Б.Одончимэг: Бид дэлхийн брэндийн нэг хэсэг болж чадсандаа үргэлж талархдаг

Sarangerel
2024-12-20 09:42:28
Ангилал:

“FREYWILLE Mongolia” компанийн гүйцэтгэх захирал Б.Одончимэгтэй ярилцлаа.

-FREYWILLE брэнд Монголд орж ирээд арван жил болжээ. Тус брэндийг Монголд нэвтрүүлж, хэрэглэгчдийн хүртээл болгох санаа анх хэрхэн төрсөн бэ?

-Миний бие 2000 онд Австрийн Инсбрукийн Их Сургуульд сурахаар очсон юм. Энэ үеэс л оройн алхалт хийх бүрдээ хотын төвийн эртний хэсэгт байрлах FREYWILLE бютикээр заавал очдог байлаа. Нэг л мэдэхэд тэр бютикээр 4000 гаруй удаа очиж үзсэн байж билээ. Сургуулиа төгсч, докторын дипломоо гардаж, Монголдоо ирэхдээ эгч дүү хоёрынхоо төрсөн өдрийн баяраар нь FREYWILLE-ийн коллекцууд сонгож бэлэглэсэн нь бүгдэд маш их таалагдсан. Миний хувьд маш их зориг гарган сонгосон бэлгүүд байв. Тэгээд энэ брэндийг эх орондоо авчирч нутагшуулбал гоё тохирох юм байна гэсэн яриа гэр бүлийн дотор болсноос үүдээд олон жилийн мөрөөдлөө биелүүлье гэж шууд шийдсэн. Одоо л биш бол хэзээ ч үгүй гэдэг л болсон доо.

-Та үнэхээр мөрөөдлөө биелүүлж чаджээ. Олон жилийн түүхтэй энэхүү брэнд хэрхэн үүсэж байсан юм бэ. Сонирхол татаж байна.

-FREYWILLE брэнд нь 1951 онд Австрийн нийслэл Вена хотод үүссэн. ХVIII-XX зууны үеийн алдартай уран зураачдын бүтээлүүд ялангуяа Густав Климт, Хундертвассер, Клод Моне, Альфонс Муха, Сандро Ботичелли, Пол Гоген, Софи Тойбэ Ап болон Винцент Ван Гог нарын уран зургаас сэдэвлэн 80-120 удаагийн давталттайгаар гар аргаар галан эмаль дээр нэг бүрчлэн урладаг урлагийн үнэт эдлэлийн брэнд юм. FREYWILLE гэдэг нэр нь тус компанийг үүсгэн байгуулагч Михайла ФРАЙ болон энэ брэндийг дэлхийн түвшинд хүргэсэн тус компанийн захирал Фрийдрих ВИЛЛЭ нарын нэрсийн нийлбэр. FREYWILLE брэндийн лого- далавчтай сфинкс нь бүтээлч байдал, хүч чадал, хүсэл тэмүүллийн бэлгэдэл бөгөөд хүн төрөлхтний мөнхийн хүсэл мөрөөдлийг илэрхийлж хүч чадал, дэгжин байдлыг арслангаар, эрх чөлөө уран сэтгэмжийг бүргэдээр тус тус илэрхийлж, ухаант хүний оюун ухааны чадавхит итгэж буйг илэрхийлсэн гүн гүнзгий утга агуулгатай юм. Тиймээс нэг бүрчлэн урласaн үнэт эдлэлүүдээрээ дамжуулан хүсэл эрмэлзэл дүүрэн амьдралын гэрэл гэгээ, эерэг энергийг цацруулж сайн сайхныг бэлэглэж байдаг. Монголын түүх, нүүдэлчин соёл, уламжлал итгэл үнэмшлээс сэдэвлэн бүтээсэн “Дотны Анд” коллекц тус брэндийн утга санааг бүрэн илэрхийлж байгаа юм.

Монгол Улсад борлуулагдаж буй үнэ нь Ази, Номхон далайн орнуудаас хамгийн хямд байдгаараа яах аргагүй онцлог юм

-Монголын хэрэглэгчид өнгөрсөн 30 жилд дэлхий дахины брэндүүдийг хэрэглэж, гаднын соёлд суралцсан он жилүүдийг туулжээ. Брэнд бүтээгдэхүүний талаар та сэтгэгдлээ хуваалцана уу?

-Яг тийм, санал нэг байна. Аливаа брэндийг бүтээж, олон жилийн туршид тэсч үлдэн дэлхийн брэнд болгох, цаашлаад аливаа шинэ зах зээлд танилцуулж, нутагшуулна гэдэг нь зөвхөн нэг дэлгүүр, бютик нээгээд бүтээгдэхүүн худалдаж буй асуудал биш гэж боддог. Харин ч тухайн брэндийг бүтээсэн дизайнер бүр цаашлаад улсынх нь түүх, соёл, ноу-хау-г хамтад нь танилцуулж буй нарийн чимхлүүр ажлын цогц байдаг. Бусад брэндээс ялгарах өөрийн онцлог, үнэ цэнэ, утга учир, чанар, түүх соёлыг агуулж хэрэглэгчдээ мэдэрдэг байж он удаан жил оршин тогтнодог. Ер нь түүх соёл, зан заншил, шашин шүтлэг, хэрэглээний зан төлөвтэй өөр өөр тивд амьдарч буй хүмүүст он удаан жил таалагдаж тэсч үлдэнэ гэдэг маш нарийн бодлого гэж боддог.

-Энэхүү брэнд Монголын нийгэм, соёл, монголчуудын хэрэглээнд ямар хувь нэмэр оруулсан гэж та үзэж байна вэ?

-Манай хамт олны хувьд дэлхийн таван тивд 50 гаруй салбартай урлагийн үнэт эдлэлийн FREYWILLE брэндийн нэр хүндийг өндөрт өргөж явах нэр хүндтэй үүрэг хүлээж, дэлхийн брэндийн нэг хэсэг болж чадсандаа үргэлж талархдаг. Монголын нүүдэлчин соёл, уламжлал, түүх, итгэл үнэмшлээс сэдэвлэн бүтээсэн коллекцоо Клод Моне, Густав Климт, Винцент Вангог гэх мэт алдарт коллекцуудтай хамт танилцуулахын тулд өнгөрсөн арван жилийн туршид хичээн ажиллаж үр дүнд ч хүрсэндээ маш их баяртай байгаа. Нэг талаараа олон зуун жилийн түүхтэй, нарийн утга учиртай, амар биш бүтээгдсэн урлагийн үнэ цэнэтэй бүтээлүүд, нөгөө талаараа мартаж болшгүй түүх соёл уламжлал, соёл иргэншил, өвөрмөц нандин чанараа хадгалж үлдсэн улсуудын баялаг түүхээс сэдэвлэн 73 жилийн туршид тусгай технологио хадгалан гар аргаар бүтээгдэж буй эдгээр урлагийн бүтээлүүдийг таниулж нутагшуулах нь бидний хувьд нэр төрийн хэрэг, аз завшаан гэж боддог. Хамгийн чухал нь баялаг түүх, соёл, өөрсдийн итгэл үнэмшилтэй манай орны хувьд дэлхийн тансаг зэрэглэлийн брэндээр дамжуулж тив алгасан амьдарч буй бусад 20 гаруй оронд Монгол Улсаа сурталчлан таниулж эхэлж буй нь манай хамт олны хувьд бага ч гэсэн иргэний үүргээ биелүүлж буй чармайлт гэж бодож байгаа. Ямар ч цаг үед хамт байдаг үнэнч хэрэглэгчдийнхээ тус дэмээр тасралтгүй урагшилж бүх тивийн хүмүүс ч Монгол коллекцоор маань дэлхийн хаана ч гоёж бахархах боломжтой болж чадлаа. Мөн хүндэтгэлийн маш сайхан бэлэг болдгоороо бас онцлог.

Монгол коллекцоор маань дэлхийн хаана ч гоёж бахархах боломжтой болж чадлаа

-Арван жилийн ойн хүрээнд, мөн Засгийн газраас Монголд зочлох жилээр зарласантай уялдуулан нэг коллекцийг Монгол Улсын аялал жуулчлалын сэдвээр зохиосон байсан. Гадаадын жуулчдыг Монголдоо татах бас нэгэн хүчин зүйл болсон нь гарцаагүй.

-Монгол Улс дахь албан ёсны бютик нь 2013 онд хамгийн анхны тансаг зэрэглэлийн молл болох Централ Товерт нээгдсэнээс хойш өдгөө арван жилийн турш амжилттай үйл ажиллагаагаа явуулж, улмаар атиллер бютикт хамаарагддаг болсон. Тийм ч утгаараа шинэ коллекцууд маань хамгийн эхлээд Вена, Дубай, Москва, Лондонгийн бютикуудтай нэгэн зэрэг монголчууд бидний гарт хүрдэг гэдгийг дуулгахад таатай байна. Мөн Монгол Улсад борлуулагдаж буй үнэ нь Ази, Номхон далайн орнуудаас хамгийн хямд байдгаараа яах аргагүй онцлог юм. Монгол дахь салбар бютик байгуулагдсны арван жилийн ойг тохиолдуулан Монголын нүүдэлчин соёл, уламжлал, түүх, итгэл үнэмшлээс сэдэвлэн бүтээгдсэн “Дотны Анд” буюу “Best Friend” морьтой коллекц, мөн мөнхийн амьдрал, үнэнч хайрын билэгдэл болсон үхэшгүй мөнхийн “Цагаан уул цэцэг” буюу “Edelweiss” хэмээх хоёр коллекцыг албан ёсоор олны хүртээл болгосон. Олон орны жуулчдын сонирхлыг татаж өөрсдийн оронд нь танилцуулахад дэмжин оролцохоо илэрхийлсээр байгаа нь бидний хувьд их бахархалтай байгаа.

 -Монгол Морь буюу “Дотны анд” коллекцын утга учир нь юу вэ?

-Монгол Морь нь эзэндээ ээлтэй, элгэмсэг дотны анд нь байж дундаршгүй их итгэл үнэмшил, цог хийморь, хиргүй тунгалаг хүсэл мөрөөдлийг бэлэглэж, эерэг энерги авчирч байдгыг цагаан өнгөөр зурж, урт удаан нас, эрүүл чинээлэг амьдрал, үүрд мөнхийн үнэ цэнэ, нэр төрөө хадгалахыг бэлгэдэж 24 каратын алтаар бүтээсэн. Мөн аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг зол жаргалын үүлэн хээгээр, цэлмэг хөх тэнгэр, тогтвортой байдлыг хөх өнгөөр билэгдэн урласан. Алсын хараа, хүсэл мөрөөдлөөр дүүрэн, аз жаргалтай байж, дөрвөн зүг найман зовхист болон тэнгэрт ч мориор хүрэх боломжтойг билэгдсэн гүн утга агуулгатай коллекц юм. Монгол Морь буюу “Дотны анд” коллекцыг маань үзсэн захирал Др.Виллэ над руу утсаар ярьж, “Монголыг төлөөлөх шинэ коллекцтой болсонд баяр хүргэе. XIII зууны Монголын түүхийг дахин тодруулахад бид чадах бүхнээ хийсээр байх болно” гэж хэлсэн. Үүнийг сонсоод өөрийн эрхгүй баярын нулимс бөмбөрүүлж билээ.

Монголын нүүдэлчин соёл, уламжлал, түүх, итгэл үнэмшлээс сэдэвлэн бүтээсэн “Дотны Анд” буюу “Best Friend” морьтой коллекц, мөнхийн амьдрал, үнэнч хайрын билэгдэл болсон үхэшгүй мөнхийн “Цагаан уул цэцэг” буюу “Edelweiss” хэмээх хоёр коллекцыг албан ёсоор олны хүртээл болгосон

-Монгол, Австри улсын хоорондын соёлын нэгэн холбоос нь энэхүү брэнд болсоор иржээ гэж хэлэхэд нэг их буруудахгүй байх?

-Тиймээ, болно. Бид өөрсдийн үндсэн ажлын хажуугаар Монгол дахь Австрид Төгсөгчдийн Холбоог хамтран үүсгэн байгуулж боловсрол, соёл урлаг, хүмүүнлэгийн чиглэлээр ажилладаг. Анх 2000 онд Австрийн Инсбрукийн Их Сургуулийн Эм Зүйн Хүрээлэнд зочин судлаачаар очихдоо oлон улсын эрдэм шинжилгээний багийн Азийн цорын ганц гишүүн болох том завшаан олдсон юм. Мөн, Орос, Англи, Герман хэл рүү хөрвөх 15 төрлийн толь бичиг, судлах эмийн ургамлууд бүхий өөрөөсөө хүнд ачаатай онгоц, галт тэрэг дамжиж Австрийн Инсбрук хотод хөл тавьж байлаа. Ингэж явах үедээ ажлынхаа үр дүнг үзэж, хоёр орны гүүр нь л болоё гэсэн амархан биш, гэгээлэг нэгэн зорилтыг өөртөө тавьсан нь өнөөдрийн намайг бүтээж буй гэж боддог. 2023 онд тэмдэглэн өнгөрүүлсэн Монгол Австрийн дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ой болон Монгол дахь салбар бютик байгуулагдсаны арван жилийн ойг тохиолдуулан Монголын нүүдэлчин соёл, уламжлал, түүх, итгэл үнэмшлээс сэдэвлэн бүтээсэн “Дотны Анд” буюу “Best Friend” Монгол морьтой коллекц, мөн мөнхийн амьдрал, үнэнч хайрын билэгдэл үхэшгүй мөнхийн “Цагаан Уул Цэцэг” буюу “Edelweiss” хэмээх хоёр коллекцыг албан ёсоор танилцуулcан. Дашрамд хэлэхэд, Монгол орны Цагаан-Уул цэцгийн биологийн идэвх нэгдлийн судалгаа нь миний докторын ажлын нэг хэсэг байсныг дуулгая. Бас нэг сонирхолтой бөгөөд бахархам зүйлийн нэг нь ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Вена хот дахь Хатан Хаан Сиссигийн зуны ордны буюу Шёнбрунн ордны Оркестрын захирал ноён Петер Хосекын манай хамт олонд “Дотны Анд” коллекцийн бугуйвчийг өөрсдийн тусгайлан зохиосон аянд тааруулан хөдөлгөөнт графикийн зураглал бүхий дүрслэл болгон илгээсэн нь төсөөлж байгаагүй гэнэтийн бэлэг болсныг дуулгахдаа баяртай байна. Маш их цаг сэтгэл, гаргаж ийм сайхан сюпрприз барьж буй Петер Хосект нийт монголчуудынхаа өмнөөс талархсанаа илэрхийлье. Энэ дашрамд, биднийг өдий зэрэгт хүрэхэд нөхцөлгүйгээр дэмжин тусалдаг ар гэрийнхэн, хамтран ажилладаг байгууллагууд, үнэнч хэрэглэгч та нартаа маш их талархаж явдгаа хамт олныхоо нэрийн өмнөөс илэрхийлэхэд таатай байна.