Б.Наранзул: Хөрөнгө оруулагч бүгдийг шийднэ гэсэн өндөр хүлээлт эргээд сөрөг үр дагавартай
Гадаадын хөрөнгө оруулалтын орчин нөхцөл, энэ чиглэлд цаашид юунд анхаарах ёстой талаар Монголын Бизнесийн зөвлөлийн бодлого хариуцсан захирал Б.Наранзултай ярилцлаа.
-Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаар та ямар бодолтой явдаг вэ? Өнгөрсөн жилүүдэд хөрөнгө оруулагчдыг татах тал дээр Монгол Улсын алдаа оноо нь юу байв?
-Хууль эрх зүйн орчин хангалттай бэлтгэгдээгүй. 2013 оны Хөрөнгө оруулалтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Засгийн газар хэлэлцэж байгаа гэж ойлгож байна. Монгол Улс хөрөнгө оруулалтын хууль, эрхзүйн орчны ерөнхий сууриа тавьсан ч зарим хуулийн шинэчлэл хангалттай хийгдээгүй, хуулийн зүйл, заалтууд хоорондоо зөрчилддөг, уялдаа холбоо багатай байна. Түүнчлэн зарим хуулинд хөрөнгө оруулалт татах болон хөрөнгө оруулалтын орчинд тааламжгүй, ойлгомжгүй заалтуудыг өөрчлөхөд анхаарал хандуулахгүй байх, институцын хувьд баталсан хууль тогтоомжоо дагаж мөрддөггүй, хэрэгжилт сул, хөгжлийн ерөнхий алсын хараа түүнд суурилсан бодлогыг барьж явахаасаа илүү улстөржсөн, эсвэл нийгэмд хариу үйлдэл үзүүлэх буюу таалагдах байдлаар шийдвэр гаргадаг нь хөрөнгө оруулалтыг тогтоон барих, татахад сөргөөр нөлөөлж байна.
Төрийн албаны тогтворгүй буюу мерит зарчим алдагдсан мэргэжлийн бус байдал тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлдөг.
Хоёрдугаарт, засаглал сул хөгжсөн. Өмнө нь улс төрийн тогтворгүй байдал буюу Засгийн газар хурдан солигддог нь хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлдөг байсан бол одоо төрийн албаны тогтворгүй буюу мерит зарчим алдагдсан мэргэжлийн бус байдал, түүнчлэн төрийн байгууллагуудын уялдаа холбоо сул, нэгдсэн нэг бодлогоор явдаггүй, салбар бүр өөр өөрийн үзэмжээр асуудлыг ярьж шийддэг нь тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлж байна. Дээрх байдал нь албан хаагчид ажлаа мэдэхгүй байх, өмнө нь яригдаж байсан асуудлууд дунд нь орхигдох, мөн хөрөнгө оруулалтын асуудлыг тухайлан хүлээн авч хариуцан хэрэгжүүлж байсан Хөрөнгө оруулалтыг дэмжих агентлагийг 2016 онд татан буулгаснаар яамд, түүний харьяа газрууд асуудлыг бие бие рүүгээ түлхэх, асуудал сунжрах цаашид хэрэгжихгүйд хүргэж байна.
Түүнчлэн авлига, хээл хахууль тархсан, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа олон шат дамжлагатай, шүүхийн хараат бус байдал хангагдаагүй гэх мэт асуудал тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлдөг.
Гуравдугаарт, нийтийн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ хангалтгүй байна. Тээвэр логистик, дэд бүтэц сул хөгжсөн, эрчим хүчний хангамж хүрэлцээгүй, техник, технологийн хувьд хоцрогдмол, бизнес эрхлэх орчин сул, ханган нийлүүлэлтийн сүлжээ хөгжөөгүй байдал нь хөрөнгө оруулалтын өртгийг нэмэгдүүлэх, ашигтай үйл ажиллагаа явуулах боломжгүй болгодог. Түүнчлэн зах зээлийн зарчмаар хурдтай байж, бусад улстай өрсөлдөхүйц хэмжээнд ажиллаж чадахгүй байгаа нь хөрөнгө оруулагч нарыг эргээд цаг хугацаа алдахаас сэргийлж өөр улсад хөрөнгөө оруулахад хүргэж байна.
Мэргэшсэн боловсон хүчин дутмаг байх нь хөрөнгө оруулагч нарт нэмэлт зардал, цаг хугацаа зарцуулах ажил болдог учир хөрөнгө оруулах таатай нөхцөлд тооцогддоггүй.
Дөрөвдүгээрт, хүний нөөцийн хөгжил сул, үйлдвэрлэл технологийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин дутмаг мөн тэдний хувьд өндөр түвшний техник, тоног төхөөрөмж дээр ажиллах, дадлагажих боломж бага байгаа юм. Бид мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд хангалттай анхаарал хандуулахгүй байна. Энэ нь хөрөнгө оруулагч нарт боловсон хүчин бэлтгэх нэмэлт зардал, цаг хугацаа зарцуулах ажил болдог учир хөрөнгө оруулах таатай нөхцөлд тооцогдохгүй байна.
Тавдугаарт, олон нийтийн дунд хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулагч нарын талаарх ойголт ерөнхийдөө сөрөг, эсвэл дутмаг байгаа нь шийдвэр гаргагч нарт улстөржсөн шийдвэр гаргах орон зайг бий болгодог. Энэ нь ялангуяа уул уурхайн салбарт хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байна. Жишээ нь, Монгол Улсад орж буй хөрөнгө оруулалтын 74 орчим хувь нь уул уурхайтай холбоотой, харин эрчим хүч, хөдөө аж ахуй, үйлчилгээ, үйлдвэрлэлийн бусад салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтын үзүүлэлт нь Зүүн Азийн болон ижил түвшний орлоготой бусад улстай харьцуулахад хамаагүй бага түвшинд байгаа юм.
Эцэст нь дурьдахад, бид хөрөнгө оруулагч нар бүгдийг шийднэ гэсэн хэтэрхий өндөр хүлээлтийг үүсгэж, дагалдан үүсэж болох бусад асуудлыг тооцоолж гаргахгүй, шийдэхгүй, цэгцлэхгүй байгаа нь хөрөнгө оруулалт татсан ч эргээд олон сөрөг үр дагаврыг араасаа дагуулж байна.
-Цар тахлын үед хөрөнгө оруулалт татах тал дээр олон улсын түвшинд ямар өөрчлөлтүүд ажиглагдаж байна вэ?
-Цар тахлын улмаас ихэнх улс орнуудад гадаадын хөрөнгө оруулалт буурсан. Түүнчлэн дэлхийн санхүүгийн тогтворгүй байдал, нефтийн үнийн өсөлт, хил дамнасан интеграцчлал буурсан зэргээс үүдэлтэй гадаад хүчин зүйлс бүхий л улсад дарамт үүсгээд байна.
Дэлхий нийтээр цар тахлын шууд нөлөөллийг бууруулах, боломжит өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд эрүүл мэндийн салбар, боловсрол, нийгмийн хамгааллын салбарт төсвийн зардлыг ерөнхийд нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ цар тахлын нөлөөнд өртсөн салбар, аж ахуйн нэгжүүдэд төрөл бүрийн татварын хөнгөлөлт үзүүлж байна. Түүнчлэн гадаад цочролыг шингээхийн тулд валютын ханшийн уян хатан байдлыг хадгалах бодлого барьж буй.
Гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор бүс нутгийн байгууллагууд болон улс орнууд хоорондоо чөлөөт худалдааны хэлэлцээрийг идэвхтэй байгуулж эхэллээ. Жишээлбэл, АСЕАН нь Хятад улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулж, Энэтхэг улстай байгуулахаар яриа хэлэлцээ хийж байна. Түүнчлэн АСЕАН-ий гишүүн орнууд Евроазийн Эдийн Засгийн Холбооны гишүүн орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж байна. Энэ бүхний үр дүнд Ази тив нь энэ оны гуравдугаар улиралд 7.4 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг татаж бусад тивийг тэргүүллээ.
Засгийн газрууд цар тахалтай холбоотой үүссэн тээвэр, логистикийн хүндрэл болон импортын хараат байдлын улмаас үүссэн бэрхшээлээс сургамж авч, түүндээ үндэслэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд хөрөнгө оруулалт татахад ихээхэн анхаарал хандуулах болжээ.
Иймд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд чухал үүрэгтэй машин механизм, химийн бүтээгдэхүүн, электрон бараа, үйлдвэрлэлийн техник тоног төхөөрөмж зэрэг бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг бууруулах арга хэмжээ авч байна.
Түүнчлэн, тээвэр логистикийн хүндрэлийг даван туулах, дахин уг асуудалтай тулгарахаас сэргийлж тус салбарт хөрөнгө оруулах, гадны хөрөнгө оруулалт татахад тодорхой хөнгөлөлт олгож байна.
Мөн эм, эмийн бүтээгдэхүүн, эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн судалгаа хөгжүүлэлт, инновац, шинэ технологийн чиглэл буюу роботикс, жолоочгүй машины хөгжүүлэлт, барилгын технологи, биотехнологи, финтек, хагас дамжуулагчийн чиглэлд хөрөнгө оруулалт эрс нэмэгдсэн. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ногоон санхүүжилтийг татах, мөн COP26 чуулга уулзалттай холбоотойгоор сэргээгдэх эрчим хүчний салбар, ногоон устөрөгч, цахилгаан машины батерей үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд улс орнууд ихээхэн хөрөнгө оруулалт татаж эхэлсэн, татахыг чармайж байгаа бөгөөд зарим улс энэ чиглэлээр хөрөнгө оруулах таатай нөхцөлүүд санал болгож байна.
Тухайлбал, цар тахлын хүндрэлийг үл харгалзан гадаадын хөрөнгө оруулалтыг амжилттай татаж байгаа Энэтхэг улс нь шат дараалалтай бодлого, дэд бүтцийг хөгжүүлэх томоохон төсөл хэрэгжүүлэх хичээл зүтгэлийнхээ ачаар 2020-21 оны санхүүгийн жилд 81.7 тэрбум ам.долларын ГШХО-ыг татсан нь өмнөх жилийнхээс 10 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Тус улс импортын хамаарлыг бууруулж, олон улсын аж үйлдвэрийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд идэвхтэй оролцохын тулд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна. Түүнчлэн бүтцийн шинэчлэлүүд хийж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих урамшууллын арга хэмжээ авсан, стратегийн бус салбар дахь аж ахуйн нэгжүүдийг хувьчилсан зэрэг нь ГШХО-ыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулжээ.
Улс орнууд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд иж бүрэн бүтцийн шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж байгааг дурдах хэрэгтэй. Тодруулбал, засаглалыг сайжруулах, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, газрын асуудал, хөдөлмөрийн шинэчлэл, боловсролын чанарыг сайжруулах зэрэгт анхаарал хандуулж, энэ нь хөрөнгө оруулалтыг либералчлах суурь үзүүлэлт болно гэж үзэж байна.
ГШХО-ыг татахад чухал үүрэг гүйцэтгэдэг зөвшөөрөл, лиценз олголт болон түүнийг баталгаажуулах үйл явцыг хялбарчлах болсон. Эдгээр шинэчлэл нь институцын хүчирхэг тогтолцоог хангах замаар хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй юм.
Жишээ нь, Энэтхэгийн Засгийн газар хөрөнгө оруулалт татах тэргүүлэх салбаруудын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдэд зориулсан санхүүгийн болон бусад урамшууллын схемийг бий болгон олгож эхэлсэн. Энэ нь, гадаад болон дотоодын компаниудыг тус улсад үйлдвэр байгуулах, судалгаа, боловсруулалт хийх эсвэл өргөжүүлэхийг урих замаар дотоодын үйлдвэрлэл, экспортын хэмжээг нэмэгдүүлэх, цаашлаад ГШХО-ыг өргөжүүлэх зорилготой юм.
Тус улс хөрөнгө оруулалт татах тэргүүлэх салбаруудаа эдийн засгийн гол хөдөлгүүр хэсэг (цахилгаан хөдөлгүүр, өндөр технологийн инновац), импортыг орлох (электроник, эм, эмийн бүтээгдэхүүн), ажлын байр бий болгох (хүнсний үйлдвэрлэл, авто машин) хэмээн тодорхойлсон.
Энэ мэтчилэн улс орнууд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татахын тулд тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх, урамшуулал олгох, дэд бүтэц, логистикийн асуудлыг шийдвэрлэх, засаглалыг ил тод, хялбар, найдвартай байлгах, боловсон хүчнээ чадавхжуулах, инновац, дэвшилтэт технологи нэвтрүүлэх зэрэг хүчин чармайлтыг гаргаж байна.