнэхээр чухал. Хэр сайн түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ, тэр хэрээр амт чанараа сайн хадгална, хэрэглэгчид хүссэн амт, мэдрэмжийг өгч чадна. Хэрэглэгчид шинэ бүтээгдэхүүнийг эхний удаа худалдан авч хэрэглээд давтан хэрэглэж байвал уг бүтээгдэхүүн таалагдаж байна гэсэн үг. Үйлдвэрлэгчдийн хувьд хамгийн чухал зүйл нь хэрэглэгчдийн анхны мэдрэмж байдаг. Анхны мэдрэмж л давтан худалдан авалтыг өдөөж өгөх ёстой. Үүний тулд анхнаасаа хамгийн чанартай түүхий эдийг л чухалчлах ёстой юм. Хамгийн гоё амт, хамгийн гоё мэдрэмжийг л өгөх ёстой. Эс бөгөөс хоёр дахь, гурав дахиа худалдан авахгүй гэсэн үг. Маш сонирхолтой бизнес. Гэхдээ Монголд үйлдвэрлэл эрхлэх үнэхээр хүнд. Энэ хүндрэл, зовлонг үйлдвэрлэгчид гэлтгүй бүх л бизнес эрхлэгч туулаад явж байгаа гэж боддог.

-Улс орны эдийн засагт “БОСА”-гийн оруулж буй хувь нэмрийг юу гэж дүгнэж байна вэ?

-Төлсөн татвар, бүтээн байгуулалт, ажлын байр, бэлдсэн мэргэжилтэй боловсон хүчин, нийгэмд түгээж буй соёл гээд маш олон тоон үзүүлэлт ярьж болно. Бусад аж ахуйн нэгжийн адил ажлын байр бий болгож, татвараа төлөөд ажиллаж байна. Манай компани үүсэн байгуулагдсан цагаас эхлэн олон үйл явдлын анхдагч болж ирсэн. Онцлох маркетингийн шилдэг компаниар анх шалгарч байлаа. Тухайлбал, хуучин мөнгөний худалдаа, анхны хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлсэн.

Хүнсний бүтээгдэхүүнүүд зарах зорилготой бөөний төвүүд нээсэн. Мөн хэрэглэгчийн хүсэлтээр өргөн хэрэглээний бараа худалдаалдаг болсон. Салбарууд нэмэгдээд супермаркет болсон. Анхны өөртөө үйлчлэх дэлгүүрийг нээсэн. Хамгийн олон сүлжээ дэлгүүртэй анхны компани болж байсан гэх мэт. Манай компани өнөөдөр гадаад худалдааны чиглэлээр эх орны өнцөг булан бүрт хүрч, сүлжээ дэлгүүр, бөөний худалдааны цэгүүдээр бүтээгдэхүүнээ борлуулж байгаа. Бидний хийж чадаж буй бизнес бол гадаад харилцаа, гадаад худалдаа, үйлдвэрлэл юм. Бид энэ 29 жилд цоо шинэ салбар руу ороогүй. Үндсэн суурь хоёр бизнес дээрээ төвлөрч, салбарлан хөгжүүлж байна. Бид нийгэмд, байгаль орчинд ээлгүй бизнес эрхлэхгүй гэсэн зарчимтай.

Бизнес эрхлэгчид дэвшилтэт технологи нэвтрүүлж байгаа бол түүн дээрээ дэмжлэг авах, нийгмийн даатгал, татвар, НӨАТ зэрэг олон давхардсан татвараас бизнес нь хөлөө олох хугацаа хүртэл буюу 5-10 жилд хөнгөлж өгөхийг л хүсдэг

-Танай компани хэдэн ажилтантай байна вэ? “БОСА” ХХК Монголын ТОП 100 аж ахуйн нэгээр байнга шалгардаг.

-Манай компани 600 орчим ажилтантай. ТОП 100-д 12 жил дараалан шалгарсан. Одоо охин компаниуд маань тус тусдаа үйл ажиллагаа явуулж байгаа учир борлуулалтын орлого, татвар тайлагнал нь ч тусдаа болчихсон.

-Шар сүүний чихэр бол та бүхний олон сар судалж байж гаргаж ирсэн бүтээгдэхүүн. Монгол малын сүүний амттай, өвөрмөц чихэр болсон гэж бодож байна.

Манай чихрийн үйлдвэрийн уриа бол “Бид аз жаргалыг үйлдвэрлэдэг”. Бид Монгол үйлдвэрлэл, Монголын онцлогийг бахархалтайгаар харуулах ямар зүйлийг хийх талаар маш их судалсан. Бид 18 сарын турш судалгаа шинжилгээний ажил хийсний эцэст өнөөдрийн шар сүүний хатуу чихрийг үйлдвэрлэсэн. Шар сүүний чихэр маань хүмүүсийн сэтгэлд маш их хүрсэн. Бидний бодож төсөөлснөөс ч илүү хэрэглэгчдэд таашаагдсан.

Бид үндэсний чихэр үйлдвэрлэж чадлаа гэж яагаад нүүр бардам хэлж байна вэ гэхээр монгол мах, сүү өөрийн онцлог, амттай. Бэлчээрийн мал аж ахуйтай учраас монгол мал маш олон төрлийн амт шимттэй өвс, ногоо иддэг. Бид Монгол цагаан идээ, тэр дундаа шар сүүг онцлон судалж, шинжилхэд шар сүү нь олон төрлийн уураг, амин дэмээр баялаг гэдэг нь тодорхой харагдсан. Энэхүү түүхий эдийг манай улс үйлдвэрлэлд оруулж, ашигладаггүй. Цагаан идээнүүдээс хамгийн их эрдэс бодис, уургийг шар сүү өөртөө аваад үлддэг. Тиймээс бид шар сүүг хэрэглээнд оруулж, түүхий эдээ болгох зорилт тавьсан юм. Маш олон амт, элементийг туршиж үзсээр шар сүүний чихрийн амт гарч ирсэн. Бид дотоодын түүхий эд болох шар сүү, цөцгийн тосоо ашиглаж байна. Эдгээр нь орц найрлагын 50, 60 хувийг эзэлчихдэг. Бусад түүхий эд болох бал бурам, элсэн чихрийг импортолдог.

Шоколадтай харьцуулбал дотоодоос гол түүхий эдүүдээ авчихдаг учраас үндэсний үйлдвэрлэл гэж бид нүүр бардам хэлдэг юм. Дотоодын түүхий эд, орц найрлага илүүтэй шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зорилгын хүрээнд бидний гаргасан дараагийн цуврал бүтээгдэхүүн бол чацарганы найрлагатай чихэр юм. Монгол чацарганыг чихрийнхээ гол түүхий эд болгож ашигласан. Мөн л өртөг өндөртэй үйлдвэрлэгдэж буй бүтээгдэхүүн. Бид энэ намар сүү болон шар сүүний суурьтай зөөлөн амттан, чихэр, зууш, хатаамал гээд олон төрлийн бүтээгдэхүүн гаргахаар зорьж байна.

БОСА холдинг 600 ажилтантай. ТОП 100-д 12 жил дараалан шалгарсан. Дотоодын чихрийн зах зээлийн 9-10 хувийг дангаараа хангадаг. Хүйсийн харьцаа 52:48 хувь. Удирдлагын менежментийн багийн 70, дээд түвшний удирдлагын 80 хувь эмэгтэйчүүд

-Хүнс үйлдвэрлэгчид, тухайлбал танай компани төр засгаас ямар дэмжлэг хүсдэг вэ?

-Манай салбарт ямар нэг дэмжлэг үзүүлдэггүй. ХХААХҮЯ мал, газар тариалангаа л анхаардаг, энэ хоёр салбараа дэмжиж, хэд хэдэн аян зарласан. Гэтэл бусад хүнсний үйлдвэрлэл нь хамтдаа хөгжиж байж жинхэнэ утгаараа энэ салбар кластераар хөгжих юм. Ингэснээр улс орон жинхнээсээ үйлдвэрлэгч болно. Бид шар сүүний чихэр үйлдвэрлэхдээ Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” аяны хүрээнд дэмжлэг авч, бага хэмжээний богино хугацаатай хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Гэхдээ багагүй бэрхшээлтэй тулгарсан.

Манай компанийг чихэр үйлдвэрлэдэг учир стратегийн бус, хүнс хөдөө аж ахуйн чиглэлд хамаарахгүй гэж үзсэн. “Хүнсний хувьсгал” хөтөлбөрт тодорхой чиглэлүүд буюу мах, гурил, төмс ногоо гэж заасан байгаа. Гэтэл бид Монголд үйлдвэрлэх боломжтой түүхий эд, бүтээгдэхүүнийг үнэ цэн шингээж, экспортлох төлөвлөгөө боловсруулаад байдаг. Гэхдээ бид мэргэжлийн хүмүүстээ уулзаж, тайлбарлаж байгаад үйлдвэрлэлээ мал аж ахуй, газар тариалантай холбоотой гэдгээ нотолж чадсан шүү.

Төр, засгийн зүгээс кластераар хөгжих боломжийг бодитоор олгох хэрэгтэй байна. Бизнес эрхлэгчид юуг хүсэж байгаа нь маш тодорхой. Дэвшилтэт технологи нэвтрүүлж байгаа бол түүн дээрээ дэмжлэг авахыг хүсдэг. Нийгмийн даатгал, татвар, НӨАТ, олон давхардсан татвараас бизнес нь хөлөө олох хугацаа хүртэл буюу 5-10 жилд хөнгөлж өгөхийг л хүсэж байгаа юм. Хөгжлийг дэмжье гэвэл, урт хугацааны зээл, хөнгөлөлт л үйлдвэрлэгчид хэрэгтэй.

-Танай компанид эмэгтэйчүүдийн эзлэх хувь ямар байна вэ? Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн онцлогийн талаар та юу хэлэх вэ?

-Манай компанийн ажилтнуудын хүйсийн харьцаа 52:48 хувь байгаа. Гэхдээ компаниасаа бас шалтгаална. Ус түгээлтийн компани маань 19 литрийн баллонтой ус борлуулдаг учраас эрэгтэйчүүд зонхилдог бол борлуулалт, түгээлт, үйлчилгээний чиглэлийн ажилтнуудын ихэнх нь эмэгтэй. Удирдлагын менежментийн багийн 70 хувь, дээд түвшний удирдлагын 80 хувь нь эмэгтэйчүүд байна. Гүйцэтгэх захирал, холдингийн захирлуудын 70 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Эмэгтэй бизнес эрхлэгчийн нэг онцлог бол жижиг зүйлсийг ч орхигдуулахгүй, бүгдэд зэрэг анхаарч чаддаг давуу талтай. Монгол эмэгтэйчүүд амбиц багатай, зориггүй, урдах ажлаа л яс хийе гэсэн бодолтой. Зорилгоо нэг тодорхойлчихвол урагшаа тууштай зүтгэдэг. Бүх л салбарт манай эмэгтэйчүүд амбиц маш багатай харагддаг. Би эмэгтэйчүүддээ амбицтай бай л гэж хэлмээр санагддаг. Амбицтай байлаа гээд алдах зүйл байхгүй.

-Улс орныхоо ирээдүйд хэр итгэлтэй байна вэ?

-Тодорхойгүй, хэцүүхэн цаг үе одоо тохиож байна. Цаашид улс орны хөгжил илүү хурдтай байгаасай, илүү эрүүлээр хөгжих бодлоготой, бодлогоо тодорхойлоод хэрэгжүүлдэг байгаасай гэж боддог. Бидэнд маш их боломж бий. Хүн ам цөөн гэж голохын аргагүй том газар нутагтай, ухаантай ард түмэнтэй улс. Цөөхүүлээ мөртлөө том амбицтай ард түмэн. Энэ амбицаа зөв ашиглавал амжилтад хүрнэ. Боломжуудаа маш хурдтай ашигламаар байна.